Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1660

 

                             “А Ч Б” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01602 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А Ч Б” УТҮГ-ын хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 1 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “А Ч Б” УТҮГ-ын төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Ө.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2008 оны 3 дугаар сард “С” ХХК-ийн гаргасан 3 дугаар дүгээр сарын 12-ны өдөр 44 дугаартай эрх олгох тухай, 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрх баталгаажуулах тухай 48 дугаартай захирамжаар 1 га газрыг зочид буудал, агуулахын зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжийг үндэслэн 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 08/24 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг, 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 52 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А/78 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй, мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй гэсэн үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан. “Алтанбулаг чөлөөт бүс” нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд “С” ХХК-иас газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд төлөөгүй 1 680 000 төгрөгийн газрын төлбөрийг гаргуулж гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. “С” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж тус тус заасны дагуу “С” ХХК нь газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна. Иймд “С” ХХК-иас 1 680 000 төгрөгийн газрын төлбөрийг гаргуулж өгнө үү. Алтанбулаг чөлөөт бүсэд 2014 онд худалдаа эрхлэх хэмжээний дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ шийдэгдсэн. Агуулах, үйлдвэрлэлийн хувьд дэд бүтэц нь хараахан шийдэгдээгүй байгаа. Долоон жилийн дараа төлбөр нэхэх болсон шалтгаан нь Алтанбулаг чөлөөт бүсэд аудитын шалгалт хийгдэж тэдгээр газрын төлбөрийн үлдэгдэлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг эрэн сурвалжилж, шүүхээр газрын төлбөрийг барагдуул гэдэг акт тавигдсан тул арга буюу шүүхэд хандсан. Хариуцагч талд 2014 оны 7 дугаар сарын 10-ны А78 захирамжаар хөрөнгө оруулалтын гэрээ, газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан. 2010 оны газрын төлбөр 1 680 000 төгрөг төлсөн. Хариуцагч тал 15 жилийн 10 800 000 төгрөг буюу жилд 720 000 төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа. Газрын нэг жилийн төлбөр 2 400 000 төгрөгөөс хөнгөлөлт 720 000 төгрөгийг хасаад  нэг жилийн газрын төлбөр 1 680 000 төгрөг гарсан гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Д.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2005 онд захирагчийн ажлын албатай 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 52 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 50 тоот захирамжаар зочид буудал, агуулахын зориулалтаар 1 га газрыг баталгаажуулан газрын төлбөрт зохих журмын дагуу 1 680 000 төгрөг төлсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1 дахь хэсэгт чөлөөт бүсийн захирагчийн алба үйл ажиллагаагаа эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах үүрэг хүлээсэн ба манай компани зочид буудал, татваргүй барааны дэлгүүр, агуулахын төслүүд судлан сонгох ажлаа эхлүүлсэн юм. Судалгааны дүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн н.Хасаатай хамтарч Алтанбулаг чөлөөт бүсэд зочид буудал, дэлгүүр, агуулахын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Хятадын талаас холбогдох тооцоо судалгааг хийх, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, Манай талаас цэвэр болон бохир ус, цахилгаан болон дулааны асуудал, зам, 1 га газар, ажиллах хүч гэх мэт асуудлуудыг тус тус хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ төслийн хөрөнгө оруулалт 2 сая ам.доллар бөгөөд үүнийг Хятадын тал гаргахаар тохиролцоо хийсэн билээ. Хөрөнгө оруулагч Хасаа 2008 оны 4 болон 9 дүгээр сар, 2009 оны 7 дугаар сар, 2010 оны 5 дугаар сард тус тус ирж, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж байсан бөгөөд "Алтанбулаг" чөлөөт бүс нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, цэвэр болон бохир ус, цахилгаан болон дулааны асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй тул хөрөнгө оруулалт хийх саналаасаа эцэст нь татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тэрээр би дэд бүтэцгүй хоосон газарт хөрөнгө оруулалт хийх боломжгүй, танай Алтанбулаг чөлөөт бүсийн зүгээс дэд бүтцээ хэзээ барьж байгуулах талаар ог мэдээлэл өгөхгүй байгаа нь хөрөнгө оруулагч миний итгэл алдрахад хүрлээ хэмээн хэлж байсан. Миний зүгээс хөрөнгө орлуулагчийн 4 удаагийн Монгол улсад байх хугацааны байр, хоол, унааны зардалд тухайн үеийн ханшаар 2 000 000 төгрөгөөс доошгүй зардал гаргасан бөгөөд цаг хугацаа болон нэр төрөөрөө давхар хохирч үлдсэн юм. Тухайн үед манай компанид олгосон газарт одоог хүртэл дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байгаа. Монгол улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэрээнд адил тэгш үүрэг хүлээх ёстой. Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн алба хөрөнгө оруулагчдыг цэвэр ус, цахилгаан болон дулааны эрчим хүчээр хангах, бохир ус зайлуулах систем барьж байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас сэтгэл санааны болон газрын төлбөрийг оролцуулан 4 000 000 төгрөгийн хохирол хүлээсэн Саскабел ХХК-ийн ерөнхий захирал Дуламсүрэн овогтой Сүрэнчимэг миний бие олон жилийн дараа гэнэт гаргаж буй дээрх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгааг хүлээн авч хэргийг шийдвэрлэж өгнө үү. Маш олон компани үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэж нийлж "Алтанбулаг" чөлөөт бүст гомдол гаргаж байсан. Хожим эргээд мөнгө нэхэмжилнэ гэж бодоогүй учраас тэдгээр үйлдлийг би баримтжуулаагүй. Би 2012 он хүртэл компанийн үйл ажиллагааг явуулах гэж нэлээн хичээсэн. Тэрнээс хойш татварын Х тайлан гаргахад надад хүндрэлтэй байсан ба энэ үйл явдлаас хойш 7 жилийн дараа гэнэт төлбөрөө төл гэж шаардаж байгааг нь ойлгохгүй байна. Төр ч гэсэн байгууллага учраас гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээх ёстой, хэн нэгнийг хуурсан зүйл байхгүй. Хэрэв төр үүргээ гүйцэтгэсэн бол би ч үүргээ гүйцэтгэхэд бэлэн байсан. Гэрээнд заасан нэг заалтыг үндэслэн төлөх ёстой гэж үзэж байгаа бол бид ч гэсэн холбогдох нэг заалтад үндэслэн гомдол гаргах боломжтой байна гэж үзэж байна. Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албанд 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цааш үргэлжлүүлэх боломж олгоно уу гэж албан бичиг хүргүүлж байхад огт хариу ирүүлээгүй. Гэрээтэй холбоотой асуудалд аль аль тал нь үүргээ биелүүлэх ёстой, үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч “С” ХХК-аас 1 680 000 төгрөг гаргуулж, Алтанбулаг чөлөөт бүс УТҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 41 830 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Сүрэнчимэг давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1.Манай компани "А Ч Б" УТҮГ-тай 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зочид буудал, агуулахын үйлчилгээ эрхлэхээр гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдөр болтол энэ бүсэд зочид буудал, агуулахын үйлчилгээ эрхлэх" дэд бүтэц бий болоогүй байгаа. /шүүх хурал дээр "Алтанбулаг чөлөөт бүс" УТҮГ-ын төлөөлөл үүнийгээ хэлж байсан/ Хөрөнгө оруулагч маань Алтанбулаг чөлөөт бүс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, цэвэр болон бохир ус, цахилгаан болон дулааны асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй тул хөрөнгө оруулалт хийх саналаасаа эцэст нь татгалзаж буйгаа мэдэгдсэн юм.

Тэрээр чөлөөт бүс байгуулахаар төлөвлөж буй газар дээр очоод танц ч розетка залгах боломжгүй энэ газар бид яаж зочид буудал барих болж байна гэж байсан. Энэ бол 10 жилийн өмнө болсон яриа. Гэтэл тухайн үед манай компанид олгосон газарт одоог хүртэл дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байгааг Танд зориуд мэдэгдмээр байна. Энэ асуудлын тухайд шүүх хуралд чөлөөт бүсийг төлөөлж ирсэн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байсныг дурдан нь зүйтэй болов уу.

2.Бид "Алтанбулаг чөлөөт бүс" УТҮГ-тэй байгуулсан гэрээний дагуу газрын төлбөрт 2008 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр 1 758 000 төгрөг, 2009 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 650 000 төгрөг, 2009 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 50 000  төгрөг, 2009 оны 10 дугаар сарын 1-ны өдөр 726 000 төгрөг нийт 3 184 000 төгрөг төлсөн.

Энэ хугацаанд бид гадны хөрөнгө оруулагч олох, тэдэнтэй хамтарсан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн багагүй хэмжээний зардал гарган ажиллаж байсан.

"А" УТҮГ "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 3.1-д "Чөлөөт бүсийн Захирагчийн алба үйл ажиллагаагаа эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах" үүрэг хүлээсэн гэрээний заалтыг биелүүлэхгүй байсаар 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 02/41 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдөр газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 72 дугаар захирамж гарсныг бидэнд ирүүлсэн.

Бид захирагч О.Сэмэрийн 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 72 дугаар захирамжийн дагуу гэрээ цуцлагдсан гэж үзэн гадны хөрөнгө оруулагчтай тохиролцоонд хүрч чадсан үе болох 2012 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Х.Ганболдын нэр дээр гэрээг дахин байгуулж, үйл ажиллагаа явуулах боломж олгох талаар албан бичгээр хандсан боловч хариу өгөөгүй. Хамтран ажиллах үйл ажиллагаа дууссан гэж ойлгосон.

3.Ийнхүү бүтэн 8 жил өнгөрсний дараа "Алтанбулаг чөлөөт бүс" УТҮГ-ээс шүүхээр эрэн сурвалжлах шийдвэр 2019 оны 3 дугаар сарын 13-нд гаргасныг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр "Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр эрэн сурвалжилж байгаа учир ир" гэсэн утасны дуудлагын дагуу очиж гаргасан'нэхэмжлэлийн талаар анх мэдсэн. Бид гэрээ байгуулж байсан өдрөөс хойш ямар ч утасны дугаар бусад зүйлийг солиогүй бөгөөд эрэн сурвалжлах хэмжээнд зугтаасан зүйл огт байгаагүй. Бидэнтэй гэрээн дээр байгаа утасны дугаараар яриад ажил төрлөө ярих бүрэн боломжтой байсан. Бид өнөөдөр ч тэр л дугаартай утсаа хэрэглэж байгаа.

4.2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Мөнгөнтуулын туслах Нэргүй утсаар холбогдон 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр очиж уулзсан. Ингээд өмнөх болсон процессын талаар мэдээллийг бүрэн авсан ба бид хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ нөгөө тал биелүүлээгүй байхад газрын төлбөр нэхэх нь шударга бус гэж үзэн тайлбар бичиж өгсөн.

5.2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүх хурал болсон. Шүүх хуралд "Алтанбулаг чөлөөт бүс" УТҮГ-аас мэргэжилтэн Цэрэнсоном, санхүүгийн албаны мэргэжилтэн нар оролцсон. Тэд "Өнөөдөр Алтанбулаг чөлөөт бүсэд зөвхөн худалдаа үйлчилгээ эрхлэх л боломжтой дэд бүтэц хийгдсэн байгаа" гэж хэлэв. Гэрээний дагуу манай компанид олгогдсон газарт зочид буудал, агуулахын үйлчилгээ эрхлэх боломж өнөөдөр болтол бүрдээгүй байгаа тухай мэдээлсэн болно.

6.Шүүх хурал дээр "Алтанбулаг чөлөөт бүс" УТҮГ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалсан гэв. Гэтэл бидэнд 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгож гэрээг цуцалсан 72 дугаар захирамж ирүүлснийг бид юу гэж ойлгох вэ? Мөн шүүх хурал дээр шүүгч "Алтанбулаг чөлөөт бүс УТҮГ танай компаниас өнөөдрийг хүртэлх газрын төлбөрийг нэхэмжлэх боломжтой байсан. Гэтэл тэгээгүй ганц жилийн төлбөр нэхэж байгаа дээр нь төл" гэж хэлж байгааг юу гэж ойлгох вэ, шүүгчийн хувьд ингэж хандах эрх зүйн болоод ёс зүйн үндэслэл байхгүй гэж бид үзэж байна.

7. Дээрх үндэслэлүүдээр манай зүгээс "Алтанбулаг чөлөөт бүс" УТҮГ Монгол Улсын "Иргэний хууль", "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн дагуу гэрээнд адил тэгш үүрэг хүлээх ёстой "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба Хөрөнгө оруулагчдыг цэвэр ус, цахилгаан болон дулааны эрчим хүчээр хангах, бохир ус зайлуулах систем барьж байгуулах үүргээ биелүүлээгүй 11 жил болж байгаа учир нэхэмжилж байгаа газрын төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй энэ газарт үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажилд зарцуулсан зардал, хамтрагчийнхаа итгэлийг алдсан явдал, сэтгэл санааны хохиролд нөхөн төлбөр авах хүсэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн 183/ШШ2019/01602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүс УТҮГ нь Саскабел ХХК-иас газрын төлбөр 1 680 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй марган, 2012 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гэрээг үргэлжлүүлэх хүсэлт гаргахад хариу өгөөгүй атлаа 7 жилийн дараа гэнэт төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж татгалзлаа тайлбарлажээ.

 

            Хариуцагч Саскабел ХХК-д Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаар захирамжаар 1 га газар эзэмших эрх олгож, мөн өдрийн 08/24 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь  2010 оны газрын төлбөр төлөөгүйг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т зааснаар газар эзэмшигчээс гаргуулна гэж шаардахдаа газрын төлбөр нь татварын төрөл учраас 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаар захирамжаар Саскабел ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг дуусгавар болгосноос хойш Татварын тухай хуульд заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж тайлбарласан байна.

 

Дээрхээс үзвэл талууд газрын төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчээс Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаар захирамжийг шүүхэд баримтаар гаргасан боловч захирамжийн хавсралт хэрэгт авагдаагүй, хариуцагч компанитай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг 2014 онд дуусгавар болгосон гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй байна.

Мөн хариуцагч нь 2011 онд газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотойгоор цаашид гэрээг үргэлжлүүлэх боломж олгоно уу гэсэн хүсэлтийг 2012 онд гаргахад нэхэмжлэгч байгууллага ямар ч хариу өгөөгүй, төлбөр ч шаардаагүй гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ. /хх-40 дүгээр тал/

 

Зохигчдын тайлбар, хэргийн дээрх баримтууд зөрүүтэй байх бөгөөд шүүх уг зөрүүтэй байдлыг тодруулалгүй, шаардах эрх үүссэн хугацааг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэснийг үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                 ШҮҮГЧИД                              Н.БАТЗОРИГ

 

                                                                                        А.ОТГОНЦЭЦЭГ