Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 184/2019/03345/И |
Дугаар | 001/ХТ2021/01282 |
Огноо | 2021-10-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2021/01282
2021 10 26 001/ХТ2021/01282
“............” сууц өмчлөгчдийн холбооны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03232 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 244 дүгээр магадлалтай,
“............” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
............д холбогдох
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал 532,752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Зоригтбаатарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт хотхон, 32 дугаар байр, 8 тоотыг өмчлөгч, оршин суугч ............ нь тус сууц өмчлөгчдийн холбоонд төлөх засвар үйлчилгээний зардлыг 2017.02 дугаар сараас 2019.10 дугаар сарыг дуустал хугацаа буюу 33 сар төлөөгүй, нийт 532,752 төгрөгийн өртэй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ............ нь Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт хотхон, 32 дугаар байр, 8 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй бусдад түрээслэсэн, одоо Баянгол дүүрэгт түр оршин сууж байгаа болно гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03232 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ............гөөс 532,752 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орчлон 2 сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 632 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 16 632 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 244 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Зоригтбаатар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Зоригтбаатар миний бие анхан шатны шүүхэд “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяаллын дагуу гаргаагүй тул хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийг хэвээр үлдээсэнд гомдолтой байх тул энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн тул магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн харьяалал зөрчсөн...” үндэслэл тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл байхгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч “............” СӨХ нь хариуцагч ............д холбогдуулан 2017.02 дугаар сараас 2019.10 дугаар сар дуусах хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 532,752 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “...уг байрыг бусдад түрээсэлсэн, Баянгол дүүрэгт амьдардаг тул харьяалалын дагуу шийдвэрлэх ёстой...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019.05.03-ны өдрийн 77 дугаартай гэрчилгээгээр “............” СӨХ нь тус дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай 31, 32 дугаар орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрхтэй, хариуцагч ............ нь 32 дугаар байрны 8 тоот орон сууцны өмчлөгч болох нь тус тус тогтоогджээ.
Орон сууцанд оршин суугаа өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байхыг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т заасан, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6-д зааснаар сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол сууц өмчлөгч нь эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх, ийнхүү бусдад сууцаа эзэмшүүлсэн буюу дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй нь ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т тус тус заажээ.
Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон хуулийн дээрх зохицуулалтыг хоёр шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хариуцагч нь орон сууцаа бусдад хөлсөлж, өөр газар оршин суугаа эсэхээс үл хамаарч өмчлөгчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийн бүртгэлийн дагуу, оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Иймд шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03232 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 244 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 17,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД