Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2019/01298

 

2019 оны 06 сарын 05 өдөр

 

Дугаар 183/ШШ2019/01298

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух О. Г -ын  нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ... байрлах А ХХК -д холбогдох,

 

 

 

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа :

 

О.Г нь анх 2014.01.08-ны өдөр тухайн үеийн Энаас 36 000 000 төгрөг, мөн 2014.10.15-ны өдөр дахин 30 000 000 төгрөгийн зээл авсан юм. Уг 2 зээлийг авахдаа О.Г өөрийн эцгийн өмчлөлийн ХУД-т байрлах орон сууц болон өөрийн өмчлөлийн БЗД-ийн 4 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг тус тус зээлийн барьцаанд тавьсан. Улс орны эдийн засгийн тааламжгүй байдлаас шалтгаалан санхүүгийн байдал доройтож, банкнаас авсан зээлээ цаг тухайд нь төлж чадаагүйн улмаас зээлийн хугацаа хэтэрсэн байх үед Аны зээлийн ажилтан А.О нь 2016 оны 3 сард намайг дуудаад “ таны зээлийг хаах шаардлагатай байна, та өөрийнхөө байрыг манай банкны нэр дээр шилжүүлж өгөөд дараа нь буцаагаад орон сууцны зээл болгоод авчих, тэгэх юм бол аавын чинь байрыг чөлөөлж өгье”  гэсний дагуу би 2016.04.08-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг Аинд худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн.

 

Үүний дараа А нь надтай тохиролцсон тохиролцооныхоо дагуу миний эцгийн байрыг чөлөөлж өгөөд, 2016.11.17-ны өдөр надтай №2825 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, буцааж надад байрыг минь шилжүүлж өгсөн бөгөөд 2016.11.18-ны өдөр 70 сая төгрөгийн зээлийг Орон сууц худалдах, худалдан авах зориулалтаар 15 жилийн хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр олгосон болно. Зээлийн барьцаанд би өөрийн өмчлөлийн байраа тавьсан.  Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлж чадахгүй байсан боловч зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй байх үед Аны зээлийн ажилтан А.О “Та урд өмнө манайд байраа шилжүүлж байсны дагуу дахиад шилжүүлээд өгчих, бид таны байрыг түр шилжүүлэн авч, одоо байгаа зээлийг чинь хаагаад 20 жилийн хугацаатай  8 хувийн зээл болгоод өгье, энэ нь танд ашигтай, илүү урт хугацаатай, хамаагүй бага хүүтэй болно, та буцаагаад л байраа авчихна” гэж хэлсэн.

 

Миний бие урд өмнө Атай дээрхтэй ижил байдлаар тохиролцож, тохиролцсоны дагуу зээлээ авч байсан, мөн нөгөө талаар Аны зээл хариуцсан ажилтан зээлийн хүүг буулгаж, хугацааг уртасгаж өгнө гэж хэлсэн тул түүнд итгэж, 2017.11.01-ний өдөр №2158 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг Атай байгуулж, өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204019891 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэтэл одоо А нь надтай тохиролцсон тохиролцооноосоо буцаж, намайг байраа суллаж өг хэмээн дарамталж, таны байрыг зарсан тул яаралтай суллаж өг гэж шаардаж байна. Миний бие 2017.11.01-ний өдрийн №2158 тоот гэрээг үнэн санаанаасаа буюу банкинд бүр мөсөн худалдах зорилгоор хийгээгүй бөгөөд байраа удахгүй буцааж авна, гэж төөрөлдсөн, Аны зүгээс ч надад тэгж хэлж итгүүлсэн тул уг гэрээнд гарын үсэг зурсан болно.

 

Мөн нөгөө талаар №2158 тоот гэрээ нь 79 900 000 төгрөгөөр хийгдсэн бөгөөд уг мөнгийг А нь надад ямар нэгэн байдлаар хүлээлгэн өгөөгүй,  надад дээрх мөнгийг захиран зарцуулах эрхийг олгоогүй, тухайн мөнгөөр зээлийг хаасан гүйлгээ хийхдээ миний зөвшөөрлөөр хийгээгүй зэрэг нь МУ-ын ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн явдал гэж үзэж байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу О.Г миний Атай байгуулсан 2017.11.01-ний өдрийн №2158 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, А ХХК-иас БЗД-ийн 4 дүгээр хороо, ... тоот, Ү-2204019891 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг О.Г миний нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн О.Г нь А ХХК-тай харилцан тохиролцож, 2016.11.17-ны өдөр №2825 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Ү-2204019891  улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцаа 100 000 000 төгрөгөөр худалдсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар шахаж шаардсан, хууран мэхэлсэн, хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно.  Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч  банк нь Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үнийг шилжүүлж, мөн хуулийн 109, 110 дугаар зүйлд заасны дагуу гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт  бүртгүүлэн, банк үл хөдлөхийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэн авснаар өмнөх өмчлөгч О.Гын өмчлөх эрх дуусгавар болсон билээ. О.Г нь уг маргаан бүхий байрны эзэмшил, ашиглалтыг шилжүүлж өгөхгүй, гэрээний үүргээ зөрчиж удсан тул А ХХК-иас дээрх гэрээг үндэслэн “О.Гын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” нэхэмжлэлийг шүүхэд гаргаж О.Г нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.31-ний өдрийн 416 тоот захирамж гарсан.

 

Дээрх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамж нь ИХШХШ тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон гарсан захирамж бөгөөд уг хуулийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу иргэн О.Г нь тухайн асуудал болох Ү-2204019891 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгуулах нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж буй Ү-2204019891 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг О.Г миний нэр дээр шилжүүлэх бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг нь ИХШХШ тухай хуулийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

         Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

         Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            

 

         Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч А ХХК-нд холбогдуулан тус банктай байгуулсан 2017.11.01-ний өдөр байгуулсан №2158 тоот Орон сууц худалдах-худалдан авах гэрээг үнэн санаанаасаа буюу банкинд худалдах зорилгоор хийгээгүй, төөрөлдсөний улмаас хийсэн гэрээ тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, А ХХК-иас БЗД-ийн 4 дүгээр хороо, ... тоот, Ү-2204019891 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг О.Г миний нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг даалгуулахаар нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.

 

         

 

         Хариуцагч А ХХК нь О.Гтой харилцан тохиролцож, 2016.11.17-ны өдөр №2825 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Ү-2204019891  улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг  100 000 000 төгрөгөөр авсан, мөн О.Г нь уг маргаан бүхий байрны эзэмшил, ашиглалтыг шилжүүлж өгөхгүй, гэрээний үүргээ зөрчиж удсан тул А ХХК-иас дээрх гэрээг үндэслэн “О.Гын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” нэхэмжлэлийг шүүхэд гаргаж О.Г нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.31-ний өдрийн 416 тоот захирамжаар дээрх маргаан бүхий байрны талаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, О.Г нь уг байрны талаар дахин маргаан гаргах эрхгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул ИХШХШ тухай хуулийн 65.1.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

 

 

        Э ХХК нь О.Гтой 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 36 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар саоын 15-ны өдөр 30 000 000 төгрөгийг тус тус зээлж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож хоёр орон сууц барьцаалсан, хоёр гэрээний төлбөрт нийт 68 999 999 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэг үүссэн. Энэхүү үүргээ биелүүлээгүйн тул 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зээлдүүлэгч талын хүсэлтээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ...  тоот 70.84 м.кв талбайтай, Ү-2204019891 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг худалдан, тус банкны өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр /хх-13/ зээлийн үлдэгдэл төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ТАБ/29 тоот шийдвэрээр хаасан нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

 

 

         2016.11.17-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах”  2825 дугаартай гэрээгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, .... тоот 70.84 м.кв талбайтай, Ү-2204019891 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг нэхэмжлэгч нь 100 000 000 төгрөгөөр А ХХК-иас худалдан авч, төлбөр тооцоо дуусан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч О.Г бүртгэгдэж, 2016.11.18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019891 дугаартай, 000524444 дугаар гэрчилгээ олгогдсон байна./хх29/

 

 

 

       Уг зээлийн гэрээний үүргийн төлбөрт нэхэмжлэгч О.Г нийт 79 786 862 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас 2017.11.01-ний өдөр талууд Орон сууц худалдах-худалдан авах 2158 дугаартай гэрээ /хх-28/ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч О.Г нь А ХХК-нд барьцааны зүйл болох орон сууцыг 79 900 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, банк түүний төлбөр тооцоог 2017.11.03-ны өдөр хаасан нь зээлийн дансны хуулгын /хх27/ баримтаар тогтоогдож байна.

 

 

 

       Нэхэмжлэгч О.Г нь 2158 дугаартай Орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа орон сууцыг банкинд худалдах хүсэл зориг байгаагүй, өмнөх тохиролцооны адил зээлийн хүү буурч, гэрээний хугацаа урт болно гэж төөрөгдсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарласан байна.

 

 

 

        Гэвч О.Г нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот 70.84 м.кв талбайтай, Ү-2204019891 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг   бүрэн чөлөөлж, нэхэмжлэгч А ХХК-нд хүлээлгэн өгөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 416 дугаар шийдвэр /хх 39-40/-ээр нэхэмжлэгч О.Гын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Г орон сууцаа банкинд худалдаагүй гэж байгаа бол өөрийнх нь өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд түүнд хандан банк нэхэмжлэл гаргахад татгалзах байтал, гарахыг зөвшөөрч эвлэрч байгаа үйл баримт нь түүнийг ноцтой төөрөгдсөн, орон сууцаа худалдах хүсэл зоригийг агуулаагүй гэх тайлбар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

 

 

        Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл  зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан”, мөн хуулийн 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж зааснаар нэхэмжлэгч О.Г нь зээлийн гэрээний үүргээ худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольсон болох нь хариуцагчийн тайлбар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байна.

 

 

 

         Иймд хариуцагч А ХХК-нд холбогдох А ХХК болон О.Г нарын хооронд  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 2158 дугаар “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүр дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот, Ү-2204019891 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг О.Гын нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч О.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

       

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 117, 118   дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 58.1, 59.1, 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-нд холбогдох А ХХК болон О.Г нарын хооронд  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 2158 дугаар “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүр дүүргийн 4 дүгээр хороо.... тоот, Ү-2204019891 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг О.Гын нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч О.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэмж 487 250 /627 650 -140 400/ төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ