Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0799

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0799

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, шүүгч О.О, шүүгч Д.Х нарын шүүх бүрэлдэхүүнтэй

Нэхэмжлэгч: Б.Я

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Б.Я-гөмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Я-гөмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,190,255 /арван гурван сая нэг зуун ерөн мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, иргэдийн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Я-г Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/54 дүгээр Б.Я-г тус албан тушаалд жинхлэн томилсон. Тус албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Б.Я-нь албан үүргээ хангалттай сайн биелүүлж, ажлын үр дүн нь хангалттай сайн үнэлэгдэж, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Я-г тухайн албанаас чөлөөлж шийдвэрлэсэн. Тус Б/02 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байдаг. Гол үндэслэл болгосон заалт болох Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл байгаа тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө” гэж зааснаар ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Б.Я-г албан үүргээс буюу төрийн албанаас чөлөөлөхдөө ямар хууль зөрчсөн, ямар үндэслэл тогтоогдсон болохыг тодорхойлолгүйгээр тодорхой бус шалтгааны улмаас ажлаас нь чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 46 дугаар зүйл, 49 дүгээр зүйлд зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд төрийн албанаас чөлөөлж, хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б/02 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, эрх ашиг нь хөндөгдөж буй Б.Я-тямар нэг байдлаар шийдвэр гаргах гэж байгаа талаар мэдэгдээгүй, тайлбар аваагүй байдаг. Харин тушаал гаргасныхаа дараа 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүний нөөцийн мэргэжилтэн утсаар холбогдож ажлаа хүлээлц гэж хэлсэн. Улмаар Усны газрын хүний нөөцийн мэргэжилтэн И.Н гэдэг хүний мэйл хаягаас ажлаас чөлөөлсөн тушаалын зургийг явуулсан байдаг.

Б.Я-нь тушаалыг мэдсэн даруйдаа 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/02 дугаар Б.Я-г төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Энэхүү гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаж үзээд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Я-г өмнө ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэсэн. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 04/947 дугаар тогтоол хүргүүлэх тухай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хүргүүлж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолын биелэлтийн талаарх мэдээллийг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг даалгасан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлээгүй буюу Б.Я-г өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тухай ямар нэг шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйг гаргасан байна. Үндэслэлгүй гарсан Б/02 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгч Б.Я-нэрх, ашиг зөрчигдөж 2021 оны 3 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн цалин хөлс аваагүй, ажилгүй байна. Энэхүү цалин хөлсийг тооцож үзэхэд 13.190.255 төгрөг болж байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Я-нь албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаандаа зөрчил гаргасан, албаны хөрөнгийг хувьдаа ашигласан гэдэг тайлбарыг удаа дараа гаргадаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд үүнтэй нь холбоотой гомдол мэдээллүүд байгаа. Гомдол мэдээллийн шүүхэд нотлох баримтаар цуглуулъя гэж удаа даргаа хэлсэн боловч уг нотлох баримт нь хариуцагчид байхгүй, өөрсдөө олдохгүй байна гэж мэдэгдээд байгаа. Тэгэхээр ямар ч нотлох баримтгүйгээр Б.Я-нь зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлчхөөд байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үндэслэлээ хэлээч гэхэд ямар нэгэн үндэслэлийг хэлж чадахгүй, хэлж буй тайлбараа нотолж чадахгүй нөхцөл байдал үүсээд байдаг. Түүнийг ажлаас чөлөөлснөөс болоод 2021 оны 01 дүгээр сараас ажилгүй байж байна. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны дагуу Төрийн албаны зөвлөлөөс тухайн тушаал нь үндэслэлгүй байна гэдгийг тогтоочхоод байхад Б.Я-г ажилд нь буцаан авахгүй байгаа. Үүний цаана ямар ашиг сонирхол байгааг мэдэхгүй

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Б.Я-г өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Я-г өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,190,255 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгосон байдаг. Дээрх Төрийн албаны зөвлөлийн 116 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь  Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3582 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасныг шүүх харгалзан үзээгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамрын хийдийн цогцолбор газарт ажиллах үеэр суурьшлын бүсийн иргэд ундны усны чанар муу байгааг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байдаг. Уг хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор Хөөтийн өрөмдөл худагт цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах 15 сая төгрөгийн санхүүжилтийг Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаанд шилжүүлсэн. Гэтэл Б.Я-нь цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулалгүй 2 жил болж байгаа.  Үүний улмаас нутгийн иргэдийг чанартай усаар хангах асуудал шийдэгдээгүй талаарх гомдол ирсэн. Мөн Дорноговь аймгийн Засаг Даргын захирамжаар Зээгийн хөтлийн газар доорх усны хяналт шинжилгээний цооногт хамгаалалтын барилга барих 9,5 сая төгрөг гаргаж барилга бариулсан боловч стандартын дагуу баригдаагүйн дээр 5 сая төгрөгийг өөрөө авч хэрэглэсэн, байгууллагын авто машиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж машины эд анги эвдсэн, ажиллагаагүй болгосон зэрэг удаа дараагийн ёс зүйгүй үйлдэл гаргасан талаарх гомдол мэдээлэл тус яаманд ирсэн. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэлд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаал гарсан. Энэ утгаар давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаасан. Шүүхээс албан бичгээр болон утсаар шаардсаны дагуу дээрх зөрчилд холбогдох өргөдөл гомдол, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх гэсэн боловч тухайн үед эдгээр баримт бичиг нь яамны бичиг хэрэгт бүртгэгдээгүй, шууд сайдад очсон бөгөөд одоо тухайн өргөдөл баримтууд нь олдохгүй, архив бичиг хэрэгт хадгалагдаагүй гэсэн тайлбарыг тус яамны холбогдох мэргэжилтэн өгсөн бөгөөд энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж бодож байна. Нэхэмжлэлийг хангах ёстой байх” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Я-санх тус шүүхэд хандан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Б.Я-г өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Я-г өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7,330,000 /долоон сая гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”  шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Б.Я-г өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Я-г өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 13,190,255 /арван гурван сая нэг зуун ерөн мянга хоёр зуун тавин тав/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчээс эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус” хэмээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ”Б.Я-нь албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, зөрчил дутагдал гаргасан тул захиргааны санаачлагчаар төрийн албанаас халсан” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

2.Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Я-нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд жинхлэн томилогдсон.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлсөн.

Б.Я-с дээрх шийдвэрийг эс зөвшөөрч  2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөл 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолоор  “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/02 дугаар тушаалыг Б.Я-н гомдлын шаардлагын хүрээнд хянаж үзээд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 26, 27 дугаар зүйлийг тус тус зөрчсөн болохыг тогтоож”, “...  тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгож”, “Б.Я-н өмнө ажиллаж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэх ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж” шийдвэрлэж, тогтоолоо 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 04/947 дугаар албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны Б/21, Б/54 дүгээр болон 2021 оны Б/02 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөл 2021 оны 116 дугаар тогтоол болон 2021 оны 04/947 дугаар албан бичиг холбогдох бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”-ээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр заасан, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно” хэмээн тус тус хуульчилсан.

4. Тухайн тохиолдолд, хариуцагчаас маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/02 дугаар тушаалыг гаргахдаа “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг” тус тус үндэслэсэн байх хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 46.2.5-д заасан “хуульд заасан бусад үндэслэл” гэдэгт ямар хуульд заасан үндэслэлийг ойлгож, нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг “...Хамрын хийдийн цогцолбор газарт ажиллах үеэр суурьшлын бүсийн иргэдийн ундны усны ... асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хөөтийн өрөмдөл худагт цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах 15 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн ч Б.Я-нь цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулалгүй 2 жил болсон”, “... Зээгийн хөтлийн газар доорх усны хяналт шинжилгээний цооногт хамгаалалтын барилга барих 9,5 сая төгрөг гаргаж барилга бариулсан боловч стандартын дагуу баригдаагүйн дээр 5 сая төгрөгийг өөрөө авч хэрэглэсэн”, “...байгууллагын авто машиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж машины эд анги эвдсэн, ажиллагаагүй болгосон зэрэг удаа дараагийн ёс зүйгүй үйлдэл гаргасан талаарх гомдол мэдээлэл тус яаманд ирсэн” хэмээн тайлбарлаж байх боловч хариуцагчийн зүгээс тухайн үйл баримттай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заагдсан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй,  шүүхээс хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шаардсан боловч тухайн үйл баримттай холбоотой нотлох баримтууд тус яамны архив бичиг хэрэгт байхгүй, хадгалагдаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

5. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б.Я-гөмнө ажиллаж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэх ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасан” Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйгээ “бид Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан” хэмээн тайлбарлаж байх боловч хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд хандан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 116 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2021/3582 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

6. Шүүх хуралдааны явцад хэлэлцэн тогтоогдсон дээрх үйл баримттай холбогдуулан шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийн зөрчил, дутагдал гаргасан талаарх нотлох баримтаа хариуцагч өөрөө гаргаж өгч чадахгүй байх тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийсэн бөгөөд үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан Төрийн албаны зөвлөлийн  2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 116 дугаар тогтоолыг биелүүлж нэхэмжлэгч Б.Я-г өмнө ажиллаж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэх ажиллуулахгүй байгаа хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт нийцэхгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн дүгнэж, Төрийн албаны зөвлөлийн  2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 116 дугаар тогтоолыг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

7. Мөн нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Я-н2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны /261 хоног/ олговорт 13,096,698.60 /арван гурван сая ерөн зургаан мянга зургаан зуун ерөн найм төгрөг жаран мөнгө/ төгрөгийг олгох болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна хэмээн үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 49 дүгээр зүйлийн 49.1, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3,  76 дугаар зүйлийн 76.1дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Я-г өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2,  69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Я-н2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 13,096,698.60 /арван гурван сая ерөн зургаан мянга зургаан зуун ерөн найм төгрөг жаран мөнгө/ төгрөгийг олгож нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,430.00 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун гуч/ төгрөгөөс 70,200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 132,230 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М

                           ШҮҮГЧ                                О.О

                  ШҮҮГЧ                                Д.Х