Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01292

 

 

 

 

 

 

 

 

2021           10            28                                          001/ХТ2021/01292

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01966 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 185 дугаар магадлалтай,

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“............” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт нийт 4,328,445 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзаж 3,934,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ундрахбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............” ХХК нь 2018.04.16-ны өдөр “............” ХХК-тай нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу 7,869,900 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Гэрээний 5.4-д зааснаар захиалагч нь ажлыг хүлээн авах бэлтгэлийг хангаж, ажиллах бөгөөд ажлыг хүлээн авах, хариуцан ажиллуулах ажилтныг томилж, ажлыг шалган актаар хүлээн авна гэсэн гэрээний заалтын дагуу бараа, ажил, үйлчилгээ хүлээлцэх актаар гүйцэтгэгч тал гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээгээ 100 хувийн гүйцэтгэлээр захиалагч талд хүлээлгэн өгсөн. Захиалагч тал нь 2018.04.26-нд гэрээний нийт дүнгийн 50 хувь болох 3,934,950 төгрөгийг төлсөн ба гэрээний 5.5 захиалагч нь гэрээний төлбөрийг 3.3-д заасан буюу ажлыг хүлээн авснаас хойш 3 хоногт шилжүүлэх үүрэг хүлээнэ гэсэн гэрээний заалтыг биелүүлээгүй. Иймд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 3,934,950 төгрөг, алданги 393,495 төгрөг, нийт 4,328,445 төгрөгийг “............” ХХК-иас гаргуулж өгнө үү. Бид гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөх хүсэлтийг 2019.03.13-ны өдөр албан тоотоор, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах тухайгаа 2019.04.09-ний өдөр албан мэдэгдлээр тус тус хүргүүлсэн боловч төлбөрийг шилжүүлээгүй тул бид тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. “............” ХХК-иас 2019.04.02-ны өдрийн албан тоотоор туршилтын хугацаанд хэвийн ажиллаж байсан боловч 2018.10.22-ны өдөр манай байгууллагын компьютерууд вируст өртөж, “............” ХХК-ийн программ суусан компьютерээс программыг идэвхжүүлдэг код нь устсан гэж өөрсдөөс нь хамаарч, доголдол үүссэн талаар дурдсан байдаг бөгөөд “............” ХХК-д системийг туршиж, ажиллуулан найдвартай байдлыг шалгаж, хүлээн авахад нь зориулан 14 хоног хүлээж байсан. Эдгээр туршилтын дараа “............” ХХК-ийн холбогдох эрх бүхий хүмүүс хүлээн авах акт гарын үсэг зурж, бидний гэрээгээр хүлээсэн үүрэг хангагдсан. Бид нэхэмжлэл гаргахаас өмнө “............” ХХК-ийн дуудлага бүрт М.Энхбаясгалан инженерээ явуулж, баталгаат засварын үйлчилгээг үзүүлж байсан бөгөөд гэрээний төлбөр төлөх талаар нэхэмжлэхэд гүйцэтгэх захирал өвдсөн, эмнэлэгт хэвтсэн, гадагшаа явсан ирээд шилжүүлнэ гэх мэт янз бүрийн шалтгаанаар хойшлуулж байсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “............” ХХК-тай 2018.04.16-ны өдөр нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, цогцолборын 3 лифтэнд хяналтын систем, хуруу, карт уншигч, хурууны хээ, карт бүртгэх төхөөрөмж суулгуулсан. Нэхэмжлэгч компани нь гэрээний дагуу уг ажлыг 24 хоногийн дотор суурилуулж, бүтээгдэхүүндээ 6 сарын баталгаа гаргах ёстой байсан боловч гэрээгээр заасан хугацаанаас 39 хоногоор хоцроож, 6 сарын 19-ний өдөр суурилуулсан. Гэхдээ уг төхөөрөмж нь баталгаат хугацаандаа байнга эвдрэлтэй буюу системийн ямар нэг алдаатай байсны улмаас “............” ХХК-ийн зүгээс байнга утасдаж, тохиргоог дахин хийлгэдэг байсан. Өөрөөр хэлбэл 2018.09.11-ний өдөр 01/96 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт дурдсанаар уг төхөөрөмж 100 хувь хэвийн ажиллагаанд ороогүй байснаас харахад нэхэмжлэгчийн суурилуулсан гэх төхөөрөмж байнга алдаа зааж, ашиглалтын шаардлага хангахгүй байсан нь ойлгомжтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “............” ХХК-ийн суурилуулсан төхөөрөмж нь суулгасан өдрөөсөө хойш байнга эвдрэлтэй буюу системийн ямар 1 алдаатай байсны улмаас “............” ХХК-ийн зүгээс байнга утасдаж, тохиргоог дахин хийлгэдэг байсан. Энэ талаар 2018.08.23-ны өдөр болон 2018.09.11-ний өдөр мэдэгдэл хүргүүлэн, төхөөрөмжийг засварлах, хэвийн ажиллагаатай болгохыг мэдэгдэж, улмаар гэрээг цуцлан төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, урьдчилгаа төлбөрөө буцаан авч алданги нэхэмжлэх асуудлыг шүүхийн журмаар нэхэмжлэхээ илэрхийлж байсан. Ийм учраас манай компани цогцолборт шинээр суурилуулсан Эй би өү марон тиссен крупп ХХК-ийн цахилгаан шатандаа дээрх үйлдэл бүхий өөр төхөөрөмж суулгуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын суурилуулсан гэх төхөөрөмж чанарын шаардлага хангаагүйн улмаас одоо ашиглагдахгүй байгаа учраас 2018.04.16-ны өдөр байгуулсан нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, улмаар төхөөрөмжийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч, урьдчилгаа төлбөрт төлсөн 3,934,950 төгрөгийг “............” ХХК-иас буцаан гаргуулах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэгч тал гэрээний дагуу ажил үйлчилгээгээ 100 хувийн гүйцэтгэлээр захиалагч талд хүлээлгэн өгсөн. “............” ХХК-иас 2019.04.02-ны албан тоотоор туршилтын хугацаанд хэвийн ажиллаж байсан боловч 2018.10.22-ны өдөр манай байгууллагын компьютерүүд вируст өртөж, “............” ХХК-ийн программ суусан компьютерээс программыг идэвхижүүлдэг код нь устсан гэж өөрсдөөс нь хамаарч доголдол үүссэн талаар дурдсан байдаг. Бид нэхэмжлэл гаргахаас өмнө “............” ХХК-ийн дуудлага бүрт М.Энхбаясгалан инженерээ явуулж, баталгаат засварын үйлчилгээг үзүүлж байсан бөгөөд гэрээнии төлбөр төлөх талаар нэхэмжлэхэд гүйцэтгэх захирал өвдсөн, эмнэлэгт хэвтсэн, гадагшаа явсан ирээд шилжүүлнэ гэх мэт янз бүрийн шалтгаанаар хойшлуулж, байсан. Манай байгууллагын эсрэг гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдагдсан гуравдагч байгууллага Эй би өү марон тиссен крупп ХХК-иар өөр төхөөрөмж суурилуулсан болон суурилуулах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй. Эдгээр үйлдлүүдээс нь “............” ХХК нь гэрээний хариуцлага болох үлдэгдэл төлбөрөө “............” ХХК-д төлөх огт сонирхолгүй байгаа нь биднийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэл гаргаснаас нь харагдаж байна гэж үзэж байна. Иймд бид “............” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01966 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дүгээр зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ............ ХХК-иас 4 328 445 төгрөгийг гаргуулж, ............ ХХК-д олгож, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-ийг баримтлан, гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 3 934 950 төгрөгийг буцаан гаргуулах тухай ............ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 206 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 141 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ ХХК-иас 84 206 төгрөгийг гаргуулж, ............ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 185 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 260 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ундрахбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалыг хариуцагч “............” ХХК эс зөвшөөрч дараахь үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан буюу “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” буюу хэргийн бодит байдал, нотлох баримт, тэр тусмаа гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч талд ашигтайгаар энэ хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал, 2019.11.12-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны үед гэрчээр асуугдсан М.Энхбаясгалан мэдүүлэхдээ “....мөнгөө төлдөггүй учраас дуудлагын дагуу очихоо больсон” гэсэн байдаг. Эндээс үзвэл “............” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасан “гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг биечлэн гүйцэтгэх” болон 350.1.6-т заасан “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэсэн үүргээ илтэд биелүүлээгүй байсан гэж үзэж байгаа. Ийм ч учраас бид сөрөг нэхэмжлэл гаргаж 2018.04.16-ны өдөр байгуулсан “Нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх” гэрээнээс татгалзаж, улмаар төхөөрөмжийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч, урьдчилгаа төлбөрт төлсөн 3,934,950 төгрөгийг “............” ХХК-иас буцаан гаргуулах хүсэлтэй байгаа. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй шийдвэр гаргаж зөвхөн нэхэмжлэгчийн талд ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч “............” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 3,934,950 төгрөг, алданги 393,495 төгрөг, нийт 4,328,445 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 3,934,950 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан 2018.04.16-ны өдрийн нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх, 7,869,900 төгрөгийн хөлс төлөх агуулга бүхий хэлцэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ хүчин төгөлдөр, “............” ХХК гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн 2018.06.19-ний өдөр “............” ХХК-д хүлээлгэн өгсөн, хариуцагч нь 3,934,950 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,934,950 төгрөгийг төлөөгүй, хариуцагчийн зүгээс гаргасан гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, гэрээний 6.1-д захиалагч нь ажлыг актаар хүлээн авснаас хойш гэрээнд заасан төлбөрийг шилжүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө.” гэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан зохицуулалтууд нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон, хоёр шатны шүүх хуулийн уг хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба хариуцагч нь ажлын үр дүнг ашиглах боломжгүй тул бусдаар гүйцэтгүүлж хөлс төлж хохирсон гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хангалттай нотлоогүй тул “...гэрч М.Энхбаясгалангийн мэдүүлгээр ажил доголдолтой болох нь нотлогдсон...шүүх үнэлж чадаагүй ...сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01966 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 185 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 162,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАНЗРАГЧ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД