Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0640

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Т.Д

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч:Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд:Ч.П

Гуравдагч этгээд:Ч.О

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар захирамж илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 222  дугаар захирамж илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх үндэслэлийн талаар:

1. Ч.П-т газар эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн ба энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж заасныг зөрчсөн. Анхнаасаа Ч.П-т  уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл огт байгаагүй байхад үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, миний болон миний гэр бүлийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж эхэлсэн.

2. Ч.П-нь мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаагаар олгох боломжтой байхад тухайн үеийн Дүүргийн Засаг дарга “үйлчилгээний зориулалт”-аар 1000 м.кв газар олгосон нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн ба энэ нь мөн бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн.

3. Уг  хууль бус газар олгосон Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Ч.П-т олгогдсон газар Ч.О-т Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 952 дугаар захирамжаар шилжиж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/*******  дүгээр захирамжаар Ч.О-т барилга барих зөвшөөрөл олгогдсон байх ба нэхэмжлэгч миний эрх, ашиг сонирхлыг зөрчих үр дагаврыг бий болгосон илт хууль бус шийдвэр юм.

4. Миний амьдарч буй бүс буюу сансрын тунел, “Цэцэг” зочид буудал орчмын бүс хүн амын маш их нягтралтай байгаа тул Дэд бүтцийн хөгжлийн сайд /хуучин нэрээр/-ын 2004 оны 130 дугаар тушаалаар баталсан “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”-ийн 2.14-т Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрийн нэг га-д ногдох хүн амын нягтралын тооцоог үндэслэн энэхүү нормын зөвлөмжийн 9 дүгээр хавсралтад заасан ёсоор суурьшлын бүсийн барилгажилтын төслийг төлөвлөнө. Гэхдээ хорооллын хүн амын тооцоот нягтрал 450 хүн/га-гаас  ихгүй байх ёстой гэж заасныг Баянзүрх дүүргийн Засаг дарга зөрчсөн. Хорооллын хүн амын тооцоот нягтрал 450 хүн/га-гаас ихгүй байх ёстой гэх зохицуулалт нь бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан зохицуулалт болно. Бидний эрх, эрхийг хамгаалсан Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг зөрчсөн нь миний эрх, ашиг сонирхол зөрчигдсөнийг бүрэн нотолж байна.

Ийм үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар захирамж илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба захиргааны акт гарсан цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

Т.Днь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэр бүхий 3 иргэний хамт Нийслэлийн Засаг даргад Ч.О-ын барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй шийдвэр гаргуулахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хангахаас татгалзсан хариуг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалын 2020.05.21-ний өдрийн 07/2625 дугаартай албан бичгээр ирүүлсэн ба уг шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Гэхдээ Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга нь хүсэлтийг хангахаас татгалзах эрх бүхий албан тушаалтан биш учраас Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул тодорхой огноо, дугаартай шийдвэр байхгүй ба Нийслэлийн Засаг даргаас бичгээр шийдвэр гаргаж өгөөгүй. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой хамтад нь шийдвэрлэх шаардлагатай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

3. 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Ч.О-т барилга барих зөвшөөрөл олгосон хэсэг нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловч Ч.О-аас хуульд заасан журмаар сунгуулах хүсэлтээ гаргаагүй, газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл бүрдсэн байхад дуусгавар болгосон шийдвэрийг гаргахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй бус гэж үзэж маргаж байна. Тунел орчмын бүс хүн амын маш их нягтралтай байгаа тул хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/1148 дугаартай Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж, Дэд бүтцийн хөгжлийн сайд/ хуучин нэрээр /-ын 2004 оны 130 дугаар тушаалаар баталсан “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”-ийн 2.14 дэх хэсгийг тус тус биелүүлж, Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын дээд шатны байгууллага эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх байгууллага байхгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй . Нийслэлийн Засаг даргын туслахаар дамжуулан уулзаж , асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч уулзаагүй . Д 5. Нэхэмжлэгчээс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр " Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар захирамж илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх", "Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн Ч.О-т холбогдох хэсэг, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Ч.О-т барилга барих зөвшөөрөл олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу танай шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5181 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж , зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан . Уг захирамжид гомдол гаргасныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч , дээрх 3 нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан захиргааны хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзсэн ба уг тогтоол нь эцсийн шийдвэр болно . Үүнээс хойш нэг удаа Нийслэлийн барилга хот байгуулалт , төлөвлөлтийн газрын даргын 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн БЗД-12/A/*******/1 тоот архитектурын даалгаврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх Ч.П-гэх хүнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн. Тухайн газарт барилга барих асуудал нь ямар нэгэн хот байгуулалтын төлөвлөгөөнд байхгүй. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хариуцагчаас барилга барих төлөвлөгөөнд байгаа гэсэн ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар Засаг дарга дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэх ёстой. Хот байгуулалтын төлөвлөгөөг нийт иргэдийн эрх, ашиг, авто замын ачаалал, эрүүл аюулгүй орчинд амьдрах бололцоог хангаж байж гаргадаг. Гэтэл ямар нэгэн төлөвлөгөө байхгүй байхад дүүргийн Засаг дарга үйлчилгээний зориулалтаар 1000 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан шаардлагыг зөрчсөн. Анхнаасаа тухайн газрыг эзэмшүүлэх эрх зүйн үндэслэл байгаагүй. Газар эзэмших эрхийг үүсгэж байгаа анхдагч захиргааны акт маань Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж юм. Улмаар Нийслэлийн Засаг дарга захирамж гарган газрын зориулалтыг өөрчлөн газар эзэмших эрхийг Ч.О-т шилжүүлсэн. Дараа барилга барих зөвшөөрлийг олгосон. Нийслэлийн Засаг даргын 2011, 2012 оны захирамжууд нь шууд газар эзэмших эрхийг үүсгээгүй. Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн маргаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын 222 дугаар захирамж хуульд нийцсэн эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй, энэ талаар маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаагүй. Өмнө нь шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй байна, ямар нэгэн шүүхийн шийдвэр байхгүй байна гэж шийдвэрлэсэн. Тэгэхээр анх удаа шүүхээр шийдвэрлэгдэж байгаа маргаан гэдгийг тодотгож хэлмээр байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасан. Энэ заалтыг илт зөрчиж ямар нэгэн төлөвлөгөөнд байхгүй газрыг дүүргийн Засаг дарга захирамж гаргасан эзэмшүүлсэн. Энэ нь дараа нь барилга зориулалтаар газар эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөн. Тухайн үед хуучин социализмын үед баригдсан сансрын тунель орчмын орон сууцууд бүгд байсан. Байсан барилгууд одоог хүртэл байгаа. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд тодорхой судалгаа хийгээд 2018 онд 1148 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Нэхэмжлэгчийн оршин сууж буй байршилд хот төлөвлөлтийн хувьд норм, стандартууд, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа гэдэг үндэслэлээр шинээр газар эзэмшүүлэхгүй гэж шийдвэрлэсэн. 2010 онд дагаж мөрдөгдөж байсан Дэд бүтцийн сайдын 2004 оны 130 дугаар тушаалаар батлагдсан Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн 2.14-д “Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрийн нэг га-д ногдох хүн амын нягтралын тооцоог үндэслэн энэхүү нормын зөвлөмжийн 9 дүгээр хавсралтад заасан ёсоор суурьшлын бүсийн барилгажилтын төслийг төлөвлөнө. Гэхдээ хорооллын хүн амын тооцоот нягтрал 450 хүн/га-гаас ихгүй байх ёстой” гэсэн шаардлага тавьсан. Энэ шаардлагыг Баянзүрх дүүргийн Засаг дарга зөрчиж 2010 онд хууль бусаар газар эзэмшүүлсэн. Энэ нь нэхэмжлэгч болон тухайн орон сууцанд амьдарч буй иргэдийн эрх, ашгийг хөндөж хүн амын нягтаршил их болох, халдварт өвчин тархах нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр болсон. 2010 онд газар эзэмшүүлэхэд цаашид барилга барих эрх зүйн үндэслэл нь байгаагүй. Хот төлөвлөлтийн үйл ажиллагаа нь нийтийн эрх ашгийг хамгаалах, нийтийн оролцоог хангах зарчмын үүднээс тооцоо судалгаатай явагдах ёстой. Гэтэл тухайн газарт ямар ч зүйлгүйгээр Ч.П-гэх хүнд давуу эрх олгосон шийдвэр гаргасан. Иймд тухайн шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Т.Д болон н.Ч нарын иргэд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд газар эзэмших эрхийг сунгахгүй байх шийдвэрийг гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг хангахаас татгалзсан хариуг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл Нийслэлийн Засаг даргаас яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа, яагаад дуусгавар болгохгүй гэж үзэж байгаа үндэслэлүүдээ шүүхэд огт тайлбарлаагүй. Захиргааны байгууллагаас гарч буй шийдвэр хуульд үндэслэх ёстой. Гэтэл ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй агуулгаар шүүхийн шийдвэр гарсан түүний дагуу сунгах ажиллагаа явагдаж байна гэж тайлбарладаг. Энэ тайлбар нь үндэслэлгүй байна. Тус газрын эрхийг сунгахтай холбоотой ямар нэгэн шүүхийн шийдэл, дүгнэлт байхгүй. Нэхэмжлэгч нь одоо барих гэж буй барилгаас 10 метрийн зайд байрлах орон сууцанд оршин сууж байгаа. Шүүхийн үзлэг хийхэд сансрын туннелээс доошоо уруудсан өндөр далангийн хажууд маргаан бүхий газар байрлаж байгаа. Гэтэл 10 давхар барилга барихаар төлөвлөгдсөн энэ нь норм, дүрэмд нийцэхгүй. Газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй байгаа нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн Арван зургадгаар зүйлд заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах” эрхийг зөрчсөн, эд хөрөнгөд хохирол учруулах үр дагавартай гэж үзэж байна. 1000 м.кв газарт 10 давхар барилга барьснаар хүн амын нягтаршил бий болгоно. Энэ нь норм, дүрэмд заасан хорооллын хүн амын тооцоот нягтрал 450 хүн/га-гаас ихгүй байх гэсэн шаардлагыг зөрчсөн. Нийслэлийн Засаг дарга 2018 онд шинээр газар эзэмшүүлэхгүй гэж шийдвэрлэсэн. Дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгосноор цаашид тухай газарт барилга барихгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Газар эзэмших эрхийг сунгахгүй байх шийдвэр гаргаж, дуусгавар болгохгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар барилга барих зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон. Барилга барих хугацааг шүүхээс ямар нэгэн байдлаар түдгэлзүүлээгүй. 5 жилийн хугацаа 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон. Мөн энэ хугацаанд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг гуравдагч этгээд Ч.О- гаргаагүй. Газар эзэмших эрх нь дуусгавар болсон гэдэг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/729 дүгээр албан бичиг, Ч.О-ын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээр нотлогдоно. 2017 оноос хойш 3 жилийн дараа газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан. 2017 онд анх газар олгосон 2012 оны захирамжийг хүчингүй болгоод тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2018 онд дуусгавар болсон. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана”, 37.1.3-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт” гэж заасан. Гэтэл байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй, үнэлгээний дагуу хэрэгжүүлсэн тайлангаа огт өгөөгүй болох нь тогтоогдсон. Үүнийг хэрэгжүүлээгүй, хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа тул газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгох ёстой. Хуульд заасан шаардлагыг хангасан, хуульд заасан хугацаанд хүсэлт гаргасан газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэрийг гаргадаг. байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дагуу хэрэгжүүлсэн ажлын тайлангаа үнэлүүлээд хүсэлтдээ хамт өгөх ёстой байсан. Уг баримтыг өгөөгүй учраас сунгуулах хүсэлтийг гаргаагүйд тооцно гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийг сунгах ажиллагаа явагдаж байна гэсэн тайлбар ирүүлсэн боловч шүүхийн шийдвэрт газар эзэмших эрхийг сунгахыг даалгасан ямар нэгэн шийдвэр байхгүй. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хуульд үндэслэгдээгүй, ийм байдалтай байгаа. Нэгэнт газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэл нь бүрдсэн байгаа тохиолдолд дуусгавар болгоод тухайн байршилд барилга барих зориулалтаар газар эзэмшүүлэх ёсгүй. Тухайн газар нь Нийслэлийн хот байгуулалтын төлөвлөгөөнд байхгүй. Яагаад 1000 м.кв газар дээр 10 давхар барилга барих зөвшөөрөл олгоод иргэдийг ямар орчинд амьдруулах гээд байна вэ. Нийслэлийн Засаг дарга үүнийг хүлээн зөвшөөрөөд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр захирамж гарган тухай бүсэд шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй гэж шийдвэрлэсэн. Уг захирамжийн хавсралтад орсон барилгын норм, дүрэм зөрчиж байгаа байршлуудад маргаан бүхий газар орсон байгаа. Хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан, дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэдэг нь нотлогдож байна. Эс үйлдэхүй хууль бус байгаа тохиолдолд дуусгавар болгосон шийдвэр гаргахыг Засаг даргад даалгах үндэслэлтэй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох ёстой. Хэрэгт шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа гэхээс өөр хууль зүйн үндэслэлтэй тайлбар байхгүй.

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг дарга захирамж гарган барилга барих, шинээр газар эзэмшүүлэх үйл ажиллагааг түр зогсоосон. Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.5-д заасныг үндэслэл болгосон. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 9.1.5-д “хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих” гэсэн Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг зааж өгсөн.

Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор буюу Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн 2.14 дэх заалтыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг дарга захирамжаа гаргасан.

Тус газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй. Бусад оршин суугчдын эрхэд хэрхэн нөлөөлж байгаа, халдварт өвчний тархалт зэргийг судалсан нэг ч баримт байхгүй. Төлөвлөгөө гэдэг нь аль болох нягтралыг багасгах, авто замын ачааллыг бууруулах, хүүхэд тоглох зай талбайг тооцох зорилготой байдаг. Гэтэл ямар ч төлөвлөгөө байхгүйгээр шийдвэр гаргаж, барилга барьж болохгүй. Шүүх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаална. Гэтэл гуравдагч этгээдийн хувьд хууль ёсны эрх, ашиг сонирхол гэж байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг хуулийн дагуу олж авч байж хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөнө. Гэтэл хууль зөрчиж тухайн эрхийг олж авсан. Барилга барих гэж буй үйл ажиллагаа нь хуулийн дагуу биш төлөвлөгөөнд ороогүй. Тодорхой олгосон хугацаандаа үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадаагүй. Сунгуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй гээд гуравдагч этгээдийн эрх хамгаалагдахгүй байх олон нөхцөл байдал харагдаж байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 1000 м.кв газрын 600 м.кв газар дээр нь байшин барина, 400 м.кв газрын хаана нь машин зогсох, хүүхдүүд нь хаана тоглох юм. Нэхэмжлэгчийн оршин сууж буй байрны орчинд маш олон машин зогсох, маш олон хүн агаарлах, тоглох сөрөг үр дагавар үүсэх болно. Үүнийг Нийслэлийн Засаг дарга хүлээн зөвшөөрсөн. Хуулийг дагаж мөрдөхгүй байгаагаас энэ нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь цаашид төрийн байгууллага хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахад чиглэгдэж байгаа чухал нэхэмжлэл гэж харж байна гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ч.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай хүсэлт ирүүлснийг хянан шийдвэрлэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл” -ийн 14 дүгээр хурлаар хэлэлцүүлж тус хурлын дүгнэлтээр иргэний гаргасан хүсэлтийг дэмжсэн дүгнэлт гарсан байна. Дээрх дүгнэлт нь иргэн Ч.О-ын газар эзэмших эрхийг сэргээх тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн гол үндэслэл болох ба тус хурлын дүгнэлт хууль зөрчсөн зүйл байхгүй харин нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0162 дугаартай шийдвэрийг биелүүлсэн байх бөгөөд эс үйлдэхүй байхгүй байна гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн Т.Д, Д.О нарын нэхэмжлэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулж, дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/222 дугаар захирамжийн Ч.П-т холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заажээ.

 Т.Д, Д.О нарын Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан дээрх хүсэлт нь тодорхойгүй өөрөөр хэлбэл шийдвэрлэх, хариу өгөх боломжгүй хүсэлт гаргажээ. Тодруулбал иргэн, хуулийн этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой, ойлгомжтой байдлаар хүсэлт гаргаж тухайн албан тушаалтнаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх талаар өргөдөл гаргасан байхыг шаарддаг.

Гэтэл тус хүсэлт нь “ ...гэрчилгээг сунгахгүй байх шийдвэр гаргуулах тухай" хүсэлт байх бөгөөд хугацаа сунгахгүй байх тухай шийдвэр гардаггүй буюу тухайн иргэн хүсэлт өгөөгүй бол захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хугацаа сунгах шийдвэр гаргахгүй, хуульд заасан шаардлагыг хангаж байвал хугацааг нь сунгах үүрэг хүлээдэг. Тодруулбал Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсвэл тухайн газрын эрх дуусгавар болдог бол 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан тохиолдол бий болсон бол эрх бүхий захиргааны байгууллага газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох эрхтэй юм. Дээрх тохиолдолд энэхүү хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.

 Түүнчлэн хүсэлт гаргасан иргэд өөрсдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор бусдад эзэмшүүлсэн газрын эрхийг сунгуулахгүй байх хүсэлт гаргасан нь тодорхой бус байна. Далангийн хажууд байрладаг тул 1 давхрын айлууд подвалд амьдарч байгаатай адил байдаг, манай байрны үнэ буурна зэрэг үндэслэлээр бусдын газар эзэмших эрхийг үгүйсгэх нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн хүрээ хамаарлын талаар тайлбарлах шаардлагатай. Тус захиргааны хэрэг нь давж заалдах шатны шүүхээр хянагдаж гарсан тогтоолын дагуу зөвхөн тухайн хаягт оршин суух иргэн Т.Д гэх хүний эрхийн тухай хэлэлцэнэ. Өөр бусад иргэд, ойр орчмын барилгын эрх ашгийн өмнөөс тайлбарлахгүй. Хэргийг зөвхөн иргэн Т.Д-ын нэхэмжлэлийн хүрээнд дүгнүүлэх хүсэлттэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага хууль шинэчлэгдэн батлагдсан цаг хугацаанд хамаардаг. 2010 онд гарсан захирамж, гарсан нөхцөл байдлыг өнөөдрийн бодит нөхцөлт байдалтай нэгэн адилтгаж тайлбарлаж байна. Цаг хугацааны хувьд өөр юм шүү. Энэ хугацаанд маш олон хууль, дүрэм, журам, захирамж шийдвэрүүд өөрчлөгдсөн. Тэгэхээр тухайн цаг үед зөрчил байгаагүй нөхцөл байдлыг өнөөдрийн цаг үед байгаатай адилтгаж үзэх боломжгүй.

Гуравдагч этгээдийн эрх, ашиг гэж байхгүй гэж байна. Гуравдагч этгээдийн эрх ашиг хуулиар тогтоогдож, удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээр гуравдагч этгээдийн эрхийг хууль ёсны байна гэж тогтоосон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдийн эрх хамгаалагдаж байгаа. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой.

Нэхэмжлэгчээс шүүхэд 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхгүй байна. Эдгээр нь удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээр тухайн нөхцөл байдлууд нь үнэлэгдэж, дүгнэгдэж шийдвэрлэгдсэн байна гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч эхний нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 222 дугаар захирамжийн Ч.П-т холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж өмнөх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дагуу тайлбарлаж байна. Илт хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг шүүхээр дүгнүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт тухайн үед байгаагүй. Энэ үед мөрдөгдөж байсан 2002 онд батлагдсан Газрын тухай хуульд албадан дуудлага худалдааны үнийн тооцоолол байхгүй, төлбөр төлөх бодит нөхцөл маань бүрдээгүй байсан. Хожим тооцооллыг хэрхэн хийх нөхцөл байдал бий болсны дагуу төлбөрийг төлсөн байдаг. Газрын дуудлага худалдааны үнийг төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа. Энэ нь тухайн үед эрх зүйн зохицуулалт өөр байсан гэдгийг тайлбарлаж байна.

1000 м.кв газрыг олгох ёсгүй байсан гэж тайлбарлаж байна. Тухайн газартай холбоотой өмнөх хэргүүдэд нэхэмжлэгч талаас энэ үндэслэлийг тайлбарлаж, ярьж байсан. Энэ нь өмнөх шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн. Өмнө шийдвэрлэгдсэн хэргүүд нотлох баримтаар авагдсан байгаа. Иймд судлагдах боломжтой. Мөн норм, дүрэм зөрчсөн, орчны нягтаршил гэж тайлбарлаж байна. Энэ нь бас өмнө нь шүүх хуралдааны танхимд яригдаж, хэлэлцэгдээд шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн. Шүүхээс барилга барих боломжтой байна гэж дүгнэсэн. 1000 м.кв газрын хэмжээнд маргаан байсан. Энэ маргаан шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Засаг даргын захирамжууд шүүх хууль ёсны байна уу гэдгийг нэг бүрчлэн дүгнэж байсан. Газрын хэмжээ, зориулалт, орны норм, дүрэм стандартад нийцэж байгаа эсэхийг шүүх шалгасан. Шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаад байгаа үйл баримтыг мэргэжлийн байгууллага, шүүхийн удаа дараагийн шийдвэрээр хянагдсан юм. Маргааны үйл баримтууд дүгнэгдсэн байгаа тохиолдолд өнөөдөр дахиад шүүхээр дүгнүүлэх боломжгүй.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд байхгүй байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл 10 давхар барилгыг барих газрыг тал бүрээс нь хэмжээд стандартад нийцэх эсэхийг дахин дахин шалгаж үзээд норм, дүрэмд нийцэж байна, барилгыг барих боломжтой гэж дүгнэсэн. Үүнд орчны стандарт зөрчигдөж байгаа эсэх нь бас дүгнэгдсэн. Ерөнхий төлөвлөгөөнд тухайн үед байсан эсэх асуудал нь барилга барих зөвшөөрлийг олгосон үйлдэлд маргасан маргаанд яригдана. 16 дугаар байрны оршин суугчдаас гаргасан нэхэмжлэл нь 10 давхар барилга барих зөвшөөрлийг олгосон нь буруу гэж маргахад ерөнхий төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх нь хамт шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. Эхний нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэ цаг үеийн үйл баримт, нөхцөл байдал, одоо үүсээд байгаа хүндрэл, орчны  нөхцөл яригдахгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 222 дугаар захирамжийг үндэслэн гарсан эрхийн актууд шүүхээр дүгнэгдсэн. Дүүргээс гарсан захирамжийг Нийслэлийн Засаг дарга баталгаажуулдаг. Энэ нь шилжүүлдэг эрх биш, баталгаажуулсан эрх ашиг юм. Дүүрэг газар эзэмших эрхийг олгосон, Нийслэл шалгаад баталгаажуулан эрх олгож байгаа. Баталгаажуулан эрх олгосон нь шүүхээр дүгнэгдсэн.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргуулах гэж байна. Энэ нь газар эзэмших эрхийг хугацааг битгий сунгаач гэж тайлбарлаж байгаа юм шиг мөртлөө газар эзэмших хугацаа дуусгавар болсон гэсэн шийдвэр гаргах ёстой байсан. Энэ шийдвэрээ гаргахгүй байна гэж тайлбарлаж байна.

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаар шийдвэртэй, давж заалдах, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг байдаг. Уг хэрэгт бид зөрчигдсөн эрэхээ сэргээлгэхээр нэхэмжлэгчээр орсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга биелүүлэх үүрэгтэй. Газар эзэмших эрхийг сунгахгүй гэсэн шийдвэр гаргах ёстой байсан гэдэг шаардлагын үгүйсгэл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх асуудал байсан. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлээч газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс гаргаад явж байсан. Манай газар эзэмших эрхийг цуцлах шийдвэрийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан. Уг шийдвэрийн үндэслэлд иргэн Ч.О- таны газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч хянаад таны газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэлээ гэсэн байдаг. Иргэний газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх ёстой байтал эсрэгээрээ газрын эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Гэвч газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг шүүх хүчингүй болгосон. Тэгэхээр бидний зөрчигдсөн эрх сэргэх ёстой. Энэ нь газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах эрх юм. Энэ нь нотлох баримтаас харагддаг. Шүүхийн шийдвэрүүдээр иргэн Ч.О-ын эрхийг сэргээ, цуцалсан нь хууль бус байна гэж шүүхээс дүгнэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг гарснаас хойш Ч.О-ын эрхийг сэргээх ажиллагааг байнга хийдэг. Бидэнд татгалзсан хариуг өгч байгаагүй. Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийг хугацааг сунгах боломжгүй байна гэдгийг илэрхийлсэн бол бид шүүхийн шийдвэрийг биелүүлэх албадах ажиллагааг хийлгэх ёстой. Нийслэлийн Засаг даргаас бид танай эрхийг сэргээх гэж байна, хурлаар орж байна, сунгаж байна гэх мэтээр хариу өгч байсан. Нэхэмжлэгч талаас Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёсгүй гэж ярьж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль бус юм.

Газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж байна. Үүнд манай зүгээс газар эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж маргаж болох байсан. Шүүхийн шийдвэр биелүүлж байгаа нөхцөл байдал байсан учраас бид энэ асуудлыг тавих боломжгүй байсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр хамаагүй, газрын эрхээ 2012 оноос хойш газрын эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа, шүүхээр 9 жилийн хугацаанд эрхээ хамгаалуулж, түүнийгээ тогтоолгож, эрхээ сэргээх шийдвэр гаргуулсан иргэний эрх ашиг хамаагүй, энэ эрхийг нь дуусгавар болго гэж байна. Гэтэл үүний цаана эрхийг сэргээх шийдвэрийг гарга гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргыг шүүхийн шийдвэрийг битгий биелүүл гэж хүсээд байна. Хавтаст хэрэгт бүх нөхцөл байдлыг нотлох баримт байгаа. Иймд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Д-с анх тус шүүхэд хандан “....Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн Ч.О-т холбогдох хэсэг, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Ч.О-т барилга барих зөвшөөрөл олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар захирамжийн Ч.П-т холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар захирамж илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх,

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн, 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг” ойлгоно хэмээн,

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн  3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно хэмээн тус тус хуульчилсан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй субьектив эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.

            Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн нэг дэх  шаардлагын үндэслэлээ “...Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчин 2010 оны 222 дугаар захирамжаар Ч.П-т газар эзэмшүүлсэн нь миний болон миний гэр бүлийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа тул уг захиргааны актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” хэмээн тайлбарлан маргаж байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд: маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг зочид буудлын баруун талд байрлах нэгж талбарын 3009/5003 дугаартай, 1000м2 газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/222 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ч.П-т худалдаа, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэснийг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 115 дугаар захирамжаар баталгаажуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны А/222 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 115 дугаар захирамж, нэгж талбарын 3009/5003 дугаартай газрын хувийн хэрэг болон холбогдох бусад баримтаар,

            Нэхэмжлэгч Т.Д нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 16 дугаар байрны 10 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009026 дугаартай орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ 2017 оны 7/3564 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 7/1459 дүгээр албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

            Үүнтэй холбогдуулан шүүх, Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/222 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ч.П-т Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг зочид буудлын баруун талд байрлах нэгж талбарын 3009/5003 дугаартай, 1000м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн шийдвэр нь тухайн үйл баримтаас хойш буюу 2013 онд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болсноор нэхэмжлэгчид бий болсон хууль ёсны эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэлээ.

            Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн хоёр дахь  шаардлагын үндэслэлээ “... Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/******* дүгээр захирамжаар Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй байгаа эс үйлдэхүй нь ... иргэн бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчөөд зогсохгүй амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж байна” хэмээн тайлбарлан маргаж байна.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар,

            гуравдагч этгээд Ч.П-нь гуравдагч этгээд Ч.О-тай “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 952 дугаар захирамжаар тус маргаан бүхий газрыг Ч.О-т шилжүүлэн эзэмшүүлж, Ч.О-аас “эзэмшил газрын зориулалтыг өөрчлөх” хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас 2012 оны “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” А/******* дугаар захирамжаар “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цэцэг” зочид буудлын баруун талд 0.06 га талбайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн албан хаагчдын орон сууцны барилга” барих зөвшөөрлийг гуравдагч этгээд Ч.О-т олгосон.

            Улмаар, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/625 дугаар захирамжаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 952 дугаар захирамжийн гуравдагч этгээд Ч.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг иргэн Ч.О-аас гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 162 дугаар шийдвэрээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 243 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Үүнтэй холбогдуулан гуравдагч этгээд Ч.О-аас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 162 дугаар шийдвэрийн дагуу газар эзэмших эрхээ сэргээлгэх тухай хүсэлт гаргасныг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл” -ийн 14 дүгээр хурлаар хэлэлцэн “хүсэлтийг дэмжсэн дүгнэлт” гаргасан.

Энэ хугацаанд нэхэмжлэгч Т.Д-с 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Нийслэлийн Засаг даргад хандан Нийслэлийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгох агуулга бүхий хүсэлтийг гаргасныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 07/2625 дугаар албан бичгээр татгалзсан хариуг өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/******* дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/625 дугаар захирамж, Ч.О-ын газар баталгаажилтын хувийн хэрэг, Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл” -ийн 2020 оны 14 дүгээр хурлын дүгнэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 162 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 243 дугаар магадлал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 07/2625 дугаар албан бичиг болон холбогдох бусад нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан шүүхээс хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтууд болон шинжээч Ч.Төмөрсүхийн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Барилга хөгжлийн төвийн шинжээчийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлт, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2/969 дугаар шинжээчийн дүгнэлт, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 24/018 дугаар шинжээчийн дүгнэлт, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн нэмэлт дүгнэлт болон 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29/019 дүгээр шинжээчийн нэмэлт дүгнэлт зэрэг дүгнэлтүүдээр Нийслэлийн Засаг Даргын 2012 оны А/******* дүгээр захирамжаар гуравдагч этгээд Ч.О-т “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн албан хаагчдын орон сууцны барилга барих зориулалтаар” газар эзэмших зөвшөөрөл олгосон үйл баримт нь:

            16 дугаар байрны /байрыг бүхэлд нь тооцоолсон/ “барилга хоорондын зай зөрчсөн, нарны тусгал хаасан” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болохыг,

            “...тухайн газарт байрлах инженерийн шугам сүлжээг нэгтгэн хонгилын системд байрлуулснаар ашиглалтын байгууллагуудын уялдаа холбоо сайжрах, авто зам талбай, ногоон байгууламж эвдэгдэхгүй байх, гэмтэл саатлыг түргэн илрүүлж шуурхай засварлах үйлчилгээ хийх боломжтой зэрэг давуу талтай, ... хонгилын системийн болон түүн доторхи дулааны шугам сүлжээний зураг, төслийг мэргэжлийн байгууллагаар стандарт норм дүрмийн дагуу тооцож...технологийн дагуу угсарч монтажлан ашиглах нь зүйтэй... дээрх газарт 12 дугаар хорооллын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангадаг төв магистрал болох 300 мм-ын диаметртэй хос шугам байрлах бөгөөд дээрх инженерийн шугам сүлжээг нэгтгэн хонгилын системд байрлуулснаар ашиглалтын байгууллагуудын уялдаа холбоо сайжрах, авто зам талбай, ногоон байгууламж эвдэгдэхгүй байх, гэмтэл саатлыг түргэн илрүүлж шуурхай засварлах үйлчилгээ хийх боломжтой зэрэг давуу байдалтай...” хэмээн үзэж инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй болохыг,

            “...одоо байгаа 5 давхар орон сууц ба барихаар төлөвлөж байгаа 10 давхар барилга хоорондоо ... зөвшөөрөгдөх хэмжээнээс 100 дахин хол зайтай байгаа учир газар хөдлөлтийн үед ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй болох нь тогтоогдож байна. Орчин үед Монгол улсад энэ зарчим ба тооцоогоор бүх барилгуудыг барьж байгаа болохыг” тус тус тогтоосон байх бөгөөд

            нэхэмжлэгч ТТ.Д-сНийслэлийн Засаг даргад хандан гаргасан хүсэлтийг хариуцагчаас Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээр дамжуулан 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 07/2625 дугаар албан бичгээр “...гомдолд дурдсан асуудлыг шүүх эцэслээ шийдвэрлэсэн байх тул захиргааны байгууллагаас иргэн Ч.О-ын газар эзэмших эрхийг сунгахгүй байх шийдвэр гаргах боломжгүй” хэмээн хариуг өгсөн явдлыг шүүхээс нэхэмжлэгчийн хууль ёсны субьектив эрх, ашиг сонирхлыг зөрсөн хэмээн үзэх боломжгүй бөгөөд хариуцагчийн татгалзал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна хэмээн шүүх дүгнэлээ.

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасанчлан “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”

            Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

             Үүнтэй холбогдуулан, Т.Д-н нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүхэд 5 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон,  шүүхээс 2021 оны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Д-с Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар захирамж илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О-т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн нэмэлт дүгнэлттэй холбоотой 700,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч Т.Д-с гаргуулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХТУЛГА