Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/шш2021/0833

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Э”  ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлстийн дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн *******X, *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговорт талбай олгохгүй байгаа, Засгийн газарт уламжлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д /цахимаар/, иргэдийн төлөөлөгч Н.Ц /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эшүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэр өөрөө сонсох ажиллагаа явуулаагүй. Тус компани одоо Бүрэнтогтох сумын ******* нэртэй газарт *******Х тусгай зөвшөөрлийг 2009 оноос эхлэн эзэмшиж ирсэн, 2009 онд урт нэртэй хууль батлагдсанаар Засгийн газраас тогтоосон хилийн зааг дотор зарим хэсэг нь орсон тул давхцалтай хэсгийг буцааж өгсөн боловч 2015 онд Засгийн газраас хилийн заагийг өөрчлөн тогтооход манай эзэмшлийн тусгай  зөвшөөрлийн талбай бүхэлдээ хориглосон талбайд орсон гэж хариуцагч үзсэн. Бодит байдал дээр харахад халцгай уул байгаа, ойн сан болон усны эхтэй ямар нэгэн давхцал байдаггүй, 2016 хүртэл явж байгаад үйл ажиллагааг зогсоосон боловч нөхөх олговор ч олгоогүй..

Энэ тухай хариуцагч захиргааны байгууллагад гомдол, хүсэлт гаргасан боловч нөхөх олговрын асуудал шийдвэрлэгдэхгүй болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байх хугацаанд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тул 2018 онд шүүхэд маргаантай байх шатанд нөхөх олговроо авъя гэдэг хүсэлтийг гаргасан. Тус хүсэлтийн хариуд шүүхэд маргаантай маргаантай асуудал тул хүлээж авахгүй гээд шийдвэрлэж өгөөгүй.

Ингээд өнөөдрийг хүртэл шүүхэд маргааныг хэлэлцээд явж байхад 2018 онд дараагийн *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнийгээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэж үзээд байгаа нь хууль бус, учир нь нэгдүгээрт шүүхэд маргаантай байсан, хоёрдугаарт үйл ажиллагаа явуулах эрх зүйн байдлыг захиргааны байгууллага өөрөө тогтоож, тодорхойлж өгөөгүй.

Нэгэнт захиргааны шүүх, захиргааны хууль бус үйл ажиллаганаас иргэдийг хамгаалах ёстой тул Монгол улсад дагаж мөрдөж байгаа хуулийн зарчим, эрх зүйн зарчим, хуулийн үзэл санаанд нийлүүлж шийдвэрээ гаргах ёстой гэж үзэж байна.

Тэгэхээр төр нэгэнт олгосон лицензээ буцааж хурааж авч байгаа тохиолдолд Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хохирлыг нөхөн төлөх, зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Энэ утгаараа нөхөх олговрын асуудал газрыг газраар нь юм уу лицензийн талбайг талбайгаар юм уу, эсхүл мөнгөн хэлбэрээр юм уу ямар нэгэн байдлаар нөхөн төлөгдөх ёстой.

Нөгөө талаар тусгай зөвшөөрлийн төлбөр гэдэг нь газар дээрээ хайгуулаа хийгээд үр дүнг нь гаргаад тэгсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх тухай асуудал яригдана, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэнээр ямар ч хайгуул хийгээгүй нөхцөлд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх асуудал яригдахгүй.

Тэгэхээр хариуцагч манай компанийн гаргасан өргөдлийг огт үгүйсгэж, аваагүй мэтээр шүүхэд тайлбар гаргаж, байхгүй мэтээр хариу өгч байгаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, дүгнэж өгөхийг хүсэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны  газрын дарга Х.Хэрлэн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт орших “*******” нэртэй 1894.31.га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XB-******* дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага анх 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Г” ХХК-д олгосныг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /тухайн үеийн нэрээр/ 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1090 дугаар шийдвэрээр дээр дурдсан тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-иас “Э ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

Э” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XB-******* дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол цуцлахаар заасныг үндэслэн төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн даргын /тухайн үеийн нэрээр/ 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг цуцлаж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт орших ******* нэртэй 1715.12.га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XB-******* дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага анх 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын /тухайн үеийн нэрээр/ 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1088 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XB-******* дугаартай тусгай зөвшөөрлийг НХХК-иас Э ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна. Э ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XB-******* дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын /тухайн үеийн нэрээр/ 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг цуцлажээ.

 “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль-ийн 1 дүгээр зүйлд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана гэж заасан. Энэ хуулийн дагуу  Э ХХК нь төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж байгаагүй.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-т Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно гэж хуульчилсан. Энэ хуулийн дагуу Монгол улсын Засгийн газар 2010 онд 299 дүгээр тогтоол гарган Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмыг баталсан. Уг журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана гэж заасан. Уг журамд заасны дагуу Э ХХК нь нөхөн олговор авах хүсэлтээ манай байгууллагад ирүүлж байгаагүй тул тус компани нь одоо нөхөн олговор авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн,  26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-т Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж хуульчилсан байна. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XB-*******, XB-******* дугаартай тусгай зөвшөөрлүүд нь хуулийн дагуу цуцлагдсан байх тул тусгай зөвшөөрөл эзэмшигч биш хуулийн этгээд “Э” ХХК-д нөхөн болон нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэвэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш “Э” ХХК нь ямар нэгэн нөхөх олговор авах, эсвэл дүйцүүлэх талбай авах гэсэн хүсэлт гаргаж өгөөгүй, энэ талаар нэхэмжлэгч компани үзлэг хийлгэх хүсэлт гаргахгүй байгаа нь энийг давхар нотолж байна. Төрийн захиргааны байгууллагууд албан бичиг боловсруулахдаа баримтуудыг нь үзэж байж тэрийг нь хэдэн хүний гарын үсгээр дамжиж байж албан бланк дээр тамга, тэмдгээр баталгаажиж буудаг. Нэхэмжлэгчээс ямар ч хүсэлт ирүүлж байгаагүй тул “хүсэлтээ ирүүлж байсан, хариу өгөөгүй, үүнээс болоод “Э” ХХК хохирчихлоо” гэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй.

Би өмнө нь шүүх хуралдаанууд дээр гаргаж байсан бүх тайлбаруудаа мөн бичгээр гаргаж өгсөн тайлбараа дэмжиж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Э ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь хоёулаа төлбөртэй холбоотойгоор цуцлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийг 34 дүгээр зүйлд заасны дагуу төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй учраас 61, 81 дүгээр шийдвэрүүдээр нэг нь 2016 онд, нөгөө нь 2018 онд цуцлагдсан.

Нэгэнт тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болчихсон учраас тусгай зөвшөөрөл эзэмшигч маягаар төлбөр авах гэж нэхэмжлэх, тусгай зөвшөөрлийг эзэмшигч мэтээр нөхөх олговор, дүйцүүлэх талбай авахаар нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй.

Засгийн газрын 289 дүгээр тогтоолд тусгай зөвшөөрөл эзэмшигч хэзээ нөхөх олговор авах вэ гэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигч жил бүрийнхээ төлбөрийг төлөөд, бүх тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байх хугацаандаа нөхөх олговор авах хүсэлтээ гаргаад тэрийгээ шийдвэрлүүлэх ёстой байгаа.

Тухайн нөхөх олговрыг Ашигт малтмал, газрын тосны газар өгөх юм биш, үүнийг манай байгууллагад хүсэлт гаргаж, тэр нь Уул уурхайн яам, Сангийн яамаар дамжуулаад Засгийн газарт танилцуулагдаад тэгж шийдвэрлүүлж байхаар журамласан. Нэхэмжлэгчээс төрийн захиргааны байгууллагад хандаж байгаагүй атлаа, эс үйлдэхүй гаргалаа гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талуудаас гаргасан тайлбаруудыг сонсоод ер нь бол хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ө тус шүүхэд хандажАшигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн *******X, *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн ба хамгийн сүүлд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эээс  “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн *******X, *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговорт талбай олгохгүй байгаа, Засгийн газарт уламжлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” гэж нэмэгдүүлж тодруулсан, уг шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Нэг. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн  шаардлагын тухайд: 

Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэж үзэн *******Х, *******Х дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна.

Нэхэмжлэгч эдгээр шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “61 дүгээр шийдвэрийн тухайд...урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон гэдгээр лицензийн төлбөр авахгүй байсан тул шүүхэд маргах явцдаа нөхөх олговор авах хүсэлт гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн нь хууль бус, сонсох ажиллагаа явуулаагүй, олгосон лицензээ хурааж авсан нөхцөлд нөхөн олговор олгох ёстой..., 81 дүгээр шийдвэрийн тухайд мөн дээрхтэй адил үндэслэлээр хууль бус, шүүхэд маргаж байх явцад “төлбөр төлөөгүй” гэж цуцалсан, цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүй нь хууль зөрчсөн...” гэж тус тус тайлбарлан маргаж байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “Э” ХХК нь 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, ******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх *******Х дугаар тусгай зөвшөөрөл, мөн сумын ******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх *******Х дугаар тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж ирсэн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаар эдгээр тусгай зөвшөөрлийн талбай нь хуулийн үйлчлэлд хамаарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “хуульд зааснаар хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй…бол цуцлах”-аар тус тус заасан. 

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл “Э” ХХК нь өөрийн эзэмшилд буй тусгай зөвшөөрлүүдээр олгогдсон талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд орсон эсэхээс үл хамааран тухайн тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг *******Х тоот тусгай зөвшөөрлийн тухайд 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө, *******Х тусгай зөвшөөрлийн тухайд мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг шүүхэд маргаантай байгаа эсэхээс үл хамааран тус тус урьдчилан төлөх үүрэгтэй байсан боловч энэ хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна. 

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д зааснаар нэхэмжлэгч *******Х, *******Х тоот тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй боловч мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д  зааснаар төлбөрийг алдангийн хамт тогтоосон хугацаанаас хойш 30 хоногоор сунгагдан төлөх боломжтой байсан, түүнчлэн хариуцагчаас *******Х, *******Х тоот тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлсэн боловч тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн талаарх баримтаа эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухай нотлох баримтыг  ирүүлээгүй, энэ үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дүгээр шийдвэрээр тус тус Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч компанийн дээрхи тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж  хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэх”-ээр, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус зохицуулсан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд шүүх хүчингүй болгох учиртай, тухайн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дүгээр шийдвэрүүд нь хариуцагч захиргааны байгууллагаас хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан үндэслэл бүхий шийдвэр байх бөгөөд тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан эдгээр шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зааснаар *******Х тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 6/4564 тоотоор хүргүүлсэн боловч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй, уг мэдэгдэл нь буцалт хийгдэж ирсэн байх ба харин уг тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 7/1016 тоотоор хүргүүлсэн болох нь тогтоогдов.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас *******Х тоот тусгай зөвшөөрлийн цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 7/308 дугаар албан бичгээр, мөн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 7/2035 тоот албан бичгээр цуцлагдсан тухай мэдэгдлийг тус тус нэхэмжлэгч компанийн хаягаар хүргүүлсэн байна.

 Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан ба хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компанийн, кадастрын системд бүртгэлтэй хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч нэхэмжлэгч нь хаягийн бүртгэлийн өөрчлөлтийг хийлгээгүйн улмаас буцалт хийгдэж ирсэн, энэ нь хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах, цаашлаад тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн хууль ёсны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

Иймд шүүх дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

Хоёр. “Э” ХХК-ийн *******X, *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговорт талбай олгохгүй байгаа, Засгийн газарт уламжлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай  хууль”-ийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.” 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.” гэж, 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тойм зураг, Байгаль орчин, Аялал жуучлалын яамнаас ирүүлсэн лавлагаагаар *******Х тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар нь  Засгийн газрын 2012 оны  194 дүгээр тогтоолоор  батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эхэд 1557.4 га талбайгаар,  ойн сан бүхий газар нутагтай  хэсэгчилсэн давхцалтай, *******Х тоот ашигт малтмалын  тусгай  зөвшөөрөл  бүхий газар нь Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан  гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй  давхцалтай болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж, мөн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж. 14 дүгээр зүйлийн 14.4-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж тус тус заасан.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно” 4.5-д “Нөхөн олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна.”, 5.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөн олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ “...манай компанийн тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөрийг бүрэн төлснөөр тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх ёстой байхад нөхөх олговор олгоогүй...тул цуцалсан нь буруу, манай тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт талбай дүйцүүлэн олгохгүй байгаа, энэ асуудлыг Засгийн газарт уламжлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус...” гэж тодорхойлон маргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар “даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн эс үйлдэхүй, татгалзал хууль бус байхын зэрэгцээ тухайн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх учиртай. 

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.13-д зааснаас үзэхэд, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хуульд заасан тодорхой зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа тохиолдолд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож боломжтой.

Гэтэл энэ маргааны тухайд, нэхэмжлэгчийн дурдсан тусгай зөвшөөрөл бүхий талбайг хуульд заасан (үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах) зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах үйл ажиллагаа болоогүй, харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан газарт хамаарсан байх ба энэ нөхцөл байдал нь өөр талбайг дүйцүүлэн олгох хуульд заасан үндэслэл биш.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 299 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” бол нөхөх олговор олгохгүй байхаар журамласан.

Нэхэмжлэгч компани нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүсэлт гаргах тухай” албан бичгийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, үүндээ “...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу нөхөн олговрыг шийдвэрлэж өгнө үү” гэх үндэслэл дурдсан байх боловч тус шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/8573 дугаар албан бичгээр “нэхэмжлэгч компани нь нөхөн олговор авах талаар хүсэлт гаргаж байсан эсэх” талаар тайлбар, нотлох баримт шаардсан, үүний хариуд Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9/5257 дугаар албан бичгээр “маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдэд холбоотойгоор нөхөн олговор авах хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад ирүүлж байгаагүй” гэж хариу ирүүлсэн, түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөн “нөхөн олговор авах хүсэлт ирүүлж байгаагүй” гэсэн тайлбараар тус тус дээрхи нөхцөл байдал няцаагдаж байна гэж шүүх үзлээ.

 Үүнээс үзвэл дээр дурдсан хууль болон журамд тусгайлан заасан хугацаанд нэхэмжлэгч нь нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй байх ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад нөхөх олговрыг тусгайлан шаардаагүй, нөгөө талаар *******X, *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговорт талбай олгох Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан үндэслэл үүсээгүй, нэхэмжлэгч нь хуулийн энэ заалтын дагуу нөхөн олговорт талбай авахаар шаардах эрхгүй байх тул хариуцагч захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй бөгөөд нөхөх олговорт талбай олгохыг Засгийн газарт уламжлахыг даалгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзнэ.  

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “...манай тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт талбай дүйцүүлэн олгохгүй байгаа, энэ асуудлыг Засгийн газарт уламжлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус” гэж маргасан боловч тус компанийн тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан гэх Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.13-д заасан нөхцөл байдал бий болоогүй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагад “...талбай дүйцүүлэн олгох, энэ асуудлыг Засгийн газарт уламжлах”  үүрэг үүсэхгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Цаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Талуудаас гаргасан тайлбаруудыг сонсоод ер нь бол хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүхийн энэ шийдвэрээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хангагдаж байна гэж үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т заасныг баримтлан “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эээс гаргасан,  “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн *******X, *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговорт талбай олгохгүй байгаа, Засгийн газарт уламжлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН

                           ШҮҮГЧ                             Т.МӨНХ-ЭРДЭНЭ