Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 00613

 

      Д.Б-ны нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/02918 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ны нэхэмжлэлтэй, хариуцагч О.А-д холбогдох

           Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах,

          Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 43 дугаар байрны 92 тоот 2 өрөө орон сууц, 43 дугаар автозогсоолыг дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх хөрөнгийг хүү А.Алтан-Эрдэнэийн өмчлөлд үлдээх,

          20 тн контейнер, унтлагын тавилга, самсунг маркийн 42 инчийн LCD телевизор, шарп маркийн хөргөгч, самсунг маркийн гэрийн кинотеатр, панасоник маркийн угаалгын машин, филипс маркийн тоос сорогч, хивс цэвэрлэгч, компьютер, принтер, зочны өрөөний тавилга зэрэг эд хөрөнгө гаргуулах,

          “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

        Дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө боох 55 толгой адуу, 25 толгой үхэр нийт 80 толгой малнаас ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагч О.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

          Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.А-тай гэр бүл болоод 2004 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болон баталгаажуулж, 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү А.А төрсөн. Хамт амьдрах хугацаанд гаргасан хүчирхийллийг тэвчсэний эцэст өөрийн болон хүүгийнхээ ирээдүйг бодож салахаар шийдсэн. Иймд гэрлэлтийг цуцалж, хүү А.А-ийг миний асрамжинд үлдээж хуульд заасны дагуу тэтгэмж тогтоож өгнө үү.

          Гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 43-92 тоот 61.3 кв.м талбайтай 2 өрөө орон сууц, 15 кв.м талбайтай автозогсоолыг О.А бусдад худалдсан тул О.А, О.А нарын хоорондын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 5 000 000 төгрөгөөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бусд, уг орон сууцыг О.А-д 69 000 000 төгрөгөөр 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр Б.А-д худалдсан уг гэрээг, О.А-д 43 дугаар байрны зоорийн давхарт байрлах 15 кв.м талбайтай автозогсоолыг Э.Г-т 2 000 000 төгрөгөөр 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдсан тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү.

      Дундын өмчийг хувааж, гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг хуваарилахдаа нэхэмжлэгч Б.Б, түүний хүү нарын өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ХД 43-92 тоот 2 өрөө орон сууц, 43 дугаар байрны зоорийн давхарт байрлах 15 кв.м автозогсоолыг хүү А.А-д үлдээж өгнө үү. Нэхэмжлэлийн үндсэн бусад нэмэгдүүлсэн шаардлагыг дэмжиж байгаа болно гэжээ.

           Хариуцагч О.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэр бүл цуцлуулж байгаатай холбоотой Төв аймгийн Заамар сум, 3 дугаар багийн малчин буюу Д.Б-ны эцэг Л.Д-ийн маллаж буй өөрийн өмчлөлийн адуу 55 толгой, үхэр 25 толгой нийт 80 толгой малнаас өөрт ногдох хэсгийг тогтоолгож, гаргуулж өгнө үү гэжээ. 

          Хариуцагч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамжийг нэхэмжлэгчид үлдээх, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Маргаантай зүйл орон сууц, автозогсоол бөгөөд үүний хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Энэ орон сууцыг нэхэмжлэгч бид хоёр 2012 оны намар манай дүү О.А-оос гуйж авсан. Ингээд нэр дээрээ шилжүүлээгүй байж байгаад 2013 онд би өөрийн нэр дээр шилжүүлж аваад ахтайгаа нийлж банкны барьцаанд тавьж 200 000 000 төгрөгийг зээл аваад үүнээс би 80 000 000 төгрөгөөр том оврын машин авсан. Ингээд О.А 2014 оны 6 дугаар сард Хан-Уул дүүрэгт байрлах байраа зарна гэхээр нь банкны барьцаагаа сулрахаар өгнө гэж хэлээд уг байрыг зараад мөнгийг нь хэрэглэсэн. Ингэхэд Д.Б манай ээжтэй нийлж гэрт байсан тавилгуудыг контейнэрт аваачиж хийсэн. 2016 онд орн сууцны гэрчилгээ гарахад би өөрийн дүү О.А-ын нэр дээр шилжүүлж өгсөн. Уг Орчлон хорооллын орон сууц дундын эд хөрөнгө биш. Автозогсоолыг орон сууцтай хамт О.А-ын нэр дээр шилжүүлсэн учраас цааш нь зарсан. Иймд тавилга хуваах шаардлагыг үлээн зөвшөөрч байна. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би Хан-Уул дүүрэгт байрлах байраа зарах гэж байхад нэхэмжлэгч, хариуцагч нар ирээд энэ байрыг чинь зараад бид хоёр мөнгийг нь хэрэглээд чи Сонгинохайрхан дүүрэгт байрлах орон сууцанд амьдар, банкны зээл дуусахаар чиний нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлээд хэд хэдэн удаа гуйхаар нь би зөвшөөрсөн. Ингээд зээл дуусч О.А Сонгинохайрхан дүүрэгт байрлах орон сууцыг миний нэр дээр шилжүүлж нэхэмжлэгч Д.Б суллаж надад хүлээлгэж өгч байсан. Би өөрийн өмчлөлийн орон сууцыг 69 000 000 төгрөгөөр, гаражийг 6 000 000 төгрөгөөр зарсан гэжээ.

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А шүүхэд гаргасан тайлбартаа:Миний бие Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 9 тоот гэр хороололд оршин суудаг ба 2016 оны 6 дугаар сард иргэн О.А гэх хүний зар сонинд тавьсан зарыг олж улмаар түүнтэй холбогдон Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ХД 43 дугаар барйны 92 тоот, 2 өрөө, 61.3 м.кв байрыг өөрийн биеэр үзээд нийт 69 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон, Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатчаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр батлуулан би өөрөө Хас банкнаас 46 300 000 төгрөгийн зээл авч үлдэгдэл мөнгийг эцэг эхээсээ гуйж нийт 22 700 000 төгрөг аваад О.А-д өгөөд байраа худалдаж авсан. Одоо би энэ байрандаа амьдардаг бөгөөд Хас банкнаас зээл авсан зээлээ төлж барагдуулан одоогийн байдлаар Хас банкинд 5 350 000 төгрөг төлж байна. Иргэн Д.Б гэх хүний нэхэмжлэлтэй танилцахад энэ хүний бусдаас авах өр авлагын асуудал нь миний амьдарч байгаа байртай хамааралгүй гэж үзэж байна.

          Мөн Иргэний хууль, Иргэний хэрэг хэрэг шийдвэрлэх тухай хуульд зааснаар гуравдагч этгээд нэгдэгч болон хоёрдогч этгээдийн хооронд үүссэн харилцааг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан ба эд хөрөнгийг 2 этгээд харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч гуравдагч этгээд миний өмчлөлд шууд шилжсэн байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 43 дугаар байр, 92 тоот орон сууцыг миний өмчлөлд хэвээр үлдээж Д.Б, О.А нарын өөр хоорондын маргааныг миний оролцоогүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Сонгинохайрхан дүүргийн ХД 43 дугаар байрны зоорийн давхрын 43 тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгч. Автозогсоолыг авахын тулд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Капитрон банкнаас цалингийн зээл аван О.А гэдэг хүнээс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Г” ББСБ-ын зээлээс чөлөөлж, 6 100 000 төгрөгөөр бэлэн өгч худалдаж авсан. Иймд Д.Б болон О.А нарын хэрэгт огт хамааралгүй тул дүү О.А хариуцах болно гэжээ.

          Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Д.Б, О.А нарын гэрлэлтийг цуцалж,

     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү А.А-ийг эх Д.Б-ны асрамжид үлдээж,   

          Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү А.А-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг О.А-аар тэжээн тэтгүүлж,

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар О.А нь тус хуулийн 26.2-т заасан үүргийг эхийн адил хүлээхийг, энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Д.Б саад болохгүй байхыг дурдаж,

          Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 131 дүгээр зүйлийн 131.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, орчлон хороолол, хд 43-92 тоотод байрлах эрхийн бүртгэлийн Ү-2201024250 дугаартай 61,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 15 м.кв талбайтай автозогсоол, нийт 30,850,000 төгрөгийн үнэ бүхий 65 толгой малыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоож, тавилга, орон сууц, автозогсоол, малын үнэлгээнээс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг 44 256 666 төгрөгөөр тооцож, хариуцагч О.А-аас 57 663 333 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Б-д олгож,

          Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 141 100 төгрөгөөс 1 134 042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 7 058 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас дутуу төлсөн 109 283 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 416 609 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: 1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

          1.1. Нэхэмжлэгч Д.Б-аас О.А болон О.А нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр О.А болон Б.А-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, О.А болон Э.Г нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2 худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, хд 43-92 тоот орон сууц, автозогсоолыг   өөрийн   болон   хүү   А.А-ийн   өмчлөлд  үлдээх шаардлага гаргасан. Шүүх дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох үндэслэлгүй гэж шийдэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагьн хүрээнээс хальж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар тодруулж орон сууц болон авто зогсоолоос ногдох хэсгийг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт заасныг зөрчиж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

          1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.1-т дурдсанаар нэхэмжлэгч 20 тн-ын контейнер, гэрийн тавилга эд хогшлоос ногдох хэсгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж нийт үнэлгээг 11 920 000 гэж тооцоод нэхэмжлэгч болон хүүхдэд ногдох хэсэг болох 7 946 666 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч тавилга болон контейнертэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан бүрдүүлбэр хангаж, нэмэгдүүлсэн шаардлага хэлбэрээ гаргаагүй зөвхөн хүсэлт хэлбэрээр 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр авто зогсоолыг дундын хөрөнгөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд тус шаардлагад орон сууц болон авто зогсоолын нийт үнэлгээг 75 000 000 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамжид 532 950 төгрөгийг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тавилга болон контейнертэй холбоотой шаардлага гаргасан гэдэг боловч бодит байдал нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлээгүй, холбогдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг тодруулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

          1.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2-ийн 11 дэх параграффт "Нэхэмжлэгч тал уг орон сууцыг үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүх "Л" ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр орон сууцыг 75 000,000 төгрөгөөр үнэлсэн, мөн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагад авто зогсоолыг 15 000 000 төгрөгөөр үнэлсэн" гэжээ. "Л" ХХК үнэлгээ хийх үед орон сууц болон авто зогсоол 1 гэрчилгээтэй байсан бөгөөд “Л” ХХК орон сууц болон авто зогсоолыг нэгтгэж үнэлсэн гэж зохигчдын хэн аль нь ойлгож нэгтгэж үнэлсэн талаар зохигч маргаагүй, орон сууц болон авто зогсоолын үнэлгээ нийт 75 000 000 төгрөг гэсэн нэгдсэн ойлголттой байсан. Үнийг шүүх хуралдаан дээр талуудын аль аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагадаа нийт 75 000 000 төгрөгөөс тооцож улсын тэмдэгтийн хураамж төлснөөр энэ нь нотлогдож байна. Гэтэл шүүх талуудын хүсэл зоригоос хальж орон сууцыг дангаар 75 000 000, авто зогсоолыг тусад нь 15 000 000 төгрөгөөр үнэлж дундын хөрөнгийг тооцсон нь зохигчид маргааныг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр шийдвэрлүүлэх диспозитив зарчмыг алдагдуулсан.

          1.4. A. Өмгөөлөгч миний зүгээс 2014 оны 6 дугаар сард О.А-ын орон сууцыг худалдах зарыг хэн зарын сонинд өгч байсан талаарх нотлох баримтыг цуглуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хангаагүй. Тухайн үед О.А, Д.Б нар өөрсдөө сонинд зар өгч О.А-ын байрыг зарсан гэдэг бөгөөд энэ талаарх баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт байсан.

          Б. Гуравдагч этгээд О.А-ын өмгөөлөгч П.Б нь хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргахад шүүх хуралдааныг 1 хоногоор хойшлуулж, хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэдхэн цагийн хугацаа өгч шүүх хуралдаан хийх шийдвэр гаргаж байгаа нь нэг талыг барьсан, энэ хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

          B. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагт шүүх хуралдаан эхлэх үед 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл бичгээр гарч баталгаажин хэрэгт авагдаагүй байсан. Өөрөр хэлбэл, хэргийн материалыг бүрэн бүрдээгүй байхад шүүх хуралдааныг хийсэн нь хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

          Г. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Б 2014 оны 6 дугаар сард О.А-ын болон О.А-ын гэр бүлийн хооронд хийгдсэн хэлцэл, тохиролцоог нотлуулах, О.А-ын байрыг худалдснаас олсон 68 000 000 төгрөгийг хэн авсан талаарх үйл баримтыг тогтоолгохоор О.А-ын эхнэр Д.О-г гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан боловч хангаагүй. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан энэхүү хүсэлтийг хариуцагч талаас бүрэн дэмжиж байсан. Гэтэл шүүх энэ хүсэлтийг хангаагүй мөртлөө О.А, Д.О нарын өгсөн гэрчийн мэдүүлгийг гэр бүлийн хүмүүсийн мэдүүлэг гэсэн үндэслэлээр үнэлээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.

   2. Шүүх хуулийг тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй маргааныг шийдвэрлэсэн талаар:

          2.1. Хариуцагч О.А-ьн хувьд маргаан эхэлсэн цагаас хойш зөвхөн Сонгинохайрхан дүүргийн орон сууц болон автозогсоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Учир нь: энэхүү гэр бүлийн маргаан үүсэхээс өмнө буюу О.А, Д.Б хамт амьдарч байх үед тэдний гэр бүлийн өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, хд 43-92 тоот орон сууц болон авто зогсоол байсан боловч ч гэр бүлийн маргаан үүсэхээс өмнө уг орон сууцтай холбоотой үйл явдал нь гэрч Д.О-ны гэрчийн мэдүүлэг /2 хав 324-328/, гэрч О.А-ын гэрчийн мэдүүлэг /1 хав 57/ болон гуравдагч этгээдээр өгсөн тайлбар, ХААН банкны зээлийн болон барьцааны гэрээ, О.А Сонгинохайрхан дүүрэг дэх орон сууцны ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2014 оны 6 сараас 2016 оны 6 cap хүртэл төлж байсныг нотлох тооцооны хуудсууд, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн  О.А-ын Хан-Уул дүүрэг дэх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ болон Д.О-ны 68 000 000 төгрөгийг хүлээж авсан дансны хуулга, Д.Б-ны дансанд орлого тушаасан баримт, 2014 оны 6 дугаар сард Сонгинорхайрхан дүүрэг дэх орон сууцаа О.А-ын гэр бүлд суллаж өгсөн тухай Д.Б-ны шүүх хурал дээр өөрийн биеэр хэлсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Дээрх тохиролцоо хийгдээгүй гэдгийг нэхэмжлэгч тал үгүйсгэж яагаад О.А-ын гэр бүлд чөлөөлж өгсөн, О.А уг байранд амьдарч байсан талаарх баримтыг шүүхэд өгч, нотлох үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан ч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй. Шүүх "Иргэний хуулийн 109-110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх өмчлөх эрх бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шилжинэ, аман хэлцлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих боломжгүй" талаар дүгнэжээ. Хэдийгээр дээрх дүгнэлт зөв боловч энэ тохиолдод О.А, Д.Б нар Сонгинохайрхан дүүргийн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг О.А-ын гэр бүлд шилжүүлэх үүрэг нь 2014 оны 6 дугаар сард хийгдсэн тохиролцоогоор бий болсон буюу тухайн үед уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн эрх зүйн харилцаа үүссэн байсныг анхаарч үзсэнгүй, нэг тальг барьсан дүгнэлт хийсэн. Тодруулбал, “О.А, Д.Б нар О.А, Д.О нарын өмчлөлийн орон сууцыг худалдсан мөнгийг хэрэглэх, төлбөрийн оронд өөрсдийн орон сууцыг банкнаас чөлөөлөгдөхөөр өмчлөх эрхийг шилжүүлнэ" гэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан харилцаа үүссэн гэж үзэх боломжтой.

     Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ХД 43-92 тоот хаягт байрлах орон сууц 2016 оны 3 дугаар сард банкны барьцаанаас чөлөөлөгдөж, О.А 2014 оны 6 дугаар сард О.А-ын гэр бүлтэй байгуулсан хэлцлийнхээ үүргээ биелүүлж 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг О.А-ын өмчлөлд шилжүүлэх гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байдлаар байгуулан, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг өмнө нь үүссэн О.А, Д.Б нарын О.А-ын өмнө хүлээсэн үүргээс салгаж үзэх боломжгүй. Шүүх тухайн үед хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг нотариатаар баталгажуулж, өмчлөх эрхийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол үндэслэлгүй гэх байдлаар хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

          2.2. Д.Б өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцдоггүй, зөвхөн сүүлийн шүүх хуралдаанд оролцсон боловч орон сууцны талаар үнэн зөв тайлбар өгөхөөс илт зайлсхийсэн, шүүх хуралдааны асуулт, хариултын үе шатанд яагаад тухайн үед О.А та хоёр Сонгинорхайрхан дүүрэг дэх орон cууцaa О.А-ын гэр бүлийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. О.А ямар шалтгаанаар уг байранд 2014 оны 6 сараас хойш 2 жилийн хугаиаанд амьдарсан талаарх хариуцагч болон гуравдагч этгээд, шүүгчийн асуусан асуултад хариулдаггүй, өөрийн өмгөөлөгчийн зөвлөснөөр "хариулахаас татгалзаж байна" гэсэн хариултыг өгч байсан нь 2014 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүрэг дэх орон сууцны талаар О.А-ын гэр бүлтэй ямар тохиролцоо хийснийг харуулж байхад шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй.

          Иймд дээрх үндэслэлээр орон сууц, авто зогсоол болон гэрийн тавилга, контейнерийг гэр бүлийн дундын өмчөөр тогтоож ногдох хэсгийг О.А-аас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчснөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

    Нэхэмжлэгч Д.Б хариуцагч О.А-д холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 43 дугаар байрны 92 тоот 2 өрөө орон сууц, 43 дугаар автозогсоолыг дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх хөрөнгийг хүү А.А-ийн өмчлөлд үлдээх, 11 төрлийн эд хөрөнгө гаргуулах, “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 55 толгой адуу, 25 толгой үхэр нийт 80 толгой малнаас ногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. 

          Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 20 тн контейнер, унтлагын тавилга, самсунг маркийн 42 инчийн LCD телевизор, шарп маркийн хөргөгч, самсунг маркийн гэрийн кинотеатр, панасоник маркийн угаалгын машин, филипс маркийн тоос сорогч, хивс цэвэрлэгч, компьютер, принтер, зочны өрөөний тавилга зэрэг 11 төрлийн эд хөрөнгө гаргуулахаар хүсэлт гаргасныг агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзнэ. /1 х.х-ийн 151/

  Уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулан улмаар хариуцагч талд гардуулах, тайлбар гаргах хугацаа олгох, нотлох баримт цуглуулах боломж олгоогүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ.

Түүнчлэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна. Гэтэл шүүх дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу бөгөөд хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, тайлбар гаргах эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчийг томилсныг албажуулсан ажиллагаа хийгдээгүй тохиолдолд хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдэрлэсэн гэж үзэх боломжгүй.

         Харин хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 43-92 тоот 61.3 кв.м талбайтай 2 өрөө орон сууцыг 75 000 000 төгрөгөөр “Л” ХХК үнэлсэн байхад уг үнэлгээнд зоорийн давхарт байрлах 15 м.кв талбайтай автозогсоолын үнэлгээг оруулж тооцсон гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

     Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 43 дугаар байрны зоорийн давхарын 43 тоот автозогсоол нь үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээтэй, уг автозогсоолыг 6 100 000 төгрөгөөр О.А-оос “Г” ХХК-ийн зээлээс чөлөөлж авсан болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Г-ын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000579023 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна. /2 х.х-ийн 186, 191/ Иймд автозогсоолыг 15 000 000 төгрөгийн үнэтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эргэлзээтэй байхад шүүх 15 000 000 төгрөгөөр үнэлж хэргийг шийдвэрэлсэн нь буруу.

         Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/02918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                       А.МӨНХЗУЛ

                                                                                                         Д.БАЙГАЛМАА