Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1156

 

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/01156

Улаанбаатар хот

  

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 0 дугаар байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б  овогт Г.Б /рд:000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах, Д-3 /рд:00000/-д холбогдох,

 

0000 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 000 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б  /ШТЭҮД-0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , нарийн бичгийн дарга Ц.Г  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие дулааны 3 дугаар цахилгаан станцад хангамжийн хэлтэст хангамжийн инженерээр ажиллаж байхад гүйцэтгэх захирал Ч.Ч  нь өөрийн багаа бүрдүүлэх нэрийн доор 0000 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 00 дугаартай тушаалаар ажлаас өөрчилж дамжлагын машинчаар ажиллах тушаал гаргасан. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлийг үндэслээгүй надтай харилцан тохиролцоогүй байхад дамжлагын машинчаар ажиллахыг шаардсан. Мөн миний бие дамжлагын машинчаар ажиллахыг зөвшөөрөөгүй байхад захиргаа хүний нөөцийн албаны даргад үүрэг болгосон албадан хөдөлмөр эрхлүүлэх утга бүхий хүний эрхийг зөрчсөн тушаал гаргажээ. Хариуцагч татгалзлаа аудитын дүгнэлтийг үндэслэн тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглээнд аудитын дүгнэлт бол тухайн гүйцэтгэх захирлын ажилд өгч буй үнэлгээ болохоос аудитын дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ойлголт байхгүй. Гүйцэтгэх захирлын ажилд ийм алдаа дутагдал гарсан байна, үүнийг анхаарч  ажиллана уу гэх зөвлөмжийн шинж чанартай байх ёстой. Аудитын дүгнэлтэд захирлуудын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргаарай гэсэн байна. Захирлуудын зөвлөл гэдэг бол зөвлөх хэмжээний байгууллага. Хавтаст хэрэгт өнөөдрийг хүртэл Захирлуудын зөвлөлөөс ингэж шийдвэрлэсэн гэх үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй. Мөн 0000 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 000 дугаартай тушаалаар дамжлагын машинчаар ажиллуулсугай гэсэн. Хэрэв нэхэмжлэгч өөрөө мэргэжлийн бус хүн яагаад дамжлагын машинчаар ажиллахдаа мэргэжлийн болж байгаа юм. Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй ажил, албан тушаалд ажиллуулсугай гэж заасан нь Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ. Хариуцагч хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэхдээ яамны Төрийн нарийн бичгийн даргаас бичиг ирсэн учраас ажилд авсан гэж тайлбарлаж байна. Төрийн нарийн бичгийн даргаас ирсэн албан бичгийг шинжлэн судлахад нэхэмжлэгчийг боломжтой бол зохих ажлын байраар хангах хүсэлт уламжилсан. Тухайн үеийн гүйцэтгэх захирал нэхэмжлэгчтэй худалдах авах ажиллагааны хангамжийн инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Худалдан авах хангамжийн инженер нь төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах ажил зохион байгуулдаг албан тушаалтай, нэхэмжлэгч нь төрийн болон орон нутгийн өмчөөр худалдах, худалдан авах ажиллагаа явуулах эрхтэй болох нь нотлогддог тул нэхэмжлэгчийг хуульд заасан тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байсан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халагдах үндэслэл болно гэж заасан. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тушаал Хөдөлмөрийн гэрээг цуцлах, өөрчлөх, дуусгавар болгох ямар нэгэн үр дагавар үүсээгүй байхад тухайн ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж ажил олгогчийн Хөдөлмөрийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байна. Үүний дараагаар ажилтантай харилцан тохиролцохгүйгээр дамжлагын машинчаар ажиллахыг шаардаж, өөрөөр хэлбэл албадан хөдөлмөр хийлгэсэн нь Хөдөлмөрийн гэрээний харилцаа, Иргэний эрх зүйн харилцааг зөрчиж, Хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа тухайн ажлын байранд ажиллуулах тухай үндсэн ойлголтыг зөрчсөн. Иймд миний ажлаа сонгон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийг илт буруу хэрэглэсэн, Улсын Дээд шүүхийн 00  дугаар тогтоолыг илт зөрчсөн хариуцагчийн 0000 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалд зааснаар тооцож үзвэл 2 дугаар сард ажлын 4 өдөр, 3 дугаар сард ажлын 21 өдөр, 00 дүгээр сард 0 өдөр, 00 дугаар сард ажлын 8 өдөр бөгөөд өдрийн дундаж цалин 89 400,71 төгрөгийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд тооцож, нийт 4 917 040 төгрөгийг нэхэмжилсэн” гэв.

 

Хариуцагч Д-3-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б  0000 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 000 дугаар тушаалаар худалдан авах ажиллагааны хэлтэст хангамжийн инженерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. Худалдан авах ажиллагааны хэлтсийн хангамжийн инженерийн албан тушаал нь үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой албан тушаал тул түүнд тавигдах шаардлага нь дулаан, цахилгааны инженер мэргэжилтэй, үйлдвэрт 5-аас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг. Гэтэл Г.Б  нь уул уурхайн инженер мэргэжилтэй, ямар ч ажлын туршлагагүй ба Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын албан бичиг, төрийн албан хаагчийн анкетыг үндэслэн шууд ажилд авсан байдаг. 0000 оны 10 дугаар сард дотоод аудитор ажлын байранд тавигдах шаардлагын хэрэгжилтэд аудит хийсэн ба аудитын тайланд худалдан авах ажиллагааны хэлтсийн худалдан авах ажиллагааны инженерээр ажиллаж байгаа Д.А , Г.Б , М.Э  нарын ажлын байрны шаардлагад дулааны болон цахилгааны тоног төхөөрөмж, электроникийн инженер мэргэжилтэй гэж заасан боловч Г.Б  нь уул уурхайн инженер үйлдвэрлэлд 5-аас доошгүй жил ажилласан худалдааны дуудлага туршлагатай гэж заасан шаардлагыг хангахгүй байна. Ажилтнуудыг ажилд авахдаа заавар журамд нийцүүлэн нарийвчлан боловсруулсан ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан шаардлагыг хангасан ажилтнуудыг сонгон авч байх шаардлагатай гэж дүгнээд ажлын байрны шаардлага хангахгүй байгаа ажилтнуудын асуудлыг гүйцэтгэх захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан. “Д-3-ийн дотоод аудитын үйл ажиллагааны дүрмийг ТУЗ-аас баталдаг ба дүрмийн 10.2-т “дотоод аудиторын гаргасан үнэлэлт, дүгнэлт зөвлөмжийг компанийн гүйцэтгэх захирал, холбогдох нэгж түүний удирдлага, албан хаагчид хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан ч аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажиллаагүй байна. “Д-3”  нь  үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахад хангамжийн инженер чухал үүрэгтэй тул нарийн мэдлэг мэргэжил, туршлагатай хүнийг авч ажиллуулах зайлшгүй шаардлага бий болдог. Иймд үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүднээс Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалд томилох, чөлөөлөх ..” эрхийнхээ хүрээнд Г.Б  ажлыг өөрчилж түлш дамжуулах цехийн дамжлагын машинчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн ба ажлаас халаагүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Дамжлагын инженерийн ажлын байранд тодорхой шаардлага тавигддаггүй.  Ерөнхийдөө цагаар цалинждаг албан тушаал. Тодорхой мэргэжил, ур чадвар шаардахгүй учраас өөрийнх нь тохирох албан тушаалд шилжүүлсэн. Ажлын байр өөрчилсөн гэж нэхэмжилж байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д буруу ажлаас халсан эсхүл шилжүүлсэн тохиолдолд нөхөн олговрыг олгоно гэж заасан. Ажлаас халсан тохиолдолд үндсэн цалинтай тэнцэх, шилжүүлсэн бол зөрүүг олгохоор тооцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгчийг тохирох албан тушаалд нь шилжүүлсэн байхад нэхэмжлэгч өөрөө сайн дураараа ажлаа орхиж явсан. Иймд Г.Б  ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч Д-3-д холбогдуулан 0000 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

            Нэхэмжлэгч нь тус компанийн захирлын 0000 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тушаалд гомдлоо 0000 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасантай нийцсэн байна.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Б  болон хариуцагч Д-3-ийн хооронд 0000 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, тус компанийн гүйцэтгэх захирлын 0000 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 00 тоот тушаалаар Г.Б  худалдан авах ажиллагааны инженерээр, 0000 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00 тоот тушаалаар хангамжийн инженерээр тус тус ажиллуулсан болох нь тогтоогдож байна.

 

Улмаар Д-3-ийн гүйцэтгэх захирлын 0000 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 тоот тушаалаар түүнийг хангамжийн инженерийн ажлаас чөлөөлж, түлш дамжуулах цехийн дамжлагын машинчаар ажиллуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч Г.Б  эс зөвшөөрч, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...хөдөлмөрийн гэрээг 0000 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар шууд өөрчилж, ажилтантай харилцан тохиролцохгүйгээр дамжлагын машинчаар ажиллахыг шаардаж, албадан хөдөлмөр хийлгэсэн нь миний ажлаа сонгон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн” гэж тайлбарласан.   

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ “...хангамжийн инженерийн албан тушаал нь үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид шаардлагатай сэлбэг хэрэгслийг худалдаж авч нийлүүлдэг чухал албан тушаал тул Цахилгаан дулааны инженер мэргэжилтэй, үйлдвэрлэлд 5-аас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг. Гэтэл Г.Б  нь уул уурхайн инженер мэргэжилтэй, ажлын туршлагагүй, ажлын байрны тодорхойлолтын хэрэгжилтийн талаар хийсэн аудитын дүгнэлтээр түүнийг мэргэжлийн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд 5-с доошгүй жил ажилласан байх шаардлагыг зөрчсөн тул цаашдаа ажлын байрны шаардлагад нийцэхгүй байгаа асуудлыг захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасны дагуу компанийн хэвийн найдвартай ажиллагааг хангах үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан эрх үүргийн хүрээнд өөр ажил албан тушаалд шилжүүлсэн” гэж тайлбарлан маргасан.

 

Д-3-ийн хангамжийн инженерийн ажлын байрны тодорхойлолтын В-д мэргэжил-“Дулаан цахилгааны инженер”, туршлага-“үйлдвэрлэлд 5-аас доошгүй жил ажилласан худалдааны дадлага туршлагатай” гэж тус тус заасан байна. Түүнчлэн Д-3 -ийн 0000 оны 10 дугаар сарын дотоод аудитын ажлын тайлангийн дүгнэх хэсэгт “...Г.Б  ...ажлын байрны шаардлагад уул уурхайн инженер мэргэжилтэй, ажлын дадлага туршлага 0,7 жил ажиллаж байгаа тул шаардлага хангахгүй байна”, зөвлөмж хэсэгт “...ажлын байрны шаардлага хангахгүй байгаа ажилтнуудын асуудлыг гүйцэтгэх захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

 

Аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Аудитын үйл ажиллагааны бүтээгдэхүүн нь дүгнэлт байна. Аудитын олон улсын стандартын дагуу санхүүгийн аудитаас бусад үйлчилгээ үзүүлсэн бол холбогдох стандартаар шаардсан тайлангууд байна. Аудитын олон улсын стандартын дагуу дотоод хяналтын ноцтой асуудлын талаар аудитын хороо, уг хороо байхгүй бол төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэх ба энэ нь зөвлөмж хэлбэртэй байж болно” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5-д зааснаар үйлчлүүлэгч буюу Д-3 нь “шалгалтын явцад илэрсэн бүртгэл хөтлөлт болон санхүүгийн тайлантай холбоотой хүлээн зөвшөөрсөн алдаа, зөрчлийг шуурхай залруулах” үүрэгтэй байна.

 

Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил хамаардаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөл буюу ажлын байрны албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг тохиролцдог.

 

Хуулийн дээрх заалтуудаас дүгнэхэд ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг эрхлэхдээ ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч Г.Б  нь дээрх шаардлагыг хангаагүй болох нь дотоод аудитын ажлын тайлангаар тогтоогдож байх тул ажил олгогчийн зүгээс түүнийг өөр ажилд шилжүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж шүүх дүгнэв.    

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Б  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч Д-3 холбогдуулан гаргасан 0000 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Б  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ