Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2019/00136

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 АДО-ийн газрын нэхэмжлэлтэй,

Ш.Б-д холбогдох 

 Төрийн өмч хөрөнгийг ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт 51 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Ш.Б, прокурор Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АДОЗ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Б нь 2013 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 сарыг хүртэл хугацаанд Малхын аймаг дундын отрын бүс хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба ажиллах хугацаанд тус захиргаанаас Ш.Бт ОХУ-д үйлдвэрлэсэн Rostselmash Tukan-1600 маркийн 24 875 000 төгрөгний үнэ бүхий шинэ өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болно. Гэвч Ш.Б нь 2015 оны 10 сард ажлын байраа дур мэдэн орхиж, хариуцуулж өгсөн өвс хаман боогчийг Н.Ганзоригт худалдаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшин байгууллагад хохирол учруулсан. Тус захиргаа нь уг өвс хаман боогчийг Мал хамгаалах сантай 2014 онд №2014/ТТ04 тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан авсан байсан ба энэхүү тоног төхөөрөмжийг Ш.Б нь өөрийн биеэр Мал хамгаалах сангийн агуулахаас 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Говьсүмбэр аймаг руу ачуулан авч явсан байна. Ш.Б нь уг хаман боогчоор 2014, 2015 онуудад хувиараа хадлан бэлдэж, байгалийн өвс бэлдэж боож, боосон өвсөө бусдад худалдаж, ашиг олсон бөгөөд байгууллагын өвс хаман боогчийг хүлээлгэн өгөлгүй Солонгос улс руу явсан байдаг. Тоног төхөөрөмж түрээслэх гэрээний 5.2-т заасны дагуу тус захиргаа нь Мал хамгаалах санд жил 3 554 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэг ч түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд одоогийн байдлаар 17 214 284 төгрөгний өр үүссэн байна. Дээрх үүссэн өр нь Ш.Бын хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн өр тул Ш.Боос гэм хорын хохирол 17 214 284 төгрөгийг гаргуулж өгнө үү. Прокурорын тогтоолд тэмдэглэсэн 13 660 713 төгрөг нь Мал хамгаалах сангаас 2018 оны 03 дугаар сарын 09-ны байдлаар манайхаас нэхсэн төлбөрийн дүн юм. Дээр нь 1 жилийн түрээсийн төлбөрийг нэмэгдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгч БДОБАЗ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Ш.Б нь Малхын аймаг дундын отрын бүс хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 08 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Аймаг дундын отрын бүс нь тус отрын бүс нутагт малын шим тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэг зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү ажиллагааны хүрээнд Мал хамгаалах сантай 2014 онд №14/ТТ04 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан авсан. Rostselmash Tukan-1600 маркийн 24 875 000 төгрөгийг түрээсийн үнэ бүхий хаман боогчийг Ш.Бт хариуцуулан хүлээлгэн өгсөн.

Гэтэл Ш.Б нь тус өвс хаман боогчоор малын шим тэжээлийн нөөц бүрдүүлэх бус байгууллагад хамааралгүй бусад этгээдэл түрээслэн ашиглуулж хувьдаа мөнгө авсан хөрөнгө бүрдүүлэх 2014, 2015 онуудад тус хаман боогчийг хувийн зорилгоор ашиглан бусдад өвс боон зарсан. Мөн бусдын өмч хөрөнгө болох өвс хамаг боогчийг бусдад борлуулан нийт 51 250 000 төгрөгийн ашиг олсон байдаг.

Иймд, байгууллагын өвс хаман боогчийг ашиглан олсон ашгаасаа Ш.Б нь байгууллагад нэг ч төгрөгийг орлого тушаагаагүй, төрийн өмч хөрөнгийг ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 51 250 000 төгрөгийг Ш.Б-оос гаргуулан манай байгууллагыг хохирлгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БДОБАЗнаас 2019 оны 04 сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир дараах тайлбарыг гаргаж байна. Би 2013 оны 08 дугаар сарын 20-ноос 2015 оны 12 дугаар сарын 25 хүртэл Аймаг дундын отрын бүсийн Малхын талын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд 2014 оны 08 сарын 11-ний өдөр өвс хаман боогч тоног төхөөрөмжийг зарлагын баримт үйлдэн гарын үсэг зуран, хүлээн авч, явсан нь үнэн. Гэхдээ өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээн авах болон Аймаг дундын отрын бүсийн Малхын талын мэргэжилтнээр томилогдсоноос ажлаас халагдах хүртэл хугацаанд Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний талаар надад байгууллагын зүгээс гэрээ байгуулсан, эсвэл гэрээний хувийг өгсөн, танилцуулсан, тайлбарласан зүйл огт байгаагүй бөгөөд харин нэхэмжлэл гаргах үедээ хавсаргасан баримтаас Мал хамгаалах сан, Отрын бүс хоорондоо гэрээ хийж үйлдсэн болохыг мэдсэн. Би ар гэр, ахуй байдал амьдралаа дээшлүүлэх гэж бусдын адил Солонгос улс руу явж ажиллаж байгаад ирсэн. Солонгос улс руу явахаас өмнө өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөлгүйгээр зарж, борлуулж захиран зарцуулж, бусдад худалдсан болох гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байсан, уг асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоон, Прокурорын байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хэргийг Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх өвс хаман боогч тоног төхөөрөмжийг намайг Солонгос улсад байх хугацаанд 2016 оны өвөл отрын бүсийн захиргаанаас хүлээн авсан тул байгууллагад учирсан гэх хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Одоо миний бие тус байгууллагад ямар нэгэн өр төлбөр, хохирол төлбөрийн асуудал байхгүй болно. Цагдаагийн байгууллагаас өвс хаман боогчийн элэгдэл хорогдлын үнэ дээр түрээсийн мөнгө нэмэгдээд 18 600 000 төгрөг гэж хэлж байсан. Гэхдээ энэ түрээсийн асуудлаар дараа шүүхэд уулзана гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Прокурор Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Б 2013 оны 08 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Малхын аймаг дундын отрын бүсийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа өөрт нь итгэмжлэн хариуцуулж, өгсөн 18 600 000 төгрөгийн үнэ бүхий Tukan-1600 маркийн өвс хаман боогч 1 ширхэг, 12 000 төгрөгийн үнэ бүхий фургон маркийн автомашины суудал 1 ширхэгийг тус тус хувьдаа завшиж нийт 18 720 000 төгрөгийн эд хөрөнгө завшсан үйлдэлд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Б нь 18 720 000 төгрөгийн хөрөнгө завшсан болох нь тогтоогдож, хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/04 шийдвэрээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламенттай болсны 25 жилийн ойд зориулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш Ш.Б нь улсад нэг ч төгрөг төлөөгүй. Нийт 51 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БДОБАЗ нь хариуцагч Ш.Бт холбогдуулан маргаан бүхий өвс хаман боогчийг ашиглан олсон ашиг болох 51 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Ш.Боос ... өвс хаман боогчийг намайг очиж авахад гэрээ байгуулаагүй, уг өвс хаман боогчоор 2014 онд ашиг олоогүй, 2015 онд 6 000 000 төгрөг олсон, ... миний ХААН банкны дансаар орж ирсэн зарим өвсний мөнгийг хүлээн зөвшөөрч байна ... гэж шүүх хуралдаанд тайлбарлана.

Нэхэмжлэгч БДОБАЗ нь хариуцагч Ш.Б-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлно.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй хэмээн заажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч БДОБАЗ, хариуцагч Ш.Б нарын хооронд эрх, үүрэг бүхий гэрээний харилцаа болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч БДОБАЗ нь хариуцагч Ш.Б-оос өвс хаман боогчийг ашиглан олсон ашгийг буцаан шаардах эрхтэй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Ш.Б нь уг өвс хаман боогчийг ашиглан 12 352 500 төгрөгийн ашиг олсон болох нь хариуцагч Ш.Бын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-65-67/, гэрч О.Төгөлдөрийн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст 2018 оны 02 дугаар сарын 07- ны өдөр өгсөн мэдүүлэг /хх188-195/, зохигч нарын тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэ үйл баримтад талууд маргаагүй.

Үүнд: /1 750 000+5 512 500+840 000=8 102 500 төгрөг, 850х5000=4 250 000 төгрөг, Нийт 8 102 500+4 250 000=12 352 500 төгрөг/

Хариуцагчаас ... Говьсүмбэр аймагт боодол өвс 1800-2500 төгрөг байгаа, Улаанбаатарт 5000 төгрөг байдаг, О.Төгөлдөрт 850 ширхэг боодол өвс зарсан гэж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... хариуцагч нь мөрдөн байцаалтын шатанд нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр зарсан гэж мэдүүлсэн байдаг ... гэж шүүх хуралдаанд тус тус тайлбарлах боловч хариуцагч нь тухайн үеийн өвсний үнийг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсон үеийн ханшаар тооцож олгов.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэсэн зохицуулалтад үндэслэсэн тул шүүх энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасантай нийцнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... тус хаман боогчоор малын шим тэжээлийн нөөц бүрдүүлэх бус байгууллагад хамааралгүй бусад этгээдэд түрээслэн ашиглуулж, хувьдаа мөнгө аван, мөнгө бүрдүүлэн 2014, 2015 онуудад тус хаман боогчийг хувийн зорилгоор ашиглан бусдад өвс боон зарж ашиг олсон тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 51 250 000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх 12 352 500 төгрөгийг гаргуулж, харин үлдэх 38 897 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Учир нь, нэхэмжлэгч нь 38 897 500 төгрөгийг гаргуулах талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгддөг ба нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 212 590 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  492  дугаар зүйлийн  492.1.1-д  заасныг баримтлан хариуцагч Ш.Боос 12 352 500 /арван хоёр сая гурван зуун тавин хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БДОБАЗнд олгож, үлдэх 38 897 500 /гучин найман сая найман зуун ерэн долоон мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 212 590 /хоёр зуун арван хоёр мянга таван зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА