Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/01741

 

2019 оны 8 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2019/01741 Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г

Нэхэмжлэгч: О

Нэхэмжлэгч: Ц

Нэхэмжлэгч: Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК

Хариуцагч: НТГ –т холбогдох,

Нөхөн төлбөрт 590,000,000 /таван зуун ерэн сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд ....нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010-2011 онуудад С хотхонд орон сууц худалдан авч, амьдралын хэвийн нөхцөлд амьдарч байтал Мандах инвест ХХК нь ....газрын захиалгаар гэж манай орон сууцны урд талд байрлах талбайд 2012 оны 4 сарын 01-ний өдрөөс эхлэн барилга барьж байна. НТГ-ын удирдлага (хуучнаар Э.Х байсан, одоо дарга нь Н.) өөрийн газрын албан хаагчдад зориулсан орон сууц нэрээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт 5 давхар 58 айлын орон сууцны барилга барихаар зөвшөөрөгдсөн, төлөвлөгдсөн газар дээр 285 айлын 16 давхар орон сууцны барилга нь С таурын оршин суугч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчин хохироож байна. НЕТГ-ын нэрээр захиалагдсан гэх 285 айлын 16 давхар орон сууцны барилга нь оршин суугч бидний эрхийг бүхий л байдлаар зөрчиж үзэгдэх орчин маань хязгаарлагдаж, автомашины хэт бөөгнөрөл үүсч, замын ачаалал хэтэрч байгаа бөгөөд оршин суугчдаас өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах нөхцлийг дордуулан, ердийн нөхцөлд орон сууцандаа тохь тухтай, таатай тайван, хэвийн аж төрж, амьдрах орчны чанарыг бууруулан, оршин суугч бүрд саад төвөг учруулж, орон сууцын анхны болон ирээдүйн үнэ цэнийг бууруулахад шууд нөлөөлж, ирээдүйд гарах сөрөг үр дагавруудыг нэмэгдүүлэн, ноцтой байдлыг үүсгэж байна. Одоо амьдрах орчны чанарыг дордуулан оршин суугчдад үзүүлж байгаа нөлөөллийн үр дагавар дараах байдлаар бодитоор илэрч байна. Үүнд: 2010, 2011 онуудад намар, өвөл, хаврын дулаан хангамж аваагүй үед болон хүйтэн сэрүүний улиралд нарны дулаан илч манай байруудын цонхоор бүтэн өдрийн турш ээвэрлэж дулаан байдаг байсан эрүүл ахуйн шаардлага бүрэн хангагдсан тохь тухтай, таатай, тайван сайхан нөхцөл маань энэ барилга баригдсанаас хойш манай байрууд сүүдэрлэгдэн, нарны ээвэрлэлт халхлагдаж 13 цагаас өмнө нар үзэхгүй болсон. Манай цонхнуудаар тусаж байсан нарны тусгалын хэмжээ 16 давхар барилга баригдсаны улмаас бүх улирлын турш 60-70% багассан, энэ барилга баригдахаас өмнө өглөөний 7-8 цагаас эхлэн цонхоор тусдаг байсан нар одоо өдрийн 12.30-13 цагаас эхлэн 5-6 цагийн дараа тусдаг болсон. Өглөөний нар тусахгүй болсноор гэртээ тогтмол байдаг бага насны хүүхдүүд, жирэмсэн, хөхүүл эхчүүд, өндөр настан, хэвтрийн хүмүүс үргэлж гэртээ даарч тав тухгүй болж, ханиад томуугаар өвчлөх, хөл гар байнга даарч бөөр, давсагны үрэвсэл нэмэгдэж эрүүл мэндээрээ хохирч төлөвлөгдөөгүй зардлууд нэмэгдэж эдийн засгийн хохиролд ч өртөж эхлээд байна. Манай урд талд цонхыг халхлан баригдаж байгаа барилгын уршгаар үзэгдэх орчин халхлагдаж, байгалын үзэсгэлэнт Богд хан уул, Туул голоо харах боломжгүй, цэмцгэр сайхан орчинд тохь тухтай, таатай сайхан амьдрах нөхцлийг үгүй болгосон. Орон сууцандаа амар тайван амьдархаар үл хөдлөх үнэ цэнэтэй эд хөрөнгөний маань, үнэ цэнэ алдагдаж, өндөр үнээр худалдаж авсан орчин ахуйг маань үгүй болгосон. 2009 онд манай байрыг 360-380 саяаар худалддаг байсан, одоо манай байрыг хүмүүс урд талдаа өндөр байраар халхлагдсан гээд авах дургүй болсон бөгөөд харин Н.Нацагдорж, Мандах нар шинээр барьж байгаа байшингаа 360-407 саяар худалдаж байгаа нь манай байруудын үл хөдлөх хөрөнгөний үнэ цэнийг хэрхэн унагасныг гэрчилнэ. Манай цонхуудаар хууль зөрчин баригдаж байгаа барилгын хүмүүс өөдөөс хараад байнга бусдын, хэн нэгний хараа хяналтын дор насан туршдаа амьдрахаар болсон. Хот байгуулалтын тухай хуулийн 4.1.2 хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах гэсэн заалт, 24.1.5-д холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөхийг хориглох заалтууд зөрчигдсөн. Үзэгдэх орчны таатай байрлалтай, нарны ээвэрлэлт сайнтай, хүйтэн сэрүүний улиралд өдрийн турш нар тусдаг дулаахан, амар амгалан байх боломжтой зэрэг амьдралын таатай нөхцлүүдийг сонгож урт удаан хугацаанд тогтвортой амьдрах боломжгүй болсон тул нөхөн төлбөр шаардах болсон юм. Автомашины хэт ачааллын улмаас хүүхэд багачууд, иргэд осол аваарт өртөх, 16 давхар байшингийн хойд талын зам мөстөж машины гулсаа, халтиргаа үүсгэж иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө зэрэгт асар их эрсдэл, хохирол учруулах сөрөг үр дагаврууд гаргах нөхцлийг бүрдүүлж олон хуулийг зөрчсөн дэндүү хариуцлагагүй үйл ажиллагаа болоод байгаа юм. Бид энэ орон сууцнуудаа хууль ёсоор өмчлөн тохь тухтай тайван аюулгүй орчинд амьдарч байгаа оршин суугч бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн барилга барихыг бид эсэргүүцэн үл бүтэх хариуцлагагүй этгээдийн хомхой үйлдлийн уршгаар нар халхалсан өндөр барилгын сүүдэрт амьдарч эхлээд байгаад оршин суугчид бид гүнээ харамсаж, байж боломгүй үйл явдал гэж үзэж байгаа юм. НЕТГ-ын гэх нэрээр захиалагдсан 285 айлын 16 давхар орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байгаа Мандах инвест ХХК нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 сарын 20-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.5-д заасан холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөхийг хориглоно гэсэн; Барилгын тухай хуулийн 9.1.4, 10.1.5, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн БНбД 30.01.03-д заасан 4 давхар бол 20 м-ээс багагүй гэснийг тус тус зөрчсөн байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 сарын 31-ны өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 сарын 12-ны өдрийн 121 дүгээр магадлалаар НЕТГ-ын нэрээр захиалагдсан 285 айлын 16 давхар орон сууцны барилга нь Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль зэрэг удирдамжийн бичиг баримтыг зөрчсөн болохыг тогтоосон. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012.11.26-ны 2120 дугаар захирамжаар шүүхээс томилогдсон шинжээчид: 2 дугаар заалт: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 155 тоот тогтоолоор Зайсангийн гүүрний баруун талын Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 23 метр зайтай баригдах байтал 14.85 метр болсон нь Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.5-д заасныг зөрчсөн байна. Зайсангийн гүүрний баруун хэсгийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасан 2-5 давхар барилга барихаар төлөвлөсөн байсныг 16 давхар барихаар нэмэгдүүлж өөрчилсөн ч барилгуудын хоорондох зайг нэмэгдүүлээгүй нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг зөрчсөн байна. Мөн ийнхүү барилгын давхрыг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн албан ёсны зөвшөөрөл байхгүй байна. 5 дугаар заалт: Эрх бүхий этгээдээс барилгын эскиз зургийг батлах, Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлах ёстой байтал тэдгээрийг зөрчсөнийг холбогдох баримтуудаар тогтоосон байна. 6 дугаар заалт: Хорооллын барилгажилтын давхрыг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хорооллын хүн амын нягтрал, барилгажилтын нягтралуудыг нэмэгдүүлж орчны чанарт муугаар нөлөөлөх сөрөг талтай гэсэн дүгнэлт гаргасан. Хэрэв манай байрны урд талбайд 5-аас дээш барилга баригдах байсан бол бид хэзээ ч энэ байрыг сонгон авч амьдрахгүй байсан. Иргэний хуулийн 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэж заасан нь бид өөрсдийн орон сууцаа хууль ёсоор өмчилж, үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлсэн тул хуулиар бидэнд давуу эрх олгосон. Мөн хуулийн 134.2-т Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй гэсэн нь НЕТГ, Мандах инвест ХХК-д хамааралтай гэж үзэж байна. Иймд НЕТГ-ын нэрээр захиалагдсан 285 айлын 16 давхар орон сууцны барилгыг бариулж байгаа тус газрын дарга бөгөөд Ерөнхий архтектор Н.Нацагдорж, Мандах инвест ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мандах нар иргэдийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул бидний Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг зөрчин, ирээдүйн сөрөг үр дагаврыг нэмэгдүүлэн орон сууцыг үнэгүйдүүлэхэд нөлөөлж, ердийн нөхцөлд хэвийн аж төрөх, амьдрах орчны чанарыг бууруулж ноцтой үр дагавар үүсгэн хохироож байна. Иймд Шинжээчийн 2018 оны 8 сарын 27-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөрт хариуцагч нарын хэн буруутайгаас нь нийт 260,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч тус бүрт 65,0 сая төгрөг олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НТГ-аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай газрын захиалгаар Хан-Уул дүүргийн 15 хороны нутаг дэвсгэрт Мандах инвест ХХК-ийн барьж буй барилга нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж болон шүүхийн шийдвэрийн асуудал байхгүй. Учир нь С.Г нар нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэр, магадлал гарсны дагуу Техникийн Зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлэн, орон сууцнь зураг төсөлд өөрчлөлт оруулах дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн дагуу Архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдсэн ба барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчид даалгавар өгсний дагуу Мандах инвест ХХК нь орон сууцны барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулан 285 айлын орон сууцыг 225 болгон өөрчилсөн, барилга руу орох гарах гарцын хувьд урдаасаа орохоор орц гарцыг төлөвлөсөн бөгөөд энэ нь хөрш зэргэлдээ /замын хойд талд/ байрлах барилга байгууламжийн хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр, мөн гаднах автозогсоол нэмэгдүүлсэн байдлаар барилгын эх загвар зургийг боловсруулан ирж батлуулсан. Зураг төслийг өөрчилснөөр шинээр захиргааны акт гаргасан, мөн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн албаны дансанд төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргаснаар НШШГА-аас хянаж үзээд 2013 оны 11 сарын 11-ний өдрийн 598 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гаргасан. С.Г нарын нэхэмжпэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад захирамж гарч тэргүүлэх архитектор Д.Ц, Ш.Ц нар болон Эрчим хүчний яамыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулж байсан ба тус С тауэр, Твин парк орон сууцны барилгуудын урагшаа харсан цонхуудыг төрийн албан хаагчдын 285 айлын орон сууц 16 давхраараа баригдсан ч зарим айлын цонхыг үдээс өмнө халхлах боловч үдээс хойш халхлахгүй, зарим айлын цонхыг үдээс хойш халхлах боловч үдээс өмнө халхлахааргүй байгаа тул дээрх цонхоор үдээс өмнө, эсвэл үдээс хойш 2 цагийн нар хангалттай тусахаар байна, мөн 16 давхар барилгыг баригдахаас өмнө нэхэмжлэгч нарын цонхоор тусаж байсан нарны тусгалын хэмжээ 16 давхар баригдсаны улмаас буурах боловч энэ нь нормоор зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа тул энд оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг доройтуулж байна гэж үзэх үндэсгүй гэж дүгнэсэн нь Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД-23-04-07-ийн 3.6-дахь заалттай нийцэж байгаа тул нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдлууд үгүйсгэгдэнэ. Нэхэмжлэгч нар манай байгууллагаас 75,0 сая төгрөг, Л.Отгонбаяр нь 100,0 сая төгрөг, Ж.Цагаан 60,0 сая төгрөг, Б.Нямхүү 60,0 сая төгрөг нэхэмжилсэн нь ямар тооцооллын үндсэн дээр нэхсэн нь тодорхой бус байхын зэрэгцээ энэхүү гэм хор учирсныг нотлох ямар нэгэн баримт хэргийн материалд авагдаагүй байна. Гэтэл дээрх нөхцөл байдал үүсээгүй, түүнийгээ нотлосон баримт үгүй атлаа бид хохирч байна, эсхүл хохирч магадгүй гэж ирээдүйд болох үгүй эсэх нь тодорхойгүй зүйлийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тус байгууллага нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн асуудалгүй бөгөөд нэхэмжлэгч тал өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа тул нэхэмжлэлд дурдсан гэм хорын шаардлага үндэслэлгүй юм. НЕТГ нь албан хаагчдынхаа асуудлыг шийдвэрлэх, дээшлүүлэх зорилгоор хөнгөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах гэрээг гүйцэтгэгч компани буюу хөрөнгө оруулагчтай байгуулсны дагуу албан хаагчид банкнаас цалингийн болон орон сууцны зээл авч, орон сууц худалдан авахаар гэрээ байгуулаад байна. Гэтэл төсвийн байгууллагаас ийнхүү олон сая төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мандах инвест ХХК-иас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албан хаагчдын орон сууц буюу ХУД-т байрлах, захиалагч НЕТГ-ын ажилтны давхар 225 айлын орон сууцны гүйцэтгэгч нь манай компани бөгөөд МУ-ын хууль тогтоомжийг зөрчин дур мэдэн барилга барьж байгаа үйлдэл байхгүй. Төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа болно. Гэтэл дээрхи иргэдийн үл хөдлөх хөрөнгөө ашиглах эрхийг зөрчсөн гэх үндэслэл нь тодорхой бус байгаа ба ямар үл хөдлөх хөрөнгө мэдүүлж байгаа талаархи нотлох баримт байхгүй. Түүнчлэн зээлийн үнийг үнэгүйдүүлж бидний ирээдүйд сөргөөр шууд нөлөөлж төлбөр гаргуулах нь ардчилсан нийгмийн өрсөлдөөний хуулийг шууд үгүйсгэсэн, ирээдүйд бий болох гэсэн тодорхойгүй үндэслэлээр нөхөн төлбөр гаргуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Нөхөн төлбөр гэдэг нь хохирсон хохирлоо барагдуулах хэлбэрийг хэлдэг бөгөөд ирээдүйд гарах тодорхой бус хохирлыг барагдуулах ойлголт биш юм. Монгол Улсын хэрэгжүүлэгч агентлаг болон төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж, илэрсэн зөрчлийг эрх бүхий албан тушаалтны шийдвэр, актын дагуу арилгаж шийдвэрлүүлсэн. ИХШХШтХ-ийн 62.1.4-т заасанчлан нотлох баримтгүйгээр нэхэмжлэл гаргасан бөгөөд тодорой эрх, ашиг нь зөрчигдсөн, эрүүл мэндээрээ хохирсон бол түүнийгээ нотолсон эмнэлгийн магадлагаа, бусад баримт бичиг, үл хөдлөх хөрөнгөд нь хохирол учирсан бол хэдий хэмжээгээр ямар хөрөнгөд хохирол учирсан, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт, акт гэх мэт баримтууд болон үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийг тодорхойлох баримтгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Г, Л.О, Ж.Ц, Б.Н нар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Мандах Инвест ХХК нарт холбогдуулан нөхөн төлбөрт 590,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын үндэслэлээ гэм хорын хохирол гаргуулахаар өөрчилсөн, өмнөх хуралдаанд гэм хорын хохирол гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нөхөн төлбөр гаргуулах шаардлагаа дэмжсэн байна.

 

Энэ өдрийн хуралдаан дээр нэхэмжлэгч нар нь хариуцагч нарын хэн буруутайгаас нь тус бүр 65,000,000 төгрөг буюу 260,000,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгалаа.

 

Нэхэмжлэгч нар нь шаардлагын үндэслэлээ 5 давхар орон сууц барихаар зөвшөөрөгдсөн, төлөвлөгдсөн газар дээр 16 давхар орон сууцны барилга барьсан нь бидний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх байтал зөвхөн айлын тоог цөөлж, автомашины зогсоол нэмснээр шийдвэр биелэгдээгүй, шинжээч 23м зай 14.85м болсон нь Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.5-д заасныг зөрчсөн гэж, төлөвлөгөөнд заасан 5 давхар барилга барихаар төлөвлөсөн байсныг 16 давхар барихаар нэмэгдүүлж өөрчилсөн ч барилгуудын хоорондох зайг нэмэгдүүлээгүй нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг зөрчсөн гэж, барилгын давхар нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн албан ёсны зөвшөөрөлгүй, Эрх бүхий этгээдээс барилгын эскиз зургийг батлах, Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо Барилгын тухай болон Хот байгуулалтын тухай хууль, зөрчсөн, давхрыг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хорооллын хүн амын болон барилгажилтын нягтралуудыг нэмэгдүүлж орчны чанарт муугаар нөлөөлөх сөрөг талтай, орон сууцны зах зээлийн үнэлгээ буурсан тул Шинжээчийн 2018 оны 8 сарын 27-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөрийг хариуцагч нарын хэн буруутайгаас нь гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч НЕТГ нь барилгын зураг төслийг өөрчилж шинээр захиргааны акт гаргаж, тэмдэгтийн хураамж төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, шинжээч нь 2 цагийн нар хангалттай тусахаар байна, нарны тусгалын хэмжээ 16 давхар баригдсаны улмаас буурах боловч нормоор зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа тул оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг доройтуулахгүй гэж дүгнэсэн, нэхэмжлэлийг ямар тооцооллын үндсэн дээр нэхсэн нь тодорхой бус, гэм хор учирсныг нотлох баримтгүй, дээрх нөхцөл байдал үүсээгүй байхад хохирч байна, эсхүл хохирч магадгүй гэж ирээдүйд болох үгүй нь тодорхойгүй зүйлийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг зөрчөөгүй гэж маргажээ.

Хариуцагч М ХХК нь Төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр ажил гүйцэтгэсэн, ирээдүйд бий болох гэсэн тодорхойгүй үндэслэлээр нөхөн төлбөр гаргуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нөхөн төлбөр гэдэг хохирсон хохирол болохоос ирээдүйд гарах тодорхой бус хохирол барагдуулах ойлголт биш гэж мэтгэлцэв.

 

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 121 дүгээр магадлалаар маргаан бүхий 16 давхар орон сууцны барилгын зураг төслийг барилгын тухай хууль, барилгын норм дүрмийн дагуу, тухайлбал автомашин, явган хүн чөлөөтэй зорчих орц, гарцтайгаар, автомашины зогсоол, барилга хоорондын зай, гудамж талбайн хэмжээ нь оршин суугчдын амьдрах орчны чанарт сөргөөр нөлөөлөхөөргүй, хот байгуулалт, барилгын хууль тогтоомжийг зөрчихгүйгээр, тухайн орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн байдлаар боловсруулах замаар дахин шинээр акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт даалгажээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 598 дугаар тогтоолоор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, энэхүү ажиллагаанд нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гомдлоо гаргаагүй үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.Г Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7/4078 тоот албан бичгээр түүнд тухайн байрлалд 285 айлын орон сууц бариулахаар зөвшөөрсөн 2012 оны 82 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа, Ерөнхий архитектороос шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж гаргасан шинэ эрхийн актад гомдолтой тохиолдолд шүүхэд хандахыг мэдэгдсэн байгаа боловч Ерөнхий архитекторын шинэ эрхийн актад нэхэмжлэгч нар нь Захиргааны журмаар гомдлоо гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нарын тус шүүхэд нөхөн төлбөр шаардаж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч нараас Хот байгуулалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн зохицуулалтаар барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил гүйцэтгэх явцад учруулсан хохирлыг тухайн үйл ажиллагааг гүйцэтгэсэн этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөх юм.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нөхөн төлбөр шаардахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлах ч тухайн тохиолдолд өмчлөх эрх нь зөрчигдсөн этгээд эрх зөрчигчөөс зөрчлийг арилгуулах, эсхүл эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхийн зохицуулалт юм.

 

Иймд Иргэний болоод холбогдох бусад хууль тогтоомжид ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй үйл баримтын хувьд учрах хохирлыг нөхөн төлбөрөөр гаргуулах зохицуулалтгүйгээс гадна учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ггоос тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөг, нэхэмжлэгч Л.О-с тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөг, нэхэмжлэгч Ж.Цагаанаас тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөг, нэхэмжлэгч Б.Н-с тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.О нь хэдийгээр гадаадад байгаагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаархи хүсэлтийг ирүүлээгүй тул түүнийг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжсэн гэж үзэн хянан шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нар нь бусад байдлаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хот байгуулалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нтг болон М ХХК нарт холбогдох нөхөн төлбөрт 260,000,000 /хоёр зуун жаран сая/ төгрөг гаргуулах тухай С.Г, Л.О, Ж.Ц, Б.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Г-с тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөг, нэхэмжлэгч Л.О-с тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөг, нэхэмжлэгч Ж.Ц-с тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөг, нэхэмжлэгч Б.Н-с тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ