Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1954

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо, даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02010 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-гийн хариуцагч “ДГЦС” ТӨХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б-, түүний өмгөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч О.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “ДГЦС” ТӨХК-д хангамжийн хэлтэст хангамжийн инженерээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирал Ч.Ч-ын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаартай тушаалаар ажлаас өөрчлөгдөж дамжлагын машинчаар томилогдсон. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлийг зөрчсөн, надтай харилцан тохиролцоогүй атлаа дамжлагын машинчаар ажиллахыг шаардаж байгааг хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч татгалзлаа аудитын дүгнэлтийг үндэслэн тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглээнд аудитын дүгнэлт бол тухайн гүйцэтгэх захирлын ажилд өгч буй үнэлгээ болохоос хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй. Гүйцэтгэх захирлын ажилд ийм алдаа дутагдал гарсан, үүнийг анхаарч ажиллана уу гэх зөвлөмжийн шинж чанартайгаас гадна Аудитын дүгнэлтэд захирлуудын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргаарай гэсэн байна. Захирлуудын зөвлөл гэдэг бол зөвлөх хэмжээний байгууллага юм. Хэрэгт өнөөдрийг хүртэл захирлуудын зөвлөлөөс ингэж шийдвэрлэсэн гэх үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй. Мөн Б/51 дугаар тушаалаар дамжлагын машинчаар ажиллуулахаар шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэхдээ яамны төрийн нарийн бичгийн даргаас бичиг ирсэн учраас ажилд авсан гэж тайлбарлаж байна. Төрийн нарийн бичгийн даргаас ирсэн албан бичиг нь нэхэмжлэгчийг боломжтой бол зохих ажлын байраар хангах хүсэлт уламжилсан. Тухайн үеийн гүйцэтгэх захирал нэхэмжлэгчтэй худалдан авах ажиллагааны хангамжийн инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Худалдан авах хангамжийн инженер нь төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах ажил зохион байгуулдаг, нэхэмжлэгч нь төрийн болон орон нутгийн өмчөөр худалдах, худалдан авах ажиллагаа явуулах эрхтэй болох нь нотлогддог тул нэхэмжлэгчийг хуульд заасан тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байсан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халагдах үндэслэл болно гэж заасан. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тушаал хөдөлмөрийн гэрээг цуцлах, өөрчлөх, дуусгавар болгох ямар нэгэн үр дагавар үүсээгүй байхад тухайн ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж ажил олгогчийн хөдөлмөрийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байна. Үүний дараагаар ажилтантай харилцан тохиролцохгүйгээр дамжлагын машинчаар ажиллахыг шаардаж, өөрөөр хэлбэл албадан хөдөлмөр хийлгэсэн нь Хөдөлмөрийн гэрээний харилцаа, иргэний эрх зүйн харилцааг зөрчиж, хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа тухайн ажлын байранд ажиллуулах тухай үндсэн ойлголтыг зөрчсөн. Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолыг илт зөрчсөн хариуцагчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б-г 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар худалдан авах ажиллагааны хэлтэст хангамжийн инженерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. Худалдан авах ажиллагааны хэлтсийн хангамжийн инженерийн албан тушаал нь үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой албан тушаал тул түүнд тавигдах шаардлага нь дулаан, цахилгааны инженер мэргэжилтэй, үйлдвэрт 5-аас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг. Гэтэл Г.Б- нь уул уурхайн инженер мэргэжилтэй, ямар ч ажлын туршлагагүй ба эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын албан бичиг, төрийн албан хаагчийн анкетыг үндэслэн шууд ажилд авсан байдаг. 2016 оны 10 дугаар сард дотоод аудитор ажлын байранд тавигдах шаардлагын хэрэгжилтэд аудит хийсэн ба аудитын тайланд худалдан авах ажиллагааны хэлтсийн худалдан авах ажиллагааны инженерээр ажиллаж байгаа Д.А, Г.Б-, М.Э нарын ажлын байрны шаардлагад дулааны болон цахилгааны тоног төхөөрөмж, электроникийн инженер мэргэжилтэй гэж заасан боловч Г.Б- нь уул уурхайн инженер үйлдвэрлэлд 5-аас доошгүй жил ажилласан худалдааны дуудлага туршлагатай гэж заасан шаардлагыг хангахгүй байна. Ажилтнуудыг ажилд авахдаа заавар журамд нийцүүлэн нарийвчлан боловсруулсан ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан шаардлагыг хангасан ажилтнуудыг сонгон авч байх шаардлагатай гэж дүгнээд ажлын байрны шаардлага хангахгүй байгаа ажилтнуудын асуудлыг гүйцэтгэх захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан. “ДГЦС” ТӨХК-ийн дотоод аудитын үйл ажиллагааны дүрмийг төрийн удирдах зөвлөлөөс баталдаг ба дүрмийн 10.2-т “дотоод аудиторын гаргасан үнэлэлт, дүгнэлт зөвлөмжийг компанийн гүйцэтгэх захирал, холбогдох нэгж түүний удирдлага, албан хаагчид хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан ч аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй байна. “ДГЦС” ТӨХК нь цахилгаан дулаан үйлдвэрлэдэг улсын онцгой объект тул үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахад хангамжийн инженер чухал үүрэгтэй тул нарийн мэдлэг мэргэжил, туршлагатай хүнийг авч ажиллуулах зайлшгүй шаардлага бий болдог. Иймд үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүднээс төрийн болон орон нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалд томилох, чөлөөлөх ..” эрхийнхээ хүрээнд Г.Б-гийн ажлыг өөрчилж түлш дамжуулах цехийн дамжлагын машинчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн ба ажлаас халаагүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Дамжлагын инженерийн ажлын байранд тодорхой шаардлага тавигддаггүй. Тодорхой мэргэжил, ур чадвар шаардахгүй учраас өөрийнх нь тохирох албан тушаалд шилжүүлсэн. Ажлын байр өөрчилсөн гэж нэхэмжилж байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д буруу ажлаас халсан эсхүл шилжүүлсэн тохиолдолд нөхөн олговрыг олгоно гэж заасан. Ажлаас халсан тохиолдолд үндсэн цалинтай тэнцэх, шилжүүлсэн бол зөрүүг олгохоор тооцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгчийг тохирох албан тушаалд нь шилжүүлсэн байхад нэхэмжлэгч өөрөө сайн дураараа ажлаа орхиж явсан. Иймд Г.Б-гийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Бат боржигон овогт Гантөмөрийн Баярхүүг “ДГЦС” ТӨХК-ийн хангамжийн хэлтсийн хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “ДГЦС” ТӨХК-аас Г.Б-гийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 124 724 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Г.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “ДГЦС” ТӨХК-нд даалгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “ДГЦС” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 308 774 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Ч- давж заалдах гомдолдоо:

… Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх, “ДГЦС” ТӨХК-ийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ажил өөрчлөх тухай тушаалаар хангамжийн хэлтсийн хангамжийн инженер Г.Б-г 2009 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, түлш дамжуулах цехийн дамжлагын машинчаар 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс ажиллуулахаар томилжээ гэж дүгнэсэн атлаа 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.Б-г хангамжийн хэлтсийн хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 124 724 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн гэсэн 2 өөр үндэслэлээр ажилтны гомдлыг хянан шийдвэрлэдэг бөгөөд шүүх маргаан бүхий харилцааг зөв тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр эргэлзээтэй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх Г.Б-г ажлаас үндэслэлгүй халсан гэж тогтоосон боловч энэ нь нотлогдоогүй, шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлсон, хэргийн нөхцөл байдалтай тохироогүй байна. Тус компани нь Г.Б-гийн ажлыг өөрчилж өөр ажилд шилжүүлсэн бөгөөд Г.Б- энэ талаар гомдолтой байсан бол ажлаа хийгээд гомдол гаргах бүрэн эрхтэй байсан. Хөдөлмөрийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан бөгөөд тус компанийн цалин нь үндсэн цалин, нэмэгдэл, шагналт цалингаас бүрддэг. Шагналт цалин нь сар, жилийн үр дүнгийн шагналаас бүрдэнэ. Г.Б- нь хангамжийн хэлтсийн хангамжийн инженерээр ажиллаж байхдаа 1 097 052 төгрөгийн үндсэн цалинтай байсан бөгөөд ямар нэгэн нэмэгдэл авч байгаагүй. Сар, жилийн үйл ажиллагааны үр дүнгийн шагнал нь ажилтанд заавал олгох цалин биш бөгөөд тухайн ажилтны ажлын үр дүнг харгалзан ажилласан цагт ногдох албан тушаалын болон цаг зэргийн үндсэн цалингаас тооцож олгодог. Шүүх Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ын А-д зааснаар 1, 2, 3 дугаар сард олгогдсон цалингийн дунджаар тооцож 16 124 724 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2019 оны 01 дүгээр сард олгосон цалин хөлс нь хөдөлмөрийн гэрээ болон бусад нэмэгдлээс илүү байхад анхаарч үзэхгүйгээр мөн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс ажилдаа ирээгүй сайн дураараа орхиж явсан байхад ажиллаагүй хугацааны буюу 3 дугаар сарын цалин хөлсийг оролцуулан сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна.

Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохироогүй байна.

Иймд, шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

           

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “ДГЦС” ТӨХК-д холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 тоот ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“ДГЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/47 тоот захирлын тушаалаар худалдан авах ажиллагааны инженерийн албан тушаалд, мөн 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/45 тоот тушаалаар хангамжийн инженерээр томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Г.Б-г Гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 7.4.1, 7.4.3-т заасныг тус тус удирдлага болгон хангамжийн хэлтсийн хангамжийн инженерийн ажлаас чөлөөлж, түлш дамжуулах цехийн дамжлагын машинчаар шилжүүлэн томилжээ. /хх17/

 

Ажилд буруу шилжүүлсэн үндэслэлээр Б/51 дугаар тушаалыг хууль бус гэж маргасан нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасанд нийцсэн байна.

 

Ажилтныг ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, ажлын туршлага, ур чадварын шалгуурт нийцэж буй эсэхийг тогтоож, ажилд томилох эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээ бөгөөд талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулан, 2016 оноос хойш ажлын байрны чиг үүргээ ажилтан хэрэгжүүлсэн байх тул ажлын байрны шаардлага хангаагүй байсан гэж ажилтныг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн энэ талаарх татгалзал тайлбар үндэслэлгүй байна.  

 

Мөн нэхэмжлэгч Г.Б-г мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй талаарх мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын дүгнэлт гарсан болон 2016 оны аудитын зөвлөмжийн дагуу хангамжийн хэлтсийн хангамжийн инженерийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй, үүрэгт ажлыг нь гүйцэтгүүлэх боломжгүй талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гаргасан баримтгүй байна.

 

Түүнчлэн ажил олгогч тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг заагаагүй байна.

 

Иймд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ажил өөрчлөх тухай” Б/51 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, ажлаас хууль бусаар шилжүүлсэн гэж үзэж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Ажилтан ажлаас шилжүүлсэн тушаалыг эс зөвшөөрч хуулиар олгосон эрхийн дагуу маргаан үүсгэсэн тул 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/218 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 14.1.2, 18.5.4-т заасныг удирдлага болгож Г.Б-г үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. /хх79/

 

Ажил олгогчийн хууль бус шийдвэрээр хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдсан тул ажилгүй байсан хугацааны олговор шаардсан нь үндэслэлтэй. Ажилгүй байсан хугацааг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 147 ажлын өдрөөр тооцон 16 124 724 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн, олговрын хэмжээг дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцүүлэн тогтоож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар “ДГЦС” ТӨХК-д Г.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 774 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                      ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ