Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 244

 

“Монголын үр тариа эрхлэгчдийн газар

тариалан холбоо” ГҮТББ-ын  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, хариуцагч П.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан нарыг оролцуулан хийж, “Монголын үр тариалан эрхлэгчдийн газар тариалан холбоо” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаад холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0232 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо” ТББ-аас хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаагийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0232 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч П.Болормаа, түүний өмгөөлөгч Ё.Ринзаан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие П.Болормаа нь 1990 онд Украйны Хөдөө аж ахуйн академийг ургамал хамгаалагч мэргэжлээр төгсөж, 1990-1995 он хүртэл Дархан хотын Ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний ажилтнаар, 1995 оноос эхлэн Мэргэжлийн хяналтын газарт газар тариалан, таримал ургамал, үр сорт, ургамал хамгаалал, хорио цээрийн чиглэлээр нийт 28 жил /төрд/ ажиллаж, ажиллах хугацаандаа гадаад, дотоодын олон сургалтад хамрагдаж, мэргэжлээрээ магистрантур, докторантурт суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн.

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар тус газрын чиг үүрэг, бүтэц, орон тооны дагуу хил хорио цээрийн хяналтын хэлтэст ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль бусад холбогдох хууль дүрэм, журам, Олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцид тусгагдсан эрх, үүргийнхээ дагуу импорт, экспортын ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийдэг. Энэ нь ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтоор илэрхийлэгдэж байна.

Мөн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын болон гаалийн хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалт хийх ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, хяналт тавих” гэж зааснаар Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг хийх, хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д “хилээр нэвтрүүлж буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн анхдагч үзлэг хийх” эрхийг ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргийнхээ дагуу хийж ирсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, Монгол улсын Засгийн Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн Газрын 2014 оны 233 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тушаалаар “хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах” их эрсдэлтэй барааны жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд их эрсдэлтэй бараанд импортоор орж ирж буй үр тариа багтдаг. Энэ тушаалтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 309 дүгээр тушаалаар эрсдэлийн ангиллаар импортын бараанд хяналт шалгалт хийх заавар, хяналтын хуудас, импортын барааг шалгах хяналтын хуудасны код зэргийг баталсан.

Миний бие дээрх тушаалуудаар батлагдсан эрсдэлийн ангиллаар импортын бараанд хяналт шалгалт хийх зааврын дагуу “Нямбайгаль даваа” ХХК-ийн импортоор оруулж ирсэн эхний 6 вагонд анхдагч үзлэг хяналт шалгалтыг хийж, хяналтын хуудас, хяналтын хуудасны кодыг бүртгэн бичиж, хяналтын хуудсанд заасан хорио цээрийн үзүүлэлтийг импортын барааны стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээтэй тохирч буй эсэхийг тодорхойлуулахаар Мэргэжлийн хяналтын газрын магадлан итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхээр эхний 6 вагоноос дээж авч, дээж өгөх тэмдэглэл хөтөлж, дээжийг хүргүүлсэн. Лабораторийн шинжилгээгээр -сорьцын дугаар 1463, 52131976 дугаартай вагоны үрийн буудайны цэвэршилт 98.17 хувь, 1 кг байх хог ургамал ширхэгээр хонгио хошуу будаа 20,           -сорьцын дугаар 1464, 52648870 вагоны үрийн буудайны цэвэршилт 97.81 хувь, хог ургамал 1 кг-д хонгио хошуу будаа 20, чөдөр тарна 10 ш, -сорьцын дугаар 1465, 52131455 вагоны үрийн буудайны цэвэршилт 98.16 хувьтай, 1 кг-д байх хог ургамал хонгио хошуу будаа 20 ш, -сорьцын дугаар 1466, 52670064 дугаартай вагоны үрийн буудайны цэвэршилт 97.71 хувьтай, 1 кг-д байх хог ургамал хонгио хошуу будаа 10, татаар сагаг 10 ширхэг, -сорьцын дугаар 1476, 52685930 дугаартай вагоны үрийн буудайны цэвэршилт 97.94 хувьтай, 1 кг-д байх хог ургамал татаар сагаг 10ш, -сорьцын дугаар 1477, 52649035 дугаартай вагоны үрийн буудайны цэвэршилт 98.84 хувьтай, 1 кг-д байх хог ургамалд хонгио хошуу будаа 20ш, чөдөр тарна 11 ширхэгтэй гэсэн шинжилгээний дүн гарсан.

Үр буудайны цэвэршилтийн хувьд лаборатори шинжилгээний дүнг гаргахдаа МК5 487-2001 стандартын аргаар цэвэршилтийн хувийг гаргасан нь шинжилгээний дүн дээр бичигдсэн бөгөөд цэвэршилтийн хувь гаргах аргачлалыг дээрх стандартад заасан учир үрийн буудайны цэвэршилт актад дурдсан 6 вагонд дундажлахад 98.10 хувьтай, 6 вагоны үрийн буудайны цэвэршилт 97 хувиас доошгүй байгаа нь /шинжилгээний дүнгийн хуудсанд цэвэршилт 97 хувиас доошгүй байх шаардлагыг бичсэн байна/ шинжилгээний дүнгээс тод харагдаж байгаа. Шинжилгээгээр илэрсэн хог ургамал нь МУ-ын ХХААСайдын 2015 оны А-90 тоот тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалт”-д заасан хилээр нэвтрүүлэхийг хориглосон хог ургамлын жагсаалтад бүртгэгдээгүй, хамааралгүй байсан.

Иймээс гадаад хорио цээртэй хортон шавьж, өвчин, хог ургамал илрээгүй, үрийн буудайны цэвэршилт стандартад заасан хувийг хангаж байгаа учир дээрх шинжилгээнүүдийн дүнг үндэслэн дээрх зааврын 3.2-т зааснаар гадаад хорио цээрийн зөрчил илрээгүй тул шинжилсэн үзүүлэлтийн хүрээнд МNS 0246-2010 стандартын шаардлага хангаж байна гэж үзээд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-012/084 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар өмнөх шүүх хуралдаанууд дээр маргаан бүхий актын талаар маргахдаа 1 кг-д байх хог ургамлын талаар маргаж мэтгэлцэж байсан бөгөөд үрийн буудайны цэвэршилт шинжилгээний дүнгээр 97 хувиас илүү байсан тул үрийн буудайны цэвэршилтийн талаар маргаж байгаагүй. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийг уншиж үзэхэд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар үр буудайны цэвэршилтийн талаар яриагүй, маргаагүй болох нь харагдах байх. Мөн 1 кг тутамд хог ургамлын тоог “Сортын болон үрийн чанарын шаардлага” МNS 0246-2010 стандартад заасан хэмжээгээр тооцож гаргасан нь шүүхийн шийдвэрт тусгагдсан байна. Мөн магадлалд дурдсан улсын байцаагчийн эрх хэмжээний талаар харьцуулалт хийхийг дурджээ. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 9.1, 9.2-т заасан улсын байцаагч нь хилийн хорио цээрийн улсын байцаагчаас өөр үйл ажиллагааг явуулдаг бөгөөд дээрх хуулийн зорилтоос үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таримал ургамлын удмын санг хамгаалах, сортыг сорих, баталгаажуулах, үрийн болон сортын чанарт хяналт тавих, үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулдгаараа ялгаатай эрх, үүрэг нь ялгагдана.

Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ хуулийн 9.1-д заасан улсын байцаагч нь хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт шалгалтыг хийх эрхгүй, хуульд заасан журмаас тод харагдаж байгаа учир ажлын байрны тодорхойлолтыг авч харьцуулах нь үндэслэлгүй, хил, хорио цээрийн хяналтын ургамал хамгаалал, хорио цээрийн улсын байцаагч нь дотоодын хяналтын улсын байцаагч нараас онцлог байдаг тул дээрх хуулийн 9.2-т заасан улсын байцаагч нь хилийн хорио цээрийн улсын байцаагчийн эрхгүй, дотоодын хяналт тавих эрхтэй тул энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, харьцуулалт хийх шаардлагагүй.

Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр хавтаст хэрэгт 6 вагоноос үрийн буудайнаас ямар зорилгоор дээж авч шинжилгээнд хамруулсан нь тодорхой байхад зөвхөн 3 вагоны үзүүлэлтийг таслан авч тайлбарласан, энэ асуудлаар Эрүүгийн Цагдаагийн газар шалгагдаж, үрийн буудайны талаар дахин шинжилгээ авч шинжилгээний дүн гарч байсан. Мөн Гаалийн хяналтын улсын байцаагч гаалийн бүрдүүлэлт хийхдээ шинжилгээ авч дүгнэлт гарган гаалийн бүрдүүлэлт хийдэг, мөн маргаан гарсан учир эхний 6 вагоны үрийн буудайнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн итгэмжлэгдсэн лабораторид дахин шинжилсэн зэрэг өөр өөр газрын шинжилгээний сорилтын дүнг хамааруулсан, нэхэмжлэлийн шаардлагаас буюу маргаан бүхий актаас хальж тайлбарласан, энэ маргаанд ач холбогдолгүй хамааралгүй хуулийг хольж буруу тайлбарлаж нь магадлал гаргахад нөлөөлж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т зааснаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2016 оны хаврын тариалалтад зориулж 3 аж ахуйн нэгж ХХААЯамнаас үрийн буудай импортлох 6065.5 тонн квотыг авснаас 1 аж ахуйн нэгж Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хил хорио цээрийн хяналтад хамрагдаж, нийт 88 вагонаас дээж авч шинжлүүлэн улсын байцаагчийн 16 дүгнэлт, 1 зөвлөмж, 1 албан шаардлага гарсан байдаг бөгөөд үүнээс эхний 6 вагоны үрийн буудайнд шинжилгээний дүнг үндэслэн гаргасан дүгнэлтийг зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ үрийн буудайнаас 2016 оны хавар 146 иргэн, аж ахуйн нэгж байгууллага Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ хийж, “Алтайская жница” үрийн буудайгаар хаврын тариалалт хийж, 2016 оны намар ургацаа авч, тушаасан бөгөөд энэ үрийн буудайны талаар одоог хүртэл гомдол санал /үрийн соёололт, ургацын гарцын талаар/ ирээгүй, энэ талаар ямар нэгэн хохирол иргэн, аж ахуйн нэгж байгууллагад учраагүй.

Монгол Улс 2017 оны гурилын хэрэгцээг хангаж, одоог хүртэл үр болон гурилын чанараа сайжруулж томоохон гурилын үйлдвэрүүд жигд тогтмол ажиллаж байгаа болон онд үр болон хүнсний улаан буудай ихээхэн хэмжээгээр импортоор орж ирээгүй байгаа нь үр дүнгээ өгсөн, ач холбогдол нь харагдаж байна гэж үзэж байна. Одоо 2017 оны хаврын тариалалт ид дундаа явагдаж байна. Иймээс Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо” ГҮТББ нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаагийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-012/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...улсын байцаагч нь “Нямбайгаль даваа” ХХК-ийн импортолсон “Алтайская жница” сортын үрийн улаан буудай нь MNS 0246:2010 стандартын 2 дугаар ангийн шаардлага хангахгүй байхад “хангасан” гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан, П.Болормаа нь үрийн хяналтын улсын байцаагч биш учир үрийн буудайнд чанарын дүгнэлт гаргах эрхгүй, мөн удирдамжгүй шалгалт хийж хууль зөрчсөн” гэж маргажээ. 

Хариуцагчаас “Хилийн хорио цээрийн улсын байцаагч хууль тогтоомжид заасан эрх, үүргийнхээ дагуу импорт, экспортын ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийдэг, үрийн хяналтын улсын байцаагч нь хилийн хорио цээрийн улсын байцаагчийн эрхгүй, хилийн гүнээр орж ирж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавих эрх бүхий субъект биш” гэсэн тайлбар гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1,34.2-т заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ гүйцэтгээгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн дүгнэлт зөв байна.

Монгол улсын “Үрийн буудай. Сортын болон үрийн чанар, Ерөнхий шаардлага MNS 0246:2010 стандарт”-ын 5.3-д буудайн үрийн сортын цэвэршилт 1 дүгээр зэрэг 99 хувиас доошгүй, 2 дугаар зэрэг 98 хувиас доошгүй, 3 дугаар зэрэг 97 хувиас доошгүй байхаар, 6.1-д зусах буудайн үрийг чанараар нь гурван ангид хуваана гээд, 1, 2, 3 дугаар ангид хамаарах чанарын үзүүлэлтийг тогтоосны дотор 2 дугаар ангийн үрийн буудайн цэвэршилт 98 хувиас багагүй, 1 кг-д байх хог ургамлын үр 20 ш-ээс дээшгүй байхаар тогтоожээ. Мөн стандартын 7.3-д зусах, зөөлөн буудайн тарих үрийн чанарыг “Тарих үрийн чанарыг тодорхойлох арга” MNS 487:2001-ын дагуу итгэмжлэгдсэн лабораторид тодорхойлно гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд улсын байцаагч П.Болормаа нь “Нямбайгаль даваа” ХХК-ийн импортолсон “Алтайская жница” сортын үрийн улаан буудайнаас /6 вагоноос/ дээж авч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлж, тус лаборатори нь “Тарих үрийн чанарыг тодорхойлох арга” MNS 487:2001-ын дагуу тарих үрийн чанарыг шинжилж шинжилгээний дүнг гаргасан байна.

Хариуцагч улсын байцаагч П.Болормаа нь шинжилгээний дүнг үндэслэн “...6 вагон буюу 390 тн “Алтайская жница” сортын үрийн буудай нь үзүүлэлтүүдийн хүрээнд стандартын үрийн 2 дугаар ангийн шаардлагыг хангаж байна” гэсэн 10-02-012/084 тоот дүгнэлтийг гаргажээ. Уг дүгнэлтээр зарим вагоны үрийн буудайн цэвэршилт 97.71, 97.81, 97.94, зарим нь 98.16, 98.17, 98.84 гэсэн үзүүлэлттэй, 1 кг үрийн буудайнд байх хог ургамлын үр 10, 20, 30 ширхэг гэж тогтоосон байх бөгөөд хариуцагчаас дүгнэлтийг гаргахдаа 6 вагоны цэвэршилт болон хог ургамлын үрийн нийлбэрээс дундчилж тооцон дүнг гаргасан гэж тайлбарлажээ. 

 Анхан шатны шүүх үрийн буудайн ангиллыг тодорхойлох аргачлалын талаар, мөн маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон импортолсон үрийн буудайн цэвэршилт болон хог ургамлын үрийн талаар дүгнэлт хийгээгүй, гэсэн атлаа “...шинжилгээний дүнд хог ургамал 30 ширхэг гэсэн тоо бичигдээгүй байхад хариуцагч дүгнэлтдээ 30 гэж бичиж техникийн алдаа гаргасан” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. 

Иймээс шүүх үрийн улаан буудайн чанарыг ямар аргачлалаар тооцож аль ангид хамаарахыг тогтоодог, тухайлбал үрийн буудайн цэвэршилтийг хэрхэн тооцож тогтоодог, 1 кг-д байх хог ургамлын үрийг хог ургамал тус бүрийн ширхэгээр тоог гаргадаг, эсхүл нийт хог ургамлын тоогоор гаргадаг эсэхийг тогтоох, түүнээс гадна 6 вагоны дунджаар үрийн буудайн чанарыг тодорхойлдог гэх хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгөх шаардлагатай, энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэстэй байна.

Түүнчлэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтыг үрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхийг, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т хорио цээрийн улсын хяналт, шалгалтыг Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хорио цээрийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллага, хилийн боомт, гүний гааль бүхий газарт хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэхийг тус тус заажээ. 

Иймд, үрийн хяналтын улсын байцаагч, ургамал, хорио цээрийн улсын байцаагч нар нь хуульд зааснаар ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг, эдгээрээс хэн нь импортоор оруулж ирсэн үрийн улаанбуудайд чанарын дүгнэлт гаргах эрх хэмжээтэй болох, мөн тухайн хяналт шалгалт нь хуульд зааснаар удирдамжтай хийх хяналт шалгалтад хамаарах эсэхийг тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай юм.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0232 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                       

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                               ШҮҮГЧ                                                                    Б. МӨНХТУЯА