| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 106/2019/0782/Э |
| Дугаар | 1159 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1159
Б.У-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бямбадагва,
хохирогч Б.Болорзаяа, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр,
шүүгдэгч Б.У-,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 821 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.У-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905002200771 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигин овгийн Б.У-, 1982 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1362 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 848 дугаартай шийтгэх тогтоол, Улсын Дээд шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Б.У- нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд иргэн Б.Болорзаяаг “Ажилд оруулж өгнө, ээжийн бие муу, эм тариа авах гэсэн юм, хүүхдийн сургалтын төлбөр хэрэгтэй байна, сургуульд оруулж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан нийт 17.430.682 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.У-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.У-гаас 14.930.682 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Болорзаяад олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, Б.У-гийн насанд хүрээгүй хүүхдүүд болох У.Энхтөгөлдөр, У.Хантүмэн нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, Б.У-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Б.Болорзаяатай 2018 оны эхээр танилцсан. Найз нөхдийн харилцаатай байсан. Түүнийг залилах тухай бодож байгаагүй. Гэтэл тэр надад зээлүүлсэн мөнгөө залилуулсан мэтээр ярьж, өөрийн нөхөр, дүү нартайгаа нийлэн илт худал мэдүүлэг өгсөн. Би нэг ч удаа худлаа хэлж мөнгө авч байгаагүй. Эмнэлэг болон бусад хэрэгцээнд зарцуулсан мөнгөө буцааж өгөхөө байнга хэлдэг байсан. Боломжтой үедээ бага багаар төлдөг байсан. Мөн Б.Болорзаяа нь өөрийн дураар мөнгө нэмж нэхэж байгаа. Хэрэгт хохирлын дүн зөрүүтэйгээс гадна, миний төлж байсан мөнгийг огт тооцоогүй. Бид энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл миний хувийн байдлыг ашиглан урьдын хэргийг сөхөж, эрх зүйн байдлыг маань дордуулсанд гомдолтой байна. Би хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр биелүүлэхийг хойшлуулсан хугацаандаа буюу 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ямар нэгэн хэрэг үйлдээгүй. Иймд миний өөрийгөө буруугүйг нотлох ямар ч ажиллагаа явуулаагүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Болорзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.У- урьд холбогдсон хэргийнхээ талаар надад хэлэхдээ “Намайг засгийн газарт ажиллаж байхад миний өрөөнд хүн орж ирээд компьютерын нууц үгийг мэдэж, чухал бичиг баримтыг маань авсан” гэж байсан. Би энэ хэрэгт холбогдуулж шалгаж байгааг мэдээгүй. Надад өөрөөр тайлбарласан. Энэ бүх асуудал над руу бичиж байсан зурвасуудаар нотлогддог. Надад учруулсан хохирол бүгд баримттай. Би өөр илүү мөнгө нэхээгүй. Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.
Хохирогч Б.Болорзаяагийн өмгөөлөгч С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.У- урьд нь 2 удаа залилах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр биелүүлэхийг хойшлуулсан байх хугацаандаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан. Тэрээр хохирогчоос нэг ч удаа уучлалт гуйгаагүй, хохирлоо нөхөн төлөөгүй. Ар гэрийнх нь зүгээс ч уулзаж байгаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тогтоосон. Шүүгдэгчийн зүгээс өөрийн гэм буруу, хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хуралдааны явцад, шүүгдэгч хохирол төлөхөөр 5 хоногийн хугацаагаар завсарлага авч байсан. Гэтэл шийтгэх тогтоол гарсны дараа гэм буруу, хохирлын хэмжээний талаар маргаж байна. Шүүгдэгч нийтдээ 17.430.682 төгрөгийн хохирол учруулснаас ердөө 2.500.000 төгрөгийн хохирол төлсөн. Тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдүүдтэй, орлогын эх үүсвэргүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн байцаалтын үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Б.У- нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюубаярт” хүнсний дэлгүүрийн түрээслэгч иргэн Б.Болорзаяагаас 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд “Төрийн албанд ажилд оруулж өгнө, их сургуульд оруулж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бараа бүтээгдэхүүн, бэлэн мөнгө зэргийг биет болон биет бус хэлбэрээр шилжүүлэн авснаас 17.430.682 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хохирогч Б.Болорзаяа нь Б.У-д мөнгө, эд хөрөнгөө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, эд хөрөнгийнхөө шинж, болсон асуудлын талаар тодорхой мэдүүлсэн /1хх 13-16, 23-25/ байх бөгөөд түүний мэдүүлэг нь:
- гэрч Д.Гансүхийн “...У- нь манай эхнэр Болорзаяаг “...Засгийн газрын нийтлэг үйлчилгээний албанд няравын ажилд оруулж өгнө, төрийн албанд орох гэж байгаа хүн барьцаа хөрөнгөтэй байх ёстой, миний амьдарч байгаа СОТ-2/1-8 тоот байрыг танай нэр дээр шилжүүлж өгнө, Занданшатар даргатай уулзах гэж байна, хар юбка, цагаан цамц өмсөөд хүлээж бай...” гэх мэтчилэн ярьж 6 сар орчим дагуулж явсан. Би тухайн үед У-г “Бичиг баримтаа үзүүлчих” гэхэд “Би тусгай албаных, тэгж хамаагүй хүнд үзүүлдэггүй” гэж байсан. У- нь манай дэлгүүрээс хүнсний зүйл зээлж авдаг байсан... эхнэр бид хоёрын ажиллуулж байсан дэлгүүрийг дампууруулсан. Манай хүүхдийн нэр дээр байсан хадгаламжийг хүртэл У-д өгсөн...” /1хх 32-36/,
- гэрч Б.Даваадуламын “...2018 оны 9 дүгээр сард У-гаар дамжуулж Болорзаяа гэх хүүхнээс 700.000 төгрөгийг хүүтэй зээлж авч байсан. Би 1 сар болоогүй тэр мөнгийг нь У-д буцааж өгч Болорзаяад өгөөрэй гэж хэлж байсан...” /1хх 37-38/,
- гэрч М.Баярцэцэгийн “...Болорзаяа нь “Миний найз У-гийн төрсөн хүүхэд нь муу байна. Маш үнэтэй тариа хийлгэх гээд мөнгө хэрэгтэй байна. 2.000.000 төгрөг байна уу” гэж асуухаар нь би “Надад тийм их мөнгө байхгүй 600.000 төгрөг л байна” гэж хэлээд зээлсэн...” /1хх 42-43/,
- шүүгдэгч Б.У-гийн гэм буруу, хохирлын тооцооны талаар маргаагүй тухай /1хх 190-195, 2хх 5-6/ мэдүүлгүүд,
хохирогч, шүүгдэгч нарын хохирлын тооцоо нийлсэн баримт /1хх 17-21, 230-239/, хоорондоо харилцсан цахим зурвас /1хх 148-183/, Хаан банкин дахь тэдгээрийн эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /1хх 110-129, 197-223/, нэхэмжлэх хуудас /1хх 131-135/, зээлийн гэрээний хуулбар /1хх 147/ зэргээр давхар нотлогджээ.
Шүүгдэгч Б.У- нь хохирогч Б.Болорзаяагаас эд хөрөнгийг авахдаа, өөрийгөө бизнес эрхэлдэг, төрийн албанд ажилладаг, танил талтай мэтээр ойлгуулж, “Төрийн албанд ажилд оруулж өгнө, их сургуульд оруулж өгнө” гэх зэргээр хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжих үндэслэл тогтоогдоогүй бөгөөд тэрээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.
Дээрх байдлыг үндэслэн, шүүгдэгч Б.У-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоосныг хуульд нийцсэн гэж үзлээ.
Түүнчлэн шүүх хохирогч Б.Болорзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож, нийт учирсан хохирол болох 17.430.682 төгрөгөөс шүүгдэгч Б.У-гийн төлсөн хэсгийг хасаж /17.430.682-2.500.000=14.930.682/ үлдэх төлбөрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасанд нийцжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хууль хэрэглээ, хохирлын тооцооны талаар маргасан шүүгдэгч Б.У-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан мэтээр тусгасан нь техникийн шинжтэй алдаа гаргасныг буруутган, цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулан тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 821 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН