Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 58

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 1Б байр, 79 тоотод оршин суух Бэсүд овгийн Буйданбаатарын Алтантуяа /РД: ТИ65040968, утас: 94198699/

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1А байрны 102 тоотод оршин суух Бэрсүүд овгийн Буйданбаатарын Дархансүх /РД: ТИ78072671, утас: 99070246/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /Дархан-Уул аймаг, Дархан сум, өөрийн байранд байрлах, утас: 7037-5901, 89086042/-т холбогдох

 

“Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

   Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нандинцэцэг, Н.Төгсбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Туяацэцэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтантуяа, Б.Дархансүх нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

              “...Б.Алтантуяа миний бие нь ХААН банкнаас 6 удаагийн зээл авсан бөгөөд нийт 223,500,000 төгрөгийн зээл авсан. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 131,359,046 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Би өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум,5 дугаар баг, 15 дугаар бракт байрлах 59,6 м/кв талбай бүхий байр мөн тус хаягт байрлах Ү-2003015723 дугаартай 20 м/кв талбай бүхий өргөтлийн байр, эрхийн улсын бүртгэлийн №20359583 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын 080100314 дугаартай 111 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрх, Дархан сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1-б байрны 79 тоот улсын бүртгэлийн Ү-200300560 дугаартай 29 м/кв 2 өрөө байрыг барьцаалсан. Мөн дүү Б.Дархансүхийн өмчлөлийн 3 өрөө байрыг 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 788, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 306 дугаартай зээлийн гэрээний барьцаанд тавьсан. Миний бие нь банкны төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас ХААН банкны Дархан салбараас Дархан-Уул аймаг дахь тухайн үеийн Сум дундын 7 дугаар шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад миний бие ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаатай харилцан тохиролцож 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 171 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээн дээр 131,359,047 төгрөгийг 2015 оны 07 дугаар сары 03-ны өдөр 45,000,000 төгрөгийг төлөхөөр, мөн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үлдсэн төлбөрийг өөрийн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж, төлбөрийг бүрэн барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн. Эвлэрлийн гэрээ байгуулахдаа зөвхөн өөрийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Дээрх тохиролцоог эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамжид тусгасан байгаа. Иймд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

“Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 03-ны өдрийн 147 дугаар шүүгчийн захирамжаар Б.Алтантуяагаас 131,359,046 төгрөг гаргуулж ХААН банзны Дархан салбарт олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг манай алба 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн явуулж төлбөр төлөгч Б.Алтантуяад төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд төлбөрөө төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох Дархан сумын 5 дугаар баг, 15 дугаар бракт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай 59,6 мкв талбайтай байр, өргөтгөл эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015723 дугаартай 20 мкв талбайтай байр, үйлчилгээний зориулалттай газрын хамт, мөн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 2А байрны 60 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авахад Б.Алтантуяа шинжээч томилуулах хүсэлт гаргасан, өмчлөгч Д.Алтансүх, Г.Оюунцацрал нар нь үнийн санал өгөхөөс татгалзаж байгаагаа манай газарт бичгээр мэдэгдсэн болно.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд үнийн санал ирүүлээгүй харилцан тохиролцоогүй тул 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолоор “Капитал зууч” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход Дархан сумын 5 дугаар баг, 15 дугаар бракт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай 59,6 мкв талбайтай байр, өргөтгөл эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015723 дугаартай 20 мкв талбайтай байр, үйлчилгээний зориулалттай газрын хамт 110,295,000 төгрөг, Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 2А байрны 60 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууц 75,000,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн талаар талуудад танилцуулсан бөгөөд төлбөр төлөгч Б.Алтантуяа нь үнэлгээнд гомдол гарган Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5484 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаар шүүгчийн захирамжаар Б.Алтантуяагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/хт2017/00298 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/01 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч барьцаа хөрөнгийг тус газраас 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу оруулахад үнийн санал ирээгүй тул комиссын хурлаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийш хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн болно.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч Б.Алтантуяа, Б.Дархансүх нар нь Дархан –Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан “ Албадан дуудлага худалдаа явуулах тухай “  2017 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан байна.

Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 сарын 03-ны өдрийн 147 дугаар “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан Б.Алтантуяа нь Хаан банкинд 131,359,046 төгрөг 92 мөнгийг 2015 оны 09 сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, эвлэрсэн талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан бөгөөд мөн шүүгчийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 4233 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2015 оны 10 сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 11 дугаартай үнэлгээчин томилох тухай тогтоолоор Капитал зууч ХХК-ийг томилсны дагуу тус компанийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлангаар Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 15 дугаар брак байранд байрлах Худалдаа үйлчилгээний барилгыг 71,520,000 төгрөгөөр, Өргөтгөлийн барилгыг 36,000,000 төгрөгөөр, худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг 2,775,000 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 2а байрны 60 тоот, 3 өрөө орон сууцыг 75,000,000 төгрөгөөр, нийтдээ 185,295,000 төгрөгөөр үнэлсэнд   Б.Алтантуяа, Б.дархансүх, Г.Оюунцацрал нар гомдол гаргаж  тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 тоот шийдвэрээр  хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгуулага хийсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Дархан Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 203 тоот магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/хт2017/00298 тоот тогтоолоор өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.

 

Гомдол гаргагч Б.Алтантуяа,Б.Дархансүх нар нь ...эвлэрлийн гэрээнд 131,359,047 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 45,000,000 төгрөгийг төлөхөөр, мөн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үлдсэн төлбөрийг өөрийн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж бүрэн барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэрт тусгагдаагүй  гуравдагч этгээдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дуудлага худалдаа явуулж байгаа нь хууль зөрчиж байгаа гэж гомдлын шаардлагаа тодорхойлж, шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байгаа болно.

Харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Алтантуяагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдсэн. Г.Оюунцацралын өмчлөлийн орон сууц барьцаа хөрөнгө тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дуудлага худалдаанд оруулахаар болсон. Барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай мэдэгдэл, шүүхийн шийдвэр байхгүй тул хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан гэж  тайлбарлаж байгаа болно.

Тус  шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 тоот шийдвэр, Дархан Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 203 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/хт2017/00298 тоот тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 тоот “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 15 дугаар брак байранд байрлах Улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай, 59,6 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 15 дугаар бракын улсын бүртгэлийн Ү-2003015723 дугаарт бүртгэлтэй, 20,0 мкв талбайтай өргөтгөлийн  байр, 111 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй  газрыг Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 2а байрны 60 тоот, Улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг  шинжээчийн үнэлгээ болох 185,295,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг /анхны/ албадан дуудлага худалдаанд оруулахыг 42 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид, Дархан Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын  02-ны  өдрийн 15070764/02 тоот “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт 2 дахь дуудлага худалдаанд оруулахыг мөн шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгосон байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх  ажиллагааны оролцогч болох гомдол гаргагч Б.Алтантуяа, Б.Дархансүх нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, 44.4.Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй байна.

 Мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй  тул гомдол гаргагч Д.Алтантуяа ,Б.Дархансүх нарын ... Миний өмчлөлийн үл хөдлөх хөрнгийг үнэгүйдүүлж албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 Анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1. хоёр дахь дуудлага худалдааг явуулна гэснээр дуудлага худалдаа зохион байгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгчийн 15070764/02 тоот  тоот тогтоол гарсан нь хууль зөрчөөгүй байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаас болон бусад хөрөнгөөс суутгал хийх гэж төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, хураагдсан, барьцаалагдсан хөрөнгийг, эсхүл түүнийг худалдан борлуулсан үнийн дүнг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэхэд зарцуулах ажиллагааг  ойлгоно гэж хуульчилсан тул зээлийн гэрээний барьцааны зүйл болсон Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 2а байрны 60 тоот, Улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг  шинжээчийн тогтоосон үнэлгээний зохих хувиар дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон нь хууль зөрчөөгүй   мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, эсхүл барьцаалагчийн хүсэлтийг үндэслэн барьцааны хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах, эсхүл төлбөрт суутган төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах эрхтэй байх тул гомдол гаргагч Б.Алтантуяа, Б.Дархансүх нарын шийдвэрт тусгагдаагүй гуравдагч этгээдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дуудлага худалдаа явуулж байгаа нь хууль зөрчиж байгаа гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Иймд гомдол гаргагч Б.Алтантуяа, Б.Дархансүх нар нь шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар гомдол гаргагч Б.Алтантуяа, Б.Дархансүх нар нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн  “Албадан дуудлага худалдаа явуулах тухай” 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаар тогтоолын дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ