Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч М.Баасандорж, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Баасандоржид холбогдох 201624000575 дугаартай хэргийг 2016 оны   9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, харуулчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 015 дугаар ангид харуулчинаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 2 дугаар хэсэг Баатархайрхан 1962 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ШУ95110317, Боржигон овогт Мөнхтуяагийн Баасандорж.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч М.Баасандорж нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Хужирбулангийн замд Т.Карина ЕД маркийн 09-77 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна ” гэсэн заалтыг зөрчиж замын хажуу талын төмөр хайсыг мөргөж онхолдсоны улмаас зорчигч Б.Нандин-Эрдэнийн амь насыг хохироосон, зорчигч Б.Бат-Оршихийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, Ус сувгийн удирдах газар 1.855.829 төгрөгийн хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Баасандорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны     6 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө найзуудтайгаа караокед орж дуулсан. Тэгээд караокенээс гараад найз Г.Бат-Эрдэнийг хүргэж өгөх гэж гэр рүү нь машинтайгаа явж байтал машины урдуур нэг зүйл гарч ирэхээр нь би машиныхаа рулийг хажуу тийш дартал ийм асуудал болсон. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна.” гэв.

 

Мөн хавтаст хэргээс зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, хэрэг гарсан гэзэр дээр хэмжилт хийсэн бүдүүвч /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-13, 18-22, 82, 119-127/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-14/, согтуурал шалгасан магадлагаа /хх-15-16/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмлэгч Н.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-26/, хохирлын баримтууд /хх-31-42/, хохирогч Б.Нандин-Эрдэнийн нас барсан тухай гэрчилгээний хуулбар /хх-46/, хохирогч Б.Бат-Оршихийн өгсөн мэдүүлэг /хх-50/, иргэний нэхэмжлэгч С.Нямсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-52-53/, иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-57/, гэрч Б.Бат-Оршихийн өгсөн мэдүүлэг /хх-59-60/, гэрч В.Мөнхтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-62-63/, гэрч Г.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-65/, гэрч С.Цоггэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-66/, гэрч Г.Төмөрхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-73-74/, иргэний хариуцагч С.Нямсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх76/, тээврийн хэрэслийн лавлагаа /хх-78/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1162 дугаар дүгнэлт /хх-80-81/, иргэний нэхэмжлэгч “Ус сувгийн удирдах байгууллага”-ын хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-85-87/, “Вендо” үнэлгээний компанийн В16-123 дугаар дүгнэлт /хх-88-99/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10211 дугаар дүгнэлт /хх-103/, хохирогч Б.Бат-Оршихийн өвчний түүх /хх-105-111/, техникийн шинжээчийн 4841 дугаартай дүгнэлт /хх-116-127/,  техникийн шинжээчийн 466 дугаартай дүгнэлт /хх-130-131/, шүүгдэгч М.Баасандоржийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-150/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-151/, шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-163/,  Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагчийн тодорхойлолт /хх-167/, шүүгдэгч М.Баасандоржийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-168-179/, хохирол төлсөн тухай баримт /хх-180-181/, хохирогч гомдол саналгүй тухай бичгээр гаргаж өгсөн баримт /хх-213-214/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Баасандорж нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Хужирбулангийн замд Т.Карина ЕД маркийн 09-77 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна ” гэсэн заалтыг зөрчиж замын хажуу талын төмөр хайсыг мөргөж онхолдсоны улмаас зорчигч Б.Нандин-Эрдэнийн амь насыг хохироосон, зорчигч Б.Бат-Оршихийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн “Ус сувгийн удирдах газар”-т 1.855.829 төгрөгийн хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь:  

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардалд баримттай 6.231.662 төгрөг, баримтгүй 1.500.000 төгрөг болж байсан. Ингээд 7.731.622 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар сэжигтэн М.Баасандоржийн ар гэрээс нийт 4 сая төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн, 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн байсан. нийт 5 сая төгрөгийг өгөөд байгаа...” /хх-26/ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Бат-Оршихийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…01 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг Гачууртын постны орчим Г.Бат-Эрдэнийг буулгачихаад буцаад харихаар Хужирбулангийн замаар явж байгаад осолд орсон. Би тухайн үед машины зүүн хойд талд доошоо юм оролдоод сууж байсан. Нэг мэдэхэд гадаа хэвтэж байсан. Машин замаас гараад осолдсон байсан. Осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна…Одоо миний биеийн байдал гайгүй байгаа...М.Баасандорж надад 250.000 төгрөг өгсөн…надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-50/ гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2009 онд 5 орчим км газарт замын хажуу талаар төмөр хашаан хаалтийг хийж тавьсан. Хашлагыг мөргөсөн талаар маргааш нь мэдээд газар дээр нь очиж үзсэн. Эвдэрхий төмөр хашаан хаалтыг хурааж шинэ төмөр хашаан хаалтыг тавьсан…хохиролыг барагдуулж өгнө үү.”  /хх-133/ гэх мэдүүлэг,

Мөн түүний шүүхэд ирүүлсэн “…хохирлын мөнгө хүлээн авсан бөгөөд цаашид гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-214/ гэсэн бичгээр гаргасан баримт,

 

Гэрч В.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний хүү төлөв даруу элдэв гаж муу зуршилгүй, нийтэч нөхөрсөг, зөөлөн хүн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи хаяа нэг татдаг юм шиг байна лээ. Найз охин нь одоо жирэмсэн. Тэд гэрлэлтээ батлуулаагүй. Урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй…2016 оны 6 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчимд найз охиноо Тэрэлж рүү хүргэж өгөөд найз нартайгаа уулзаад удахгүй ирнэ гээд саарал өнгийн Т.Карина ЕD маркийн 09-77 улсын дугаартай автомашиныг өөрөө жолоодоод явсан. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Гэмтлийн эмнэлгээс танай хүү М.Баасандорж зам тээврийн осолд орсон байна гэхээр нь би гэрийхнийгээ авч очсон…Автомашины миний нөхөр С.Цоггэрэлийн төрсөн дүү С.Нямгэрэлийн эзэмшлийн байдаг. Энэ машиныг манай нөхөр байнга унадаг. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр М.Баасандорж жолооны үнэмлэхээ авсан.” /хх-62-63/ гэх мэдүүлэг,

Гэрч С.Цоггэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Миний хүү М.Баасандорж төлөв даруу томоотой хүний үгэнд сайн ордог, чих зөөлөнтэй, нийтэч хүн юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи хааяа нэг татаж байгаа харагддаг, тэрнээс бол бид 2-н хажууд татаж байгаагүй. Найз охин нь одоо жирэмсэн 4 сартай гэсэн. Гэрлэлтийн баталгаагүй…Тэгээд 2016 оны         6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 04 цагийн орчимд манай эхнэр В.Мөнхтуяа руу Гэмтлийн эмнэлгээс танай хүү М.Баасандорж зам тээврийн осолд орсон байна гэхээр нь бид бүгд очсон…Автомашины миний төрсөн дүү С.Нямгэрэлийн эзэмшлийн байдаг. Би энэ машиныг бариад 3 жил орчим болж байна. 2016 оны 4 дүгээр сард миний хүү М.Баасандорж нь жолоонд сууж 6 дугаар сарын 23-ны өдөр жолооны үнэмлэхээ авсан…Машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Би хүүгээсээ нэхэмжлэх зүйл байхгүй. Талийгаачийн ар гэрийхэнтэй уулзсан. Оршуулгын зардлыг төлсөн.” /хх-64, 66/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…01 цагийн үед М.Баасандорж машины жолоодоод намайг хүргэж өгөхөөр Гачууртын пост руу явсан. Би гэрийнхаа гадаа үлдээд М.Баасандорж талийгаач 2 явсан. Тэр шөнөдөө миний утас дуугараад танай найз нар осолд орсон гэхээр нь би шууд осол болсон газар очсон. Машин замаас гарчихсан талийгаач газар хэвтсэн, М.Баасандорж, Г.Бат-Орших хоёр Гэмтлийн эмнэлэг явсан байсан. Архи уугаагүй эрүүл талийгаач арын суудалд сууж явсан. М.Баасандорж даруухан дөлгөөн зантай. Муу зуршил байхгүй.” /хх-65/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Төмөрхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”…2016 оны             6 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад би гэртээ харихаар баруунаас зүүн тийшээ Хужирбулангийн замаар явж байхад замын урд талын төмөр хашаа эвдэрчихсэн байхаар нь би зам дээр зогсоод урагшаа хүрэхэд  урд төмөр нь чихэгдээд орчихсон, дөрвөн дугуй дээрээ зогссон байдалтай машин байхаар нь яваад очтол машин дотор 1 хүн, машины гадна 1 хүн уначихсан байсан. Би шууд 102-т дуулага өгөөд жолооч залуугаас асуухад машины урдуур нэг зүйл орж ирээд замаас гарчихсан гэж хэлсэн. Жолооч нь архи уугаагүй эрүүл байсан...Машинтай мөргөлдсөн гэх ул мөр байгаагүй. Хашлаганаас өөр зүйл мөргөөгүй байсан. Цаг агаар сайхан, дулаахан, зам хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан”/хх-73-74/ гэх мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч С.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Энэ автомашин нь миний эзэмшилд байдаг боловч миний төрсөн ах С.Цоггэрэл унаад бараг 3-4 жил болж байна. Би энэ машиныг унадаггүй. Би М.Баасандоржид унах зөвшөөрөл өгөөгүй. чадах ядахаараа л оршуулгын зардлыг барагдуулах болно.”  /хх-76/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1162 дугаар актад:

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош:

1. Баруун уушиг, бөөрний язарсан шарх. Баруун талын 5-10 дугаар хавирганы суганы дунд болон урд шугамаар хугарал. Аарцаг ясны цагираг тасарсан хугарал.

2. Гэмтлийн гаралтай шок хурц цус алдалт.

3. Баруун ташааны зулгаралт.

Дүгнэлт:

1. Талийгаач Б.Нандин-Эрдэнийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурдсан гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Нандин-Эрдэнэ нь хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн гаралтай шоконд орж нас баржээ.

3. Цус нь АВО системээр ВIII бүлэгтэй байна.

4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой.

5. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь спиртийн агууламж илрээгүй гэжээ.

6. Үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна. /хх-80-81/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10211 дүгээр актад:

1. Б.Бат-Оршихийн бие өвчүүний далд хугарал тархины дунд зэргийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-103/ гэсэн дүгнэлт,

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын 466 дугаартай:

1. Т.Карина маркийн 09-77 улсын дугаартай автомашины жолооч М.Баасандорж нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9 1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна /хх-130-131/ гэсэн дүгнэлт,

 

Ус сувгийн удирдах газрын Ус хангамжийн ашиглалтын албаны 31 дугаартай “Ус сувгийн удирдах газрын харъяа Ус хангамжийн ашиглалтын албаны бүртгэлтэй үндсэн хөрөнгө болох Хужирбулангийн зам дахь замын хашлагыг гэмтээсэн төлбөрийг барагдуулж хохиролгүй болгосон болно. /хх-193/ гэсэн тодорхойлолт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.Баасандорж нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

           

Шүүгдэгч М.Баасандорж нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэчимэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 180-181, 213-214 дүгээр талуудад авагдсан баримт болон шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Баасандоржид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Шүүгдэгч М.Баасандорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Баасандорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1092993 дугаартай жолоочийн түр зөвшөөрөлийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхтуяагийн Баасандоржийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, Ус сувгийн удирдах газарт баг бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Баасандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Баасандоржид оногдуулсан 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Баасандорж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэмэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1092993 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар М.Баасандоржид оногдуулсан 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар  М.Баасандоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох дурдаж, шүүгдэгч М.Баасандоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.        

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Баасандоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                      Э.ЧИНГИС

                       ШҮҮГЧ