Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01364

 

2021           11            09                                          001/ХТ2021/01364

............ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02600 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 354 дүгээр магадлалтай,

............ын нэхэмжлэлтэй

“............” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,802,371 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх болон 2019 оны 4, 5 дугаар сарын цалингаас дутуу олгосон 669,314 төгрөг, түүний алданги 250,875 төгрөг буюу нийт 920,189 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажиллаж байсан хугацааны цалин 669,314 төгрөг, түүний алданги 250,875 төгрөг буюу нийт 920,189 төгрөг гаргуулах, цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагаа дэмжиж байна. Анх гаргасан шаардлагаас дутуу олгосон цалин, түүний алдангитай холбоотой хэсгээ багасгаж байгааг хүлээн авна уу. ............ нь 2019.03.27-ны өдрөөс амаар тохиролцож, сарын 1,000,000 төгрөгийн цалин хөлс авахаар цахилгаанчны ажилд орсон. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчдөг, цалин хөлс бүрэн өгдөггүй ийм байгууллага байсан. Энэ шалтгаанаар 2019.05.21-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь ажил хийгээгүй. Энэ байгууллагад эргээд ажиллах гэхээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулдаггүй, аюулгүй байдлыг хангадаггүй, цалин хөлс өгдөггүй тул ажлаасаа гарсан. Ажилласан хугацааны цалин хөлсөө шаардахаар хэнд хандах нь мэдэгддэггүй. Захирал, нягтлан бодогч, хуульч нар нь нэг нэгэн рүүгээ явуулаад хөл толгой нь олдоггүй. Энэ байдал нь Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн хяналт тавих явцад ч гарч байсан. Шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2019.06.20, 2019.07.18, 2019.08.08-ны өдрүүдэд нийт 3 удаа хандсан боловч шүүх нэхэмжлэлийг тухай бүр хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2019.09.26-ны өдөр гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тушаал шийдвэр гаргаагүй мөртлөө ажиллах нөхцөлөөр хангахгүй байгаа тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллагаагүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,802,371 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх болон олгоогүй цалин, түүний алданги нийт 920,189 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс дутуу олгогдсон цалин хөлс 669,314 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч компани нь 2019.03.27-ны өдрөөс ............ыг цахилгаанчнаар ажиллуулж байсан үйл баримтдаа маргахгүй. Тэрээр 2019.05.20-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн Усан спорт цогцолборын барилгын ажлын цахилгааны сувагчлалын ажлыг гүйцэтгэж байсан нь үнэн. Цалин хөлс хоцроосон үйл баримт нь үнэн. Гэхдээ энэ нь гүйцэтгэж байгаа ажлын санхүүжилтийг төрөөс хоцроож байснаас үүдэлтэй. Байгууллага энэ хүний нэхэмжлэлд дурдсан шиг аюултай байдалд ажиллуулаад байсан зүйл байхгүй. Тэрээр өөрөө ажлаа хаяад яваад өгсөн. Ажлын байр орхих тухайгаа ч хэлээгүй, хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрмөгц ажлаас гарах зохицуулалт харгалзалгүй шууд хаяад явсан байдаг. Манай компанид 2 цахилгаанчин ажиллаж байсан бөгөөд 2-уул ажлаа орхиод явсан. Зуны цагт бидэнд ажилтны эрэлт их, хийж гүйцэтгэхээр тохирсон ажилд цахилгааны сувагчлалын ажил маш чухал байсан учир бид 2 цахилгаанчинтай холбоо барьж, ажиллаач гэж санал тавьсан, цалин хөлс өгөх тухайгаа ч хэлсэн боловч ............той холбогдож чадаагүй, тэрээр огт эргэж холбогдоогүй. Бид ажлаар хангаагүй асуудал огт байхгүй. Нэхэмжлэгч өөрөө эргэж ирээгүй. Бид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй алдаа гаргасан боловч түүнийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, цалин хөлсийг олгож ирсэн. Цалин шаардахад огт өгдөггүй гэж хэлж байгаа ч ажлаа хаяж явснаас хойш ганц ч удаа ирээгүй атлаа одоо ингэж худлаа хэлж байгаа нь үндэслэлгүй. Гүтгэж байна гэж үзэж байгаа тул очиж шаардаж байсан байдлаа нотлох ёстой байх. Өөрөө ажлаа хаяж явсан байж ажлаас халсан гэх үндэслэлээр шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэдийгээр ажил олгогч зарим зүйл дээр буруутай ч ажилтанд бас үүрэг байх ёстой. Ажил үүргээ дуртай үедээ хаяад явж болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байх. Тэрээр ажлаа хүлээлгэн өгөөгүй учир бид түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал огт гаргаагүй, тэрээр ирж уулзаагүй тул дутуу олгосон гэх цалин хөлсийг өдийг хүртэл саатуулсан гэж үзэх боломжгүй. Ажлаа хүлээлцээд, тушаалаа гаргуулаад явсан бол тушаалыг гаргаж, нийгмийн даатгалын дэвтэр болон ажилласан хугацааны цалин хөлсийг олгоод асуудлыг шүүхээр бус өөрсдөө шийдвэрлэх боломж байсан. Өөрөө нэг ч удаа ирээгүй байж өнөөдөр хохирсон байдлаар нэхэмжлэл гаргаад байгааг зөвшөөрөхгүй, өөрөө хариуцлагагүй тул бид ийм хүнтэй дахин ажиллаж чадахгүй тул цалин хөлсний үлдэгдэл мөнгийг өгнө, харин үлдэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02600 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ............ ХХК-аас дутуу олгосон цалин хөлс, түүний алданги нийт 920 189 төгрөгийг гаргуулж ............од олгож, ............ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 802 371 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ............ын гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 35 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26 635 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 354 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02600 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 141 дүгээр зүйлийн 141.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.11, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ............ыг ............ ХХК-ийн цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ............ ХХК-аас 6 802 371 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ............од олгож, уг мөнгөнөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, 2019 оны 4, 5 дугаар сарын цалингаас дутуу олгосон 669 314 төгрөг, түүний алданги 250 875 төгрөг буюу нийт 920 189 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэж 2 дахь заалтын 26 635 төгрөг гэснийг 150 423 төгрөг гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу дүгнэсэн тухай: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Хариуцагч нь ажилтныг өөрийн санаачилга, хүсэлтээр ажлаас чөлөөлөгдснийг нотлох үүрэгтэй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүрэг нь зөвхөн хариуцагчийнх бус нэхэмжлэгчид ч хамааралтай үүрэг юм. Нэхэмжлэгч хариуцагч талыг аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, ажиллах нөхцөл байдлаар хангах үүргээ хэрэгжүүлээгүй, ажлаа хийх талаар шаардсан ч хүлээж авдаггүй гэж тайлбарладаг боловч уг тайлбартай холбоотой шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, уг асуудлаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч ............ нь ажил олгогчид ажилдаа эргэн орох талаар шаардлага огт тавьж байгаагүй, тушаал шийдвэр гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон дутуу цалин хөлс авах талаар ч огт шаардлага тавьж байгаагүй бөгөөд зөвхөн цалин хөлс хугацаандаа өгдөггүй гэж өөрөө ажлаа хаяж явсан. Энэ талаар ч мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан бөгөөд бидний зүгээс зөвхөн санхүүжилтээс шалтгаалан хугацаа хоцроосон асуудлаа зөвшөөрсөн бөгөөд дутуу олгосон цалин хөлсийг өгөхөө илэрхийлсэн байдаг. Гэтэл ажиллах нөхцөл хангадаггүй, аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, дарамталсан, ажлаас халсан мэтээр нэхэмжлэлд дурдсан, тайлбарласан нь огт үндэслэлгүй, худал гүтгэлэг болно. Хэрэв дээрх шаардлагуудын ядаж аль нэгийг гаргаж байсан бол энэ талаар нэхэмжлэгч өөрөө баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл огт энэ талаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд 2019.06.20, 2019.07.18, 2019.08.08-ны өдрүүдэд гаргасан бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нөхцөл байдал, мэргэжлийн хяналтын газраас ажилласан хугацааны дутуу олгосон цагийн хөлсийг олгуулах тухай актыг үндэслэн ажил хийх боломжгүй нөхцөл байдал бий болгосон гэж дүгнэсэн нь буруу байна. Ажилтан өөрөө ажлаа орхиж явсан эсэх, ажлаас халсан эсэх, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон эсэх талаар хэрэгт ямар ч нотлох баримт авагдаагүй байсан. Хэдий зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзалаа өөрсдөө нотлох үүрэгтэй ч мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан. Энэ нь зохигч этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн болон нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хангалттай мэдлэггүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байхаас шалтгаалан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарах боломжгүй үед зөвхөн шүүх хэрэгжүүлэх эрх хэмжээ юм. Дээрх заалтын дагуу анхан шатны шүүхээс нотлох баримтыг нэмж бүрдүүлэх, талуудаас шаардан авах шаардлагатай байсан, давж заалдах шатны шүүхээс ч мөн уг заалтын хүрээнд хэргийн нөхцөл байдлын талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, нэмэлт нотлох баримт шаардлагатай, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байгаа тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5, 168.3-т заасны дагуу хэргийг анхан шатны шүүх рүү буцааж дахин хэлэлцүүлэх боломжтой байсан. Угтаа нэхэмжлэгчийн шаардлага болон хариуцагчийн татгалзал аль аль нь баримтаар нотлогдохгүй байхад хэргийн үйл баримтыг талаар буруу дүгнэж, нотлох баримтгүйгээр хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2.Хөдөлмөрийн тухай хууль, хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, хариуцагчийн эрхийг зөрчсөн тухай: Хариуцагчийн зүгээс мэргэжлийн хяналтын газар, шүүхэд гаргасан тайлбарууддаа нэхэмжлэгч ............ыг ажлаас халаагүй, ямарваа нэг байдлаар хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгоогүй талаар анхнаасаа шүүхэд үнэн зөв тайлбар гаргасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн хуулийн 69.1, 128.1.2-т заасны дагуу дагуу ажлаас буруу халсан, шилжүүлсэн, өмнөх ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч хариуцагч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн яг ямар заалтыг дагуу, ямар үндэслэлээр ажилтныг ажлаас халсан талаар дүгнээгүй, тодорхойлоогүй, нотлоогүй байна. МУ-ын Дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаартай тогтоолын Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. ...Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговорыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно.” гэж заасан. Гэтэл ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байсан талаар үйл баримт огт байхгүй, анхнаасаа ч ажилтныг халах шаардлага, үндэслэл огт байгаагүй. Гэтэл огтхон ч баримтгүйгээр ажлаас халсан гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, ажил олгогчийн эрхийг дордуулсан шийдвэр болсон байна. Нэхэмжлэгч талаас Монгол улсын Дээд шүүхийн 2012.06.15-ны өдрийн “Хөдөлмөрийн Эрх Зүйн Харилцаанаас Үүссэн Маргаантай Хэргийг Хянан Шийдвэрлэхэд Анхаарах Зарим Асуудал”-аар гаргасан зөвлөмжийн 3.2 дахь хэсэг буюу “Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг” гэсэн. Гэтэл нэхэмжлэгч ............од нь 2019.05.20-ны өдрөөс өөрөө ажиллаагүй гэдгээ тайлбарласан бөгөөд манай компанид ажиллуулах талаар шаардлага тавьж байсан гэдгээ огт нотлоогүй, манай компаниас 2019.04.24-нд 200,000 төгрөг, 5 дугаар сарын 15-нд 700,000 төгрөг, 05 дугаар сарын 22-ны өдөр 84,542.14 төгрөг тус тус цалин хөлсийг олгосон байгаа зэргээс үзвэл цалин хөлс олгоогүй, ажилтныг ажил үүрэг гүйцэтгүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хариуцагчийн зүгээс зүгээс цалин хөлс олгох хугацааг хоцроосон гэдгээ анхнаасаа шударгаар хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу торгуулийн хариуцлага хүлээсэн. Харин цалин хөлс хоцроосон нь ажлаас халсан гэж үзэх үндэслэлгүй болохгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан, ажил олгогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа тул нэмэлт нотлох баримт бүрдүүлэх, хэргийг шударгаар шийдвэрлүүлэх үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ............ нь хариуцагч “............” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 6,802,371 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, 2019 оны 4, 5 дугаар сарын цалингийн дутуу 669,314 төгрөг, алданги 250,875 төгрөг буюу нийт 920,189 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч дутуу олгосон цалин 669,314 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 920,189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

............ нь хариуцагч байгууллагад 2019.03.27-ны өдөр цахилгаанчнаар ажилд орсон, 2019.05.21-ний өдрөөс ажиллаагүй, 2019 оны 4,5 сарын цалин 669,314 төгрөгийг олгоогүй үйл баримтыг зохигч маргаагүй, харин ажилд эгүүлэн тогтоох эсэх талаар маргажээ.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилтны цалин хөлсийг бүрэн олгоогүй, хууль зөрчсөн байдал тогтоогдож байх боловч ажилтныг ажиллах нөхцөлөөр хангаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй, ажлаас халсантай адилтгаж үзэх ямар нөхцөл байдал бий болсон, ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрлөх эрхийг хэрхэн хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч ажилдаа ирээгүй байхад ажилд эгүүлэн тогтоосон давж заалдах шатны шүүхийн магадлал Хөдөлмөрийн тухай хуульд  нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар хүсэлт гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байраа орхиж явсан буюу ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан баримт байхгүй боловч нэхэмжлэгч ажлын байрандаа ирээгүй, энэ шалтгаанаа ажил олгогчид мэдэгдээгүй, ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх, гэрээг үргэлжлүүлэх хүсэл зориг байсан нь эргэлзээтэй байхад ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн гэрээний нэг төрөл бөгөөд гэрээг байгуулах, гэрээг цуцлах талуудын эрх тэдгээрийн хүсэл зоригтой шууд холбоотой, хүсэл зоригийн илэрхийлэл ач холбогдолтой.

Иймд ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан цалин хөлс олгох үүргээ хариуцагч биелүүлээгүй, энэ үүргээ зөрчсөн тул мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар алданги тооцож нийт 920,189 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, ажилд эгүүлэн тогтоолгох, түүний үр дагаврыг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 60 дугаар зүйлийн 60.1, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 354 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 138,520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                          Б.МӨНХТУЯА

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД