Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01158

 

АЧБУТҮГ-ын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00950 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АЧБУТҮГ, хариуцагч К ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 11 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнсодном, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн тайлбарт: 2009 оны 9 дүгээр сард гадаадын хөрөнгө оруулаттай К ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, улмаар 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр газар ашиглах эрхийг баталгаажуулах тухай 99 дугаартай захирамжаар 5 га газрыг худалдаа, үйлдвэрлэл, агуулахын барилга байгууламжийн зориулалтаар баталгаажуулж захирамж гаргаж, энэхүү захирамжийг үндэслэн 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 09/88 дугаартай газар ашиглуулах гэрээ, 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 120 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэвч 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 77 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан. АЧБнь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай К ХХК-аас газар ашиглуулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт ...зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, ... тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд төлөөгүй 11 200 000 төгрөгийн газрын төлбөрийг гаргуулж гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж тус тус заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай К ХХК нь газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна. Иймд К ХХК-аас 11 200 000 төгрөгийн газрын төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Манай компани нь нэхэмжлэгч тал болох Алтанбулаг чөлөөт бүстэй 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 120 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байдаг бөгөөд уг гэрээнд бүсийн захирагчийн ажлын албаны эрх үүргийг тодорхойлсон 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах гэж заасан байдаг ба уг үүргээ огт биелүүлээгүй. Гэрээгээр тохиролцсон бусад үүргээ ч мөн хэрэгжүүлээгүйгээс тухайн үед бүс нутагт бага бус хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн нэгэн адилаар бүсийн хөгжлийн үйл явц зогсонги болсон шалтгаанаар үр ашиггүй газрын төлбөр төлөхөөсөө татгалзаж, газар ашиглах гэрээг нэхэмжлэгч талын зүгээс цуцалсан. Дэд бүтцийг зохицуулна гэж үндсэн гэрээндээ тусгасан атлаа газар ашиглах ямар ч нөхцөл бүрдээгүй, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй байхад өөрсдийн эс үйлдэхүйгээс болж талуудын хоорондын эрх зүйн харилцаа дуусгавар болсон аж ахуйн нэгжээс газрын төлбөр нэхэмжилж байгаа нь хууль бус. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйл, 78 дугаар зүйлд заасан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг учраас шаардах эрхийг биелүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг баримтлан АЧБУТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч К ХХК-аас 11 200 000 төгрөг гаргуулж, АЧБУТҮГ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганжаргалын давж заалдах гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00950 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчин, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх, мөн зүйлийн 40.3 дахь хэсгийн шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх заалтаар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг илтэд ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Шүүх нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах үүргээ огт биелүүлээгүй. Гэрээгээр тохиролцсон бусад үүргээ ч мөн хэрэгжүүлээгүйгээс тухайн үед бүс нутагт бага бус хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн адилаар бүсийн хөгжлийн үйл явц зогсонги болсон гэх тайлбарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нотлоогүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч тал хариуцагчийн гаргасан тайлбарыг үгүйсгээгүй бүрэн хүлээн зөвшөөрснөөс гадна Алтан булаг чөлөөт бүсийн Газар ашиглуулах гэрээ-ний гол үндэслэл болсон Хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүргээ ноцтой зөрчсөн асуудлыг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн.

 

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримт гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээс гадна хуулийг буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна" гэсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас нэхэмжлэгч талын хэлэлцүүлгийн явцад дурдсан Татварын ерөнхий хууль-ийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг удирдлага болгож Иргэний хууль-аар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа дууссан асуудлыг илтэд өөр хууль хэрэглэн чөлөөт бүсэд газар олгож, олгосон газраа төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсан шийдвэр гарснаас хойш хуулинд заасан хугацаа өнгөрсөн байхад шийдвэртээ үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00950 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүйгээс давж заалдах шатны шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

 

 

Нэхэмжлэгч АЧБУТҮГ хариуцагч К ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 11 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч К ХХК нь 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ... байрлах 5 га газрыг худалдаа үйлчилгээ, агуулахын аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай, жилд 11 200 000 төгрөгөөр ашиглахаар газар ашиглуулах болон хөрөнгө оруулалтын гэрээг нэхэмжлэгч АЧБУТҮГ-тай байгуулж, гэрээний дагуу газар ашиглагч нь газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар ашиглуулагч нь газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах зэрэг үүргийг хүлээжээ. /хх6-9/

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2010 оны газар ашигласны төлбөрт 11 200 000 төгрөг шаардсан атлаа давж заалдах шатны шүүх хуралдааны явцад ... 2014 оны төлбөр болох 11 200 000 төгрөгийг нэхэмжилж байна. 2010 онд 50 хувийн хөнгөлөлт эдэлсэн. 2014 оны газрын төлбөрийн үлдэгдэл байгаа гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч хэдэн оны газар ашигласны төлбөрийг шаардаж байгаа нь тодорхой бус байна

 

Хэргийн 19 дүгээр талд авагдсан хариуцагч К ХХК-ийн газрын төлбөрийн хэмжээ гэх 2 тал гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан баримтад хариуцагчийг 2008-2010 онуудад газрын төлбөрөөс 100 хувь хөнгөлнө гэж заасан байна.

 

Анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хариуцагчаас 2010 оны газрын төлбөрт 11 200 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгч хэдэн оны төлбөр шаардаж байгаа, хариуцагч хэд хэдэн онд хичнээн төгрөгийн төлбөр төлсөн нь тодорхойгүй, зохигчдын тайлбар нь хэргийн үйл баримтад хамааралтай нотлох баримтаас зөрүүтэй байх тул үүнийг тодруулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00950 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.МӨНХЗУЛ