Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/шш2021/0831

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.С

Хариуцагч: Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Р

Гуравдагч этгээд: Ж.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “...Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн, Физик технологийн хүрээлэнгийн захирал томилсон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын санал хураалтыг хүчингүй болгуулах, уг санал хураалтыг 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэн ухааны академийн Ерөнхийлөгчид даалгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжлэх Ухааны Академийн харьяа хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалт 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зарлагдаж, Шинжлэх Ухааны Академийн харьяа Физик, Технологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.С миний бие захирлын албан тушаалд нэрээ дэвшүүлж, тавигдах шаардлагыг хангасан талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн уг сонгон шалгаруулалтанд оролцсон. Захирлын албан тушаалд тавигдах шаардлага хангасан нэр дэвшигчдийн хууль, эрх зүйн мэдлэг, монгол хэлний бичгийн чадвар, цахим орчин, компьютерийн хэрэглээний программ ашиглах чадварын шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөл дээр өгч, тэр өдрөө Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газарт ярилцлагад орсноор эхний шатанд тэнцсэн. Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаас баталсан “Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ын 2.4.7-д “Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна.” гэсэн байх тул “Үндэсний тэргүүлэх эрдмийн байгууллагын сүлжээнээс олон улсын эрдмийн байгууллагын сүлжээнд өрсөлдөх чадвар бүхий тогтолцоо руу” хэмээх өөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө Физик технологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулахаар бэлтгэж байсан. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн захирал сонгон шалгаруулах комиссоос Ковид-19 цар тахлын энэ үед нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг танхимаар болон Zoom-ээр зохион байгуулна гэж байсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Физик технологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон нэрийн дор бүх ажилтнуудыг оролцуулж санал хураалт явуулсан. Өөрөөр хэлбэл нийт ажилчдын хурал хийж, эрдэм шинжилгээний ажилтнуудаас гадна захиргаа аж ахуйн ажилтнууд, үйлчилгээний ажилтнууд, тэтгэвэрт гарсан ажилтнууд, гэрээт ажилтнуудыг оролцуулан хууль бус ирцтэйгээр санал хураалтыг явуулсан.

Энэхүү санал хураалтанд нийт 86 хүн оролцсоноос 75 хүн саналаа өгч, 11 хүн санал өгөхөөс татгалзсан буюу санал хураалтыг эсэргүүцсэн, учир нь эрдмийн хамт олонд хамаарах эрдэм шинжилгээний ажилтнууд 56 хүн байхад дээрээс нь ня-бо, нярав, үйлчлэгч, жолооч зэрэг аж ахуй, үйлчилгээний 20 ажилтан, төслийн 8 гэрээт ажилтан, тэтгэвэрт гарсан 2 хүнийг гаднаас дуудаж нийт 30 хүнийг нэмж оролцуулан санал өгүүлж байгаа нь журмаа зөрчсөн, илт хууль бус санал хураалт болж байна гэсэн. Энэ талаар би Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рд 2021 оны 3 дугаар сарын 10, 11-ний өдөр бичгээр гомдол гаргаж, зөвхөн эрдмийн хамт олныг оролцуулан ахин санал хураалт явуулахыг хүссэн. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.3.Эрдэм шинжилгээний байгууллага нь өөрийн эрхэлсэн салбарын эрдэмтэн, мэргэжилтнийг оролцуулсан шинжилгээний ажлын чиглэл болон хэрэгжүүлж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион судалгаа, бүтээх ажлын явц, үр дүнг хэлэлцэн, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Эрдмийн зөвлөл байгуулан ажиллуулна гэсэн байдаг бөгөөд Физик технологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл нь доктор зэрэгтэй 25 гишүүнээс бүрддэг, харин Эрдмийн хамт гэдэгт Эрдмийн зөвлөлийн 25 гишүүнээс гадна магистр, бакалавр зэрэгтэй эрдэм шинжилгээний ажилтнууд хамаардаг. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.7. “эрдэм шинжилгээний ажилтан” гэж шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэдэг мэргэшсэн судлаачийг; хэлэх бөгөөд хуулиар тодорхойлсон эрдэм шинжилгээний туслах (ЭШТУА), дадлагажигч (ЭШДА), ахлах (ЭШАА) болон тэргүүлэх (ЭШТА) ажилтны зэрэг, дэвтэй, 4 жил тутамд БШУЯ-ны аттестатчилалд хамрагддаг, “Эрдэм шинжлгээний ажилтны ёс зүйн ерөнхий дүрэм”-ийг мөрддөг судлаач байна. БСШУ-ны сайдын 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 454 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ерөнхий дүрэм”-ийн 2.6-д “Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэг” гэж магистрын дипломын ажил, боловсролын доктор (PhD), шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг горилсон бүтээл, эрдэм шинжилгээний ном, товхимлд, судалгааны ажлын тайланг Эрдмийн хамт олны хурлаар хэлэлцэхийг хэлнэ гэснээс үзэхэд захиргаа, аж ахуйн ажилтнууд, гэрээт ажилтнууд нь эрдмийн хамт олонд хамаарахгүй юм. Түүнчлэн эрдэм шинжилгээний ажилтнууд ТҮШУ ангиллаар цалинждаг бол аж ахуйн ажилтнууд ТY ангиллаар цалинждаг ба аттестатчлалд огт хамрагддаггүй, эрдмийн хэлэлцүүлэгт орох эрхгүй болон судалгааны ажилд туслах ажилтнаар ч ажилладаггүй болно. Цаашилбал захирлын сонгон шалгаруулалтын зарлалд тухайн нэр дэвшигчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь Шинжлэх ухааны академ-ийн болон Физик технологийн хүрээлэнгийн 2020-2025 оны стратегийн төлөвлөгөө, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй уялдахыг шаардсан нь эрдмийн хэлэлцүүлэг болохыг гэрчилж байна.

Гэтэл Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Р 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Физик технологийн хүрээлэнгийн захирлаар Ж.Дг томилсон тушаал гаргаж, тухайн өдөр нь Физик технологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлаар батламжилсан нь журмаа зөрчсөн дүрмийн бус үйл ажиллагаа болсон. Миний гомдлын хариу ирээгүйг сануулж, сонгон шалгаруулалт маргаантай болсон байхад захирал томилсныг хүлээн зөвшөөрөхгүй талаараа Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дахин гомдол бичгээр гаргахад 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр захирал сонгон шалгаруулах ажлын комиссын ахлагч Г.Чаас хариу бичиг өгсөн. Уг хариу бичигт дурьдснаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтнууд нь хүрээлэнгийн захирал буюу төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд саналын эрхтэй оролцох эрх, үүрэгтэй гэх байдлаар тайлбарласан байна. Энэхүү тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Физик технологийн хүрээлэн гэх байгууллага нь Засгийн газрын тогтоолоор үүсгэн байгуулагдсан, Шинжлэх ухааны академийн харьяанд хамаарагдах салбар хүрээлэн гэх статустай, хуульд зааснаар эрдэм шинжилгээний байгууллага болно. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал; төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллана гэсэн байх боловч чадахуйн зарчмаар иргэнийг захирлын албан тушаалд сонгон шалгаруулдаг, нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдсан тусгай журамтай, захирлын албан тушаалын жишиг тодорхойлолттой, эхний шатны сонгон шалгаруулалт нь Төрийн албаны зөвлөлийн оролцоотой явагддаг буюу захиргааны байгууллагуудын харилцан туслах чиг үүрэгтэй, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль, дүрэм, журамд заасан үйл ажиллагааны хүрээнд нийтийн эрх хэм хэмжээгээр зохицуулагддаг зэргээс үзэхэд Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн захирал сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа нь захиргааны үйл ажиллагаа юм.

Түүнчлэн Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ын 3.2.-т “Захирлыг томилохоос өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.57-д заасан мэдүүлгийг холбогдох байгууллагаас авсан байна.” гэсэн нь Физик технологийн хүрээлэн-ийн захирал нь нийтийн албан тушаалтан болохыг тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд Шинжлэх ухааны академ-ийн хүрээлэнгийн захирал сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагаа нь иргэний сонгогдох эрхэнд хамаарах гадагш чиглэсэн, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болохын хувьд уг ажиллагаанд оролцохоор хүсэлт гаргаж, материалаа өгсөн, шалгалтанд тэнцсэн иргэнтэй холбогдох харилцаа Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдах учиртай байтал Хөдөлмөрийн хуулийн заалтыг баримтлан холбогдох журмын заалтыг илтэд гуйвуулан иргэн миний сонгогдох эрхийг дордуулж, хууль бусаар санал хураалт явуулсан гэж үзэж байна. Энэ асуудал бол миний болон Физик технологийн хүрээлэнгийн нийт ажилтнуудын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал биш байтал Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа нийт ажилтны эрх, үүргийг хязгаарлахгүй гэх агуулгаар үйлчлэгч, жолооч зэрэг мэргэжлийн бус хүмүүсийг зориудаар оролцуулж, санал хураалтыг будлиантуулсан.

2015 онд Шинжлэх ухааны академ-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтанд оролцож, Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн хурлаар санал хураахад өрсөлдөгчөөсөө илүү санал авч, протоколд бичигдэж танилцуулагдсан боловч Шинжлэх ухааны академийн академич Д.Р тэргүүтэй эрх бүхий хүмүүс тухайн санал хураалтыг хүчингүй хэмээн будлиантуулж, дахин санал хураалт явуулсан. Энэ талаар би тухайн үед Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд асан Л.Г*******т гомдол гаргаж байсан бөгөөд миний гомдлыг судалж, Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газраас тайлбар авч, хариу өгсөн тус яамны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Д нь өнөөдөр Физик технологийн хүрээлэн-ийн захирлаар томилогдон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Шинжлэх ухааны академийн одоогийн ерөнхийлөгч Д.Р, Физик технологийн хүрээлэн-ийн томилогдсон захирал Ж.Д нар нь 2015 оноос хамтарч ажиллаж ирсэн, албан тушаалын сүлжээ үүсгэж, сонгон шалгаруулалтын булхай, будлиан зохион байгуулдаг гэж хардаж байна. Тухайн үедээ би шүүхэд хандаагүй, цаг хугацаа өнгөрөхөд засагдах байх гэж найдсан боловч өнөөдөр буюу 6 жилийн дараа ч нөгөө бүлэг хүмүүсийн нөлөөлөл, албан тушаалд ээлжлэн хууль бусаар томилогдох үзэгдэл хэвээр үргэлжилж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгон шалгаруулалт нь гурван үе шаттай. Сонгон шалгаруулалтаас томилно гэж байгаа. Өөрөөр хэлбэл албан тушаалд томилох хамгийн сайн шаардлагыг хангасан эрдэмтнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулаад томилно гэсэн ийм үйл баримтын дараалалтай.

Захирлын сонгон шалгаруулалтын журам дээр 60 оноо авсан нэр дэвшигч нь цааш нь мөрийн хөтөлбөрөө Эрдмийн хамт олонд танилцуулна гэсэн заалт байгаа. С.Сгийн хувьд 65 оноо авсан. Өөрөөр хэлбэл эхний 2 шатаа давчихсан. Мөн хариуцагчаас тайлбараа энэ журмын 2.7-д эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг эрдмийн хамт олонд танилцуулаад цааш нэр дэвшигч хоёр хүний мэдээллийг Ерөнхийлөгчид явуулаад ерөнхийлөгч нь нэг ёсондоо саналыг нь харгалзаж байгаад сонгодог юм аа. Тийм учраас хариуцагчийн гаргаад байгаа тайлбар нь С.С, Ж.Дгаас өндөр оноо авсан байсан ч гэсэн захирлаар томилох эрх мэдэл нь 2.4.8-д заасны дагуу манай ерөнхийлөгчид байгаа. Бид бүхэн эрдмийн хамт олны саналыг харгалзаж байгаад томилно гэсэн тайлбарыг өгч байна. Гэтэл Шинжлэх ухааны академи гэдэг нь нийтийн эрх зүйн байгууллага, тусдаа эрх зүйн хууль, дүрэм, журамтай, журмынхаа дагуу томилох ёстой. Хариуцагч байгууллагад нийтдээ 96 хүн ажилладаг юм байна. Гэтэл өөрсдөө гэрээт ажилтнуудаа дотор нь хоёр хуваагаад манай талд өгөх хүмүүс нь эд нар, нөгөө талд өгөх хүмүүс нь эд нар гэсэн байдлаар өөрсдөө хүмүүстээ ялгамжтай хандчихаад хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гэдэг тайлбар хэлж байгааг үндэслэлгүй гэж харж байна. Шинжлэх ухааны академи нь захирлыг сонгон шалгаруулахдаа бодит нөхцөл байдал зорилгодоо нийцсэн акт үндэслэлүүдийг ерөнхий хуульд заасан зарчмуудаа баримтлаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заагдсан шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах хуулийн заалтуудыг баримталж ажиллаагүй, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаандаа сонсгох, мэдэгдэх зарчмуудыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Учир нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь захиргааны байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийг тодорхойлно. Сонсгох ажиллагааны талаар мэдэгдлийг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг дараах байдлаар хүргүүлнэ гэж хуульчилсан. Тухайн хуулийн 28 дугаар зүйлд ... гэж мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулахгүй байх нөхцөлүүдийг заасан байгаа. Энэ бүхнээс үзвэл хариуцагч нь мэдэгдэх сонсгох гэдэг зарчмыг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ байгууллагад ажиллаж байгаа бүх ажилчдыг оролцуулж, санал хураалтыг явуулсан байгаа. Эрдмийн хамт олон, эрдмийн гэдэг үгийг бид Я.Цэвэл агсны толь бичиг төдийгүй Монгол улсад дэлхий нийтийн хэмжээнд “эрдмийн хамт олон” “эрдмийн” “академик” гэдэг үгийг “судалгаа шинжилгээний ажил хийдэг боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг” агуулгаар ойлгож хэрэглэдэг.

Академик түвшин, академик үйл ажиллагаа гэдэг нь сургалт судалгааны хүрээнд ойлгодог. Шинжлэх ухааны академи нь сургалт судалгааны эрэлт хэрэгцээг хангадаг, нийтийн чиг үүрэгтэй байгууллага. Ийм чухал албан тушаалтныг сонгохдоо тэнд ажиллаж байгаа цэвэрлэгч, үйлчлэгч, жолооч, нярав гэх мэт үйлчилгээний ажилчдыг тус сонгон шалгаруулалтад оруулаад ажилчдад маш их хэмжээний мөнгөн урамшуулал олгож, эдгээр хүмүүсдээ нөлөөлсөн. Тусад нь эдгээр хүмүүсийг анги, танхимд оруулж байгаад санал хураалтыг нь авсан. Иймэрхүү байдлаар сонгуулийг нэлээн будлиулсан замаар санал хураалтыг зохион байгуулж өөрийн талын хүнийг гаргаж ирж С.Сгийн сонгогдох эрх боломжийг хөсөрдүүлсэн байдалтай санал хураалт явагдсан учраас энэ сонгуулийг хууль бус болсон гэж үзэж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т ...    Ардчилсан ёс гэдэг нь төрийн байгууллага өөрийн үйл ажиллагаанд байдаг суурь зарчим. Сонгууль, санал хураалт гэдэг нь ардчилал хэрэгждэг гол судас шөрмөс., ардчиллын амьсгал бол орж гарч байдаг...

Шүүхээс санал хураалтын материал дээр очиж, хэргийн материалд үзлэг хийсэн. Үзлэгийн материал дээр ******* доктор анализ хийгээд нийт 52 хүн тухайн үед академи дээр эрдмийн гэдэг статустай, эрдмийн хамт олныг бүрдүүлж ажиллаж байсан юм байна гэдгийг өөрөө судалгаагаараа гаргасан. Нийт 52 хүн байгаа. Иймд би дүрмийн бус сонгууль явагдсан гэж үзэж байна.” гэв.

Хариуцагч Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Р шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.11, Монгол улсын Шинжлэх ухааны Академийн дүрмийн 292 дүгээр зүйлд заасны дагуу Шинжлэх ухааны Академи нь харьяандаа Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан 14 эрдэм шинжилгээний хүрээлэнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсын Засгийн газрын 1997 оны 91 дүгээр тогтоолоор баталсан Монгол улсын Шинжлэх ухааны Академийн дүрмийн 303 дугаар зүйлд заасны дагуу Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч нь академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлыг томилж чөлөөлөх эрхийг хэрэгжүүлдэг. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухааны академийн дүрмийн дагуу академийн харьяа 14 эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын сонгон Тэргүүлэгчдийн хурлаар баталсан Шинжлэх ухааны академийн харьяа шалгаруулалтыг Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын дагуу 2021 оны 3 дугаар сард явуулсан. Тус шүүхэд Шинжлэх ухааны академийн харьяа Физик технологийн хүрээлэнгийн захиралд нэр дэвшсэн С.С тус хүрээлэнгийн захиралд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг танилцсан хамт олны хурлын бүрэлдэхүүнд зөвхөн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцох ёстой байтал нийт хамт олныг оролцуулсан нь журам зөрчсөн гэж үзжээ.

Хүрээлэнгийн захирал нь хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, хүний нөөц, захиргаа, санхүү, төсвийн зарцуулалт болон хамт олны өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангаж, хүрээлэнг дотоод, гадаадад төлөөлж ажилладаг учраас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг эрдмийн хамт олонд танилцуулж дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулахаар журамласан. Хүрээлэнгийн хамт олныг дотор нь ямар нэгэн нэршилээр хувааж ангилсан зүйл байхгүй тул хүрээлэнгийн хамт олныг шинжлэх ухаан эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг уламжлалаар л эрдмийн хамт олон гэж эртнээс нэрлэж ирсэн.

Тиймээс “эрдмийн” гэсэн тодотгол бол ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэх боломжгүй бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа нийт албан хаагчдыг “эрдмийн” гэж тодотгосон хэлц үгийн хэлбэр шинжийг агуулсан. Өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний хүрээлэн нь эрдэм шинжилгээний буюу академик байгууллагын хувьд тэнд ажиллаж буй нийт хамт олныг эрдмийн гэж тодотгосон. Нөгөө талаас нэр дэвшигчийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр бол эрдэм шинжилгээний бүтээл, тайлан биш учраас нийт эрдмийн хамт олонд танилцуулж, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулдаг. Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмын 2 дугаар зүйлийн 2.4.7-д Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна гэж заасан. Үүний дагуу Физик технологийн хүрээлэнгийн захиралд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэгт 80 хүн оролцсоноос 75 санал хүчинтэй, 5 санал хүчингүйд тооцогдсон. Үүнээс нэр дэвшигч Ж.Дг 52 ажилтан дэмжиж 65 хувийн санал, С.Сг 23 ажилтан дэмжиж 28,75 хувийн санал өгсөн байна. Журмын 2.4.8-д Эрдмийн хамт олон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг танилцаад дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн материалыг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн нэр дээр ирүүлнэ гэж заасны дагуу тус хүрээлэнгээс уг хурлыг явуулсан хурлын тэмдэглэл, санал хураалтын дүнг академийн ерөнхийлөгчид ирүүлсэн.

Журмын 3.1-д Эрдмийн хамт олны саналыг харгалзан Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч харьяа хүрээлэнгийн захирлыг томилох тухай тушаал гаргаж, академийн Тэргүүлэгчдэд мэдээлнэ гэж заасны дагуу академич Ж.Дг Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн захирлаар 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн томилсон.

Журмын 2.4.8 дахь зохицуулалтаар хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчдээс аль нэгийг нь сонгож хүрээлэнгийн захирлаар томилох эрхийг Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчид олгосон. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нь хүрээлэнгийн захирлыг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.37-д заасан чадахуйн буюу мерит зарчимд үндэслэн захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан эрдэмтнийг сонгон томилдог.

Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журамд заасны дагуу хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалт дараах 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан.

Иймд Шинжлэх ухааны Академийн Физик технологийн хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох асуудал нь холбогдох хууль тогтоомж, журмын дагуу явагдсан тул С.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чшүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Шинжлэх ухааны академын тэргүүлэгчид 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хуралдаж Үндсэн хууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухааны академын дүрэм, Шинжлэх ухааны академын тэргүүлэгчдийн газрын дотоод журамд нийцүүлэн Иргэний эрхийг хангах тогтолцоог бүрдүүлж хүний эрхийг хамгаалж Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцэж тогтоолын төслийг тэргүүлэгч гишүүдийн 100 хувийн саналаар баталсан.

Уг хуралдааны явцад: Академич, Шинжлэх ухааны академын дэд ерөнхийлөгч МУ-ын ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн ухааны шинжлэх ухааны доктор С.Н*******: Дэд ерөнхийлөгч Г.Чын журмын тухай танилцуулгыг сонслоо. Захиралд тавигдах шаардлага хангасан нэр дэвшигч хүрээлэнгийн хамт олонд мөрийн хөтөлбөрөө танилцуулна гэлээ. Уг журмын 2.4.7-д эхний шалгаруулалтанд тэнцсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээлэлийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна гэж заасан үүнд хамт олон, эрдмийн хамт олон хөтөлбөрийг хэлэлцэнэ, танилцуулна гэж зөрүүтэй яригдаад байна үүнийг нэг мөр болгох талаар үг хэлсэн, Дэд ерөнхийлөгч Г.Ч: С.Н******* академичийн асуултын тухайд хүрээлэнгийн захирал нь хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, хүний нөөц, захиргаа, санхүү төсвийн зарцуулалт болон өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж ажилладаг. Ер нь шинжлэх ухааны байгууллагуудын хамт олныг эрдмийн хамт олон гэж нэршлээд тогтчихсон эрдмийн хамт олон, хамт олон гэдэгт ялгаа байхгүй хүрээлэнгийн нийт ажиллагсдыг эрдмийн хамт олон гэж хэлж байгаа. Журамд нэр дэвшигч эрдмийн хамт олонд хөтөлбөрөө танилцуулна, танилцсан хөтөлбөрийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулна гэсэн бөгөөд Нийт ажиллагсдыг эрдмийн хамт олон гэж нэг мөр болгосон байна. Үүний дагуу Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Э.У******* 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болох хурлын зарыг хэлэлцэх асуудал, хуралд оролцох ажилтнуудын нэрс, зохион байгуулалтын талаарх зар мэдээлэлийг нийт ажилтнуудад цахимаар, цахим хаяггүй ажилтнуудад уламжлалт аргаар зар хүргүүлсэн. С.С нь уг зарыг цахимаар хүлээн авч хуралд хүрээлэнгийн нийт ажилтан нар оролцохыг мэдсэн бөгөөд шүүхэд гаргаад байгаа өөрийн сонгогдох эрх зөрчигдсөн одоогийн болзошгүй талаар гомдол гаргах боломжтой байсан бөгөөд гомдол санал гаргаагүй болно. Энэхүү эрдмийн хамт олны санал асуулга 14 хүрээлэнд журмын дагуу ижил явагдсан бөгөөд бусад хүрээлэнгийн эрдмийн хамт олноос гомдол нараагүй болно.

Ж.Д нь ажилтныг ажилд авах чөлөөлөх эрх нь хуулиар олгогдсон ажил олгогч бөгөөд хэдэн хүн ажилд орсон нь тухайн байгууллагын үйл ажиллагаа бөгөөд ажилд орсон хүмүүсийн ажилд орсон цаг хугацаанаас хамаарч хууль зөрчиж иргэний эрх, хүний эрхийг хязгаарласан үйл ажиллагаа явуулж болохгүй юм. Сонгон шалгаруулалтын журмын 2.4.7-д эхний шалгаруулалтанд тэнцсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээлэлийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна гэж заасан. Санал асуулгыг зохион байгуулах ажил нь Шинжлэх ухааны академын ерөнхийлөгчид хамааралгүй.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...сонгон шалгаруулалтын гуравдугаар шатанд сонгон шалгаруулалтад оролцсон бүх нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хамт олонд танилцуулаад 5, 6, 7, 8 нэр дэвшигч нар байсан ч гэсэн хамгийн өндөр оноо авсан хоёр нэр дэвшигчийн материалыг академийн ерөнхийлөгчид ирүүлдэг. Академийн ерөнхийлөгч удирдан зохион байгуулах чадвар, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөл байдал энэ бүгдийг үзээд эцсийн хоёр нэр дэвшигчийн аль нэгийг тухайн албан тушаалд томилох эрх нь Академийн ерөнхийлөгчид хадгалагддаг. Энэ нь манай журамд маш тодорхой зааж өгсөн. Хоёр нэр дэвшигчээс аль нэгийг нь буюу хамгийн өндөр оноо авсныг сонгоно. Өөрөөр хэлбэл чадавхын буюу мерит зарчимд үндэслэн захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан эрдэмтнийг сонгон томилдог. Тэрнээс шууд эхний хамт олны санал хураалтаар хамгийн өндөр оноо авсан хүнийг шууд томилно гэсэн зохицуулалт манай журамд байхгүй.

С.Н******* гуай энэ өгүүлбэр дээр маш их сууж, ямар өгүүлбэр байх ёстой бэ гэдгийг тодорхойлсон. Эрдмийн хамт олон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд Журмын 4.2.8-д дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн материалыг ирүүлнэ. Нэг нэр дэвшигч байгаа тохиолдолд санал хураалтын дүнг ирүүлнэ. Эрдмийн хамт олны саналыг харгалзан гэж журамласан. Эрдмийн хамт олны саналыг үндэслэн гэж анх явж байсан бол гэтэл үндэслэн гэвэл шууд хамгийн олон санал авсан хүнийг шууд томил гэсэн тулгасан асуудал болно гээд томилж байгаа хүнд өрсөлдөөнийг хангах, аль давуу, аль илүү ур чадвартай хүнийг сонгож томилох боломжийг нь олгохын тулд эрдмийн хамт олны саналыг харгалзан гэж үгийг оруулсан.

Тэгэхлээр захирлыг буюу төсвийн шууд захирагчийг сонгох ажиллагаанд захиргааны болон үйлчилгээний албан хаагчид оролцож болохгүй гэж сонгох ажиллагаанд захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг оролцож болохгүй гэж хүний эрхийг хаах ямар ч боломжгүй.

Сонгон шалгаруулалт нь Төрийн албаны тухай хууль болон Шинжлэх ухааны академид мөрдөгдөж байгаа эрх зүйн актын хүрээнд хийгдсэн. Гурван шаттай сонгон шалгаруулалтын гурван шатанд нь ******* доктор өрсөлдөгчөөсөө харьцангуй бага үнэлгээ авсан” гэв.

Гуравдагч этгээд Ж.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Аливаа эрдэм шинжилгээний байгуулагад тусгайлсан эрдмийн хамт олон гэж байдаггүй эрдмийн зөвлөл гэж байдаг. Эрдмийн зөвлөлд эрдмийн зэрэг цолтой эрдэм шинжилгээний ажилтан болон гадны байгууллагад ажиллаж байгаа эрдэмтэд сонгогддог бөгөөд энэхүү зөвлөлөөр Эрдэм шинжилгээний ажил, төслийн үр дүн, эрдмийн зэрэг цол олгохыг хэлцдэг. Монгол хэлний их тайлбар тольд хүрээлэн их дээд сургуулийн эрдмийн зөвлөлийг эрдмийн дээд хурал гэж тайлбарласан байдаг.

Ж.Д миний хувьд 2015 оноос эхлэн тус хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ нь сонгуульт ажил болно. Хүрээлэнгийн хамт олныг дотор нь ямар нэгэн нэршилээр эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан хувааж ангилсан зүйл байхгүй бөгөөд хамт олныг эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний буюу академик байгууллагад ажиллаж буй учир эрдмийн хамт олон гэж нэрлэж ирсэн. Нэр дэвшигчидийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь тухайн хувь хүний салбарын хөгжлийн талаарх үзэл баримтлал, бодлого зорилтыг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх арга зам, хүрэх дүнг урьдчилан төлөвлөсөн баримт бичиг бөгөөд энэхүү нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг дэмжих эсэх нь эрдмийн зөвлөлд хамааралгүй тул Эрдмийн хамт олонд танилцуулж, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжих эсэх талаар нууц санал хураалт батлагдсан журмын дагуу явагдсан. С.С нь МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасан Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтнаас чөлөөлөгдсөн байдаг.

Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ийн өдрийн хуралдаанаар эрдмийн хамт олныг нийт хамт олон гэж ойлгох талаар комиссын дарга Шинжлэх ухааны академын дэд ерөнхийлөгч сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн дарга Г.Ч тодорхой хэлсэн байх бөгөөд санал асуулга 14 хүрээлэнд ижил явсан...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч С.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.С тус шүүхэд хандаж “Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн Физик технологийн хүрээлэнгийн захирал томилсон тушаалыг хүчингүй болгуулах, Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтыг Физик технологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа “Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн, Физик технологийн хүрээлэнгийн захирал томилсон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын санал хураалтыг хүчингүй болгуулах, уг санал хураалтыг 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэн ухааны академийн Ерөнхийлөгчид даалгуулах” гэж тодруулсан, энэ үндсэн болон тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Монгол улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар Шинжлэх ухааны академийн харьяа Хүрээлэнгийн захирлын албан тушаалын нийтлэг тодорхойлолтыг батлах, Шинжлэх ухааны академийн харьяа Хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмыг шинэчлэн батлах тухай тогтоолууд гаргаж, Хүрээлэнгүүдэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн, уг журмыг хэлэлцэх явцад Академич С.Н******* “...хамт олон, эрдмийн хамт олон, хөтөлбөрийг хэлэлцэнэ, танилцуулна гэж зөрүүтэй яригдаад байна. Үүнийг нэг мөр болгох хэрэгтэй...” гэсэнд Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Ч хариулахдаа “...Хүрээлэнгийн захирал нь хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, хүний нөөц, захиргаа, санхүү төсвийн зарцуулалт болон өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж ажилладаг. Ер нь шинжлэх ухааны байгууллагуудын хамт олныг эрдмийн хамт олон гэж нэршээд тогтчихсон, эрдмийн хамт олон, хамт олон гэдэг ялгаа байхгүй хүрээлэнгийн нийт ажиллагсдыг эрдмийн хамт олон гэж хэлж байгаа...” гэж тайлбарласныг тэмдэглэлд тусгасан байна.

Түүнчлэн Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/16 дугаар тушаалаар Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах комиссыг дарга Г.Ч /Тэргүүн дэд ерөнхийлөгч, Академич/ Гишүүд Б.Авид /эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич/, С.Н******* /Академич/, Т.С******* /Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын дарга/, нарийн бичгийн дарга Т.А /Хүний нөөц, гэрээ эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, 2 дахь заалтаар Шинжлэх ухааны харьяа хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг 2021 оны 3 дугаар сахын 15-ны дотор багтаан зохион байгуулахыг комиссын дарга /Г.Ч/-т даалгажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02/1332 дугаар “Шалгалтын дүн хүргүүлэх тухай” албан бичгээр “...шалгалтын цахим системийг ашиглан зохион байгуулсан сорилын шалгалтын дүн”-г хавсралтаар хүргүүлснээс үзвэл “Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн явуулсан Хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалтын эхний шат болох Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан сорилын шалгалтад нийт 24 хүн оролцсон, эдгээрийн дотор Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ж.Д Хууль эрх зүйн мэдлэг-25, монгол хэл бичиг-9, асуудал шийдвэрлэх чадвар-6, дүн шинжилгээ хийх чадвар-10, мэдээллийн технологи-10, нийт оноо-60, нэхэмжлэгч С.С Хууль эрх зүйн мэдлэг-14, монгол хэл бичиг-7, асуудал шийдвэрлэх чадвар-7, дүн шинжилгээ хийх чадвар-8, мэдээллийн технологи-8, нийт 44 оноо тус тус авсан, түүнчлэн Сонгон шалгаруулах комиссоос зохион байгуулсан ярилцлагын шалгалтын дүнгээр Ж.Д-26,0, С.С-22,0 оноо тус тус авсан нь тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Академи харьяандаа өөрийн чиг үүрэг, зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори, бусад нэгж ажиллуулж болно” гэж, мөн хуулийн 6.1-д “Их чуулганы чөлөөт цагт түүний өдөр тутмын үйл ажиллагааг Академийн тэргүүлэгчид удирдана”, 8.4-т “Академийн Ерөнхийлөгч нь Академийн тэргүүлэгчдийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдана“ гэж,

Монгол Улсын шинжлэх ухааны академийн дүрмийн 1.1-д “Энэ дүрэм нь Монгол Улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага болох Монгол Улсын Шинжлэх ухааны академи /цаашид “Академи/ гэнэ/-ийн үйл ажиллагааг зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 20-д “Академийн Тэргүүлэгчид Их чуулганы чөлөөт цагт түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдана”, 22.в-д “Академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, бусад байгууллагыг байгуулах, татан буулгах, тэдгээрийн дүрмийг батлан үйл ажиллагааг зохицуулах”, 6 дугаар зүйлийн 30-д “Академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн захирал, бусад байгууллагын удирдлагыг Академийн ерөнхийлөгч томилно” гэж,

Монгол улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын 02 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ын 1.1.-д “Энэхүү журмын зорилго нь...ШУА-ын харьяа хүрээлэнгийн захирлын сул орон тоог нөхөх зарчмаар захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан эрдэмтнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх харилцааг зохицуулна” гэж, 1.3-т “Захирлыг тухайн салбарын эрдэм шинжилгээний ажлын онцлог, шаардлагыг харгалзан олон нийтэд нээлттэй зарлан сонгон шалгаруулж томилно”, 1.4-т “Захирал нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгийн захирлын албан тушаалын нийтлэг тодорхойлолтын шаардлагыг хангасан байна”, 2.4.7-д “Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг холбогдох хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна”, 2.4.8-д “Эрдмийн хамт олон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр дахь нэр дэвшигчийн материалыг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн нэр дээр ирүүлнэ. Нэг нэр дэвшигч байгаа тохиолдолд санал хураалтын дүнг ирүүлнэ”, 3.1-д “Эрдмийн хамт олны саналыг харгалзан Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч харьяа хүрээлэнгийн захирлыг томилох тухай тушаал гаргаж, академийн Тэргүүлэгчдэд мэдээлнэ” гэж тус тус заажээ.

Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр хурлаар Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг зохион байгуулах болон санал авах тооллогын комисс байгуулах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн, уг хуралд нийт 80 ажилтан оролцсон, үүнд хурлын зааланд 38, өрөөнөөсөө цахимаар 33, гэрээсээ цахимаар 9 ажилтан, ирц 93,2 хувь болсноор тус хүрээлэнгийн Захирлын сонгуульд нэр дэвшигч Академич Ж.Д “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, Доктор С.С “Үндэсний тэргүүлэх эрдмийн байгууллагын сүлжээнээс олон улсын эрдмийн байгууллагын сүлжээнд өрсөлдөх чадвар бүхий тогтолцоо руу” мөрийн хөтөлбөрөө тус тус танилцуулснаар асуулт хариулт үргэлжилж улмаар Тооллогын комисс саналын хуудсыг тоолоход 71 ажилтан цаасаар, 9 ажилтан гэрээсээ цахимаар нийт 80 саналын хуудас ирсэн, үүнээс хүчинтэй саналын хуудас 71 байхаас 71, хүчингүй саналын хуудас байхгүй, цахим саналын хуудсыг нээхэд хүчинтэй саналын хуудас 9 байхаас 4 хүчинтэй, хүчингүй саналын хуудас 5, Академич Ж.Д 52 ажилтны саналаар 65 хувь, Доктор С.С 23 ажилтны саналаар 28.75 хувийн санал авсныг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна.

Үүний дагуу Монгол улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Шинжлэх ухааны академийн дүрмийн 29, 30 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам болон хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын дүнг тус тус үндэслэн Ж.Дг Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн захирлаар 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилжээ.

Нэхэмжлэгчээс тухайн сонгон шалгаруулалтын, дээр дурдсан 3 дахь шат болох “санал хураалт”-ын хэсэгт холбогдуулан уг санал хураалтыг хүчингүй болгож, 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчид даалгуулах шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...эрдмийн хамт олон гэдэг бол Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.3-д “Эрдэм шинжилгээний байгууллага нь...Эрдмийн зөвлөл байгуулан ажиллуулна” гэж зааснаар Физик технологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл нь доктор зэрэгтэй 25 гишүүнээс бүрддэг, харин Эрдмийн хамт олон гэдэгт Эрдмийн зөвлөлийн 25 гишүүнээс гадна магистр, бакалавр зэрэгтэй эрдэм шинжилгээний ажилтнууд хамаарах тул тус байгууллагын үйлчлэгч, сантехникч, жолооч зэрэг хүмүүсийг оролцуулан санал хураалт явуулсан нь хууль бус...би 29 хүний санал авах ёстой байсан, гэтэл 23 хүний санал авсан, бусад 6 хүн нь тэр олон хүмүүсийг хараад санал өгөлгүйгээр явсан байсан...” гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Хүрээлэнгийн хамт олныг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг уламжлалаар эрдмийн хамт олон гэж эртнээс нэрлэж ирсэн, “эрдмийн” гэсэн тодотгол бол ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэх боломжгүй..., нөгөө талаар, сонгон шалгаруулалтын өмнөх 2 шатны асуудлаар маргаагүй атлаа зөвхөн санал хураалтыг хүчингүй болгох, дахин явуулах боломжгүй...” гэж  тайлбарлан маргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлэхээр, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох учиртай бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй санал хураалт болон Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн Физик технологийн хүрээлэнгийн захирал томилсон тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч С.С нь Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын 02 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухааны академийн харьяа Хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ын дагуу явуулсан сонгон шалгаруулалтад нэр дэвшин оролцсон, уг журам болон сонгон шалгаруулалтын эхний 2 шатны талаар маргаагүй, улмаар тухайн журмын дагуу тус Хүрээлэнгийн нийт ажилтнуудыг оролцуулан явуулсан сонгон шалгаруулалтын 3 дахь шат болох санал хураалтад өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан оролцсон атлаа  “29 хүний санал авах ёстой байсан” гэх үндэслэлээр тухайн санал хураалтыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл С.Сд 6 хүн саналаа өгөөгүй гэх асуудал нь тухайн санал хураалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

“Эрдмийн хамт олон” гэдэгт Хүрээлэнгийн нийт ажилтнуудыг хамруулахгүй, энэ нь зөвхөн Эрдмийн зөвлөл болон эрдэм шинжилгээний ажилтнуудыг хамарсан ойлголт гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх ба үгийн шууд утгын хувьд “Эрдмийн хамт олон” гэх ойлголт нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан дээр дурдсан эрдэм шинжилгээний ажилтнуудыг хэлэх агуулгаар ойлгогдож байх боловч Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдээс тухайн Хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулж томилох чөлөөлөх журмыг батлахдаа “эрдмийн хамт олон” гэх үгийг “Хүрээлэнгийн нийт ажиллагсад” гэсэн утгаар хэрэглэхээр тусгайлан журамласан, уг журмын талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж  маргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй.

Түүнчлэн Хүрээлэнгийн нийт ажилтнуудыг оролцуулан явуулсан хуралд нэхэмжлэгч өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж улмаар асуулт хариулт үргэлжлэн санал хураах ажиллагааны явцад бүхэлд нь оролцсон нь тухайн хурлыг нэхэмжлэгч С.С хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх бөгөөд Хүрээлэнгийн нийт ажилтнуудыг оролцуулан явуулсан уг санал хураалт нь дээр дурдсан салбарын хууль болон журамд нийцсэн, тухайн санал хураалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтад оролцож нийт оноо болон санал хураалтаар хамгийн олон хүний санал авсныг тус тус үндэслэн нэр дэвшигч Ж.Дг тус Хүрээлэнгийн захирлаар томилсон нь Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4-т заасан хариуцагчийн эрх хэмжээнд болон холбогдох журам, дүрэмд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн энэ шийдвэрээр маргаан бүхий санал хураалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс гаргасан, 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэн ухааны академийн Ерөнхийлөгчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Нэхэмжлэгч С.Сгаас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рд хандаж “...2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Физик, технологийн хүрээлэнгийн бүх ажилчдын хурал болж хүрээлэнгийн захирлын албан тушаалд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж нэр дэвшигчийг дэмжих эсэх талаар нууц санал хураалт явагдлаа...уг үйл ажиллагааг техникийн сааталгүйгээр, зөвхөн үндсэн ажилтны оролцоотой дахин зохион байгуулж өгөхийг хүсэж...”, мөн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дахин хандаж “...уг санал хураалтыг зөвхөн эрдмийн хамт олны оролцоотой дахин зохион байгуулж өгөхийг хүсэж...” тус тус гомдол гаргасан байх ба Хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Г.Чаас 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02/69 дүгээр албан бичгээр тус тус хариу өгсөн, мөн нэхэмжлэгч нь Физик технологийн хүрээлэнгийн захирлын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар “...өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” үндэслэлээр  ажлаасаа чөлөөлөгдсөн, эдгээр асуудлын талаар талууд маргаагүй, тус шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чшүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч өмнөх шүүх хуралдааныг яг энэ үндэслэлээр түүний хүсэлтээр хойшлуулсан, энэ удаагийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А оролцсон тул С.Чийг зайлшгүй оролцуулах үндэслэлгүй гэж үзэж шүүх хуралдааныг түүний оролцоогүйгээр үргэлжлүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иймд шүүх дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Сгаас гаргасан, “Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн, Физик технологийн хүрээлэнгийн захирал томилсон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын санал хураалтыг хүчингүй болгуулах, уг санал хураалтыг 2021 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар тухайн байгууллагад ажиллаж байсан эрдмийн хамт олныг оролцуулан дахин санал хураалт явуулахыг Шинжлэн ухааны академийн Ерөнхийлөгчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН