Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 230

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга  Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч С.Цэрэндорж,

хохирогч Л.Тунгалаг, М.Лхагвадулам,

шүүгдэгч /хохирогч/ Д.Нарангуа, түүний өмгөөлөгч О.Болдсайхан,

шүүгдэгч Ц.Батжаргал, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан, нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад Боржигон овогт Цоодолын Батжаргал, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашдэлгэрийн Нарангуа нарт холбогдох 201625012470 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, механик жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 016 дугаар ангид механик жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайт 13 дугаар гудамжны 184 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Хиад Боржигон овогт Цоодолын Батжаргал /РД: УХ95021833/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 28 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч, менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, өвөө, эмээ, охины хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 15-285 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Дашдэлгэрийн Нарангуа /РД:УТ88072741/,

           Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Ц.Батжаргал нь 2016 оны 6 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 1 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрах” зочид буудлыг түрээслэн ажиллуулдаг Д.Нарангуаг найз охин М.Лхагвадуламын үснээс зулгааж, хэл амаар доромжилсон гэх буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Нарангуаг зодож, хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн өдөр Д.Нарангуагийн ээж Л.Тунгалаг, Ц.Батжаргалыг салгах үед түүнийг зодож, бусдын бие махбодид давтан үйлдлээр хөнгөн гэмтэл санаатай учруулсан ,

Яллагдагч Д.Нарангуа нь 2016 оны 06 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрах” зочид буудалд үйлчлүүлсэн Ц.Батжаргал, А.Лувсандавга нар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах үед М.Лхагвадуламтай маргалдаж, түүний үснээс зулгаан чирж, зодож бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд өгсөн мэдүүлэг үнэн Нарангуагаас уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад найз охин Лхагвадуламын хамт Лувсандагвын ажил дээр очиход Лувсандагвын найз Алтанзул бас ирсэн байсан. Тэгээд дөрвүүлээ андуудаас автобусанд суугаад Шархадны эцсийн буудал очсон. Тэнд нэг караокед орсон нэрийг санахгүй байна. Тэнд Лувсандагва бид хоёр 0.5 граммын соёрхол нэртэй архи хувааж уугаад гарч ИЗИС-ийн урд байдаг “Ундрах” нэртэй буудалд орсон. Нэг ортой өрөөнд дөрвүүлээ ороод байж байтал Лувсандагва надаас гоймон аваад өг гэгэхээр нь би надад мөнгө байхгүй гэсэн. Тэгтэл Лувсандагва миний нүүр лүү 2-3 удаа алгадаж хамарнаас цус гарсан. Миний хамарнаас амархан цус гардаг юм. Би Лувсандагвыг согтуу олон юм яриад байхаар нь орон дээр дараад хэвтсэн тэгтэл миний хамарнаас гарсан цус Лувсандагвын нүүрэн дээр дусаад цус болсон тэгж байтал найз охин Алтанзул чангаар та хоёр болиоч гээд орилсон тэгтэл гаднаас буудлын үйлчлэгч эмэгтэй орж ирээд шууд намайг арагшаа түлхсэн. Би түлхсэний улмаас арагшаа болохдоо цонхыг толгойгоороо мөргөж цонх цуурсан. Тэгээд би найз охин Лхагвадуламыг аваад явлаа гээд гараад шатаар доошоо уруудаж байтал үйлчлэгч эмэгтэй араас ирээд Лхагвадуламын үснээс зулгаагаад “явуулахгүй гичий минь байж бай одоо цагдаа дуудлаа” гэсэн тэгээд бид хоёр буцаад дээшээ гараад өрөөнд ортол үйлчлэгч эмэгтэй ээжтэйгээ нийлээд гаднаас цоожилсон тэгээд цагдаа руу залгаад аллаа хурдан ирээч гээд чанга чанга орилоод байсан тэгтэл удалгүй цагдаа нар ирсэн. Буудлын үйлчлэгч эмэгтэй Нарангуа нь ээжтэйгээ хоёулаа нийлж намайг гар гэж загнаад сэгсчиж байхдаа намайг хойш нь түлхэж би толгойгоороо цонх мөргөж шилийг цуулсан үнэн. Санаатай хагалсан зүйл байхгүй. Нарангуагийн ээж нь коридорт намайг гаргахгүй гэж ноцолдож байгаад шилэн хаалганы шил нь хагарсан тэгтэл ээж нь гэх эмэгтэй шилэнд гараа зүссэн. Нарангуа нь согтуу байсан, аймаар орилж чарлаад хоёр гараараа үснээсээ зулгаагаад байсан ээж нь өнөөдөр манай охины төрсөн өдөр пиво уусан яадагийн гээд байсан /хх-81-85х/гэжээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ Д.Нарангуа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ухамсарлаж байна, их ч юм сонслоо, миний буруу байгаа өөрийгөө зөвтгөхгүй, үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсэж байна гэв. 

 

Шүүгдэгч /хохирогч/ Д.Нарангуа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би ээж Л.Тунгалагийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ундрах” нэртэй зочид буудлыг түрээсэлж ажиллуулдаг. 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ээж Л.Тунгалаг ажлаа хийж байсан би ээжтэйгээ хамт хонохоор 22 цагийн үед буудал дээр очиход ээж маань будаа агшаагч, аяга таваг авахаар гарсан. Тэр хооронд би түр байж байтал гаднаас 23-аас 24 орчим насны 2 эрэгтэй орж ирсэн. Нэг ортой өрөө авъя хоёр найзыгаа оруулчихаад хоёр нь гарна гэсэн. Тэгээд удалгүй байж байтал хойноос нь хоёр охин нилээн халамцуу бололтой орж ирсэн. Нөгөө хоёр залуу ч халамцуу байсан. Тэгээд өрөөнд ороод удаагүй байхад манай ээж гаднаас орж ирсэн. Тэгээд ээжтэйгээ яриад байж байтал нөгөө хүмүүсийн орсон өрөөнд түс тас гээд чимээ гарсан. Тэгээд би орох гэтэл хаалга нь дотроосоо цоожтой байсан. Би нэг илүү түлхүүрээр гаднаас нь онгойлгоод ортол Батжаргал Лувсандагвын дээр нь гараад суучихсан гараараа нүүр лүү нь цохиж байсан. Тэгтэл хажууд нь байсан хоёр охин эгчээ энэ хоёрыг салгаад өгөөч гээд тэгээд би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй тэгтэл ээж араас орж ирсэн. Тэгээд би ээжийгээ зодуулчих байх гэж бодоод та өрөөндөө ороод цагдаа дууд гэсэн. Тэгтэл Батжаргал найз охиныгоо гараас нь бариад явах гээд гарсан. Би араас нь гараад та нар цагдаа иртэл байж бай гээд найз охиныг нь цамцнаас нь татаад дээшээ гарч байтал 2 давхарын шатан дээрээс Батжаргал найз охиныхоо хамт намайг шатаар чирсэн. Батжаргал найз охиныгоо авч гарч зугтаах гээд байсан тэгээд Батжаргал миний толгой руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн мөн нүүр лүү гараараа цохисон. Ээж араас бууж ирээд Батжаргалыг салгах гэтэл ээжийг минь шанаадаж унагаагаад байсан тэгээд бүгдийг нь өрөөнд оруулаад гаднаас нь түгжээд цагдааг дахин дуудсан тэгээд цагдаа нар ирсэн. Батжаргал нь миний толгой руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, нүүр лүү гараараа зөндөө олон удаа цохисон, шатнаас чирч унагаасан. Батжаргал нилээн согтуу байсан, миний биед учруулсан гэмтлийг Батжаргал учруулсан. Би Лхагвадуламыг зодож гэмтэл учруулаагүй, намайг өрөөнд ороход цонхны шил хагарсан байсан. Би тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Найзын төрсөн өдөр болоод 1 шил тал пиво уусан байсан. Батжаргалаар эмчилгээний зардал, буудалд учруулсан хохирол зэргийг төлүүлмээр байна /хх-72-79х/ гэжээ.

 Хохирогч Л.Тунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би буудлынхаа зочдод үнэгүй цай өгдөг. Тэгтэл манай буудлын будаа агшаагч эвдэрсэн учраас засуулах гэж гарсан хойгуур буудалд 5 хүн өрөө авч орсон байдаг. Тэгтэл буудлын өрөөнд дуу чимээ гарахаар нь миний охин юу болсныг харахаар дээшээ орсон. Өрөөний хаалгаа онгойлгохгүй цохиж байж ороход нь өрөөний цонх хагалсан, ор хөнжлийн даавуу цус болсон байна гэсээр орж ирсэн. Би өрөөнд ороод юу болсон талаар асуутал Батжаргал хамт байсан Лувсандагвыг цохиж байгаад чамд хамаагүй гэж намайг түлхсэн. Тэгтэл Алтанзул надад туслаач гэж хэлэхээр нь би охиныгоо цагдаа дууд гэж хэлсэн. Цагдаа 45 минутын дараа ирсэн. Тухайн үед Батжаргал намайг түлхэж унагааж, өшиглөсны улмаас миний нүүр хөхөрч хавдсан, миний гар зүсэгдсэн байсан. Одоо миний толгой өвддөг болж татаж унах гээд байдаг болсон. Мөн миний охинд гэмтэл учирсан байсан. Би хавтаст хэрэгт байгаа эмчилгээний зардал болох 837.500 төгрөгийн хохирол, буудлын цонх хагалсан 120.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

Хохирогч М.Лхагвадулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өрөөнд байж байтал Батжаргал намайг түрүүлээд гарч бай гэж хэлсэн. Би тэгээд өрөөнөөс түрүүлээд гартал Нарангуатай таарсан. Нарангуа миний үснээс чирээд газар унагаасан. Мөн шатнаас түлхэж унагаасан.  Тухайн үед миний мөр гарын бугалга гэмтсэн. Би 500.000 төгрөг нэхэмжилж байна. Тус мөнгө бол би өдөрт 20.000 төгрөгөөр хүн дээр очиж бариа засал хийлгэсэн төлбөр юм. Энэ талаарх баримт надад байхгүй гэв.

 

Гэрч М.Лхагвадорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Уг дуудлаганд очиход тухайн буудлын ресепшн гэх эмэгтэй Нарангуа нь буудалд орсон гэх цэргийн хувцастай хүн ээж бид хоёрыг зодчихлоо гэж хэлж байсан. Тэгээд Ц.Батжаргалыг авч яваад эрүүлжүүлсэн. Тэр ресепшн гэх эмэгтэй согтуу байсан орилж, чарлаад Ц.Батжаргалын эхнэрийг зодсон гээд хоорондоо маргалдаад байхаар нь эрүүлжүүлсэн. Намайг ороход 301 тоот өрөөнд хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй буудлын ресепшн гэх эмэгтэй ээжийнхээ хамт бүгдээрээ хоорондоо хэрэлдсэн орилсон, чарласан, хоорондоо ноцолдсон, зодолдсон байдалтай байсан /хх-42-43х/гэжээ.

 

Гэрч А.Алтанзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би найз залуу Лувсандагвын ажил дээр нь хамт байж байтал 18 цагийн үед найз Батжаргал утсаар яриад уулзъя гээд найз охин Лхагвадуламын хамт ирсэн. Бид дөрөв ажлаас гараад Шар хадны эцсийн буудал дээр байдаг караокед орсон. Тэнд 0.5 граммын Соёрхол архи авч хувааж уусан тэгээд 1 цаг 30 минут дуулж суусан тэгээд гараад “Ундрах” нэртэй буудалд орсон тэгээд нэг ортой өрөөнд дөрвүүлээ орсон өрөөний мөнгө 30.000 төгрөг төлсөн гээд өрөөндөө орсон найз Лхагвадулам толгой өвдөөд байна гээд орон дээр хэвтсэн би хажуугаар нь ороод хэвтэж байтал манай найз Лувсандагва Батжаргалыг надад гоймон аваад өгөөч гэсэн тэгтэл Батжаргал надад мөнгө байхгүй гэсэн тэгтэл чамд мөнгө байгаа ш дээ найзаасаа харамлаад байгаа юм уу гэсэн тэгтэл Батжаргал чи хэзээ ийм том болцон юм гэсэн тэгтэл Лувсандагва Батжаргалын нүүр лүү алгадах шиг болсон тэгтэл Батжаргалын хамарнаас цус гарсан тэгтэл үйлчлэгч эгч орж ирээд хүн аллаа шдээ гээд Батжаргалыг Лувсандагвын дээрээс татаж буулгасан тэгээд надаас чи хэн юм гэсэн тэгэхээр нь би Лувсандагвын найз охин гэсэн тэгтэл үйлчлэгч эгч Батжаргалыг найз  охиноо аваад зайл гээд хоёуланг нь чирээд гарсан тэгээд удалгүй буцаад нөгөө хоёрыг дагуулаад чирч орж ирээд өрөөнд бид нарыг байж бай гээд гаднаас түгжээд цагдаа дуудсан тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Батжаргалыг буудлын үйлчлэгч эмэгтэйтэй хамт аваад явсан. Батжаргал, Лувсандагва хоёр гоймонгоос болж хоорондоо маргалдсан, буудлын цонхыг үйлчлэгч эгч орж ирээд Батжаргалыг түлхээд унгахад толгойгоороо мөргөсөн тэгтэл цонх цуурсан. Батжаргалыг харин үйлчлэгч эмэгтэй зуураад, чангаагаад гараараа цохиод байсан бас Батжаргалын найз охин Лхагвадуламыг үйлчлэгч эмэгтэй үсдэж чирсэн. Үйлчлэгч эмэгтэй тухайн өдөр согтуу байсан цагдаа нар ирээд үйлчлэгч эмэгтэйг та ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа юм уу гэхэд үгүй гээд байсан тэгээд цагдаа нар тэр үйлчлэгч эмэгтэйг Батжаргалтай хамт аваад явсан /хх-44-45х/ гэжээ.

 

Гэрч А.Лувсандагва мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би найз охин Алтанзулын хамт байж байсан. 18 цагийн үед Батжаргал найз охин Лхагвадуламын хамт ирсэн. Бид дөрөв гараад Шархадны эцсийн буудал дээр байдаг караокед орж тэнд 0.5 граммын соёрхол архи авч хувааж уусан. 1 цаг 30 минут дуулж суусан тэндээс гараад “Ундрах” нэртэй буудалд орсон. Тэгээд нэг ортой өрөөнд орсон. Өрөөний мөнгө 30.000 төгрөг өгсөн. Тэгээд өрөөндөө орсон Лхагвадулам толгой өвдөөд байна гээд орон дээр хэвтсэн. Манай найз охин Алтанзул хажуугаар нь ороод хэвтсэн Батжаргал сандал дээр сууж байсан тэгээд би Батжаргалаас надад гоймон аваад өг гэхэд Батжаргал мөнгө байхгүй гэсэн. Би чамд мөнгө байгаа шүү дээ гоймон аваад өг гэсэн. Батжаргал намайг чи хэзээ ийм болчихсон юм гэсэн тэгэхээр нь би Батжаргалын нүүр лүү нь нэгээс хоёр удаа алгадсан тэгтэл Батжаргалын хамарнаас цус гарсан тэгээд босож ирээд орон дээр миний дээрээс дараад хэвтсэн тэгтэл Батжаргалын хамарнаас гарсан цус миний нүүрэн дээр гоожсон тэгтэл манай найз охин болиочээ тавь гээд орилсон тэгтэл буудлын үйлчлэгч эгч орж ирээд хүн амьтан аллаа гээд Батжаргалыг татаж унагаагаад цагдаа дуудна гэсэн тэгтэл үйлчлэгч эмэгтэйн ээж нь гэх эмэгтэй орж ирээд хоёулаа Батжаргал руу дайрсан буудлаас гар гэж хөөсөн тэгээд Батжаргалыг найз охины хамт гар гээд коридороор чирсэн. Тэгээд буцаад нөгөө хоёрыг дагуулаад чирээд орж ирээд өрөөнд бид нарыг байж бай гээд гаднаас түгжээд цагдаа дуудсан тэгээд удалгүй цагдаа нар ирсэн тэгээд Батжаргалыг буудлын үйлчлэгч эмэгтэйтэй хамт аваад явсан. Би  Батжаргалаас надад гоймон аваад өг гэснээс өөрөөр хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйл огт гараагүй. Буудлын өрөөний цонхыг буудлын үйлчлэгч эгч Батжаргалыг гар гэж түлхсэний улмаас Батжаргал хойшоо гэдийгээд унахдаа шилийг нь хагалсан. Батжаргалыг харин үйлчлэгч эмэгтэй зуураад, чангаагаад байсан, зодолдож байхыг нь хараагүй, Батжаргалын найз охин Лхагвадуламыг үйлчлэгч эмэгтэй, ээжтэйгээ хамт үсдэж чирсэн. Үйлчлэгч эмэгтэйн ээж нь өнөөдөр манай охины төрсөн өдөр хоёр гурван пиво уучлаа яадаг юм гэсэн гэхдээ Нарангуа гэх эмэгтэй тухайн өдөр ажлын байран дээр согтуу байсан /хх-46-47х/гэжээ.

Гэрч Д.Төрболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би тэр буудлын 302 тоот өрөөнд 2 хоног байрласан.  Хэрэг болсон өдөр 01 цаг өнгөрч байсан би буудал руу ортол буудлын ресепшн эгч Л.Тунгалаг зодуулсан байдалтай 301 тоот өрөөний хаалгыг дараад зогсож байсан тэгээд намайг эгчдээ туслаач энэ залуучууд буудлын өрөөний цонхыг хагалчихаад охин бид хоёрыг зодсон. Би цагдаа дуудсан одоо ирнэ.  Энэ хүмүүс зугтаах гээд байна туслаач гэсэн тэгэхээр нь би очиж хаалгыг нь дараад зогссон. Тэгтэл манай эгч өрөөнөөс гарч ирээд намайг зодоон цохионд битгий оролц өрөөндөө ор гэж хэлсэн. Тэгээд би өрөөндөө орж унтсан. Тэр талаар мэдэхгүй ямар ч байсан Ээж Тунгалаг нь үс нь сэгсийсэн, гуталгүй, уйлсан байдалтай байсан. Охин Нарангуагийн баруун талын нүд нь хавдсан байдалтай байсан /хх-49-50х/ гэжээ.

 

            2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 8362 тоот шинжээчийн дүгнэлтэд:

           1. Лхагвадуламын биед тархи доргилт, зүүн мөр, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй /хх-52х/ гэжээ.

 

            2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8321 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Тунгалагийн биед тархи доргилт, баруун бугалганы зулгаралт, баруун тохойны цус хуралт, баруун шууны шарх, зулгаралт, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-55х/ гэжээ.

2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 8204 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Нарангуагийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, дотор булан хэсгийн цус хуралт, зүүн  гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэний цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.  

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-66х/гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Ц.Батжаргал, Д.Нарангуа нарыг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-72-79, 80-87х/, хохирогч Д.Нарангуа /хх-29-31х/, Л.Тунгалаг /хх-32-35х/, М.Лхагвадулам /хх-37-41х/, гэрч М.Лхагвадорж /хх-42-43х/, А.Алтанзул /хх-44-45х/, А.Лувсандагва /хх-46-46-48х/, Д.Төрболд /хх-49-50х/, нарын мэдүүлгүүд, шинжээчийн 8362, 8321, 8204  дугаартай дүгнэлтүүд /хх-52,55,60х/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-16х/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-89, 102х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90, 103х/, хохирлын баримтууд /хх-17-17х/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-107-110х/, эд мөрийн баримт болон СD зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэллээ.

   Шүүгдэгч Ц.Батжаргал нь 2016 оны 6 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрах” зочид буудалд орж үйлчлүүлж байхдаа шөнийн 01 цагийн үед найз охин М.Лхагвадуламын үснээс зулгааж, хэл амаар доромжиллоо гэж шалтгаанаар тус буудлыг түрээслэн ажиллуулж байсан Д.Нарангуа болон түүний ээж Л.Тунгалаг нарыг түлхэж унагаад өшиглөж, зодсоны улмаас Д.Нарангуад тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, дотор булан хэсгийн цус хуралт, зүүн  гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, Д.Тунгалагийн биед тархи доргилт, баруун бугалганы зулгаралт, баруун тохойны цус хуралт, баруун шууны шарх, зулгаралт, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан,

Шүүгдэгч Д.Нарангуа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлчлүүлэгч нартай зүй бусаар харьцаж, хохирогч М.Лхагвадуламыг гарч зугатаах гэлээ гэх шалтгаанаар түүний үснээс зулгаан чирч, зодож  бие махбодид нь тархи доргилт, зүүн мөр, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон эд мөрийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, шүүгдэгч Д.Нарангуад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Батжаргалыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Нарангуаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарыг согтуурууулах ундаа хэрэглэсэн байсныг хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус авч үзэн хэн алинд нь хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Тунгалагт 175200 төгрөгийн, хохирогч Д.Нарангуад 422000 төгрөгийн тус тус эмчилгээний зардал гарсан, буудлын хагарсан цонхны үнэ 120000 төгрөг, хөгшиг тогтоогчийн үнэ 60000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Батжаргалаас 777200 төгрөг гаргуулж хохирогч Д.Нарангуад 422000 төгрөгийг, хохирогч Л.Тунгалагт 355000 төгрөгийг тус тус олгохоор, хохирогч М.Лхагвадулам нь 500000 төгрөгийн бариа заслын эмчилгээ хийлгэсэн гэх, хохирогч Д.Нарангуа цаашид эмчилгээ хийлгэх зардалд 2 сая төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилсэн боловч нотлох баримтгүй байх тул хэн аль нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг  дурьдахаар тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Батжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 12 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Нарангуа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.

 

 Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиад Боржигон овогт Цоодолын Батжаргалыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Дашдэлгэрийн Нарангуаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалыг 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нарангуаг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалыг албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож баривчлах ялаар, мөн хуулийн  47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нарангуяаг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольдог журамтайг тус тус  мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалын цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Нарангуа нь  цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Батжаргалын хувьд ноогдох хөрөнгөнөөс  777200 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Тунгалагт 355200 төгрөгийг, хохирогч Д.Нарангуад 422000 төгрөгийг тус тус олгосугай.

         

             8. Хохирогч Д.Нарангуа, хохирогч М.Лхагвадулам нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид, тэдгээрийн  өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус  дурдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батжаргал, Д.Нарангуа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                    

 

 

                      ДАРГАЛАГЧ                                      С.ОЮУНГЭРЭЛ