Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0726

 

 

 

 

 

 

2021 11 01 128/ШШ2021/0726

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.А

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1***дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М-н А миний бие * аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2008 оноос хойш ажиллаж байсан, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 сарын 06-ны өдрийн Б/1***дугаартай тушаалаар *аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолоочийн албан тушаалаас халж, ахлах ахлагч цолыг хураасныг эс зөвшөөрч байна.

1. Намайг ажлаас халах үндэслэлээ намайг 2020 оны 09 сарын 28-ны өдөр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2020 оны 09 сарын 29-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж тушаалд заасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1.9-т ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэх үедээ, түүнчлэн дүрэмт хувцас өмссөн үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх гэж заасныг зөрчсөн гэж заасан ба 2020 оны 09 сарын 28-ны өдөр ажлын байранд байгаагүй, дүрэмт хувцас өмсөөгүй байсан. Дүрэмт хувцастай байсан ямар ч баримт байхгүй байхад намайг хэлмэгдүүлж, хүчээр зөрчлөө хүлээн зөвшөөр, тэгэхгүй бол хална гэж тайлбарыг хүчээр бичүүлж авсан.

Энэ бүх үйл ажиллагааг ... ерөнхий газраас надад урьдчилж мэдэгдэж, ямар ч тайлбар авахгүйгээр халсанд гомдолтой байна. *аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал, бүрдүүлж өгсөн баримтууд нь хангалтгүй, эргэлзээтэй байхад бүрэн шалгахгүйгээр намайг шууд халж байгаа нь үндэслэлгүй юм.

Би захиргааны чөлөөтэй гэрт амарч байхад *аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Т.Е нь над руу утсаар ярьж дуудсаны дагуу такси барьж очсон ба таксины жолооч, манай гэрт байсан хүмүүс бүгд гэрчилнэ.

Миний ажил бол шийдвэр гүйцэтгэгч нартай өдөр тутам хамт явдаг ажил бөгөөд шийдвэр гүйцэтгэгчид гадуур ажилгүй гэсэн учраас чөлөө аваад явлаа гэж хэлээд тэдний өрөөнөөс гарч, чөлөө авч явсныг бүх шийдвэр гүйцэтгэгчид гэрчилнэ. Намайг чөлөөтэй байхад ажлын байранд архи уусан мэтээр баримт бүрдүүлж, халж байгаа нь илт хууль бус бөгөөд ёс зүйгүй үйлдэл юм. Би ажлын байранд байгаагүй, дүрэмт хувцас өмсөөгүй, захиргааны чөлөөтэй гэртээ байсан учраас намайг ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэхгүй ба би ямар ч зөрчил гаргаагүй.

Тушаалыг гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1.13, 2.1.14, 2.1.9 дэх заалтуудыг үндэслэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараах тохиолдолд албанаас хална:, 277.1.1-т өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж заасныг тушаал үндэслэлгүй нь намайг ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглээгүйг зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байна.

2. Намайг 2020 оны 09 сарын 29-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж зөрчил дурджээ. Тухайн өдөр өвчтэй байсан эмнэлгийн магадалгаагаа дүүдээ өгч явуулж, жижүүрт өгсөн байдаг. Дэд дарга Т.Е нь тэр хамаагүй гэж урж, хогийн саванд хийсэн гэсэн мэдээлэл авсан. Энэ талаар надаас нэг ч тодруулаагүй байж ажил тасалсан гэж үзсэн нь намайг ямар нэгэн аргаар халах зорилготой байсан гэж хардахад хүргэж байна.

... Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална:, 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа гэж заасныг зөрчиж, эмчийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдсөн байхад намайг хүчээр ажилдаа ирж, бүртгүүлж бай гээд өглөө, оройдоо эмнэлгээсээ очиж, бүртгэлд хийлгэж байсан. Энэ нь надад дарамт шахалт үзүүлсэн, эрүүл мэндээ хамгаалах эрхэд минь халдсан үйлдэл болсон.

Намайг Төрийн албаны тухай хуулийн 37.1.7-т төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 48.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:, 48.1.3-т төрийн албанаас халах гэж заасны дагуу халах тохиолдолд миний бие ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, алба үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан байх ёстой. Би ямар нэгэн зөрчил гаргаагүй, үүргээ зөрчөөгүй байхад дээрх хуулийг үндэслэж, ажлаас халж байгаа нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 сарын 06-ны өдрийн Б/1***дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 62.1-т Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-т зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана:, 62.1.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж заасныг зөрчиж гаргасан бөгөөд миний төрийн алба хаах эрхийг зөрчсөн тул хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан *аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэл болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 сарын 06-ны өдрийн Б/1***дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг *аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн М.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 сарын 06-ны өдрийн Б/1***дугаар тушаалаар урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж 2020 оны 09 сарын 28-ны өдөр ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2020 оны 09 сарын 29-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон тул 2020 оны 10 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь халж, цэргийн ахлах ахлагч цолыг хураасан.

Иргэн М.А нь *аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажлын цагаа буюу 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 16 цагийн үед цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэж ирсэн нь 2020 оны 09 сарын 28-ны өдрийн Цагдан хорих байрны дарга, дэд хурандаа Т.Е*******ы тэмдэглэл, 2020 оны 09 сарын 30-ны өдрийн согтолтын хэмжээ шалгасан тухай илтгэх хуудас, согтолт хэмжих төхөөрөмжийн зураг болон М.А-ы шалгалтын материалтай танилцсан тэмдэглэл, хошууч Т.А, ахлах дэслэгч Ч.Б, дэслэгч М.Б, ахлах дэслэгч Б.Н, дэслэгч Д.Л******* нарын тайлбар, тодорхойлолтуудаар нотлогдож байна.

Мөн иргэн М.А нь урьд тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 10 сарын 07-ны өдрийн Б/**дугаар тушаалаар 30 хоногийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлан шийтгэл хүлээсэн зөрчил гаргасан тул албан тушаалын цалингийн хэмжээг 5 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн иргэн М.А нь 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 09 цагт *аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Н.Б-с ээж Т.Хбие муу байна аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлж үдээс өмнөх чөлөөг авсан шалтгаан нь худал байсан нь *аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 232 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

2020 оны 09 сарын 29-ний өдөр иргэн М.А нь удирдлагаас ямар нэгэн чөлөө, зөвшөөрөл авалгүй ажил тасалсан нь дэслэгч Д.Л-н гаргасан иргэн М.А-ы 2020 оны 09 сарын цагийн бүртгэл, гараар бичсэн цагийн бүртгэл зэргээр нотлогдож байна.

Иймд *аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолоочоор ажиллаж байсан иргэн М.А нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.10, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1.13, 2.1.14, 2.1.19 дэх заалтуудыг зөрчсөн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 сарын 06-ны өдрийн Б/1***дүгээр тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн М.А-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1***дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн[2] хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн М.А-ыг албан тушаалд томилох тухай Б/***дугаар тушаалаар нэхэмжлэгч М.А-ыг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн *аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны жолоочоор томилон ажиллуулжээ[3].

Нэхэмжлэгч М.А нь дээрх байдлаар *аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны жолоочоор томилогдон ажиллаж байгаад маргаан бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн М.А-ыг төрийн албанаас халах тухай Б/1***дугаар тушаалаар цэргийн ахлах, ахлагч цолоо хураалгаж, төрийн албанаас халагджээ.

Маргаан бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1***дугаартай тушаалаар нэхэмжлэгч М.А-ыг урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 273 дугаар зүйлийн 273.2.10, 280 дугаар зүйлийн 280.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1.13, 2.1.14, 2.1.19 дэх заалт, *аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын саналыг тус тус үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь халж, цэргийн ахлах ахлагч" цолыг хурааж шийдвэрлэжээ[4].

I. Урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй гэх зөрчлийн тухайд;

*аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/**дугаар тушаалаар нэхэмжлэгч М.А-ы гаргасан хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлж, урьд гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ажиллаагүй, улмаар дахин зөрчил үйлдэж 30 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээсэн зөрчилд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм-ийн 2.1.13, 2.1.14, 2.1.21 дэх заалтууд, *аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Албан тушаалын цалингийн хэмжээг 5 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ[5].

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, 48.6. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заажээ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч М.А нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлүүдийг гаргасан нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй гэж буруутгасан нь үндэслэлтэй байна.

II. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх зөрчлийн тухайд;

Нэхэмжлэгч М.А нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь *аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар хуралдааны тэмдэглэлийн ... д/х Н.Б: ... мөн дээрээс нь ажлын цагаар, дүрэмт хувцастай архи ууж, ажлын байранд согтуу ирсэн байна энэ үнэн үү?, а/а М.А: Үнэн. Миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна. ..., ... а/а М.А: Эцсийн удаа нэг боломж олгооч. Архи уусан нь миний буруу. Дахин алдаа дутагдал гаргахгүй ажиллах болно.[6] гэх, Нэхэмжлэгч М.А-ы 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр гаргасан ... Цэнгэл сумаас ирсэн Ж******* гэгч найз тааралдсан хоёулаа 0.33 хараа архи хувааж ... машин дотор ууж ирсэн. 16 цаг 45 минутын үед цагдан хорих байрны дарга дуудаж өрөөндөө оруулж миний согтолтын хэмжээг шалгахад 3.34 хэмжээний согтолт гарсныг миний бие хүлээн зөвшөөрч байна. гэх тайлбарууд, согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл, фото зураг, тухайн өдөр албан үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдын тайлбар зэргүүдээр тогтоогдож байна[7].

Иймд нэхэмжлэгч М.А-ыг ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж буруутгасан хариуцагчийн шийдвэр мөн үндэслэлтэй байна.

III. 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчлийн тухайд;

Нэхэмжлэгч М.А нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь *аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэслэгч Д.Л-н гаргасан цагийн бүртгэлүүдээр тогтоогдож байна[8].

Иймд нэхэмжлэгч М.А-ыг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж буруутгасан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч М.А нь маргаан захиргааны актад дурдсан урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 37.1. Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ:, 37.1.13. албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн нийтлэг эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, 273.2.10. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очихгүй байх, ажил хаях, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох; гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах 48.1.3. төрийн албанаас халах; гэж заасныг үндэслэн албан тушаалаас халж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 280 дугаар зүйл. Цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдгийг хураан авах, хадгалуулах, 280.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд томилогдсон, сонгогдсон тохиолдолд түүний цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хураан авна. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн цэргийн ахлах ахлагч цолыг хурааж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч М.А-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1***дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.10, 280 дугаар зүйлийн 280.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан иргэн М.А-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1***дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 3 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 72 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 36-40 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийг 45-47, 49, 50-56 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 57, 62 дугаар хуудас