Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01428

 

2021           11            23                                          001/ХТ2021/01428

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/00047 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 475 дугаар магадлалтай,

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

............, ............нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг бусад зардалд 57,199,886 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч ............ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............, ............нар нь 2018.10.09-ний өдөр тус банктай ЗГ/ВСС181005037-1 тоот Орон сууцны зээлийн гэрээг байгуулан 49,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18.60 хувийн хүүтэй, 204 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар авч мөн ЗБ/ВСС181005037-1-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байр, 12 тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нар нь 2018.12.10-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2019.10.14-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд, үндсэн зээл 48,783,049.99 төгрөг, зээлийн үндсэн хүү 8,389,326.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 010,16 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 11,500 төгрөг байна. Хариуцагч нар графикийн дагуу төлбөрөө төлж зөрчлөө арилгасан тохиолдолд хуваарийн дагуу зээлээ төлөх боломжтой. 2019.11.14-ний өдөр 4,800,000 төгрөгийг төлсөн. Зөрчлөө арилгахыг манай банкны зүгээс удаа дараа шаардаж байсан. 2018.10 дугаар сард зээл авсан. 2018.11 сард 216,000 төгрөг төлсөн. 2018.10 дугаар сараас эхлэн зөрчил үүссэн. Зээл хүүгийн тооцооллоо хэрэгт өгсөн байгаа. Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч ............, ............нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 57,199,886.30 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан хариуцагч ............ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байр 12 тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байр, 12 тоот байрыг “............” ХХК-ийн ипотекийн зээлээр авсан. Ийм учраас төлж чадаагүй байрны зээл болох 9,540,333 төгрөгнөөс 4,800,000 төгрөгийг бэлэн тушаан үлдэгдэл 4,740,333 төгрөгийг 12 сарын 20-ноос 25-ны дотор төлөн үлдсэн зээлийг графикаар төлөх болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/00047 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч ............, ............нараас үндсэн зээл 43 983 049,99 төгрөг, зээлийн хүү 8 398 326,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 010,16 төгрөг, нийт52 388 386,30 төгрөг, нотариатын төлбөр 11 500 төгрөг, бүгд 52 399 886,30 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ............ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч ............, ............нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол 1/ ............ын өмчлөлийн ............дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байр, 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 419 949 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 475 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/00047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ............ хяналтын гомдолдоо: шийдвэрээр хариуцагч ............, ............нараас үндсэн зээлд 43,983,049.99 төгрөг, зээлийн хүү 8,398,326.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,010.16 төгрөг, нийт 52,388,386.30 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг бүгд 52,399,886.30 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “............” ХХК-д /рд:............/ олгуулахаар шийдвэрлэсэнд мөн 2020.03.02-ны өдрийн 475 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Шүүхийн дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь ............ миний бие нөхөр Б.Тулгаатай хамтран 2018.10.09-ний өдөр “............” ХХК /рд:............/-тай №ЗГ/ВСС181005037-1 тоот зээлийн гэрээ байгуулж 49,000,000 төгрөгийн зээлийг 18.60-н хувийн хүүтэй 204 сарын хугацаатай орон сууц худалдан авах гэрээ байгуулсан. Зээл авсан хугацаанаас хойш зээлийн эргэн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 43,983,049.99 төгрөг болсон. Анх зээлийн гэрээг 2018.10.09-ний өдөр байгуулж 16 жилийн хугацаатай 2034 онд зээлийн гэрээний хугацаа дуусахаар байгуулсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа болон үүргээ биелүүлж дуусах хугацаа болоогүй байх тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардагдах эрхгүй байхад нэмэгдүүлсэн хүү 7,010.16 төгрөг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн ............ ХХК-тай байгуулсан гэрээнд шүүхэд хандахтай холбогдон гарсан зардлыг зээлдэгч тал хариуцахаар гэрээ байгуулахдаа тусгаагүй байхад хариуцагч нараас 11,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд тус тус гомдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 18,510 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн зарим хэсгийг өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч ............, ............нарт холбогдуулан орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 57,199,886 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, биелүүлээгүй үүргийг гүйцэтгэж, цаашид графикийн дагуу зээлийг төлнө гэж маргажээ. Зээлийн гэрээг цуцлах нь бие даасан шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл нь болсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагч ............ын гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2018.10.09-ний өдрийн гэрээний дагуу ............ 49,000,000 төгрөгийг, жилийн 18.60 хувийн хүүтэй, 204 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг хуваарийн дагуу сар бүр төлөх үүрэг хүлээсэн, гэрээний төрөл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, гэрээ хүчин төгөлдөр талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч гэрээг цуцлах, үндэслэл, журам зэрэг эрх зүйн асуудлаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ............ын өмчлөлийн ............дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 а байр, 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан, барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагад нийцжээ.

............, ............нар орон сууц худалдан авах зорилгоор зээл авсан ба сар бүрийн 10-ны өдөр 794,445 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч 2018.12.10-ны өдрөөс эхлэн үүргээ зөрчсөн, банкны зүгээс 2018.03.18, мөн оны 03 дугаар сарын 29, 04 дүгээр сарын 08, 2019.05.07-ны өдрүүдэд үүргээ биелүүлэхгүй бол гэрээг цуцлах тухай мэдэгдсэн боловч үр дүн гараагүй гэж нэхэмжлэгч 2019.10.12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019.11.14-ний өдөр хариуцагч 4,800,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Зээлийн гэрээний 9.2.2-т “гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 60 хоногийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд банк гэрээг цуцлах эрхтэй.” талаар тохиролцсон боловч талуудын тохиролцоо хуульд нийцсэн эсэх талаар шүүх зайлшгүй хийх дүгнэлтийг хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь хуульд нийцээгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж, 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан ба эдгээр хэм хэмжээ нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон байна.

Талууд гэрээг байгуулах талаар бүрэн эрх чөлөөтэй боловч гэрээний агуулгын талаар хязгаарлагдмал буюу хуулийн хүрээнд байх ёстой тул шүүх гэрээний нөхцөл хуульд нийцсэн эсэхийг дүгнэх учиртай.  Зээлийн гэрээний 9.2.2-т заасан “үүрэг гүйцэтгэх хугацааг 60 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн тохиолдол” нь “ялимгүй зөрчлийн” шинжийг агуулсан, гэрээг цуцлах үндэслэл болохгүй талаар шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1-т заасан зохицуулалтын дагуу дүгнэлт хийж чадаагүй нь учир дутагдалтай болжээ.

Зээлдүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн /хх-25-28/ боловч гэрээг цуцлах тухай мэдэгдээгүйгээс гадна хариуцагч нь 2019.11.14-ний өдөр 4,800,000 төгрөгийг төлж үлдэх мөнгийг 2019.12.20-25-ны өдрийн дотор төлж, гэрээг цааш үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн, энэ хугацаанд төлбөр төлөөгүй боловч 2018.10.09-ний өдрийн орон сууцны зориулалттай, урт хугацаатай гэрээг 2019 оны 03 сараас цуцлах нь үүргийн зөрчлийн хэмжээ, гэрээний зорилгод нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд гэрээг цуцлах үндэслэлгүй гэж үзсэн хариуцагчийн гомдол үндэслэлтэй тул  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/00047 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 475 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ............, ............нараас 57,199,886 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйлээс үүргийг хангуулах тухай нэхэмжлэгч “............” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 4,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.АТАРЦЭЦЭГ

                                ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Х.СОНИНБАЯР

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД