Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 230

 

Ч.Дашхүүгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ч.Дашхүүгийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0269 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Дашхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ч.Дашхүүг Завхан аймгийн Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Дашхүүгийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 66 хоногийн цалин, хөлс 3141458 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутган, холбогдох дэвтрүүдэд бичилт хийж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0269 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсэгт удирдлага болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “106.3.7” гэснийг хасч, “Тогтоох” хэсгийн сүүлийн заалтын дугаарыг “3” гэснийг “4” гэж дугаарлан, 3 дахь заалтын “...дүгээр” гэснийг “...дугаар” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргах, удирдах, ... хориглоно”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулах төрийн ил тод, итгэл даах байдлыг хангах явдал байдаг. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж,

  1. Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэхийг хориглосон.
  2. Мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглосон байна.

Тиймээс аймгийн Засаг дарга захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалсан шийдвэр гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн технологийн багш Ч.Эрдэнэцэцэг нэхэмжлэгчийн эхнэр, нягтлан бодогчоор ажиллаж байсан Р.Норовсамба, нэхэмжлэгч Ч.Дашхүү нар нь төрсөн ах дүүгийн хүүхдүүд, дунд ангийн сургалтын менежер Д.Оюунчимэг хадам ахынх нь хүүхэд, дотуур байрны багш П.Гүрүүмаа авга ахынх нь бэр, сургуульд бензин шатахуун, дотуур байрны хүнсний мах нийлүүлдэг Ч.Ганболд хадам ах нь, сургуулийн нягтлан бодогч Г.Мөнхжаргал, нярав Г.Намжилмаа нар нь төрсөн ах дүүсийн хүүхдүүд юм гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна.

Ч.Дашхүү нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тушаалаар нягтлан бодогч Р.Норовсамбад ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгохоор, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тушаалаар Д.Оюунчимэгийг дунд ангийн сургалтын менежерээр томилох, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр, 11 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар, 12 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тушаалуудаар урамшуулал, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дүгээр тушаалаар Д.Оюунчимэгийн цалингийн шатлалыг ахиулж, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/02 дугаар, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/08 дугаар, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар тушаалуудаар Д.Оюунчимэгийг жирэмсний амралтын хугацаагаар түр чөлөөлөхөөр, ажилд эгүүлэн томилохоор, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар эхнэр Ч.Эрдэнэцэцэг болон нэр бүхий багш, ажилчдад 5 хувийн ур чадварын нэмэгдэл олгохоор, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/04 дүгээр, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/12 дугаар тушаалаар нийт багш, ажилчдад ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор, үүнд эхнэр Ч.Эрдэнэцэцэгийг хамруулсан шийдвэрүүдийг тус тус гаргажээ...

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.6 дахь хэсэгт зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй... Ч.Дашхүү нь өөрт хамаарал бүхий этгээд болох эхнэр Ч.Эрдэнэцэцэгт ур чадварын нэмэгдэл урамшуулал олгосон шийдвэрийг гаргасан байх бөгөөд энэ талаараа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй байна гэснээр нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нөхцөл үүссэн тохиолдолд уг хуулийн зохцуулалт хэрэглэх нөхцөл байдал үүссэн байхад энэ нөхцөлд хэрэглэсэн дээрх хуулийн үндэслэлийг хуульд нийцээгүй гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч  Ч.Дашхүү нь Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Завхан аймгийн Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.Дашхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Б/123 дугаар тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасантай нийцээгүй, анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн дээрх зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас захиргааны актын үндэслэлийг “Ч.Дашхүү нь өөрт хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргасан, тухайлбал Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн технологийн багш Ч.Эрдэнэцэцэг нэхэмжлэгчийн эхнэр, нягтлан бодогчоор ажиллаж байсан Р.Норовсамба, Ч.Дашхүү нар нь төрсөн ах дүүсийн хүүхдүүд, дунд ангийн сургалтын менежер Д.Оюунчимэг хадам ахынх нь хүүхэд, дотуур байрны багш П.Гүрүүмаа авга ахынх нь бэр, сургуульд бензин, шатахуун, дотуур байрны хүнсний мах нийлүүлдэг Ч.Ганболд хадам ах нь, нэхэмжлэгч эдгээр хүмүүсийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж хууль зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно”, 29.2.4-д “...энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, ...бол нийтийн албанаас халах.” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаар албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргахыг хориглосон байх ба энэхүү заалтыг зөрчвөл нийтийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэхээр байна.

Мөн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно гэж зааснаар хариуцагчийн тайлбарт дурдсан нэр бүхий хүмүүсээс эхнэр Ч.Эрдэнэцэцэг, эхнэрийн ах Б.Ганболд нар нэхэмжлэгч Ч.Дашхүүтэй хамаарал бүхий этгээд болох ба бусад хүмүүсийн хувьд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй, нэхэмжлэгчтэй хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Дашхүүг 2013 онд тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоос өмнө түүний эхнэр Ч.Эрдэнэцэцэг тус сургуульд технологийн багшаар /2006 оноос/ ажиллаж байсан, бусад хамааралтай гэх хүмүүс ч мөн адил тухайн ажил албанд өмнө нь томилогдон ажиллаж байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь эхнэр Ч.Эрдэнэцэцэгт ур чадварын нэмэгдэл, урамшуулал олгосон шийдвэрийг гаргасан, гэвч бусад багш, ажилчдаас илүү хувиар олгосон, хууль зөрчиж эхнэртээ зориулан шийдвэр гаргасан байдал, мөн эхнэрийн ах Ч.Ганболдтой өөрийн болон түүний ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргасан, шатахуун, мах нийлүүлэх гэрээ, хэлцэл байгуулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.Дашхүү өөрт хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргаж хууль зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдоогүй байхад үүрэгт ажлаас чөлөөлсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Иймд, маргаан бүхий захиргааны шийдвэр хуульд нийцээгүй гэж дүгнэн, Завхан аймгийн Засаг даргын Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгон, Ч.Дашхүүг урьд эрхэлж байсан Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсан шүүхийн шийдэл зөв байна.

Мөн давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бичвэрийн болон дугаарлалтын алдаа гаргасныг засч, хуулийн заалтыг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нөхцөл үүссэн тохиолдолд уг хуулийн зохицуулалт хэрэглэх нөхцөл байдал үүссэн байхад, энэ нөхцөлд хэрэглэсэн хуулийн үндэслэлийг хуульд нийцээгүй гэсэн нь буруу” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0269 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АТАРЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                            Б.МӨНХТУЯА