Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1602

 

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/01602

Улаанбаатар хот

          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 00 дүгээр байр, 00 давхар, 000 тоотод оршин байрлах, А УТҮГ /рд:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалан хотхон,00 тоотод оршин байрлах, С ХХК /рд:00000/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Ө.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А УТҮГ шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2008 оны 3 дугаар сард С ХХК-ийн гаргасан 3 дугаар дүгээр сарын 12-ны өдөр 00 дугаартай эрх олгох тухай, 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрх баталгаажуулах тухай 00 дугаартай захирамжаар 1 га газрыг зочид буудал, агуулахын зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжийг үндэслэн 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 0000 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг, 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 52 дугаартай А бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А/00 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй, мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй гэсэн үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан. А бүс нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд С ХХК-иас газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ...зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, ...тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд төлөөгүй 1 680 000 төгрөгийн газрын төлбөрийг гаргуулж гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. С ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж тус тус заасны дагуу С ХХК нь газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна. Иймд С ХХК-иас 1 680 000 төгрөгийн газрын төлбөрийг гаргуулж өгнө үү. А бүсэд 2014 онд худалдаа эрхлэх хэмжээний дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ шийдэгдсэн. Агуулах, үйлдвэрлэлийн хувьд дэд бүтэц нь хараахан шийдэгдээгүй байгаа. Долоон жилийн дараа төлбөр нэхэх болсон шалтгаан нь А бүсэд аудитын шалгалт хийгдэж тэдгээр газрын төлбөрийн үлдэгдэлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг эрэн сурвалжилж, шүүхээр газрын төлбөрийг барагдуул гэдэг акт тавигдсан тул арга буюу шүүхэд хандсан. Хариуцагч талд 2014 оны 7 дугаар сарын 10-ны А000 захирамжаар хөрөнгө оруулалтын гэрээ, газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан. 2010 оны газрын төлбөр 1 680 000 төгрөг төлсөн. Хариуцагч тал 15 жилийн 10 800 000 төгрөг буюу жилд 720 000 төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа. Газрын нэг жилийн төлбөр 2 400 000 төгрөгөөс хөнгөлөлт 720 000 төгрөгийг хасаад  нэг жилийн газрын төлбөр 1 680 000 төгрөг гарсан” гэв.

 

           Хариуцагч С ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Д. С миний бие 2005 онд захирагчийн ажлын албатай 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 52 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 50 тоот захирамжаар зочид буудал, агуулахын зориулалтаар 1 га газрыг баталгаажуулан газрын төлбөрт зохих журмын дагуу 1 680 000 төгрөг төлсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1 дахь хэсэгт чөлөөт бүсийн захирагчийн алба үйл ажиллагаагаа эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах үүрэг хүлээсэн ба манай компани зочид буудал, татваргүй барааны дэлгүүр, агуулахын төслүүд судлан сонгох ажлаа эхлүүлсэн юм. Судалгааны дүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн н.Ххамтарч А бүсэд зочид буудал, дэлгүүр, агуулахын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Хятадын талаас холбогдох тооцоо судалгааг хийх, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, Манай талаас цэвэр болон бохир ус, цахилгаан болон дулааны асуудал, зам, 1 га газар, ажиллах хүч гэх мэт асуудлуудыг тус тус хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ төслийн хөрөнгө оруулалт 2 сая ам.доллар бөгөөд үүнийг Хятадын тал гаргахаар тохиролцоо хийсэн билээ. Хөрөнгө оруулагч Х 2008 оны 4 болон 9 дүгээр сар, 2009 оны 7 дугаар сар, 2010 оны 5 дугаар сард тус тус ирж, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж байсан бөгөөд "А бүс нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, цэвэр болон бохир ус, цахилгаан болон дулааны асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй тул хөрөнгө оруулалт хийх саналаасаа эцэст нь татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тэрээр би дэд бүтэцгүй хоосон газарт хөрөнгө оруулалт хийх боломжгүй, танай А бүсийн зүгээс дэд бүтцээ хэзээ барьж байгуулах талаар огт мэдээлэл өгөхгүй байгаа нь хөрөнгө оруулагч миний итгэл алдрахад хүрлээ хэмээн хэлж байсан. Миний зүгээс хөрөнгө орлуулагчийн 4 удаагийн Монгол улсад байх хугацааны байр, хоол, унааны зардалд тухайн үеийн ханшаар 2 000 000 төгрөгөөс доошгүй зардал гаргасан бөгөөд цаг хугацаа болон нэр төрөөрөө давхар хохирч үлдсэн юм. Тухайн үед манай компанид олгосон газарт одоог хүртэл дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байгаа. Монгол улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэрээнд адил тэгш үүрэг хүлээх ёстой. А алба хөрөнгө оруулагчдыг цэвэр ус, цахилгаан болон дулааны эрчим хүчээр хангах, бохир ус зайлуулах систем барьж байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас сэтгэл санааны болон газрын төлбөрийг оролцуулан 4 000 000 төгрөгийн хохирол хүлээсэн С ХХК-ийн ерөнхий захирал Д овогтой С миний бие олон жилийн дараа гэнэт гаргаж буй дээрх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгааг хүлээн авч хэргийг шийдвэрлэж өгнө үү. Маш олон компани үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэж нийлж "А" бүст гомдол гаргаж байсан. Хожим эргээд мөнгө нэхэмжилнэ гэж бодоогүй учраас тэдгээр үйлдлийг би баримтжуулаагүй. Би 2012 он хүртэл компанийн үйл ажиллагааг явуулах гэж нэлээн хичээсэн. Тэрнээс хойш татварын Х тайлан гаргахад надад хүндрэлтэй байсан ба энэ үйл явдлаас хойш 7 жилийн дараа гэнэт төлбөрөө төл гэж шаардаж байгааг нь ойлгохгүй байна. Төр ч гэсэн байгууллага учраас гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээх ёстой, хэн нэгнийг хуурсан зүйл байхгүй. Хэрэв төр үүргээ гүйцэтгэсэн бол би ч үүргээ гүйцэтгэхэд бэлэн байсан. Гэрээнд заасан нэг заалтыг үндэслэн төлөх ёстой гэж үзэж байгаа бол бид ч гэсэн холбогдох нэг заалтад үндэслэн гомдол гаргах боломжтой байна гэж үзэж байна. А 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цааш үргэлжлүүлэх боломж олгоно уу гэж албан бичиг хүргүүлж байхад огт хариу ирүүлээгүй. Гэрээтэй холбоотой асуудалд аль аль тал нь үүргээ биелүүлэх ёстой, үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.УТҮГ нь хариуцагч С ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Газар ашиглуулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр А. УТҮГ нь 1 га газрыг 15 жилийн хугацаагаар, жилийн 1 680 000 төгрөгийн төлбөртэйгөөр ашиглуулах, С ХХК нь газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх  үүргийг тус тус  хүлээсэн байна.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасаар газрын төлбөрийг шаардах эрхтэй.

 

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ”, 7 дугаар зүйлийн 7.4-т “Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх дараах татвар орон нутгийн татварт хамаарна”, 7.4.11-т “газрын төлбөр” гэжээ.

 

Хуулийн дээрх заалтаас үзэхэд газрын төлбөр нь Монгол улсын татварын бүрэлдэхүүн байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байна.

 

Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ цуцлагдсан зэрэг үйл баримтад маргаагүй, харин “...Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн алба хөрөнгө оруулагчдыг цэвэр ус, цахилгаан болон дулааны эрчим хүчээр хангах, бохир ус зайлуулах систем барьж байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас С ХХК хохирол хүлээсэн тул нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй” гэж маргасан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 41 830 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч С ХХК-иас 1 680 000 төгрөг гаргуулж, А.УТҮГ-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 41 830 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ