Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 200

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, 

            нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            улсын яллагч С.Солонго,

            хохирогч, шүүгдэгч А.Дашдорж, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш,

            хохирогч, шүүгдэгч Ө.Гомборагчаа, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

            шүүгдэгч Н.Гантөгс, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх прокурорын газраас шүүгдэгч А.Дашдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт,

            шүүгдэгч Н.Гантөгс, Ө.Гомборагчаа нарт Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012087 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:       

        

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Хэт хүч” ХХК-д үйлдвэрийн нярав ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 10 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖН88102175, хэрэг хариуцах чадвартай, Хэрэйд овогт Анхбаярын Дашдорж.

 

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 13-нд Хөвсгөл аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, “Хэт хүч” ХХК-д операторч ажилтай, ам бүл-4, эцэг, эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 10 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар РЙ95011319, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Норовнямын Гантөгс.

 

3. Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 26-нд Завхан аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Хөргөлт сервис” ХХК-д техникч ажилтай, ам бүл-3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 5 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЙЧ93072611, хэрэг хариуцах чадвартай, Шарууд овогт Өлзийбаярын Гомборагчаа,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Дашдорж нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны гадна хохирогч Ө.Гомборагчаа, Б.Баасансүрэн нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч Ө.Гомборагчааг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн Н.Гантөгстэй бүлэглэн хохирогч Б.Баасансүрэнг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Гантөгс нь А.Дашдоржтой бүлэглэн нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны гадна хохирогч Б.Баасансүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч Б.Баасансүрэнг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ө.Гомборагчаа нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны гадна хохирогч Т.Анхбаяр, А.Дашдорж нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч Т.Анхбаярыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн давтан үйлдлээр А.Дашдоржийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч, хохирогч А.Дашдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр би хүргэн дүү Н.Гантөгстэй хамт аавын хашаанд очиж юм зөөх гэж байсан. Машинаа хашаанаасаа гаргах гэхэд Ө.Гомборагчаа найзуудтайгаа хашааны үүдэнд архи ууж, хог тарьсан байсан. Тэгээд “машинаа холдуулж хогоо цэвэрлэ” гэснээс болж үл ойлголцсон. Гэхдээ би шаардлагаа ширүүнээр тавьсан. Тухайн үед Ө.Гомборагчаа мөн надтай ам зөрөлдөөд бид зодоон цохион болсон. Хохирогчийн хувьд мэдүүлэг өгөхгүй. Шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Миний хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Н.Гантөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Албадан ажил хийлгэх цагийг багасгаж өгнө үү....” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Ө.Гомборагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …”Шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн хувьд мэдүүлэг өгч байна. 2016 оны 5 дугаар сарын 14-ний орой найз нартайгаа архи уугаад байж байтал А.Дашдорж “хогоо түү” гэж хэлсэн. Би “бидний тарьсан хог биш” гэж хэлсэн. Тэгтэл Б.Баасансүрэн машинаас бууж ирээд Н.Гантөгстэй маргалдаж зодолдсон. Би машинаас буугаад А.Дашдоржтой маргалдаж барилцаж авсан. Намайг А.Дашдорж нэг цохисон. Би түүнээс салаад зугтааж байхад араас Н.Гантөгс ирээд зууралдаж аваад би газар уначихаад босоод гүйгээд явчихсан. Тэгээд би найз Г.Мөнхтөгөлдөр рүү яриад “Б.Баасансүрэн зодуулчихлаа чи ирж намайг ав” гэж хэлээд би такси аваад гэр рүүгээ явсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...”гэв.

Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Гомборагчаагийн өгсөн мэдүүлэг /хх-23-26/, хохирогч Б.Баасансүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-27-28/, хохирогч Т.Анхбаярын өгсөн мэдүүлэг /хх-30-31/, хохирогч А.Дашдоржийн өгсөн мэдүүлэг /хх-33-35/, гэрч М.Халиун, О.Одмаа, Б.Даваасүрэн, П.Сувдаа, Г.Мөнхтөгөлдөр, Г.Мөнхзул нарын мэдүүлэг /хх-37, 42, 43-49/, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн 6709, 6710, 6701, 6702 дугаар дүгнэлтүүд, шүүгдэгч, хохирогч Ө.Гомборагчаагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-85-89/, шүүгдэгч Н.Гантөгсийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-91-95/, шүүгдэгч, хохирогч А.Дашдоржийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-97-101/, шүүгдэгч, хохирогч А.Дашдоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-103/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-111/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-119/, шүүгдэгч Н.Гантөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-105/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-112/, шүүгдэгч, хохирогч Ө.Гомборагчаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-107/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-114/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-124/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-131/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-132-133/, хохирогч нарын гомдолгүй тухай бичгээр гаргасан баримт /хх-134-137/, А.Дашдоржид ял нэмж сонсгож байцаасан тэмдэглэл /хх-149/, Ө.Гомборагчаад ял нэмж сонсгож байцаасан тэмдэглэл /хх-152/, Н.Гантөгсөд ял нэмж сонсгож байцаасан тэмдэглэл /хх-155/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Дашдорж нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны гадна хохирогч Ө.Гомборагчаа, Б.Баасансүрэн нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч Ө.Гомборагчааг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн Н.Гантөгстэй бүлэглэн хохирогч Б.Баасансүрэнг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Гантөгс нь А.Дашдоржтой бүлэглэн нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны гадна хохирогч Б.Баасансүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч Б.Баасансүрэнг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ө.Гомборагчаа нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны гадна хохирогч Т.Анхбаяр, А.Дашдорж нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч Т.Анхбаярыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн давтан үйлдлээр А.Дашдоржийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад Ө.Гомборагчаагийн хохирогчоор өгсөн: “…2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр офицеруудын ордны тойргоос хойш өгсөх замын зүүн талд байх 5 давхар цагаан байрнуудын дунд найз Б.Баасансүрэн, М.Халиунаа, Б.Даваасүрэн, О.Одмаа бид 5 машин дотор архи уугаад сууж байсан…урд талд байсан хашаанаас нэг залуу гарч ирээд “хогоо түү” гэхээр нь…охидууд хог түүгээд машины арын суудалд тавьсан. Тэгсэн чинь нөгөө залуугийн араас дахиад нэг залуу гарч ирсэн. Тэгтэл манай найз Б.Баасансүрэн машинаас буутал нөгөө хоёр залуу Б.Баасансүрэн дээр очоод хэрэлдээд байх шиг байсан…тэд нар зодолдох гээд байхаар нь машинаас буугаад ах гэх залуу дээр нь очоод “юу болоод байгаа юм бэ” гээд инээсэн чинь “инээгээд байгаа юмуу” гээд ах нь гэх залуу хоолойноос боож заамдаж гарааш руу шахсан. Тэгээд би “тавиа боль” гэж хэлээд зөрүүлээд заамдсан. Тэгээд заамдалцсан чигээрээ Б.Баасансүрэн болон нөгөө залуугийн дүү дээр очоод тавьсан. Тэгтэл тэр дүү гэх Н.Гантөгс гээд залуу нь Б.Баасансүрэнгийн нүүр рүү нь гараараа цохиход Б.Баасансүрэн унасан бөгөөд ах А.Дашдорж гэх залуу дээрээс нь дэвсэж байсан. Тэр үед ах нь гэх залуу намайг зогсож байхад гараараа зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би хойшоо ухарсан бөгөөд дахин ирж өшиглөж цохисон. Тэр үед миний баруун гар руу өшиглөсөн. Тэгтэл Н.Гантөгс гэх дүү нь над руу ирээд миний завьж эрүү хэсэг рүү цохисон бас өшиглөөд байсан. Мөн миний цавь руу өшиглөсөн. Тэгээд би зугтаагаад холоос хартал нөгөө хоёр залуу Б.Баасансүрэнг нийлчихсэн зодож байсан. Тэгээд би төв зам руу гараад найз болох Г.Мөнхтөгөлдөр рүү залгаад дуудсан. Тэгээд Г.Мөнхтөгөлдөр ирээд Б.Баасансүрэн дээр очсон. Тэгээд би зугтаагаад шууд гэр рүүгээ явсан....” /хх-23-25/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баасансүрэнгийн өгсөн: “…Би 2016 оны 5 сарын 14-ний өдөр ойролцоогоор 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр офицеруудын ордны тойргоос хойш өгсөх засмал замын зүүн талд байх 5 давхар цагаан байрнуудын дунд найз Ө.Гомборагчаа, М.Халиунаа, Б.Даваасүрэн, О.Одмаа бид 5 машин дотор архи уугаад сууж байсан. Тэгээд би тухайн машинд тасарсан бөгөөд цааш юу болсныг санахгүй байна. Тэгээд би нэг мэдэхэд цагдаагийн машин дотор явж байсан бөгөөд миний хамраас цус гарсан нуруу зулгарсан байсан....” /хх-26-28/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Халиуны өгсөн: “…2016 оны 5 дугаар сарын    14-ний өдөр орой 21 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны гадаа Б.Баасансүрэнгийн машинд найз Ө.Гомборагчаа, Б.Даваасүрэн, О.Одмаа бид нэг шил 0.75 граммын “Чингис” нэртэй архи уусан. Тухайн үед О.Одмаа архи уугаагүй бид 4 архиа хувааж уусан. Мөн нэг нэг шил пиво уусан. О.Одмаа архи пиво алийг нь ч уугаагүй, үл таних нэг залуу машины цонх тогшоод “пивоныхоо шилийг ав энийгээ ав” гэсэн. Тэгэхээр нь бид нар “пивоны шил хаяагүй, ганц архины шил хаясан” гээд О.Одмаа, Б.Даваасүрэн хоёр “за за түүгээд хаячихая” гээд пивоны шилийг түүж аваад машиндаа хийсэн. Тухайн үед хажууд байсан хашаатай айлаас хоёр эрэгтэй нэг эмэгтэй хүн гарч ирсэн байсан. Тэр хүнтэй Б.Баасансүрэн уулзаад муудалцаад зодолдоод эхэлсэн бөгөөд тэнд байсан хоёр залуу Б.Баасансүрэнтэй зодолдохоор нь би араас нь нэг залуугийнх нь үснээс зулгаагаад “болиоч” гэтэл тэнд байсан эмэгтэй миний үснээс зулгаагаад дарж авсан. Би босоод хартал Б.Баасансүрэн газар атиралдчихсан хэвтэж байсан бөгөөд нөгөө гурван хүн тойроод зогсчихсон өшиглөөд байсан. Тэгээд нэг хартал Б.Баасансүрэн босоод ирсэн байсан бөгөөд нөгөө гурван залуу хажууд нь байсан Б.Баасансүрэнг унагаагаад хажуу талаас нь тэнд байсан 3 хүн гурвуулаа нуруу нүүр хэсэгт нь өшиглөөд байсан. Тэгээд би очоод “боль” гэж холдуулаад Б.Баасансүрэнг босгож ирсэн. Тэгээд тэндээ цагдаа иртэл хэрэлдэж маргалдаад байж байсан…” /хх-37/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Даваасүрэнгийн өгсөн:.. “2016 оны 5 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны гадаа Б.Баасансүрэнгийн машинд найз Ө.Гомборагчаа, Б.Баасансүрэн, М.Халиунаа, О.Одмаа бид нар нэг шил 0.75 граммын хар “Чингис” нэртэй архи уусан. Тухайн үед О.Одмаа архи уугаагүй бид 4 архи хувааж уусан. Тэгээд тэндээ машиндаа архиа дуусгаад машины хажууд архины шилээ хаяаад байж байтал үл таних нэг залуу машины цонх тогшоод “пивоныхоо шилийг ав энийгээ ав” гэсэн. Тэгэхээр нь бид нар “пивоны шил хаяагүй, ганц архины шил хаясан” гэж хэлсэн чинь “наадахаа ав” гээд байсан. Тэгээд О.Одмаа бид хоёр түүгээд машиныхаа арын суудалд тавьсан. Тэр үед Б.Баасансүрэн машинаас буусан байсан. Тэгэхэд хажуу хашаанаас гарч ирсэн 2 залуутай барьцалдаж авсан. Б.Баасансүрэнг тэнд байсан 2 залуу нийлээд зодоод байсан нэг мэдэхэд аав нь гараад ирсэн бас нийлээд зодоод байсан. Тухайн үед М.Халиунаа нэг залуу дээр очоод араас нь үсдсэн чинь тэнд байсан нэг эмэгтэй чи эрэгтэй хүний тэргүүнд хүрлээ гээд М.Халиунааг үсдсэн. Тэгээд би очсон чинь тэр охин намайг үсдсэн. Тэгээд зогсож байтал бас нэг эмэгтэй гарч ирсэн тухайн үед Ө.Гомборагчаа алга болсон бөгөөд хэсэг хугацааны дараа хүн дагуулаад ирсэн байсан....” /хх-39/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Одмаагийн өгсөн: ...”2016 оны 5 сарын 14-ний өдөр орой 21 өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны гадаа Б.Баасансүрэнгийн машинд найз Ө.Гомборагчаа, М.Халиунаа, Б.Даваасүрэн бид нар нэг шил 0,75 граммын хар “Чингис” архийг уусан. Тухайн үед би огт архи уугаагүй. Тэгээд тэндээ машиндаа архиа дуусгаад машины хажууд архины шилээ хаяад байж байтал үл таних нэг залуу машины цонх тогшоод “шилээ ав” гэсэн. Тэгэхээр нь бид нар “пивоны шил хаяагүй, ганц архины шил хаясан” гэж хэлсэн чинь “наадахаа ав” гээд байсан. Тэгээд “за авъя” гээд пивоны шилээ түүж байгаад харахад Б.Баасансүрэн тэнд байсан үл таних хүнтэй барьцалдаж аваад зогсож байсан. Тэгээд М.Халиунаа очоод болиулах гэтэл хажуунаас бас нэг эмэгтэй гарч ирээд М.Халиунааг үсдээд хойш татсан. Тэгээд М.Халиунаа газар унасан бөгөөд би эргээд Б.Баасансүрэн рүү очтол нөгөө залуу нь Б.Баасансүрэнг доороо хийчихсэн хөдөлгөхгүй дарчихсан байсан. Тэгээд Б.Баасансүрэн босоод ирсэн бөгөөд нөгөө залуу нь цохиход Б.Баасансүрэн хөл дээрээ тогтож чадахгүй согтуу унаад байсан. Тэгээд би машиныг нь хөдөлгөөд жаахан холдуулья гэсэн чинь тухайн хашааны хүний ээж нь бололтой нэг эмэгтэй машины жолоочийн суудалд суучихаад буухгүй цагдаа дуудна гээд байсан. Тэгээд тэндээ хэсэг маргалдсан. Тухайн үед Гомбоо хүн дуудсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа ирсэн...Ө.Гомборагчаа ногоон цамцтай залуугийн ахтай нь зодолдсон байх... ” /хх-41-42/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Мөнхтөгөлдөрийн өгсөн: “Би 2016 оны 5 дугаар сарын 14-ний орой 21 өнгөрч байхад би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 202 дугаар байрныхаа гадаа байж байтал танил Ө.Гомборагчаа гүйж ирээд “найз Бааска чинь тэнд зодуулж байна чи очоод авчрах хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд би очтол Б.Баасансүрэн дээгүүрээ нүцгэн хамраас нь гарсан цус нь нүүр бие хэсэгт тархсан, нуруу хэсэгт чирүүлж зулгарсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд тэнд М.Халиунаа, Б.Даваасүрэн нар байсан үл таних хүмүүстэй маргалдаж байж байсан. Намайг очиход зодоон цохион болоогүй тэнд тэдгээр хүмүүс хоорондоо барьцалдаж авчих гээд байсан. Тэгээд би Б.Баасансүрэнгийн машиныг авч явах гэтэл нөгөө хүмүүс нь явуулахгүй байсан бөгөөд удалгүй цагдаа ирсэн.” /хх-45-46/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Анхбаярын өгсөн: “…Би 2016 оны 5 сарын  14-ний орой харанхуй болж байхад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Данзангийн 10 дугаар гудамжны 4 тоот гэртээ байж байтал хүүхдүүд ажлаасаа ирцгээсэн. Тухайн үед би 00 орчихоод гэр рүүгээ орж ирэхэд эхнэр хүүхдүүд гараад явчихсан байсан. Тэгээд гадаа согтуу хүмүүс байна гэхээр нь би дээгүүрээ юмаа өмсөөд гартал хэрүүл шуугиан болчихсон байдалтай байсан. Тэгэхээр нь “хөөе больцгоо яаж байгаа юм” гээд очтол үл таних өндөр залуу үгний зөрөөгүй миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би өөдөөс нь гарыг нь барих гэтэл тавиулаад цааш зугтсан. Тэгээд тэнд байсан согтуу залуу манай хоёр хүү рүү дайраад байсан. Тэр согтуу байсан залуу газар уначихсан байсан бөгөөд босч ирээд ноцолдоод байсан. Тэгээд би цагдаа дуудчихсан хориод байж бай гээд хоёр хүүхэддээ хэлсэн. Тэнд манай эхнэр цагдаа дуудах гээд утсаа гаргаж ирсэн чинь утсыг нь тэнд байсан эмэгтэй нь цохиж унагаасан. Тэгээд тэрнээс болоод манай эхнэр тэнд байсан хоёр эмэгтэйтэй үсдэлцэж хоорондоо хэрэлдсэн” /хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Дашдоржийн өгсөн: “Би 2016 оны 5 сарын  14-ний орой харанхуй болж байхад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Данзангийн 10 дугаар гудамжны 4 тоотод аав ээж дээрээ 21 цагийн үед ирсэн. Тэгээд хашаа руу машинаа оруулж юм ачих гэтэл үүдэнд машин таглаад зогсчихсон байсан. Тэгээд би гэр рүү ороод хүн ирсэн юм болов уу гэтэл хүн ирээгүй гэж байсан. Тэгээд би буцаж гараад тухайн хаалга таглаж тавьсан машин дээр очтол ойр хавиар баахан пивоны шил хог байхаар нь жолоочийн эсрэг талын цонхон дээр нь очоод “хаясан хогнуудаа аваад машинаа холдуулаарай гэрийн үүдэнд архи дарс уухаа боль” гэж хэлсэн. Тэгтэл Б.Гомборагчаа гэх залуу нь “чадахгүй” гэж хэлэхээр нь “юу яриад байгаан бэ, хог могоо аваад эндээс явцгаа” гэсэн чинь бууж ирцгээгээд ганц нэг охин нь хогоо түүж байсан тэгээд манай хүргэн Н.Гантөгс гараад ирсэн. Тэгээд арын суудал дээр сууж байсан согтуу залуу манай хүргэнтэй шууд барьцалдаад авсан. Тэгээд Ө.Гомборагчаа нь ч гэсэн миний өөдөөс тулж ирчихээд инээгээд зогсоод байсан. Тэгээд “инээд чинь хүрээд байна уу явцгаа” гээд бид хоёр барьцалдаж авсан. Тэгээд бие биенийгээ боож заамдалдаж зогсож байгаад би нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл намайг тавиад би тавиад тэгээд салсан. Тэгээд Н.Гантөгс нөгөөдөх нь Б.Баасансүрэн гэх залуутай дээр доороо оролцчихсон зууралдаад байж байсан. Тэгтэл Ө.Гомборагчаа нь хажуунаас ирээд миний хэвлий цээж хэсэг рүү нэг удаа өшиглөөд би эвхрээд унасан. Тэгээд би унахад дээрээс өшиглөөд байх шиг байсан би хэн нь өшиглөсөн эсэхийг хараагүй. Тэгээд байж байгаад босоод иртэл Ө.Гомборагчаа гэх залуу нь жаахан зайгаа аваад зогсчихсон байсан. Тэгээд дөхөөд очтол цаашаагаа зугтаах гэхээр нь би хөлөөрөө өшиглөсөн чинь гараараа хаагаад зугтаачихсан. Тэгээд би араас нь хөөгөөгүй үлдсэн хэсэг хугацааны дараа хүн дагуулаад ирсэн байсан…” /хх-33-35/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Сувдаагийн өгсөн: “...Би 2016 оны 5 сарын       14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 10 гудамжны 4 тоот гэртээ юм хийгээд байж байтал манай хүргэн, хүү хоёр ирсэн. Тэгээд манай хүү А.Дашдорж надаас “үүдэнд байгаа машин юун машин юм бэ” гэж асуугаад гарсан. Тэгээд ойролцоогоор 21 цагийн үед гадаа шуугилдаад явчихсан. Тэгээд би гартал манай хүү А.Дашдорж зодуулсан байдалтай эвхрээд байж байсан. Тэгээд би цагдаа дуудах гэсэн чинь тэнд байсан охидууд нь “битий цагдаа дууд” гээд миний гарыг цохиход утас унасан. Тэгээд би тухайн нэг охинтой нь муудалцаж барьцалдаж авсан. Тэр охин намайг үсдсэн би ч гэсэн зөрүүлээд үсдсэн. Тэгээд би цагдаа дуудсан...” /хх-44/ гэх мэдүүлэг,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын    15-ны өдрийн №6709 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Баасансүрэнгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, нуруу, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-51/ гэх дүгнэлт,  

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын    15-ны өдрийн №6710 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. Ө.Гомборагчаагийн биед баруун сарвууны алганы 5 дугаар шивнүүрийн далд хугарал, орчны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт, амны завжны салстын язрал гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-54/ гэх дүгнэлт,

 

-Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын     15-ны өдрийн №6701 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

 1.Т.Анхбаярын биед зүүн дээд нэгдүгээр шүдний эмтрэл, дээд доод уруулын салстын язрал, дух, зүүн хацрын төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-57/ гэх дүгнэлт,  

 

-Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын     15-ны өдрийн №6701 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1.А.Дашдоржийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-60/

-шүүгдэгч нарын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-111, 112, 114/,

гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-131/,

гэрэл зургийн үзүүлэлт /хх-132-133/, хохирогч нарын гомдолгүй тухай бичгээр гаргасан баримт /хх-134-137/,

-А.Дашдоржид ял нэмж сонсгож байцаасан тэмдэглэл /хх-149/, Ө.Гомборагчаад ял нэмж сонсгож байцаасан тэмдэглэл /хх-152/,

-Н.Гантөгсөд ял нэмж сонсгож байцаасан тэмдэглэл /хх-155/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч А.Дашдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Н.Гантөгс, Ө.Гомборагчаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дашдорж, Н.Гантөгс, Ө.Гомборагчаа нар нь харилцан бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, бие биедээ гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Дашдоржийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо бүрэн барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэв.

 

Мөн шүүгдэгч Н.Гантөгс, Ө.Гомборагчаа нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн үйлдсэн хэргийн шинж чанар, бусдад учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, харилцан гомдол саналгүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан албадан ажил хийлгэх ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Дашдорж, Н.Гантөгс, Ө.Гомборагчаа нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэрэйд овогт Анхбаярын Дашдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Н.Гантөгстэй бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Норовнямын Гантөгсийг А.Дашдоржтой бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шарууд овогт Өлзийбаярын Гомборагчааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Дашдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялын заримыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийт 2/хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Н.Гантөгс, Ө.Гомборагчаа нарыг тус тус 252 /хоёр зуун тавин хоёр/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дашдоржид оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийг 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантөгс, Ө.Гомборагчаа нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А.Дашдорж, Н.Гантөгс, Ө.Гомборагчаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дашдоржид оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Дашдорж, Н.Гантөгс, Ө.Гомборагчаа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                        Э.ЧИНГИС

ШҮҮГЧ