Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 239

 

А.Хашчулуу, Д.Алтанцэцэг нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хашцэцэг, нэхэмжлэгч А.Хашчулуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, гуравдагч этгээд “Импайрланд” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат, гуравдагч этгээд “Рояал нью кэстл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг, гуравдагч этгээд Д.Бадрал нарыг оролцуулан хийж, А.Хашчулуун, Д.Алтанцэцэг нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын /хуучнаар/ сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0274 дүгээр магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээд “Импайрланд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А-135 дугаар тушаалаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гарч, улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нар газар эзэмшүүлэх болон ашиглуулах шийдвэр гаргах эсэхийг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дугаар захирамжийн “Импайрланд” ХХК-д холбогдох хэсэг,  2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн Д.Бадралд холбогдох хэсэг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар захирамжийн “Роял нью кэстл” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын А.Хашчулуу, Д.Алтанцэцэг нарт тус тус холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гарч Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон зургийг газрын кадастрын мэдээллийн санд оруулсан өдрөөс эхлэн дээр дурдсан 3 сарын хугацаа тоологдож эхлэхийг дурдаж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1-д заасныг баримтлан шинжээчийн зардалд төлсөн 641,018.40 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараар хувь тэнцүүлэн төлүүлж, шинжээчийн зардлыг урьдчилан төлсөн “Импайрланд” ХХК болон “Роял нью кэстл” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0274 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд “Импайрланд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлж, дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэг. А.Хашчулуу, Д.Алтанцэцэг нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дугаар захирамжийн “Импайрланд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захиргааны актыг илт хууль хус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.

Нэхэмжлэгч нарын маргаж буй үндэслэл нь маргаан бүхий захиргааны актаар олгогдсон газар нь Богдхан уулын дархан цаазат газар буюу тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргаас эрх хэмжээгээ хэтрүүлэн гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон нь хууль бус гэж маргадаг. Харин гуравдагч этгээд болох “Импайрланд” ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгосон БОНХАЖЯ-ны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын Д.Алтанцэцэг, А.Хашчулуу нарт холбогдох хэсгийг гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газартай холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан. Үндэслэл нь БОНХАЖЯ-ны сайдаас эрх хэмжээгээ хэтрүүлэн газар ашиглах эрх олгосон болон нэхэмжлэгч нар нь газар ашиглах эрх авахдаа анхнаасаа хууль зөрчсөн байтал газар ашиглах эрх олгосон нь хууль бус гэж маргаж байгаа бөгөөд уг нөхцөл байдлыг нотлох баримтууд хавтаст хэрэгт дараах байдлаар авагдсан байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох асуудлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар тодорхой зохицуулж өгсөн. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл хүссэн хүсэлтээ хамгаалалтын захиргаанд гаргах бөгөөд Хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн эсэх талаар саналаа Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газарт хүргүүлнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар нь хүсэлт гаргасан төсөл хэрэгжүүлэгч нь, уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын баталгаа; татварын болон банкны өргүй гэдгийг баталсан баримт бичиг; тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх; гэрчилгээний үнэ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж төлбөр баримт зэргийг үндэслэн газар Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх талаар албан бичиг хүргүүлнэ. Харин дээрх шаардлагуудыг хангаагүй тохиолдолд хариу хүргүүлэх ёстой байна.

Хэрэгт нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлт болон баримтууд авагдсан. А.Хашчулуу нь Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба танаа гэсэн хүсэлтийг гаргасан байдаг ба уг албан бичиг нь ямар нэгэн он, сар, өдөргүй байдаг. Ийнхүү анх хүсэлт гаргахаас эхлэн хууль болоод журмыг зөрчсөн байна. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгогдсон. Гэтэл БОАЖЯ-ны 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7/510 албан тоотоор иргэн А.Хашчулуунд “төсөлд ерөнхий үнэлгээ хийсний үндсэн дээр, уг төсөлд нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэжээ. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн тухайд хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдсэн зүйлгүй байна. Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг нь 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр газар ашиглах гэрчилгээ авсан байдаг боловч газар ашиглах тухай гэрээг 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Гэтэл хууль болоод журамд зааснаар гэрчилгээ авснаас хойш 3 сарын дотор газар ашиглах гурвалсан гэрээг байгуулах ёстой байтал үүнийг мөн зөрчсөн байна. Хууль болоод журамд зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг газар ашиглах эрх олгохоос өмнө хийгдсэн байх ёстой байтал газар ашиглах эрх олгогдсоноос даруй 3 сарын дараа ерөнхий үнэлгээ хийгдсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй.

Түүнчлэн А.Хашчулуу нь газар ашиглах гурвалсан гэрээг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан байна. Хариуцагчаас нэхэмжлэгч нарын газар ашиглахтай холбоотой өөр баримтууд байхгүй болохыг тайлбартаа дурдаж байсан. Ийнхүү хариуцагч Байгаль орчны яамны сайдаас нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь тодорхой байхаас гадна энэ нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт хангалттай авагдсан байгаа. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзэж дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байхад “давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж” дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон. Хэдийгээр 1995 онд Улсын Их хурлаар баталгаажуулсан гэж байгаа боловч Богдхан уулын хилийн заагийг 1974 онд тогтоосон байдаг бөгөөд хууль шинэчлэгдэн УИХ батлах болсонтой холбогдуулан 1995 онд УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн маргаж буй газар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах юм. Улсын Их Хурлын 1995 оны тогтоолоор “‘Айцуул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн 1 тоот шон ...” гэсэн хэсэг нь маргаанд хамаарах юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хилийн заагийг тогтоохоор нэлээдгүй олон төрийн байгууллагаас албан бичиг болон кадастрын зургийг гаргуулан авсан. Түүнчлэн хариуцагчид өөр хоорондоо хилийн маргаантай байгаагаа ч зөвшөөрөн хамтарсан ажлын хэсэг байгуулан, ажлын хэсэг нь Богдхан ууланд хэмжилт хийсэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн хилийн зураг нь Улсын Их Хурлын тогтоолоос хол зөрүүтэй байдаг. Улсын Их Хурлаас хилийн цэсийг тогтоосны дагуу Байгаль орчны яамнаас дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон байсан бол уг маргаан гарахгүй байх байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилон дүгнэлт гаргуулсан. Шинжээч дүгнэлтийнхээ 4 дүгээр хавсралтад Улсын Их Хурлын тогтоолоор зааж өгсөн цэгүүдийг тэмдэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс уг дүгнэлтийн дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой байтал шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн, шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасантай нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэгэнт газар дээр хэмжилт хийсний үр дүнд тогтоосон цэг, хилийн заагийг дархан цаазат газрын хилийн зааг гэж үзэх боломжтой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс нэгэнт тогтоочихсон, мөн шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон байхад тогтоох боломжгүй, ойлгомжгүй гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээд болох “Импайрланд” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 392 дугаар захирамжаар “Эл Ти Даблью” ХХК-д “Монгол Улсын Засгийн газраас гаргасан 40000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа, Дарга толгойн орчим байршуулан Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, “Эл Ти Даблью” ХХК-д 20,0 га газрыг орон сууцны цогцолборын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх” гэж олгосон. “Импайрланд” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар шилжүүлэн авсан тус газар нь анхнаасаа барилгажихаар төлөвлөгдсөн газар байсан болох нь анх олгогдсон захирамжаар тогтоогдож байгаа. Манай компани нь тус газарт орон сууцны хотхон барихаар төлөвлөсөн байгаа боловч шүүхийн маргаантай байгаа тул төслөө хэрэгжүүлсэн зүйлгүй газрын төлбөр болоод газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн байгаа. Иймд, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Импайрланд” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Хашчулуу, Д.Алтанцэцэг нарт “Ташгайн ам” нэртэй газарт тус бүрт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар “Роял нью кэстл” ХХК-д Хан-Уул дүүргийн 8-р хороонд 55000 м.кв газар, 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дугаар захирамжаар “Импайрланд” ХХК-д Хан-Уул дүүргийн 8-р хороонд 200000 м.кв газар, 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжаар иргэн Д.Бадралд Хан-Уул дүүргийн 8-р хороонд 50000 м.кв газрыг тус тус эзэмшүүлж шийдвэрлэн, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан, газар эзэмших гэрчилгээ олгосон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад буй газрууд давхцалтай, нэхэмжлэгч болон хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд нараас “маргаан бүхий газар нь Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хил заагт хамаарна” гэж, харин гуравдагч этгээд болон хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь “маргаан бүхий газар нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарна” гэж тус тус тайлбар, нотлох баримт гарган маргажээ.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нь Монгол Улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д “энэ хуулийн 16.1.1-16.1.4, ...-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох” гэж зааснаар тусгай хэрэгцээний газрын хилийн заагийг тогтоох нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах бөгөөд Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор Богдхан уулыг дархан цаазат газарт хамааруулж, уг тогтоолын хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон байна.  

 Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд эзэмшүүлж, ашиглуулахаар олгосон газар нь нийслэлийн нутаг дэвсгэр эсхүл Богдхан уулын дархан цаазат газрын алиных нь хилийн заагт хамаарч байгааг шалган тогтоох, ингэхдээ дээрх 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг /хилийн заагийг эргэлтийн цэг, тэмдэг тэмдэглэгээгээр тогтоосон/, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэх боломжтой байтал шүүх “...нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулалгүй, шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасантай нийцээгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.  

Ийнхүү анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэн, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир хяналтын шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан журмын дагуу шийдвэр, магадлалд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүссэн “Импайрланд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0274 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Импайрланд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                               ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА