Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01419

 

 

 

 

 

 

2021           11            17                                          001/ХТ2021/01419

............ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00010 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 398 дугаар магадлалтай,

............ын нэхэмжлэлтэй

............д холбогдох

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч ............гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............, түүний өмгөөлөгч Г.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ............ нь 2016.12.12-ны өдөр Техник импорт ХХК-аас Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, 13302 Улаанхуарангийн гудамж, 7а байр, 26 тоотын 51.2 мк.в бүхий 2 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын банкнаас орон сууцны ипотекийн зээл авч худалдаж авсан бөгөөд 2016.12.09-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Уг байрандаа ............ нь өөрийн дүү ............ болон түүний найз охин ............ нарыг түр хугацаанд амьдруулж байсан. Гэтэл ............, ............ нар 2018.12.18-ны өдөр салж, тусдаа амьдрах болсон ............г орон сууцанд дулаан ортол түр амьдаръя гэж гуйсны дагуу дулаан ортол түр хугацаанд байранд амьдрахыг нь зөвшөөрсөн. 2019.04 сард дулаан ороход байраа суллахыг шаардахад ............ нь хэл ам хийж, одоог хүртэл ............ын байрыг суллаж өгөхгүй гэр бүлээрээ амьдарч байна. Иймд Баянзүрх дүүрэг, 8 хороо, 13302 Улаанхуарангийн гудамж, 7 а байр 26 тоот 51,2 мк.в бүхий 2 өрөө байрыг ............гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ шүүхэд удаа дараа худал нэхэмжлэл гаргаж байгаад харамсалтай байна. Өөрийн дүү ............ түүний найз охин ............ нарыг түр хугацаанд амьдруулж байсан гэж худал бичсэн байна. ............, ............ нарын хүүхдүүдийн талаар, ............, ............ нар нь уг маргаан үүсгээд байгаа зээлийн байрны урьдчилгаа төлбөр, сар бүрийн хуваарьт төлбөрийг төлж байсан тухай бичсэнгүй. ............ тусдаа байртай, дахин байр худалдан авах шаардлагагүй. Харин дүүтэй нь гэрлээд цаашдаа сайхан гэр бүл болж амьдрах хүслээр амьдрах орон сууцаа зээлээр авсан. Ингэхдээ манай нөхрийн ах ............ын нэр дээр зээл авахад хялбар байсан учраас түүний нэр, орлого зэргийг ашиглан зээл авсан юм. Миний бие ............тэй хамтран амьдарч, үр хүүхдүүдээ өсгөнө гэж бодож байснаас гэр бүлээ батлуулахгүй, байр зээлээр авсан ч ах дүүгийнхээ нэр дээр аваад салахдаа зээлийн байраа буцааж авах муу муухай зүйл бодоогүй учраас үнэхээр их гайхаж сэтгэл санаа цочирдож, 2 хүүхдийнхээ ирээдүйд маш ихээр харамсаж байна. Бодит байдал ийм байсаар байхад ............, ............ нар нь өөрсдөө байр аваад дүүгээ найз охинтой нь амьдруулсан мэтээр худал ярьж нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ үнэхээр өрөө өөрсдөө авахыг хүсэж байгаа бол бидний зүгээс төлсөн бүхнээ эргүүлэн шаардах болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00010 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ............ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 13302 Улаанхуарангийн гудамж 7а байрны 26 тоот 51.2 метр квадрат 2 өрөө орон сууцыг хариуцагч ............гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............гаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 398 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ............ хяналтын гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй. 2. Хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй. 3. Хууль буруу хэрэглэж тайлбарласан. Тиймээс баримт нотолгоон дээр тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч ............ хариуцагч ............гийн эзэмшлээс Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 7а байрны 26 тоот орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгчийн дүү ............тэй хамт амьдарч, 2 хүүхэдтэй болсон, орон сууцны зээл авахад орлого, ажил төрөлтэй байх шаардлагаас шалтгаалаад ............ын нэр дээр орон сууцыг авсан, ............ бид хоёр тусдаа амьдрах болсон учраас ийм шаардлага гаргасанд цочирдож байна, үнэхээр байрыг авах гэж байгаа бол төлсөн бүхнээ эргүүлэн шаардана...” гэж татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хуулийг зөрчөөгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ. Иймд нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийн өмчлөгч, хариуцагч түүний өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байгаа бол нэхэмжлэлийг хангах учиртай байна.

............ нь О.Хунтогосын хамт 2016.12.20-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас 49,740,000 төгрөгийг 15 жилийн хугацаатай зээлж авсан, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 7а байрны 26 тоот 51.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, уг хөрөнгийн өмчлөгч, зээлийг төлж байгаа болох нь баримтаар тогтоогджээ. /хх-5-8/

Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д “Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эзэмшил дуусгавар болно.” гэж заасан.

Нэхэмжлэгч нь өөрийн байрандаа дүү ............г ............тай хамт амьдрахыг зөвшөөрсөн, тэд тусдаа амьдрах болсон тул байрыг хүлээлгэн өгөхийг шаардсан, хариуцагч нь дулаан ортол байлгахыг хүссэн тул түр байлгасан...2019.04 сард байр суллахыг шаардсан боловч суллаж өгөөгүй...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсноос үзвэл орон сууцаа үнэ төлбөргүй хөлслүүлсэн боловч гэрээг цуцалсан агуулгатай байна. Гэрээг цуцалснаар гэрээний үүрэг дуусгавар болж, хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны буюу гэрээний дагуух эзэмшил гэх үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

............ нь орон сууцны хамтран өмчлөгч эсвэл уг орон сууцыг эзэмших эрхтэй гэж үзэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй, шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй юм. Хариуцагч нь татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд тайлбарт дурдсан үйл баримтыг баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хариуцагч нь татгалзлаа нотлох үүрэгтэй. Шүүх хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан байна.

Иймд хариуцагчийн хяналтын гомдолд дурдсан “...шүүх хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хуулийг буруу тайлбарласан...” гэх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхив.

Шүүх өмчлөгчийн эрх сэргээлгэх шаардлага бүхий хэргийг шийдвэрлэсэн тул энэ хүрээнд шийдвэр гаргана. Харин орон сууцыг худалдан авахад хөрөнгө оруулсан, зээл төлсөн, уг эд хөрөнгө нь гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарсан эсэх, уг мөнгөө шаардах эрхтэй эсэх талаар дүгнэлт өгөхгүй бөгөөд хариуцагч нь энэ талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00010 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 398 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД

             ШҮҮГЧИД                                                              Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                            Х.СОНИНБАЯР