Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1862

 

 

 

 

 

 

 

 

 

С.Г, Л.О, Ж.Ц, Б.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01741 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч: С.Г, Л.О, Ж.Ц, Б.Н нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “М н” ХХК, Н газарт тус тус холбогдох,

 

Нөхөн төлбөрт 260 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Г, Ж.Ц,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Г.Мандахсайхан,

Хариуцагч “М н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Гансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010-2011 онуудад Скай таур хотхонд орон сууц худалдан авч, амьдарч байтал “М н” ХХК нь Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын захиалгаар гэж манай орон сууцны урд талд байрлах талбайд 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн барилга барьж эхэлсэн.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Н газрын удирдлага өөрийн байгууллагын албан хаагчдад зориулсан Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт 5 давхар 58 айлын орон сууцны барилга барихаар зөвшөөрөгдсөн, төлөвлөгдсөн газар дээр 285 айлын 16 давхар орон сууцны барилга барьж, уг барилга нь Скай таурын оршин суугч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж, хохироож байна.

Н газрын нэрээр захиалагдсан гэх 285 айлын 16 давхар орон сууцны барилга нь оршин суугч бидний эрхийг зөрчиж, үзэгдэх орчин маань хязгаарлагдаж, автомашины хэт бөөгнөрөл үүсч, замын ачаалал хэтэрч байгаа бөгөөд оршин суугчдаас өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах нөхцөлийг дордуулсан байдал үүсч байна.

Барилга баригдсанаас хойш манай байрууд сүүдэрлэгдэн, нарны ээвэрлэлт халхлагдаж 13 цагаас өмнө нар үзэхгүй болсон. Манай цонхнуудаар тусаж байсан нарны тусгалын хэмжээ 16 давхар барилга баригдсаны улмаас бүх улирлын турш 60-70% багассан, энэ барилга баригдахаас өмнө өглөөний 7-8 цагаас эхлэн цонхоор тусдаг байсан нар одоо өдрийн 12.30-13 цагаас эхлэн тусдаг болсон.

Өглөөний нар тусахгүй болсноор гэртээ тогтмол байдаг бага насны хүүхдүүд, жирэмсэн, хөхүүл эхчүүд, өндөр настан, хэвтрийн хүмүүс үргэлж гэртээ даарч тав тухгүй болж, ханиад томуугаар өвчлөх, төлөвлөгдөөгүй зардлууд нэмэгдэж эдийн засгийн хохиролд өртөж эхлээд байна.

Уг барилгаас болж үзэгдэх орчин халхлагдаж, орон сууцны үнэ цэнэ алдагдаж байна. 2009 онд 360 000 000 төгрөгөөс 380 000 000 төгрөгийн хооронд худалддаг байсан, одоо манай байрыг хүмүүс урд талдаа өндөр байраар халхлагдсан гэж худалдах боломжгүй болсон бөгөөд Н.Нацагдорж, н.Мандах нар шинээр барьж байраа 360 000 000 төгрөгөөс 407 000 000 төгрөгөөр худалдаж байгаа.

Үзэгдэх орчны таатай байрлалтай, нарны ээвэрлэлт сайнтай, хүйтэн сэрүүний улиралд өдрийн турш нар тусдаг дулаахан, амар амгалан байх боломжтой зэрэг амьдралын таатай нөхцөлүүдийг сонгож урт удаан хугацаанд тогтвортой амьдрах боломжгүй болсон тул нөхөн төлбөр шаардаж байна.

Н газраас захиалагдсан 285 айлын 16 давхар орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “М н” ХХК нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.5, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн БНбД 30.01.03-д заасныг тус тус зөрчсөн.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 121 дүгээр магадлалаар Н газрын нэрээр захиалан бариулж буй 285 айлын 16 давхар орон сууцны барилга нь Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль зэрэг удирдамжийн бичиг баримтыг зөрчсөн болохыг тогтоосон.

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн2120 дугаар захирамжаар шүүхээс томилогдсон шинжээчид Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 155 тоот тогтоолоор Зайсангийн гүүрний баруун талын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 23 м зайтай баригдах байтал 14.85 м болсон нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д заасныг зөрчсөн байна. Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасан 2-5 давхар барилга барихаар төлөвлөсөн байсныг 16 давхар барихаар нэмэгдүүлж өөрчилсөн ч барилгуудын хоорондох зайг нэмэгдүүлээгүй нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг зөрчсөн байна.

Мөн барилгын давхрыг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн албан ёсны зөвшөөрөл байхгүй, эрх бүхий этгээдээс барилгын эскиз зургийг батлах, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлах ёстой байтал тэдгээрийг зөрчсөнийг холбогдох баримтуудаар тогтоогдсон.

Хорооллын барилгажилтын давхрыг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хорооллын хүн амын нягтрал, барилгажилтын нягтралуудыг нэмэгдүүлж орчны чанарт муугаар нөлөөлөх сөрөг талтай гэсэн дүгнэлт гаргасан.

Иймд Н газар “М н” ХХК  бидний Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг зөрчин, ирээдүйн сөрөг үр дагаврыг нэмэгдүүлэн орон сууцыг үнэгүйдүүлэхэд нөлөөлж, ердийн нөхцөлд хэвийн аж төрөх, амьдрах орчны чанарыг бууруулж ноцтой үр дагавар үүсгэн хохироож байх тул нөхөн төлбөрт хариуцагч нарын хэн буруутайгаас нь нийт 260 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч тус бүрт 65 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай газрын захиалгаар Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт “М н” ХХК-ийн барьж буй барилга нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй.

Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэр, магадлал гарсны дагуу техникийн зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлэн, орон сууцны зураг төсөлд өөрчлөлт оруулах дүгнэлт гаргасан.

Уг дүгнэлтийг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдсэн ба барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчид даалгавар өгсний дагуу “М н” ХХК нь орон сууцны барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулан 285 айлын орон сууцыг 225 болгон өөрчилсөн, барилга руу орох гарах гарцын хувьд урдаасаа орохоор төлөвлөсөн бөгөөд энэ нь хөрш зэргэлдээ байрлах барилга байгууламжийн хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр, мөн гаднах автозогсоол нэмэгдүүлсэн байдлаар барилгын эх загвар зургийг боловсруулан ирж батлуулсан.

Зураг төслийг өөрчилснөөр шинээр захиргааны акт гаргасан, мөн улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн албаны дансанд төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 598 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гаргасан.

С.Г нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад захирамж гарч тэргүүлэх архитектор Д.Цэвэлмаа, Ш.Цэдэнпүрэв нар болон Эрчим хүчний яамыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулж байсан ба тус Скай тауэр, Твин парк орон сууцны барилгуудын урагшаа харсан цохнуудыг төрийн албан хаагчдын 285 айлын орон сууц 16 давхраараа баригдсан ч зарим айлын цонхыг үдээс өмнө халхлах боловч үдээс хойш халхлахгүй, зарим айлын цонхыг үдээс хойш халхлах боловч үдээс өмнө халхлахааргүй байгаа тул дээрх цонхоор үдээс өмнө, эсвэл үдээс хойш 2 цагийн нар хангалттай тусахаар байна, мөн 16 давхар барилгыг баригдахаас өмнө нэхэмжлэгч нарын цонхоор тусаж байсан нарны тусгалын хэмжээ 16 давхар баригдсаны улмаас буурах боловч энэ нь нормоор зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа тул энд оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг доройтуулж байна гэж үзэх үндэсгүй гэж дүгнэсэн нь Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД-23-04-07-ийн 3.6-дахь заалттай нийцэж байгаа тул нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдлууд үгүйсгэгдэнэ.

С.Г 75 000 000 төгрөг, Л.О нь 100 000 000 төгрөг, Ж.Ц 60 000 000 төгрөг, Б.Н 60 000 0000 төгрөг нэхэмжилсэн нь ямар тооцооллын үндсэн дээр гаргасан нь тодорхой бус байхын зэрэгцээ гэм хор учирсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албан хаагчдын орон сууц буюу Хан-Уул дүүргийн 15 хороонд байрлах, захиалагч Н газрын ажилтны 16 давхар 225 айлын орон сууцны гүйцэтгэгч нь манай компани бөгөөд дур мэдэн барилга барьж байгаа үйлдэл байхгүй.

Төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Дээрх иргэдийн үл хөдлөх хөрөнгөө ашиглах эрхийг зөрчсөн гэх үндэслэл нь тодорхой бус байгаа ба ямар үл хөдлөх хөрөнгө мэдүүлж байгаа талаархи нотлох баримт байхгүй.

Монгол Улсын хэрэгжүүлэгч агентлаг болон төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж, илэрсэн зөрчлийг эрх бүхий албан тушаалтны шийдвэр, актын дагуу арилгаж шийдвэрлүүлсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хот байгуулалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н газар болон М н ХХК нарт холбогдох нөхөн төлбөрт 260 000 000 төгрөг гаргуулах тухай С.Г, Л.О, Ж.Ц, Б.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ггоос тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөг, нэхэмжлэгч Л.Оаас тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөг, нэхэмжлэгч Ж.Цаас тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөг, нэхэмжлэгч Б.Нгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж ирээдүйд бий болох нь тодорхойгүй үйл баримтын хувьд учрах хохирлыг нөхөн төлбөрөөр гаргуулах зохицуулалтгүйгээс гадна учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нарт бодит хохирол учирсан ба үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь буурсан, 13 цагаас өмнө нар тусахыг бүр больсон, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсээр байхад “ирээдүйд учрах, бий болох үйл баримт үүсээгүй байна” гэж үзэж болохгүй юм.

Бид орон сууцыг худалдаж авахаасаа өмнө урд талын байрлалд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан “Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 5 давхар орон сууцны барилга болон 2-3 давхар таунхаус барихаар төлөвлөгдсөнийг Нийслэлийн Барилга Хот Байгуулалт Төлөвлөлтийн Газар болон Хот байгуулалтын хүрээлэнгээс асууж, лавлан судалж байгаад нар, ус, агаар тэгширсэн, үзэгдэх орчны таатай байрлалтай, нарны ээвэрлэлт сайтай, хүйтэн сэрүүний улиралд өдрийн туршид нар тусах дулаахан, амар амгалан байх боломжтой зэрэг олон хүчин зүйлүүдийг нь харгалзаж сонгосон юм.

Түүнчлэн Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тайлбар бичгийн 2.2.2-д Архитектур орон зайн төлөвлөлт, газар нутгийн ашиглалт, хуваарилалтын хэсэгт Улаанбаатар сувилалд очих авто зам, өндөр хүчдэлийн шугамын хооронд газар ашиглалтын зохистой байдлыг харгалзан 5 давхар орон сууцны барилгууд барихаар төлөвлөсөн бөгөөд эдгээр барилгууд нь наран тал руу харсан байх гэж төлөвлөсөн.

Гэтэл хүйтэн сэрүүний улиралд өглөөний 8 цагаас эхлэн өдрийн турш нарны дулаан илч манай байрны цонхоор бүтэн өдрийн турш тусч дулаахан байдаг эрүүл ахуйн шаардлага хангагдсан нөхцөл 16 давхар барилга барьснаас хойш нар халхлагдаж одоо 13 цагаас өмнөх буюу үдээс өмнөх нарыг үзэхгүй болсон.

Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Барилгын тухай хууль, Харьцангуй гэрэлтэлтийн тархалтын 150 15469: 2004/ С1Е 5 011: 2003 стандарт зэргийг зөрчсөн.  Нийслэлийн ерөнхий архитектор асуудлыг нарийн нягтлан шалгалгүйгээр 2012 оны 4 дүгээр сард 16 давхар 285 айлын орон сууцны барилга болгон өөрчилж, хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдах, Монгол улсад биш Хятад улсад хийсэн барилгын бэлэн зургийг үндэслэн зөвшөөрөл өгсөн байдаг. Тэд “Төрийн албан хаагчдын орон сууц” гэх нэрийн дор “ашиг” олох хэрэглүүр болгон Хятадын хөрөнгө оруулалттай “М н” ХХК гэх хувийн компанитай хуйвалдаж манай байрны бүх цонхыг халхлан 16 давхар барилга барьсан юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хан-уул дүүргийн 15-р хороо, Скай таур хотхоны оршин суугч С.Г, Л.О, Ж.Ц, Б.Н бидний байрны урд талд цонх хааж Н газар, “М н” ХХК-тай үгсэн хуйвалдаж олон хуулийг зөрчин 16 давхар барилга барьсан.

Мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр болон зах зээлийн судалгаагаар өндөр үнээр худалдан авсан орон сууцны үнэ хууль бусаар баригдсан орон сууцны үнээс доогуур үнэлэгдэж байгаа бодитой судалгаа дүгнэлттэй нотлох баримтуудаар батлагдаж байхад шүүх хууль зөрчин шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

С.Г, Л.О, Ж.Ц, Б.Н нар нь 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Н газар болон “М н” ХХК-д холбогдуулан нөхөн төлбөрт 590 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1158 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

 

Улмаар нэхэмжлэгч нар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэм хорын хохирол гэж тодорхойлж өөрчилсөн бол 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөршийн нөлөөлөлтэй хохирол учирсан гэж тайлбарлаж нөхөн олговрыг хариуцагч нараас гаргуулахаар дахин өөрчлөхдөө нэхэмжлэгч С.Гд 65 000 000 төгрөг, нэхэмжлэгч Л.От 65 000 000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Цд 65 000 000 төгрөг, нэхэмжлэгч Б.Нд 65 000 000 төгрөгийн хэмжээгээр нөхөн төлбөрийг тодорхойлсон. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэлд С.Г, Ж.Ц, Б.Н нар гарын үсэг зурсан, харин Л.Отгобаяр гарын үсэг зураагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлд нэхэмжлэгч гарын үсэг зурах шаардлага хангагдаагүй байгаагаас гадна нэхэмжлэгч Л.О нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан, нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх Л.Оаас нэхэмжлэлээ өөрчилсөн эсэх талаар тодруулалгүй түүний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Түүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс  шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13347 дугаар захирамжаар Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн шинжээч Б.Энхболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч Б.Баясгалан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ нарыг шинжээчээр томилжээ.

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч Б.Баясгалан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ нарын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран гаргасан шинжээчийн дүгнэлтэд “Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 5 давхар орон сууцны барилга болон 2-3 давхар таунхаус барихаар төлөвлөгдсөнийг зөрчиж 16 давхар барилга барьсан, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-д заасан шаардлагыг хангаагүй, орон сууцны 7 давхрын айлын байгалийн гэрэлтүүлгийн коэффициентээс 24-50 дахин бага” гэж, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн шинжээч Б.Энхболд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтдээ С.Г, Л.О, Ж.Ц, Б.Н нарын орон сууцны үнэ цэнийн бууралт 65 590 761 төгрөг гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг анхан шатны шүүх явуулахдаа шинжээч Б.Энхболдод хууль тайлбарлаагүй алдаа гаргасан байна.

 

Иймд шинжээч Б.Энхболдын гаргасан дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан арга журмын дагуу бүрдүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Г, Л.О нарт 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, нэхэмжлэгч Ж.Цд 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, нэхэмжлэгч Б.Нд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн боловч 2014 оны 02 дугаар сарын 07, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтад нэхэмжлэгч Л.О гарын үсэг зураагүй байгаагаас дүгнэвэл түүнд нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулаагүй байна гэж дүгнэхээр байна.

 

Мөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэх нийт 3 хавтас 526 нотлох баримтыг нэхэмжлэгч Л.От танилцуулсан тухай баримт хэрэгт байхгүйгээс дүгнэвэл хэргийн оролцогчоос нотлох баримттай танилцаж, тайлбар гаргах, түүнд холбоотой баримтыг гаргах эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан зохигчийн эрхийг зөрчсөн, шүүхийн өмнө талууд эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх тухай мөн хуулийн 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй юм.

 

Түүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж байхгүй байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан даргалагчийг албажуулах Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүйгээс мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүх хуралдаан даргалагчийг томилсон гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01741 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Г давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөг, нэхэмжлэгч Ж.Ц давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                        

                               ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА