Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 89

 

Ц.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0290/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      А.Оргилбаяр

Шүүгдэгч                                       Ц.А-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Содболд

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолтой Ц-ийн А-д холбогдох, 1818006620301 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.А-гийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай Б- овогт Ц-ийн А-.

Шүүгдэгч Ц.А- нь ашиг олох зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас иргэн Ч.А-гийн өмчлөлийн 37-83 ДАХ улсын дугаартай “Ризо” маркийн ачааны автомашинаар СБА серитэй, 1623393 дугаартай мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний хугацааг 27 хоног хэтрүүлж буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 15.1мЗ нарсан зах банз модыг тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн  342 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Ц-ийн А-г гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1., 2.т зааснаар шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ц.А-гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 15.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг, хэрэгт битүүмжлэгдсэн 15.1 м.куб нарсан зах банзыг худалдан борлуулж орлогыг улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 3.744.045 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

-Дархан-Уул аймгийн хяналтын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.А-гийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо:

...Шүүгдэгч Ц.А- нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн харицлагаас бүрэн чөлөөлөгдсөн байдаг.

Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг илт буруу тайлбарлан хэрэглэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг оруулсан нь үндэслэлгүй:

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” гэх зүйл бөгөөд Эрүүгийн хуулийн 7 дугаар бүлэг буюу Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэх зүйлд хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байх бөгөөд хуулийн тус заалтыг шүүх хэрэглэхдээ дараах хэд хэдэн хууль хэрэглээний урьдчилсан нөхцөл буюу шалгуур тавигдаж байгааг анхаарч үзээгүй болно.

Үүнд: гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан болох нь тогтоогдсон байх, гэмт хэргийн хохиролд нөхөн төлөх зорилгоор зарцуулахаар заасан байна. Гэтэл тус 37-83 ДАР улсын дугаартай “Ризо” маркын ачааны авто машин нь шүүгдэгч Ц.А-гийн өмчлөлийн авто машин биш, мөн гэмт хэргийн улмаас хохирол учраагүй гэж анхан шатны шүүх дүгнэж хохирол нэхэмжилсэн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хохирол нөхөн төлөх зорилго огт агуулаагүй.

Мөн: Шүүх 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэхэд дараах хуулийн заалтыг анхаарах учиртай. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 Албадлагын арга хэмжээний төрөл гэх зүйлийн 1.т Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно. Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4.т заасан Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь тус хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3.т заасан Албадлагын арга хэмжээний 1 төрөл байх бөгөөд тус албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл албадлагын арга хэмжээний аль тохирохыг шүүх хэрэглэж болохоор хуульчилж өгсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйл, улмаар 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийг мөн шүүх анхаарч үзэх шаардлагатай болж байна. Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлж өгсөн байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. хэмээн заасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2.т Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ. Үүнээс дүгнэж үзэхэд хууль хэрэглээний талаар дараах хууль зүйн дүгнэлт гарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4.ийг хэрэглэхдээ шүүх 7.2 дугаар зүйлийн 1.т заасан нөхцлийг анхаарах ёстой бөгөөд Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь 7.2 зүйлийн 1.т зааснаар 5.1 дүгээр зүйлийн 1.т заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хэрэгжүүлэх үндэслэлээр хэрэглэж болохоор заасан байх бөгөөд 5.1 дүгээр зүлийн 2.т Эрүүгийн хариуцлага гэх ойлголтыг ял, албадлагын арга хэмжээ гэх 2 төрлөөс бүрдэхээр зохицуулсан байна.

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4.т заасан Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2.т заасан эрүүгийн хариуцлагын 1 төрөл болж таарч байна.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1.т зааснаар шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй хэмээн шийдвэрлэсэн.

Тиймээс хөөн хэлэлцэх хугацааны заалтаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн шүүгдэгчид шүүх эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машины үнэ болох 15.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь тус хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн шүүгдэгчид Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ буюу эрүүгийн хариуцлага ногдуулж шийдвэлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг минь хүлээн авч анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдааг залруулж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.19-ний өдрийн 2019/шцт/342 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.А-:

Саналгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.А-гийн өмгөөлөгч Б.Содболд тайлбартаа:

Хөөн хэлэлцэх хугацааны заалтаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн шүүгдэгчид шүүх эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машины үнэ болох 15.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь тус хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн шүүгдэгчид Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ буюу эрүүгийн хариуцлага ногдуулж шийдвэлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүх давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдааг залруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр  дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Ц.А-д холбогдох хэргийн бүх үйл ажиллагаа болон  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

Дархан-Уул аймгийн Прокуророос Ц.А-г ашиг олох зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас иргэн Ч.А-гийн өмчлөлийн 37-83 ДАХ улсын дугаартай “Ризо” маркийн ачааны автомашинаар СБА серитэй, 1623393 дугаартай мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний хугацааг 27 хоног хэтрүүлж буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 15.1мЗ нарсан зах банз модыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.А-г гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1., 2.т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Ц.А-гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 15.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хэрэгт битүүмжлэгдсэн 15.1 м.куб нарсан зах банзыг худалдан борлуулж орлогыг улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, иргэний нэхэмжлэгчийн 3.744.045 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй байна.

Хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримтаас дүгнэж үзвэл Ц.А- нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ-ын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 77-р тогтоолын хавсралтаар батлагдсан Хүдэр сумын нутаг дэвсгэрээс 2018 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хэрэглээний, түлээний мод бэлтгэх хуваарийн дагуу эрх олгогдсон тус сумын П.Б- захиралтай “Хүдэр тамир” ХХК-аас тус компанийн бэлтгэсэн үйлдвэрлэлийн материал бэлдээд түүнээс гарсан хаягдал, нарсан зах банз худалдаж авсан үйл баримт болжээ.

Энэ үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч П.Б-ы  өгсөн:

 ...Манай “Хүдэр тамир” ХХК нь ойд үйлдвэрлэлийн ашиглалт, ойд арчилгаа, цэвэрлэгээ, мод үржүүлгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг, одоо ч хэвийн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд 2018 онд манай компани нь ойд үйлдвэрлэлийн огтлолоор 300 м.куб, цэвэрлэгээний огтлолоор 300 м.куб, цэвэрлэгээний ажлаар 100 м.куб, нийт 700 м.куб мод бэлтгэх зөвшөөрөлтэй байгаа., Тэр үед Ц.А- над руу утсаар ярьж “хашаа барих хаягдал банз байна уу., таниас худалдаж авмаар байна... гэхээр нь би  ...тэг, тэг, машин байвал явуулчих, хашаа барьчих муусайн банзнууд байгаа., ирээд ялгаад ачаад авчих...гэж хэлсэн.

Ц.А-гийн авсан банз үйлдвэрлэлийн огтлолоос зүсмэл материал гаргаад түүнээс гарсан хаягдал банзнууд байсныг 2 метрээр тайрч ялгаж ачсан банз байсан..,  тэгээд  над руу  машин явуулсан байна лээ. Ц.А- өөрөө ирээгүй, би ачиж өгөөд явуулсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас /,

Шүүгдэгч Ц.А-гийн өгсөн :

....Би П.Б- гэдэг хүнтэй утсаар ярьж 2 метрийн урттай, зах банз  худалдаж авсан., П. Б- нь зөвшөөрөлтэй юм билээ, би өөрийнхөө хашаанд хэрэглэх гэж худалдаж авсан...гэсэн мэдүүлэг болон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ-ын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 77-р тогтоолын хавсралтаар батлагдсан Хүдэр сумын нутаг дэвсгэрээс 2018 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хэрэглээний, түлээний мод бэлтгэх хуваарь, “Хүдэр тамир” ХХК-ийн мод бэлтгэх эрхийн бичиг, “Хүдэр тамир” ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогджээ.

Эдгээр нотлох баримтаас үзвэл Ц.А- өөрөө зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд харин Ц.А- нь мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий хуулийн этгээдээс тэдний эрхийн дагуу бэлтгэсэн модны хаягдал, зах банз худалдаж авсан үйлдлийг нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар  зүйлийн 1.д заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл  мод бэлтгэх тусгай зөвшөөрөл, эрхтэй хуулийн этгээдээс худалдаж авсан нь гэмт хэрэг биш байх тул түүнийг гэм буруутайд тооцсон нь бодит байдалтай нийцэхгүй байна.

             Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...Ц.А- нь зөвшөөрөлтэй аж ахуйгаас банз авсан тул хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд хохирол учруулаагүй гэж дүгнэсэн атлаа банз ачсан талаар гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, модны үнэлгээний дүгнэлт зэргийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримт гэж үзэж түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхой бус болжээ.

              Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар Ц.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Харин Ц.А-гийн өмгөөлөгч Б.Содболд нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, Ц.А-г цагаатгах агуулгаар бус, анхан шатны шүүхээс Ц.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийг хөөн хэлэлцэх өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн атлаа хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг буюу эрүүгийн хариуцлагыг давхар хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулах агуулгатай гомдол гаргасан тул түүний гомдлын шаардлага агуулга, үндэслэлийн хувьд хангагдаагүй гэж үзэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 4, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Прокуророос Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.А-г цагаатгасугай.

2. Хэрэгт битүүмжлэгдсэн 15.1 м.куб нарсан зах банзыг Ц.А-д буцаан олгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4.т зааснаар Ц.А-д холбогдох, 1818006620301 дугаартай, 1 хавтас бүхий эрүүгийн  хэргийг прокурорт буцаасугай.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                             Ц.ТУЯА

                                                                                                              Ц.АМАРЖАРГАЛ