Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1148

 

 

 

 

 

 

 

 

       Ж.Б-т холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

цагаатгагдсан этгээд Ж.Б-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 737 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай прокурорын эсэргүүцэл болон хохирогч Ц.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 1803008970018 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Донгиддоной овгийн Ж.Б-, 19.. оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ........ дугаар хороо, ............ хорооллын ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

Ж.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны 09 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын урд уулзвар замд “Lexus” маркийн 84-43 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гол замаар Ц.Ж-гийн жолоодож явсан “Mitsubushi Delica” маркийн 17-83 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Ц.Ж-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Б-ийг цагаатгаж, энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.2  дахь хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хяналтын камерийн бичлэг бүхий сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Ц.Ж-гийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч Ж.Б- нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Ж- давж заалдах гомдолдоо: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 737 дугаартай цагаатгах тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Ж.Б- нь замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн болох нь шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтүүдээр,

мөн шүүгдэгч Ж.Б-ийн “... Уулзвар нэвтрэх үедээ зүүн гар талаас ирж байгаа гол зам харахад “Land criuser” маркийн, цагаан өнгийн хамгаалалтын 1 машин хол харагдаж байсан учир би гол замд ямар нэгэн саад болохгүйгээр нэвтэрч чадах юм байна гэж 15 жилийн жолоочийн туршлагаараа бодсон...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа.

Дээрх зам тээврийн ослын улмаас хохирогч миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Гэмтлийн зэргийг холбогдох байгууллагууд нь шинжээчээр томилогдон ажиллаж дүгнэлтүүдээ гаргасан.

Ж.Б- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гарч хохирол учирсан байгаа нь түүний болгоомжгүй үйлдэл юм.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор, мөн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2, 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульчилсан..., мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд ниийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

...Замын хедөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ", мөн зүйлийн 13.2.1-д "Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх" гэж заасан... гэх хуулийн заалтуудыг үндэслэл болгож дүгнэлт хийсэн атлаа дээрх хуулийн зохицуулалт, замын хөдөлгөөний дүрэм нь Ж.Б-т хамааралгүй, хохирогч Ц.Ж- надад хамааралтай мэтээр дүгнэсэн байгаа нь хууль буруу хэрэглэсэн өрөөсгөл ойлголт юм.

Дээрх хуулийн зохицуулалтууд, замын хөдөлгөөний дүрмүүд нь замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгслийн жолооч нарт хамааралтай зохицуулалт болохоос биш ганцхан хохирогчид зориулж гаргасан заалт биш юм.

Миний бие нь замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээ байраа буруу эзэлсэн зөрчил гаргасан бөгөөд энэхүү зөрчилдөө холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахуулсан ба энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна. Би эгнээ байраа буруу эзэлсэн хэдий ч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд ямар ч тохиолдолд туслах замаар яваа тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөх үүрэгтэй гэсэн хуулийн болон замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалттайг мэднэ.

Мөн цагаатгах тогтоолын үндэслэлдээ: ... Замын хөдөлгөөний дүрмийн 7.11-д "жолооч уулзвар, гарцаар гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ", 8.1-д "...эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно", 10.6, б/-д заасан "зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно", мөн 8.2-д "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус хуульчилсан тул хохирогч Ц.Ж-гийн гүйцэж түрүүлэх үйлдэл огт зөвшөөрөгдөөгүй нөхцөлд урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлсэн, мөн өөрийн эгнээнд буцаж орохгүйгээр эсрэг урсгалаар уулзвар нэвтэрсэн нь дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл юм...” гэжээ.

Хохирогч миний бие урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлсэн үйлдэл нь шүүгдэгч Ж.Б-ийн гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй байх үйлдэлтэй ямар ч хамааралгүй байна. Учир нь би урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлсэн үйлдэл хийхдээ зам тээврийн осол гаргаагүй.

Уулзварыг гол замаар нэвтрэхэд нь туслах замаас Ж.Б- зам тавьж өгөөгүйгээс осол болсон байхад шүүхээс хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүргээ хэрэгжүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн тус шүүхээс өмнө нь хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдийг шалгаж тогтоогоогүй байхад хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авалгүй хүлээн авч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн байна.

Тухайлбал, тус захирамжид “2 дугаар хавтаст хэргийн 44-50 дугаар талд авагдсан 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12/50 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “... Ц.Ж-гийн жолоодож явсан “Mitsubishi Delica” загварын автомашины хурд 85.14 км/ц, Ж.Б-ийн жолоодож явсан “Lexus 450” маркийн 84-43 УНД улсын дугаартай автомашины хурд нь 34.13 километр цаг, гол замаар явж байсан “Land criuser” маркийн автомашины хурд 45.9 километр цагийн хурдтай явж байсан болохыг тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэсэн байна.

Энэ тохиолдолд сөрөг хөдөлгөөнтэй 2 эгнээ замаар Замын хөдөлгөөний дүрмийн дагуу 45.9 км/ц-ийн хурдтай зорчин явсан “Land criuser” маркийн автомашиныг урсгал сөрөн уулзвар хүртэлх хүчинтэй, гүйцэж түрүүлэхийг хориотой тэмдгийг зөрчин гүйцэж түрүүлж зөвшөөрөгдсөн хурдны дээд хязгаарыг зөрчиж 85.14 километр цаг явсан “Mitsubishi Delica” загварын автомашины жолооч Ц.Ж- нь “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт болон дүрмийн бусад заалтыг зөрчсөн эсэх, осол гарахад түүний буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгах нь зүйтэй." гэжээ. Гэвч дээрх шинжээчийн дүгнэлт гээд байгаа зүйл нь Ж.Б-ийн өмгөөлөгчийн гаргасан асуулт юм. Шинжээч И.Базаррагчаа анхан шатны шүүх хуралдаанд асуусан асуултад “Хурдыг тодорхойлох, тооцох ямар ч боломжгүй” гэж хариулсан байдаг.

Уг зам тээврийн осол гарахад шүүгдэгчийн буруутай үйлдэл байсан байтал ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй байгаа нь шударга бус ба миний биед учирсан гэмтэл авто машинд учирсан хохирлыг яаж шийдвэрлэх нь ойлгомжгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 737 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд гаргасан 737 дугаартай шийдвэртээ:

"... Шүүгдэгч Ж.Б-ийн жолоодож явсан 84-43 УНД улсын дугаартай, “Toyota Lexus”  маркийн автомашин нь туслах замын автомашин мөн боловч хэргийн үйл баримтаар түүнийг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мөрдөж байсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн, үүний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс гэмт хэрэг гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг хууль ёсны, эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

Учир нь хохирогч Ц.Ж-гийн биед хүндэвтэр гэмтэл үүссэн гэх 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12050 дугаартай, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурьдсан хохирогчийн биед учирсан хоёр талын далны тогооны лабрумын урд дээд хэсгийн урагдал гэмтэл нь зам тээврийн ослоос шууд шалтгаалсан шинэ гэмтэл мөн эсэхийг бүрэн эргэлзээгүй тогтоож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай прокурорын “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын 5, 6, 7-д заасан асуултанд хариулаагүй байна.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч Ж.Б-ийг бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж дүгнэх боломжгүй гэж шүүх үзэв.” гэжээ.

Хэрэгт авагдсан хохирогч Ц.Ж-гийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 12050 дугаартай, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 146 дугаартай, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 869 дугаартай, Механик тээврийн сургуулийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12/50 дугаартай дүгнэлтүүд нь ямар нэгэн эргэлзээгүй гарсан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 146 дугаартай дүгнэлтэнд шинжээч прокуророос тавьсан асуултанд “4.5.6.7. Шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримт, дүрс оношлогооны зургууд урьд гаргасан дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлээс өөр шинэ гэмтэл тогтоогдсонгүй” гэж тодорхой хариултыг өгчээ.

Өөрөөр хэлбэл, 12050 дугаартай болон 146 дугаартай хүний биед хийсэн шинжилгээгээр хохирогч Ц.Ж-гийн биед учирсан 2 талын далны тогооны лабрумын урд дээд хэсгийн урагдал гэмтэл нь уг зам тээврийн ослоос шууд шалтгаалсан шинэ гэмтэл мөн болохыг эргэлзээгүй тогтоож, нотолсон байна.

Осол, хэрэг гарах үед буюу 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” үйлчилж байсан ба Ж.Б-ийг яллагдагчаар татах үед дээрх “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-д 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр өөрчлөлт орж 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх мөрдөгдсөн байна.

Гэвч шинээр мөрдөгдөж буй 2018 оны 11 дүгээр сарын 1-ний “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ээс өмнөх осол, хэргийг өмнөх буюу 2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ээр зохицуулах нь хуульд нийцнэ.

Учир нь шинэ замын хөдөлгөөний дүрэм мөрдөгдөж эхлэхээс өмнө хуучин замын хөдөлгөөний дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байсан болно.

Дээрх шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2-т заасан “Хууль ёсны зарчим”, 1.3-т заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэт цагаатгах талыг баримталсан шийдвэр болжээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 737 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч өөрийгөө эгнээ буруу эзэлсэн байдлаар анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд хэлдэг. Уг зам нь сөрөг хөдөлгөөнтэй нэг, нэг эгнээгээр зорчдог зам байгаа. Хохирогч Ц.Ж- нь урсгал сөрж явж байгаад уг ослыг гаргасан. Камерийн бичлэгт тодорхой харагддаг. Осол болсон газарт нэг камер байсан. Би тухайн үед бүсээ зүүсэн байсан тулдаа амьд гарсан. Надад хөнгөн гэмтэл учирсан. Одоо хүртэл толгой өвддөг. Анх би хохирогчоор тогтоогдоод, Ц.Ж- холбогдогчоор тогтоогдож байсан. Би иж бүрэн даатгалтай байсан. Даатгалын компаниасаа 32.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулж авсан. Ослоос хойш 6 сарын дараа авсан. Ц.Ж- тухайн үед огт гэмтээгүй, уг ослоос болж “би гэмтсэн” гэж мэдүүлж байгаагүй байдаг. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Б-ийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангаж гарсан. Прокурор анхан шатны шүүх яагаад цагаатгасан учир шалтгаанаа цагаатгах тогтоолдоо дурдаагүй гэж байна. Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд ямар учраас нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй байгаа, ямар учир шалтгаанаар Ж.Б-ийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй талаар шүүгч маш нарийн тогтоож, үнэлж, дүгнэж, тодорхойлсон байдаг. Шинжээч Ганзоригийг огт асуугаагүй. Шүүх хуралд шинжээч Ганзоригийг оролцуулахаар шүүх мэдэгдэх хуудсаа хүргүүлсэн боловч шинжээч Ганзориг ирээгүй. Шүүх хуралд оролцсон мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Осол гарсан гэх үйл баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж осол гарсан гэх байдал тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Хохирогч Ц.Ж- нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримталж замын хөдөлгөөнд оролцох ёстой байтал уг үүргээ биелүүлээгүйгээс осол гарсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Гол замаар явж байсан машинд зам тавьж өгөөгүйгээс болж осол гарсан гэж прокурор дүгнэж байна. Гэтэл гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс болж зам тээврийн осол гарсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон. Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодит дүгнэлт өгч яллах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд нь эргэлзээгүй тогтоогдож чадаагүй гэдэг үндэслэлээр Ж.Б-ийг цагаатгасан гэж үзэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ”. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ:”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэсэн заалтуудыг хохирогч Ц.Ж- яаж зөрчсөн бэ гэхээр 17-83 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг байсаар байтал уг тэмдэгийг зөрчиж өмнөө явж байсан хамгаалалтын алба гэсэн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагддаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэх үндэслэл нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн нь хууль зөрчөөгүй. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.11 дүгээр зүйлд “Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ” гэсэн байтал хохирогч Ц.Ж- нь эсрэг урсгалаар хурдтай явсаар байгаад миний үйлчлүүлэгчийг мөргөж дунд гол руу унагаасан. Энэ нь камерийн бичлэгт тодорхой харагдана. Миний үйлчлүүлэгчийн жолоодож явсан авто тээврийн хэрэгсэл 2.5 тонн жинтэй. Ийм машиныг мөргөж унагаасан байдлаас харахад хэр хурдтай явж байсан нь харагдаж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дүгээр зүйлд “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэснийг, мөн 10.6 дугаар зүйлийн б/зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд) гүйцэж түрүүлэхийг хориглоно гэх заалтыг зөрчсөн. 8.2 дугаар зүйлд “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг хохирогч Ц.Ж- гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ зөрчсөн нь осол гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлж ослыг гаргасан гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн. Явган хүний зохицуулдаггүй гарцтай, 60 см урттай хурд сааруулагчтай байхад хурдаа хасалгүйгээр явсан гэдэг нь гэрч Отгонбаярын өгсөн мэдүүлгээр нотлогддог. Гэм буруутай этгээд нь эсрэгээрээ хохирогч гээд байгаа Ц.Ж- юм биш үү гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүх хуралд оролцсон шинжээчээс асуулт асуухаар “... хохирогч Ц.Ж- нь хурдтай явж байсан байж болно. Гэхдээ тэрийг би тогтоохгүй. Шүүх тогтооно” гэдэг. Ж.Б-тэй холбоотой юм асуухаар “түүнд хариулах боломжгүй, шүүх л тогтооно” гэдэг. Гэтэл тухайн үед хурдтай явсан нь мөргөлдөж буй хүчний үйлчлэл, шидэгдэж буй хэмжээ, гэрч нарын өгч буй мэдүүлэг, камерын бичлэгт хангалттай авагдсан байна. Үүнийг ямар нэгэн баримтаар үгүйсгэж чаддаггүй. Миний үйлчлүүлэгч гол зам руу нэвтрэхдээ тооцоолсон гэдгээ хэлсэн. Энэ нь 6238 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Осол гарсаны дараа Гэмтэл Согог судлалын үндэсний төвд Ж.Б-, Ц.Ж- нар нь хамт очиж эмчид үзүүлсэн байдаг. Ж.Б- мэдүүлэхдээ “Ц.Жамъяасүрэн нь гараа дээш нь өргөөд үзүүлж байсан. Ямар нэгэн зовиур байна гэж харагдаагүй. Мөрөндөө хамгаалалт зүүх үү гэхэд зүүхгүй, би хоёр мөрөндөө хуучин гэмтэлтэй гэж ярьж байхыг сонссон” гэдэг. Үүнээс үүдээд шинэ гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдэг дээр шинжээч эмч нарыг хариулт өгөөч гэхээр уг хариултад аль ч шинжээч тодорхой хариулдаггүй. Прокуророос шинэ гэмтэл гэж үзсэн нь үндэслэлгүй. Хуучин гэмтэл гэдэг нь хангалттай баримтаар тогтоогдсон. Ижил дугаартай хоёр янзын дүгнэлт гарсан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 10-ны 12050 дугаартай дүгнэлтэд “хохирогч Ц.Ж-д гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн байдаг. Гэтэл дараа нь Ганзориг шинжээч эмч өөрөө “хохирогч Ц.Ж-д хүндэвтэр гэмтэл учирсан” гэх дүгнэлтийг байцаагчид өгсөн байдаг. Ямар учраас ингэж сольсон талаар Ганзориг шинжээч эмчээс асууж, тодруулсан зүйл байдаггүй. 12050, 146 дугаартай хоёр шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон амбулатороор үйлчлүүлэгчийн карт нь хавтас хэргийн 93 дугаар талд авагдсан. Уг картны бичиглэл нь хоёр өөр байдаг. Мөн Төрийн тусгай албан хаагч нарын эмнэлэгт би өөрийн биеэр очиж шүүлгэхэд Ц.Ж- гэх хүн уг эмнэлэгт үзүүлээгүй байсан. Пүрэвдорж гэх хүнийг гэрчээр асуухад “Ц.Ж- гэх хүнийг огт танихгүй” гэсэн байдаг. Дараа нь шүүх хуралд оролцохдоо “бид нар нэг дор өссөн, нэг нутгийнх” гээд таньдаг болоод явсан байдаг. “Зөөлөн эдийн няцрал” гэх урьд нь гаргасан өөрийнхөө дүгнэлтийг үгүйсгэж зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Танил талаараа дүгнэлт бичүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Эдгээр байдлуудаас харахад миний үйлчлүүлэгчийн буруутай үйлдлээс болж хүндэвтэр гэмтэл учирсан гэдэг нь эргэлзээтэй байна гэж анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо дурдсан нь үндэслэлтэй. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ж.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах явцад хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад;

цагаатгагдсан этгээд, жолооч Ж.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодон туслах замаас уулзвар нэвтрэхдээ гол замын жолооч, хохирогч Ц.Ж-гийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж өөрийн дотоод итгэлээр үнэлэн “...хууль, дүрмийн заалт зөрчиж замын хөдөлгөөнд оролцож яваа жолоочид давуу эрх хамаарахгүй” гэж дүгнэж, шүүгдэгч Ж.Б-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Учир нь, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тухайн осол болж байгаа байдлыг харуулсан бичлэг бүхий сиди,

хэргийн газарт нөхөн үзлэг хийж, тээврийн хэрэгслэлүүд анх мөргөлдсөн “А” цэгийг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 19-22/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 869 дугаартай “...Делика маркийн 17-83 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Ж- нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6 дахь заалт “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: б/ зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр /баруун талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна”

“...2. Зам тээврийн осол гарах үеийн бичлэг /ch14-20180918093005/ болон хэргийн газрын үзлэгээр 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх А цэг нь зорчих хэсгийн хойд хашлагын үргэлжлэлээс 4,0 метр зайд авагдсан байх /нийт өргөн 7,4 метр/ нь Делика маркийн 17-83 УНЯ улсын дугаартай автомашин нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ эсрэг урсгалд Лексус маркийн 84-43 УНД улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байх тул Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6 дахь заалт “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: б/ зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр /баруун талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан дүрс бичлэг ch11-20180918093005/-ээс Делика маркийн 17-83 УНЯ улсын дугаартай автомашин урдаа яваа цагаан өнгийн автомашин /хамгаалалтын алба гэсэн бичиглэлтэй/-ыг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6 б/ дэх заалтыг зөрчсөн үйлдэл байна” гэсэн дүгнэлт /1 хх 164-165/,

Мөн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 869 /нэмэлт/ дугаартай “...Осол гарахаас өмнөх үеийн бичлэгийг үндэслэхэд “Гүйцэж түрүүлэх хориотой. 2.20” тэмдгийн заалтыг жолооч Ц.Ж- зөрчсөн байна”, “...Гүйцэж түрүүлэх үйлдэл нь явцын хувьд гүйцэж түрүүлэх үйлдлийг эхлэх, гүйцэж түрүүлэх /өрнөх/, тухайн үйлдлийг дуусгаж эгнээ, байрандаа буцаж орох дараалалтай байх ба эгнээ, байрандаа буцаж орох цаг хугацаа, орон зайн боломж үүсээгүй, эсвэл ороогүй үйлдэл, эс үйлдлээс эсрэг урсгалд мөргөлдсөн байх магадлалтай гэж шинжээч үзэж байна” гэсэн дүгнэлт /1 хх 181/,

Хамгаалалтын алба гэсэн бичигтэй Тоёота Ландкрузер-78 маркийн автомашины жолооч Г.Отгонбаярын “...АТМ сервис монголиа ХХК-ийн хамгаалалтын албаны автомашиныг жолоодон 40 км/цагийн хурдтай явж байтал Нарны хорооллын зүүн урд уулзвараас 50-100 метрийн зайнд Делика маркийн автомашин миний жолоодон явсан машины хажуугаар хурдтай өнгөрөн эсрэг урсгалаар, хурдаа хасалгүй явсаар байгаад уулзвар нэвтрэх үедээ туслах замаас орж ирсэн цагаан өнгийн Лексус ар экс маркийн автомашинтай мөргөлдөн, цагаан өнгийн автомашин дунд гол руу уначихсан” гэсэн гэрчийн мэдүүлэг /1 хх 108/ зэргээс үзэхэд, хохирогч Ц.Ж- нь Замын хөдөлгөөний дүрмийн дээр дурдагдсан заалтуудыг зөрчиж, гүйцэж түрүүлэхийг хориглосон газар урдах тээврийн хэрэгслэлээ гүйцэж түрүүлээд, улмаар өөрийн урсгалдаа орж амжилгүй уулзвар нэвтэрч, эсрэг урсгалаар явж байгаад уг осол гарсан болох нь нотлогдсон байна.

Мөн цагаатгагдсан этгээд Ж.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалтад заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчин уулзвар нэвтрэх үед дээрх осол гарсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тухайн осол гарч буй байдлын бичиж авсан сиди бичлэг зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

Эдгээрийг нийтэд нь дүгнэвэл, нэг талаас цагаатгагдсан этгээд Ж.Б-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалтын “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үйлдэл, нөгөө талаас хохирогч Ц.Ж-гийн мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6 дахь заалтын “зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглосон” заалт, тэмдэгийг зөрчсөн хэн хэнийх нь буруутай үйлдлийн улмаас уг осол гарсан байна. Анхан шатны шүүх “жолооч Ц.Ж- урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж хоромхон хугацаанд буюу 3 секундын дараа уг зам тээврийн осол болсон байх тул шүүгдэгч Ж.Б-ийг зам тавьж өгөх боломжтой байсан” гэж дүгнэх боломжгүй. Түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлтэй болжээ.  

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож, удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдэд зохих хууль зүйн дүгнэлт өгч, зарим дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргийг үнэлээгүй талаараа шийдвэртээ тэмдэглэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх шаардлагад нийцсэн байна.

Иймд прокурорын “шүүхийн шийдвэр Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэт цагаатгах талыг баримталсан тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх” тухай эсэргүүцэл,

 

Хохирогчийн “миний урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлсэн нь Ж.Б-ийн гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй байх үйлдэлтэй ямарч хамааралгүй, Ж.Б- зам тавьж өгөөгүйгээс осол болсон байхад шүүх хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой, мөн өмнө нь шүүхээс хэргийг прокурорт буцааж байсан үндэслэлүүдийг шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 737 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2019 оны 20 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ц.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ