Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 17

 

Б.А- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 135/2017/01089/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.А-, Б.Д- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

          “Тогтоол хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А-гаас:

Би Хаан банкнаас 6 удаа нийт 223.500.000 төгрөгийн зээл авсан. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 131.359.046 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Би өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 15 дугаар бракт байрлах 59,6 м/кв талбай бүхий байр мөн тус хаягт байрлах Ү-2003015723 дугаартай 20 м/кв талбай бүхий өргөтгөлийн байр, эрхийн улсын бүртгэлийн №20359583 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын 080100314 дугаартай 111 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрх, Дархан сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1-б байрны 79 тоот улсын бүртгэлийн Ү-200300560 дугаартай 29 м/кв 2 өрөө байрыг барьцаалсан. Мөн дүү Б.Д-ийн өмчлөлийн 3 өрөө байрыг 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 788, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 306 дугаартай зээлийн гэрээний барьцаанд тавьсан. Би банкны төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас Хаан банкны Дархан салбараас Дархан-Уул аймаг дахь тухайн үеийн Сум дундын 7 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан.

Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад би Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаатай харилцан тохиролцож 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 171 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулсан. эвлэрлийн гэрээн дээр 131.359.047 төгрөгийг 2015 оны 07 дугаар сары 03-ны өдөр 45.000.000 төгрөгийг төлөхөөр, мөн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үлдсэн төлбөрийг өөрийн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж, төлбөрийг бүрэн барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн. Эвлэрлийн гэрээ байгуулахдаа зөвхөн өөрийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Дээрх тохиролцоог эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамжид тусгасан байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Туяацэцэгээс:

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 03-ны өдрийн 147 дугаар шүүгчийн захирамжаар Б.А-гаас 131.359.046 төгрөг гаргуулж Хаан банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг манай алба 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн явуулж төлбөр төлөгч Б.А-д төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд төлбөрөө төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох Дархан сумын 5 дугаар баг, 15 дугаар бракт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай 59,6 мкв талбайтай байр, өргөтгөл эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015723 дугаартай 20 мкв талбайтай байр, үйлчилгээний зориулалттай газрын хамт, мөн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 2А байрны 60 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авахад Б.А- шинжээч томилуулах хүсэлт гаргасан, өмчлөгч Д.Алтансүх, Г.Оюунцацрал нар нь үнийн санал өгөхөөс татгалзаж байгаагаа манай газарт бичгээр мэдэгдсэн болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд үнийн санал ирүүлээгүй харилцан тохиролцоогүй тул 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолоор “Капитал зууч” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход Дархан сумын 5 дугаар баг, 15 дугаар бракт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай 59,6 мкв талбайтай байр, өргөтгөл эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015723 дугаартай 20 мкв талбайтай байр, үйлчилгээний зориулалттай газрын хамт 110.295.000 төгрөг, Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 2А байрны 60 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууц 75.000.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн талаар талуудад танилцуулсан бөгөөд төлбөр төлөгч Б.А- нь үнэлгээнд гомдол гарган Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5484 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаар шүүгчийн захирамжаар Б.А-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/хт2017/00298 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/01 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч барьцаа хөрөнгийг тус газраас 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу оруулахад үнийн санал ирээгүй тул комиссын хурлын шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр:

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар гомдол гаргагч Б.А-, Б.Д- нар нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  холбогдуулан Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаар тогтоолын дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид Хаан банк Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон үнэлгээчний гаргасан үнэлгээ нь өмчлөгч нарын өмчлөлийн эд хөрөнгийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнээр үнэлсэн байна. Мөн шүүхийн шийдвэрт тусгагдаагүй барьцаалаагүй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дуудлага худалдаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дахин үнэлгээчин томилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гомдол гаргагч Б.А-, Б.Д- нар нь Дархан Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “албадан дуудлага худалдаа явуулах тухай”  2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

Өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэрт тусгагдаагүй гуравдагч этгээдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дуудлага худалдаа явуулж байгаа нь хууль зөрчиж байгаа гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон байна.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж хэргийг бүхэлд нь хянахад гомдол гаргагч Б.А-,Б.Д- нар нь хариуцагч талтай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ... Хаан банкинд төлөх зээлийн төлбөр 131.359.047 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулж төлбөрийг бүрэн барагдуулахаар... эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 40 дүгээр тал/

Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаар захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан Б.А- нь Хаан банкинд 131.359.046 төгрөг 92 мөнгийг төлөхөөр тохиролцож, эвлэрсэн талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан.

Мөн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4233 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2015 оны 10 сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай үнэлгээчин томилох тухай тогтоолоор “Капитал зууч” ХХК-ийг томилсны дагуу тус компанийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлангаар Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 15 дугаар брак байранд байрлах худалдаа үйлчилгээний барилгыг 71.520.000 төгрөгөөр, өргөтгөлийн барилгыг 36.000.000 төгрөгөөр, худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг 2.775.000 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 2а байрны 60 тоот, 3 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөгөөр, нийтдээ 185.295.000 төгрөгөөр үнэлжээ.

Б.А-, Б.Д-, Г.Оюунцацрал нар дээрх үнэлгээний тайланг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 тоот шийдвэрээр хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ”, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар явуулсан гэж үзнэ.

Дээрх үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгууллага хийсэн нь хуульд нийцсэн байна гэж анхан шатны шүүх дүгнэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 203 тоот магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/хт2017/00298 тоот тогтоолоор өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Б.А-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд  гомдол гаргаж 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлджээ.

Тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 тоот шийдвэр, Дархан Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 203 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/хт2017/00298 тоот тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 15 дугаар брак байранд байрлах Улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай, 59.6 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 15 дугаар бракийн улсын бүртгэлийн Ү-2003015723 дугаарт бүртгэлтэй, 20,0 мкв талбайтай өргөтгөлийн байр, 111 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 2а байрны 60 тоот, улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлгээ болох 185.295.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг албадан анхны дуудлага худалдаанд оруулахыг 42 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид, Дархан Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахыг мөн шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгосон байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болох гомдол гаргагч Б.А-, Б.Д- нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах”, дээрх хуулийн 44 дүгээр зүйлийн  44.4-т зааснаар “ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй” байна.

Мөн хуулийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй байна.

Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаас болон бусад хөрөнгөөс суутгал хийх гэж төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, хураагдсан, барьцаалагдсан хөрөнгийг, эсхүл түүнийг худалдан борлуулсан үнийн дүнг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэхэд зарцуулах ажиллагааг ойлгоно” гэж зааснаар “төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаас болон бусад хөрөнгөөс суутгал хийх гэж төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, хураагдсан, барьцаалагдсан хөрөнгийг, эсхүл түүнийг худалдан борлуулсан үнийн дүнг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэхэд зарцуулах ажиллагааг ойлгоно” гэж хуульчилсан тул зээлийн гэрээний барьцааны зүйл болсон Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 2а байрны 60 тоот, улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэлгээний зохих хувиар дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон нь хууль зөрчөөгүй мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т  “шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, эсхүл барьцаалагчийн хүсэлтийг үндэслэн барьцааны хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах, эсхүл төлбөрт суутган төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах эрхтэй” байх тул гомдол гаргагч Б.А-, Б.Д- нарын болон Г.Оюунцацралын өмчлөлийн орон сууц барьцаа хөрөнгө тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дуудлага худалдаанд оруулахаар болсон. Барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай мэдэгдэл, шүүхийн шийдвэр гараагүй байна.

          Дээрх үндэслэлээр гомдол гаргагч Б.А-, Б.Д- нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, гуравдагч этгээдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолуудыг зөвшөөрөхгүй гэсэн гомдлыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх баримт тогтоогдоогүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

          Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Г.Оюунцацрал нь үл хөдлөх  хөрөнгийн үнэлгээний талаар урьд нь маргаж байсан боловч 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаар тогтоолын талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Гомдол гаргагч Б.А-, Б.Д- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн  сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА     

                                     ШҮҮГЧИД                                                   С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                         С.ОЮУНЦЭЦЭГ