Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/шш2021/0824

 

 

 

 

 

  2021              12               06                                            128/ШШ2021/0821      Улаанбаатар хот

  Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “А-Ө” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хороо

Гуравдагч этгээд: “АГ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны дугаар сарын 3-ны өдрийн 02/6 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, иргэдийн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “А-Ө” ХХК-ийн өмгөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч “А-Ө” ХХК-ийн зүгээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны Журам батлах тухай 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/465, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/288 тоот захирамжаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгч”-ээр шалгарсан. Төслийн сонгон шалгаруулалтад хамрагдах шаардлагыг хангаад төслийн хорооны шийдвэрээр төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.

Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарахдаа анх 6 нэгж талбар дээр төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ба 2014 онд  “И” хэсэгчилсэн талбайд “А-Ө” ХХК болон “АГ” ХХК-ийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн “Й” “О” гэсэн хэсгүүд дээр энэ хоёр нэгж талбар дээр төсөл гүйцэтгэхээс татгалзсан ба 2019 оны 7, 8 сард нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал хариуцсан газраас төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой удаа дараа тавьсан шаардлагынх нь дагуу “М”, “Ж” гэсэн нэгж талбар дээр төслийг хэрэгжүүлэхээс татгалзсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, төсөл хэрэгжүүлэхээс татгалзсан нэгж талбар дээр байсан иргэдийн гомдлыг хавтаст хэрэгт өгсөн ба энэ гомдол дээр үндэслээд зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг ийм дүгнэлтийг хийсэн байгаа. Гэтэл үйл ажиллагааны зөрчил гэдэг нь тухайн нэгж талбар дээр буюу тухайн төсөл дээр л яригдана. Түүнээс биш “А-Ө” гэдэг компани бүх төсөл нь дундаа ганц нэгж талбартай байгаад тэр нэгж талбарынхаа хүрээнд гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчиж байсан бол нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж болон Хяналтын хорооны шийдвэр үндэслэлтэй байх боломжтой. Гэтэл нэгж талбар болгон тусдаа байхад тэр төсөл тус бүр дээр байгаа гомдлуудыг бусдад нь няцаах байдлаар төсөл хэрэгжүүлэх эрхийг хүчингүй болгож байгаа нь өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг огт хийгээгүй “А-Ө” ХХК болон “АГ” ХХК-иудын хооронд байгуулагдсан түншлэлийн гэрээгээр түншлэлийг төлөөлөх эрхтэй этгээд нь “АГ” ХХК байдаг. Гэтэл “АГ” ХХК огт батламжийг цуцлах гэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа хэсэгтэй холбоотой мэдэгдээгүй буюу тайлбар, санал, гомдлыг аваагүй.

2017 онд ашиглалтад оруулсан 120 айлын орон сууцны ерөнхий хөрөнгө оруулагч буюу гүйцэтгэгч нь “АГ” ХХК гэж явна. Эдгээр үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны сарын 13-ны өдрийн А/1190 тоот захирамж, 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Хяналтын хорооны шийдвэрүүд үндэслэлгүй.

Г.М гэдэг хүн “цуцлуулах саналтай байна. 5 жилийн хугацаанд хүлээсэн сэтгэл санааны хохирол залилан мэхэлсэн дээр арга хэмжээ авч өгнө үү” гэдэг ганц л өгүүлбэр хэлсэн.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлийн 11.1-д зааснаар төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах үүрэг нь Нийслэлийн Засаг даргад оногдсон байгаа. Гэтэл энэ үүргээрээ гурван талт гэрээгээ байгуулах,  дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эрхэлж байгаа аж ахуйн нэгж болон иргэдтэйгээ тохиролцох ёстой байтал гурван талт гэрээ байгуулаагүй байхад байгуулаагүй гэрээг цуцалж байгаа гэдэг ийм үндэслэлээр шийдвэр гаргаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...АГ ХХК манайх тусдаа компани, манай компанид мэдэгдэл ямар нэгэн байдлаар ирүүлж байгаагүй. Сонсгох ажиллагаа явуулаагүй гэж ярьж байна. Анх 2014 оны батламж дээр “А-Ө” ХХК болон “АГ” ХХК-ийн түншлэлд төсөл хэрэгжүүлэгч эрхийг олгосон. Үүнээс хойш манай байгууллагатай 2014 оноос хойш 2021 оныг хүртэл хугацаанд “АГ” ХХК-ийн ямар нэгэн бланкаар харилцсан, тайлан ирүүлсэн, баримт үнэхээр байхгүй. Үргэлж “А-Ө” ХХК-тэй харилцаж байсан. “А-Ө” ХХК-иас тайланг манайд ирүүлж байсан. Манайхаас “А-Ө” ХХК-иад хариу албан бичиг явуулж байсан. Энэ бүх хугацаанд хэрвээ “АГ” ХХК тусдаа бие даасан талбай нь байгаад манайд ирүүлж байгаагүй гэсэн бол 2014 оноос хойш яагаад нэг ч удаа манайд хандаагүй байдаг юм бэ?, Яагаад нэг ч удаа манай байгууллагад ирж уулзаагүй байдаг юм бэ?, Нэг ч удаа Засаг даргатай холбогдоогүй юм бэ? Энэ хугацаанд нэгч удаа яагаад иргэдээ “АГ” ХХК гэдэг нэрээр хандаж харилцаа холбоо үүсгээгүй юм бэ?, Байхгүй байж байж байгаад сүүлд ингээд гарч ирж байна.

Манайх “А-Ө” ХХК-тай 8-9 жилийн хугацаанд холбогдож харилцаж мэдээ тайланг нь авч шаардлагаа явуулж хяналтын хороогоор оруулж уулзалтуудаа хийж харилцаж ирсэн учраас манайх “АГ” ХХК-иас нэг ч тайлан авч байгаагүй учраас бие даасан ХХК гэж ойлгохгүй байна. Манайд байгаа “А-Ө” ХХК-ийн танилцуулга дотор “АГ” ХХК нь цонхны үйлдвэрлэл хариуцсан гэсэн танилцуулга байсан. Цонх хариуцдаг компанид бүхэл бүтэн төсөл хэрэгжүүлэх эрхийг олгохгүй. Тийм учраас “А-Ө” ХХК бол толгой компани. “А-Ө” ХХК-тай харилцаад явж байсан. Иймд энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хурлын протукал дотор Г.Мы нэр байхгүй байж гэнэт гарч ирээд санал хэлснээр манайхыг цуцлах болсон талаар тайлбар гаргаж байна.

Г.М гэж иргэн бол Сүхбаатар дүүргийн , орон сууцны 7 дугаар хороолол И хэсэгчилсэн талбайд амьдардаг. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад Г.М гэж иргэн амьдардаг эсэхийг мэдэхгүй байна. Мэддэг байсан бол амьдардаг эсэхийг тодруулж өгнө үү гэж бичих шаардлага байхгүй. Тэгэхлээр энэ иргэн нь А******* ******* гудамжийн ******* тоотод хаягийн бүртгэлтэй амьдардаг иргэн. 2013 оны сарын 11-ний өдрийн 6/381 Б дугаартай гэрээг “А-Ө” ХХК-тай байгуулсан байдаг.

Энэ бүх хугацаанд “АГ” ХХК-тай гэрээ байгуулсан иргэн ч байхгүй, Ямар нэгэн баримт ч байхгүй. Иргэн Г.Мыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны учир нь өөрөө хяналтын хорооны хуралд ороод үг хэлсэн гэдгээ гэрчлэхгүй бол иймэрхүү байдлаар иргэнийг оруулсан юм бэ гэж яриад байгаа.

Иргэн Г.М нь Хяналтын хорооны хуралд оролцсон. Тухайн үедээ саналаа хэлээд, тухайн саналаар шийдвэр гарсан нь үнэн. Манай байгууллагын тухайн хяналтын хорооны нарийн бичгийн техникийн алдаанаас болоод тэр хүний нэр бичигдээгүй орхигдсон. Хяналтын хорооны бүрэлдэхүүнд нийслэлийн холбогдох бүх байгууллагын дарга нар төлөөлөөд оролцсон. Нийслэлийн Өмчийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар гэх зэрэг төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй Хяналтын хороо байгаа. Төр өөр өөрсдийн хариуцлагаа хүлээгээд саналын эрхтэйгээр дэмжиж оролцсон. Түүнээс ямар нэгэн үндэслэлгүйгээр, хүний ганц үгээр шийдвэрлээгүй. Хяналтын хороо нь нэг хүний саналаар шийдвэр гаргадаг байгууллага биш. Хяналтын хороо нь бүрэн өөрийн гэсэн чиг үүрэгтэй хариуцлагатай байгууллага байгаа.

Тэгэхээр энэ үндэслэлийг 3 талт гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлийг орхисон байх боломж байгаад байгаа юм. Ер нь бол хуульд заасан 3 талт гэрээ байгуулагдаагүй. Яагаад гэвэл “АГ” ХХК-иар юм уу, Асар түншлэлээр юм уу, “А-Ө” ХХК-иар юмуу гэдгээ өөрсдөө тодорхой болгоогүй. Удаа дараа гурван талт гэрээ шаардлага хангагдаагүй 3 талт гэрээ байсан учраас гэрээ байгуулагдаагүй. Байгуулагдаагүй учраас үйл ажиллагаа зөрчигдөж байна. Төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа хангалтгүй байна гэдэг үндэслэлээрээ Хяналтын хорооны шийдвэр гарсан. Шийдвэрээ Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын өөрийн чиг үүргийн дагуу Хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн захирамж гаргасан байгаа.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д нийтийн эрх ашгийг эрхэмлэх, олон нийтийн оролцоог хангах заалтуудыг баримтлаад олон иргэдийг одоог хүртэл хохироож байгаа. Энэ олон хүмүүсийн хохирлыг барагдуулах үүднээс, Дээрээс нь Нийслэл хотын хөгжлийн төлөвлөгөө, Засаг даргын төлөвлөгөөнд тусгагдсан орон сууцжуулах төлөвлөгөө, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тухайд төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагааны доголдол зөрчлөөс шалтгаалаад маш их хохирол үүсчихсэн энэ байдлуудыг засаж залруулахын тулд Хяналтын хороо хуралдаж шийдвэрээ гаргасан. Шийдвэрийг үндэслээд Засаг дарга захирамжаа гаргасан. Тэгэхээр төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш хохироод байгаа иргэдийн хохирлыг барагдуулах, төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалснаар дараагийн төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгараад үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Одоо ингээд байгаад байна гэдэг нь иргэн орон гэргүй, амьдрах газаргүй хохирсоор л байна. Ганц Г.М биш олон хүн гарын үсэг зурчихсан байгаа. Засаг дарга томилогдонгуут эд нар очоод өдөр тутмын хурал цуглаан хийгээд, жагсаал хийгээд гомдлоо гаргаад явдаг. Энэ болгоныг таслан зогсоох, цаашид төслийг илүү эрчимжүүлэх цааш нь үргэлжлүүлэх шаардлагын дагуу Хяналтын хороо хуралдаж бүх төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагааны тайлан хэлэлцдэг байгаа.

Хяналтын хорооны бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдсан. Хяналтын хорооны шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах захирамж гарсан. Шүүх шийдвэрээ гаргахдаа энэ олон иргэдийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд итгээд төсөл хэрэгжүүлэгчийг өөрсдөө 80 хувь саналаар сонгоод, төсөл хэрэгжүүлэгчийг батламжлаад энэ олон жил орон байраа хүлээж байгаа иргэдийн саналыг харгалзан үзээсэй.” гэв.

Гуравдагч этгээд “АГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхтулга шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... АГ ХХК нь “А-Ө” ХХК-тай хамтран 2014 оноос хойш Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар тогтоосон байршлын ХЕТ-2013 “И” хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэгчээр шалгаран үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №A/465 тоот захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч төсөлд хамрагдах иргэн, аж ахуй нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээ байгуулан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллгааны журам”-ын дагуу дахин төлөвлөлтийн ажлыг зохион байгуулан ажиллаж байсан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №02/6 дугаар хурлын шийдвэрээр манай компанийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн , Орон сууцны 7 дугаар хорооллын “И” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь хууль бус үйлдэл байх тул тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” шийдвэрээр “А-Ө” ХХК болон “АГ” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн , Орон сууцны 7 дугаар хорооллын “И” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна. Энэхүү шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хууль бус гэж байна.

Хяналтын хороо нь “АГ” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захиргааны шийдвэр буюу захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй байдаг. Тус захиргааны акт гарснаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан /сөрөг нөлөөлөл бүхий/ захиргааны акт гарч байгаа тохиолдолд захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу “АГ” ХХК-д төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай сонсон ажиллагааг явуулснаар манай компанийн зүгээс тайлбар хийж, сонсгох эрхээ хэрэгжүүлэх, цаашлаад Захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлөх чухал ач холбогдолтой байх тул сонсох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. Гэтэл “АГ” ХХК-ийн яг ямар үйлдэл, үйл ажиллагаа нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэл болж буйг хяналтын хорооны шийдвэрийн үндэслэл болж буй талаар тайлбар байхгүй, мөн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай шийдвэр гарах гэж буй тухай мэдэгдээгүйгээс манай компанийн зүгээс тайлбар, санал гаргаж өгөх боломжгүй болж, сонсох эрхээ хэрэгжүүлж чадаагүй.

Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн , Орон сууцны 7 дугаар хорооллын “И” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэхээр “А-Ө” ХХК болон “АГ” ХХК-иудын түншлэл шалгарсан байхад тус төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан Хяналтын хорооны 2018 он 12 дугаар сарын 03-ны өдрийн № 02/6 дугаар хурлын шийдвэрт “АГ” ХХК-ийн талаар огт дурдаагүй байна.

Аливаа төрийн байгууллагаас гарч буй шийдвэр нь үндэслэл бүхий, хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гарсан бусад хэм хэмжээны актад нийцсэн байх шаардлагатай. Гэтэл Хяналтын хорооны “И” хэсэгчилсэн талбайд хамаарах хэсгийн шийдвэрийн гол үндэслэл нь иргэн Г.Мы тайлбар байх бөгөөд “АГ” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн , Орон сууцны 7 дугаар хорооллын “И” хэсэгчилсэн талбайд Г.Мы эзэмшил газар хамаарч байгаа эсэх, тухайн иргэнтэй гурвалсан гэрээ байгуулсан эсэхийг тодруулахгүйгээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэрийн үндэслэлийг Г.Мы тайлбарын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль бус байна. Гэр хорооллын газрыг Дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь 80-аас доошгүй хувийн газар, үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээ байгуулна” гэж заасан ба гурван талт гэрээг Нийслэлийн Засаг дарга, “АГ” ХХК, Г.М нарын хооронд байгуулаагүй тохиолдолд иргэний өмнө үүрэг хүлээхгүй болох юм. Мөн түүнчлэн, Хяналтын хорооны хурлын тэмдэглэлд дурдсанаар уулзалтад оролцогч иргэний төлөөлөлд Ж.Т, өмгөөлөгч Н.Т, Н.Г, Н.Р, С.С, Д.Н, Б.Ц, Д.Н, Н.Снар багтаж байгаа боловч Зургаадугаар асуудал болох Сүхбаатар дүүргийн Орон сууцны 7 дугаар хорооллын “И” хэсэгчилсэн талбайн төслийн хүрээнд тайлбар гаргасан иргэн нь Г.М буюу иргэний төлөөлөлд багтаагүй иргэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №02/6 дугаар хурлын шийдвэр болон хурлын тэмдэглэлийг манай “АГ” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлснээр анх мэдсэн болно.

Иймд, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №02/6 дугаар хурлын шийдвэр нь хууль бус, “АГ” ХХК-ийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн байх тул дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хяналтын хорооны шийдвэрийг анх “А-Ө” ХХК нь 2020 оны 1 дүгээр сард нэхэмжлэлийг гаргаад Хяналтын хорооны шийдвэрийг гаргуулахаар гол хэрэг хянан шийдвэрлэх чухал ач холбогдол бүхий шийдвэрийг гаргахгүй явж явж байгаад анхан шатны шүүхийн шийдвэр гарч, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаагдаад дахиад анхан шатны шүүхийн шийдвэр гарах гэж байхад 2021 оны 8 дугаар сард анх хяналтын хорооны шийдвэр ирсэн. Тэр шийдвэрийг нь харж уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

“А-Ө” ХХК болон “АГ” ХХК-ийн хамтарсан түншлэл энэхүү төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан байхад зөвхөн хариуцагчийн зүгээс гаргаж байгаа тайлбарын хүрээнд “А-Ө” ХХК-д мэдэгдэж байсан, удаа дараа хариу тайлбаруудыг ирүүлж байсан гэдэг боловч “АГ” ХХК-ийн эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа манай компанийн тухайд ямар нэгэн байдлаар танай эрхийг цуцлах гэж байна гэдэг агуулгатай мэдэгдлийг огт хүргүүлж байгаагүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “А-Ө” ХХК болон АГ ХХК-иуд нь хоёр тусдаа өөр үйл ажиллагааны чиглэлтэй гүйцэтгэх захирал болон захирлууд нь тусдаа компаниуд байгаа.

Түншлэл гэдэг нэрийн дор зөвхөн “А-Ө” ХХК биш. Эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа “А-Ө” ХХК болон “АГ” ХХК-иудын аль аль компаниудад нь мэдэгдээд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсгох ажиллагааг явуулах шаардлагатай байсан гэж үзэж байгаа. Энэхүү сонсгох ажиллагааг явуулсан тохиолдолд манай компанийн зүгээс тайлбар хийж сонсгох эрхээ хэрэгжүүлэх, захиргааны байгууллагыг хууль ёсны шийдвэр гаргахад нь чиглүүлэх чухал ач холбогдолтой байтал манайхаас энэхүү сонсгох ажиллагааг явуулаагүй.

Хариуцагчийн зүгээс Г.Мы саналыг нь үндэслээд Хяналтын хорооны шийдвэр гарсан гэж манайхыг ойлгож байна гэж тайлбарлаад байх шиг байна. Манайх Г.М гэж хүний саналаар шууд цуцалсан гэж хэлээгүй. Г.Мы тайлбарыг үндэслээд цуцалсан байна гэдгийг хэлээд байгаа. Хурлын тогтоолын эхний хэсэг дээр оролцож байгаа иргэдийн төлөөлөгчид болон хяналтын хорооны гишүүдийн нэрсийг жагсааж бичсэн байгаа. Түүн дотор Г.М гэж хүний нэр нь байхгүй. Анх хурлын тогтоол буюу хяналтын хорооны хурал болж байх үед Г.М гэж хүн нь иргэдийн төлөөллийн дунд байгаагүй байж байгаад гэнэт манай хэсэгчилсэн талбайтай холбоотой шийдвэр дээр Г.М гэж хүний нэр гарч ирж энэ хүний тайлбар нь өөрөө цуцлах саналтай байна гэдэг тайлбар байгаад тэр тайлбарыг үндэслээд цуцалсан шийдвэр гаргачихлаа гэдэг зүйлийг манай зүгээс яриад байгаа.

А/1190 тоот захирамжийг хүчингүй болгуулж байгаатай холбогдуулаад үүн дээр гэр хорооллын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т заасныг үндэслэсэн байсан. Энэ үндэслэлээр цуцалсан гэж байгаа тохиолдолд ноцтой зөрчлүүдийг арилгах болоод гаргасан гэдэг дүгнэлтээ, аль эсвэл хавтаст хэрэгт авагдах ёстой байсан боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгааг шүүхийг анхаарч үзэхийг хүсч байна.

“А-Ө” ХХК нь нийт анх 6 хэсэгчилсэн талбай дээр эрх авсан байсан. Манай дээр бол зөвхөн И байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хохирсон гээд байгаа иргэд цуцалсан И, Ө хэсэгчилсэн талбайтай бол хамааралгүй байна. Нэхэмжлэхийн шаардлагад хамаарахгүй талбай дээр гэрээ байгуулчхаад гэрээ байгуулсныхаа үндсэн дээр хохирлоо гэдэг гомдол гаргаад байна. Энэ хүмүүс А/1190 дүгээр захирамжтай холбоотойгоор хохирч байгаа иргэд бол биш байна гэдэг Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан байж байгаа.

 “АГ” ХХК, “А-Ө” ХХК хамтарсан түншлэл гэр хорооллын дахин төлөвлөх эрхийг авсан байхад зөвхөн “А-Ө” ХХК-ийн нэр дээр цуцалж байгаа асуудлыг ярьж байгаа. Хяналтын хорооны шийдвэр ч гэсэн зөвхөн “А-Ө” ХХК гэж гараад эрх ашиг нь зөрчигдөж байгаа “АГ” ХХК ямар нэгэн байдлаар огт мэдэгдээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа. Эрх ашиг нь зөрчигдөж байгаа “АГ” ХХК дээр ямар нэгэн байдлаар мэдэгдэл хийгээгүй байгаа гэдгийг бас анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн дээрээс нь захирамжаар цуцлахдаа гурвалсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр цуцлаад байгаа. Гэтэл Засаг даргад хуулиараа болон журмаараа гурвалсан гэрээ байгуулах үүрэг нь оногдсон байхад манайхыг гэрээ байгуулаагүй байтал байгуулаагүй гэрээний үүргийг зөрчсөн байдлаар тайлбарлаж эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй байна” гэв. 

Иргэдийн төлөөлөгч Ц.Д дүгнэлтдээ: “...Миний бие “А-Ө” ХХК нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт төлөөлөгчөөр оролцож байгаа шүүх хуралдааны үйл явцыг дүгнээд хэлэхэд маргаан бүхий актаар маргаж байгаа. Маргаан бүхий актын үндэслэл нь “А-Ө” ХХК үйл ажиллагаа зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр гаргасан байна. Шүүх хуралдааны явцад иргэдийн төлөөлөгчийн зүгээс хараад үзэхэд үйл ажиллагааны зөрчил гаргасан. Гэхдээ гурван талт гэрээ байгуулаагүй гэдэг үүднээс нь нэхэмжлэгч компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь буруу юм болов уу, Шүүх шийдвэр гаргахдаа Хяналтын хорооны шийдвэрт нь үндэслэж гарж байгаа маргаан бүхий актын үндэслэл шаардлагыг авч үзээсэй гэж бодож байна. Хэдийгээр үйл ажиллагааны зөрчил гаргасан хэдий ч “А-Ө” ХХК-ны ард олон хүний ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас “А-Ө” ХХК гаргасан нэхэмжлэлийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “А-Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этээд “АГ” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А-Ө” ХХК нь тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2019 оны сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “…Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг огт хийгээгүйгурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах үүрэг нь Нийслэлийн Засаг даргад оногдсон гэтэл гурван талт гэрээ байгуулаагүй гэдгээр үндэслэл болгосон нь хууль бус” гэж, гуравдагч этгээд “АГ” ХХК “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны дугаар сарын 3-ны өдрийн 02/6 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гаргаж түүний үндэслэлээ “…сонсох ажиллагаа явуулаагүй…“АГ” ХХК-ийн яг ямар үйлдэл, үйл ажиллагаа нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэл болж буй нь ойлгомжгүй,“А-Ө” ХХК болон “АГ” ХХК-иудын түншлэл шалгарсан байхад тус төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан Хяналтын хорооны 2018 он 12 дугаар сарын 03-ны өдрийн № 02/6 дугаар хурлын шийдвэрт “АГ” ХХК-ийн талаар огт дурдаагүйНийслэлийн Сүхбаатар дүүргийн , Орон сууцны 7 дугаар хорооллын “И” хэсэгчилсэн талбайд Г.Мы эзэмшил газар хамаарч байгаа эсэх, тухайн иргэнтэй гурвалсан гэрээ байгуулсан эсэхийг тодруулахгүйгээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь хууль бус…” гэж тодорхойлсныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...”АГ” ХХК-иас нэг ч тайлан авч байгаагүй учраас бие даасан ХХК гэж ойлгохгүй, “АГ” ХХК-тай гэрээ байгуулсан иргэн ч байхгүй, ямар нэгэн баримт ч байхгүй... Иргэн Г.Мы саналаар шийдвэр гарсан нь үнэн...3 талт гэрээ байгуулагдаагүй, төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа хангалтгүй байна гэдэг үндэслэлээр Хяналтын хорооны шийдвэр гарсан...” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/465 дугаар “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” захирамжаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2014 оны  5 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн С, хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “И” хэсэгчилсэн талбайд, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хайлааст” орчим ГХДТ-2013/4 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А-Ө” ХХК болон “АГ” ХХК-иудын түншлэл шалгарсныг батламжилж, захирамжийн 2 дахь заалтаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж ажиллахыг Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Г/-т даалгаж шийдвэрлэсэн,

Үүний дагуу “А-Ө” ХХК, “АГ” ХХК-иудын түншлэлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоосон байршлын ХЕТ-2013-1 багцын “И” хэсэгчилсэн талбай, ГХДТ2013/4 багцын 15 га хэсэгчилсэн талбайд тус тус төсөл хэрэгжүүлэгчийн “Батламж” олгосон,

Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/288 дугаар “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” захирамжаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу С,, хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “М, Ж, Ө” хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А-Ө” ХХК-ийг шалгарсныг батламжилж, захирамжийн 2 дахь заалтаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан, төсөлд хамрагдах, иргэн аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллгааны журмыг тус тус мөрдөж ажиллахыг Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Г/-т даалгасан,

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 03/276 “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар хуралдаанаар “...төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа боловч төслийн ажлыг эхлээгүй” гэх үндэслэлээр “А-Ө” ХХК-ийн “М, Ж” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан, эдгээр үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Нэг. А-Ө” ХХК-ийн гаргасан, “Нийслэлийн Засаг даргын 2019 оны сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны сарын 13-ны өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/1190 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2, 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн , Орон сууцны VII хорооллын И, Ө хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “А-Ө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллгааны зөрчил удаа дараа гаргасан тул тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжийн 3 дахь заалтаар “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/465, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/288 дугаар захирамжуудыг хүчингүй болсонд тооцсугай гэж шийдвэрлэсэн  байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл…-ийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь  барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална”, 5.3-т “Гурван талт гэрээнд заасан нөхцлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус заажээ.

Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч “А-Ө” ХХК-ийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан гэж үзэж түүний төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байх боловч дээр дурдсан нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж шүүх дүгнэв.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан ба хуулийн дээрх заалтаас үзвэл захиргаа аливаа шийдвэр гаргахын өмнө тухайн шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгаж тогтоох учиртай атал хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт гаргахдаа хуулийн дээрх заалтыг зөрчиж, тухайн шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

Тухайлбал, хариуцагч маргаан бүхий захиргааны актаар, Сүхбаатар дүүргийн , Орон сууцны VII хорооллын И, Ө хэсэгчилсэн талбайд зөвхөн “А-Ө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан боловч Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/465 дугаар захирамжаар ХЕТ-2013-1 багцын “И” хэсэгчилсэн талбайд “А-Ө” ХХК болон “АГ” ХХК-иудын түншлэлд эрх олгогдсон байхад чухам ямар үндэслэлээр зөвхөн “А-Ө” ХХК-ийн эрхийг цуцалсан, ийнхүү цуцалсан тохиолдолд түншлэгч этгээд болох “АГ” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрх хэрхэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А-Ө” ХХК “АГ” ХХК-иудын түншлэлийг шалгаруулсан атлаа түншлэлийн нэг этгээд болох “АГ” ХХК-ийн талаар дурдалгүйгээр зөвхөн “А-Ө” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “А-Ө” ХХК болон “АГ” ХХК-ийн түншлэл нь ХЕТ-2013-1 багцын “И” хэсэгчилсэн талбайд, “А-Ө” ХХК дангаараа С,, хорооны нутаг дэвсгэр “Орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “М, Ж, Ө” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан байхад маргаан бүхий захирамжаар “И, Ө” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх “А-Ө” ХХК-ийн эрхийг зөвхөн цуцалсан нь бодит нөхцөлд тохироогүйн дээр захиргаа сонгох боломжийг хэрэглэхдээ өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас тухайн хууль бус захиргааны актыг гаргасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагчаас “…гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэж нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тухайд, хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч гуравдагч этгээд нар нь төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газартай гурван талт гэрээ байгуулаагүй нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй, нөгөө талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мгаас 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн албан бичигт “Сүхбаатар дүүргийн , Орон сууцны 7 дугаар хорооллын “И, Ө” хэсэгчилсэн талбайн газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нарын хооронд “А-Ө” ХХК-тай хоёр талт гэрээнээс өөр гэрээ хийгдээгүй байна” гэж тодорхойлсон болно.

Барилга, хот байгуулалт сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 1.2-т “Энэхүү журмыг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй дагаж мөрдөнө”, 2.18-д “Санал хураалтын дүнд хамгийн өндөр хувийн санал авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангасан төсөл боловсруулж, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Хот, сууриын газрын дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”-ын дагуу гэрээ байгуулна”, 3.4-т “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2г-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь 80-аас доошгүй хувийн газар, үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээг байгуулна” гэж тус тус заасан.

Түүнчлэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлийн 11.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар, тухайлбал хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 11.2-т газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулах”-аар заасан бөгөөд үүнээс үзвэл гурван талт гэрээ байгуулах үүрэг нь хариуцагч захиргааны байгууллагад байх бөгөөд гурван талт гэрээ байгуулаагүй, энэ үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн илт үндэслэлгүй.

Нөгөө талаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь  барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон…тохиолдолд эрхийг нь цуцлахаар журамласан боловч энэ маргааны тухайд “...зөрчил удаа дараа гаргасан” талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр  Нийслэлийн Засаг даргын 2019 оны сарын 13-ны өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/1190 дүгээр захирамж хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Гуравдагч этгээд “АГ” ХХК-иас гаргасан,Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны дугаар сарын 3-ны өдрийн 02/6 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Хяналтын хороо байгуулах тухай” А/180 дугаар захирамжаар Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайн төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьж, иргэдээс ирүүлсэн санал, гомдол, хүсэлтийг судлан, нөхөн олговрын хэмжээ тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хяналтын хороо”-г дарга Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Б, гишүүд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаГ.Ө, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.*******, Нийслэлийн Гэр хорооллын дуд бүтцийн газрын дарга Ч.Б, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Т, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.А, Төсөл хэрэгжүүлэх талбай тус бүрд иргэдийн төлөөлөл /тохиролцсоноор/, нарийн бичгийн дарга Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.А******* нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан,

Тус Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны зөрчил гаргасан, гэрээний үүргийн биелэлтийг хангалтгүй биелүүлсэн Сүхбаатар дүүргийн , Орон сууцны VII хорооллын И, Ө хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “А-Ө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, уг төсөл хэрэгжүүлэх талбайд дахин урилга зарлахаар шийдвэрлэсэн байна

Уг Хяналтын хорооны тухайн өдрийн хуралд иргэний төлөөлөгчөөр Ж.Т, өмгөөлөгч  Н.Т, Н.Г, н.Р, С.С, Д.Н, Б.Ц, Д.Н, Н.Снарын нэр бүхий иргэд оролцсон гэж тэмдэглэлд тусгасан атлаа Сүхбаатар дүүргийн Орон сууцны 7 дугаар хорооллын “И” хэсэгчилсэн талбайн төслийн хүрээнд иргэн Г.Маас “...Цуцлуулах саналтай байна. Мөн дээрээс нь 5 жилийн хугацаанд хүлээсэн сэтгэл санааны хохирол, залилан мэхэлсэн дээр нь арга хэмжээ авч өгнө үү” гэсэн тайлбар санал гаргасныг хүлээн авч Хяналтын хороо уг дүгнэлтийг гаргасан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгчээс тухайн иргэнийг тус төслийн талбайд хамаарах нутаг дэвсгэрт оршин суугч биш гэж тайлбар гаргасан ба тус хуралдааны тэмдэглэлд энэ талаар тодорхой тусгаагүйгээс тухайн иргэн нь “И” хэсэгчилсэн талбайд хамаарал бүхий этгээд мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, ямар учраас уг хүн тухайн компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах хүсэлт гаргасан, уг хүсэлт үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоох, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, зөвхөн түүний саналд үндэслэн шийдвэр гаргасан нь “Хяналтын хорооны дүрэм”-ийн 1.1-д “Энэхүү дүрмээр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.а, 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх, нөхөх олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хйх ажлыг зохион байгуулах Хяналтын хорооны үйл ажиллагааг зохицуулахад оршино”, 3.2.4-т “Төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавихтай холбоотой хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа явуулах” гэж заасныг зөрчсөнөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д нийцээгүй, үүний улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, иргэн Г.Мы гаргасан тайлбар саналыг Хяналтын хороо хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, нөгөө талаар тухайн иргэн нь 7 дугаар хорооллын “И” хэсэгчилсэн талбайн төслийн хүрээнд хамаарах асуудлаар санал тайлбар гаргасан нь үндэслэлтэй эсэх талаар маргаан бүхий захиргааны акт болох Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрт  огт дурдаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Г.М нь А******* ******* гудамжийн ******* тоотод хаягийн бүртгэлтэй амьдардаг, 2013 оны сарын 11-ний өдрийн 6/381 Б дугаартай гэрээг “А-Ө” ХХК-тай байгуулсан...тухайн хяналтын хорооны нарийн бичгийн даргын техникийн алдаанаас болоод тэр хүний нэр бичигдээгүй орхигдсон” гэж тайбарласан боловч энэ нь “А-Ө” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүргүүлсэн7 дугаар албан бичигт “...“Ж” хэсэгчилсэн талбайд С.С*******, С.Х******* нарын, “Ө” хэсэгчилсэн талбайд Б.Ц*******ын 3 нэгж талбарыг чөлөөлсөн...” гэж дурдсанаар үгүйсгэгдсэн, үүнээс үзвэл Г.М нь нэхэмжлэгч компаниас төсөл хэрэгжүүлэгчээс татгалзсан талбайд хамааралтай асуудлаар санал гаргасан байхад түүнийг нягтлан шалгалгүйгээр түүний саналаар маргаан бүхий дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар дүгнэлтэнд “нэхэмжлэгч компанийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны зөрчил гаргасан, гэрээний үүргийн биелэлтийг хангалтгүй биелүүлсэн” гэж дүгнэсэн боловч ямар зөрчил гаргасан болох, гэрээний аль зүйл заалтыг хэрхэн хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн, энэ нь төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах дүгнэлт гаргахуйц зөрчил мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл мөн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д.”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 26.2-т ”Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд... хүргүүлнэ...” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох “А-Ө” ХХК-д Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/286 дугаар албан бичгээр, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03/29 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн байх боловч “А-Ө” болон “АГ” ХХК-иуд ХЕТ-2013-1 багцийн “И” хэсэгчилсэн талбайд түншлэлээр орсон байхад тус талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж байгаа тохиолдолд эрх ашиг зөрчигдөж буй “АГ” ХХК-д хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг журмын дагуу явуулаагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн...маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; мөн хуулийн6.3.1-д “захиргааны акт... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор заасан.

Маргаан бүхий захиргааны акт болох Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, Нийслэлийн Засаг даргын 2019 оны сарын 13-ны өдрийн А/1190 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар дүгнэлт нь тус тус хууль бус, эдгээр хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг захирамж болон Хяналтын хорооны дүгнэлтийг бүхэлд нь  хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Даас “...Шүүх шийдвэр гаргахдаа Хяналтын хорооны шийдвэрт нь үндэслэж гарж байгаа маргаан бүхий актын үндэслэл шаардлагыг авч үзээсэй гэж бодож байна... “А-Ө” ХХК-ийн ард олон хүний ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас “А-Ө” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүхийн энэ шийдвэрээр иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт хангагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1,6.3.2,6.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлийн 11.1, 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн  26.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А-Ө” ХХК-иас гаргасан нэхэмжлэл болон гуравдагч этгээд “АГ” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны сарын 13-ны өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/1190 дүгээр захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН

                                            ШҮҮГЧ                      Б.АДЪЯАСҮРЭН

                                              ШҮҮГЧ                      Т.МӨНХ-ЭРДЭНЭ