Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 950

 

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/00950

Улаанбаатар хот

          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 00 дүгээр байр, 00давхар, 000 тоотод оршин байрлах, А.Б /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Ажилчны гудамж, баруун хойно орших К ХХК-ийн оффист оршин байрлах, К  ХХК /РД:0000/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 11 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц  шүүх хуралд гаргасан тайлбартаа: “...0000 оны 9 дүгээр сард гадаадын хөрөнгө орууллаттай К  ХХК-ийн гаргасан өргөдөлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, улмаар 0000 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр газар ашиглах эрхийг баталгаажуулах тухай 00 дугаартай захирамжаар 5 га газрыг худалдаа, үйлдвэрлэл, агуулахын барилга байгууламжийн зориулалтаар баталгаажуулж захирамж гаргаж, энэхүү захирамжийг үндэслэн 0000 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 00 дугаартай газар ашиглуулах гэрээ, 0000 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 00 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэвч 0000 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 00 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашиглаасан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан. А.Б нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай К  ХХК-иас газар ашиглууах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт ...зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, ... тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд төлөөгүй 11 200 000 төгрөгийн газрын төлбөрийг гаргуулж гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж тус тус заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай К  ХХК нь газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна. Иймд К  ХХК-иас 11 200 000 төгрөгийн газрын төлбөрийг гаргуулж өгнө үү” гэв.

 

           Хариуцагч К  ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь нэхэмжлэгч тал болох А.Б 0000 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 00 дугаартай А.Б хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байдаг бөгөөд уг гэрээнд бүсийн захирагчийн ажлын албаны эрх үүргийг тодорхойлсон 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах гэж заасан байдаг ба уг үүргээ огт үлээгүй. Гэрээгээр тохиролцсон бусад үүргээ ч мөн хэрэгжүүлээгүйгээс тухайн үед бүс нутагт бага бус хэмжээнй хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн нэгэн адилаар бүсийн хөгжлийн үйл явц зогсонги болсон шалтгаанаар үр ашиггүй газрын төлбөр төлөхөөсөө татгалзаж, газар ашиглах гэрээг нэхэмжлэгч талын зүгээс цуцалсан. Дэд бүтцийг зохицуулна гэж үндсэн гэрээндээ тусгасан хэрнээ газар ашиглах ямар ч нөхцөл бүрдээгүй, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй байхад өөрсдийн эс үйлдэхүйгээс болж талуудын хоорондын эрх зүйн харилцаа дуусгавар болсон аж ахуйн нэгжээс газрын төлбөр нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйл, 78 дугаар зүйлд заасан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг учраас шаардах эрхийг биелүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч К ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 11 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэрээгээр тохиролцсон үүргээ хэрэгжүүлээгүйгээс ашиглах ямар ч нөхцөл бүрдээгүй, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй байхад эрх зүйн харилцаа дуусгавар болсон аж ахуйн нэгжээс газрын төлбөр нэхэмжилж байгаа нь хууль бус. Мөн  Иргэний хуулийн 82 дугаар зүйл, 78 дугаар зүйлд заасан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг учраас шаардах эрхийг биелүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 0000 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Газар ашиглуулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр А.Б нь 5 га газрыг 15 жилийн хугацаагаар, жилийн 11 200 000 төгрөгийн төлбөртэйгээр ашиглуулах, К ХХК нь газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх  үүргийг тус тус  хүлээсэн байна.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасаар газрын төлбөрийг шаардах эрхтэй.

 

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараахь татвар улсын татварт хамаарна, 7 дугаар зүйлийн 7.4.11-д газрын төлбөр, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө гэж тус тус заасан.

 

Иймд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тооцохоор зохицуулсан.

 

Нэхэмжлэгч 0000 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан ба 0000 оны газрын төлбөрийг төлөх тухай 0000 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 0000 тоот мэдэгдлийг К ХХК-д хүргүүлж, 0000 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцлах тухай А.Б 00 дугаартай захирамжаар дээрх гэрээг цуцлан 0000 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган газрын төлбөр шаардаж.....

 

Иймд шүүх, нэхэмжлэгч А.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзсэн ба талууд гэрээний хугацаанд газрын төлбөрт төлсөн үнийн дүн,гэрээ цуцлагдсан зэрэг үйл баримтад маргаангүй, нэхэмжлэлийн шаардлага газрын төлбөр шаардсан байсан тул хөрөнгө оруулалтын гэрээнд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

 

1. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг баримтлан А.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч К ХХК-иас 11 200 000 төгрөг гаргуулж, А.Б -д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ