Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2019/00889

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/00847/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..., .. хороолол, .. байр, .. тоот хаягт оршин суугаа, ******* /рд:../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, өөрийн байранд оршин байгаа, “Д" ХК /рд:../-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Д” ХК-д 2006 онд диспетчер инженерээр анх томилогдоод өнөөдрийг хүртэл нийтдээ 13 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажлын төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж ирсэн. Сүүлд би 2018 оны 01 сараас шугам сүлжээний цехийн дулаан хангамжийн инженерээр томилогдон ажиллаж байхад намайг захирлын 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 624 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад 100 кг гууль хулгайлсан гэж ажлаас үндэслэлгүйгээр халсанд маш их гомдолтой байна.

Иймд үйлдвэрийн шугам сүлжээний цехийн дулаан хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Үүнд:

Нэг. “Д” ХК болон ******* нарын хооронд 2018 оны 03 сарын 19-ний өдөр байгуулсан ... дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээний 6.5.7-д “...Байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, компанийн эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, үгсэн тохиролцсон, завшсан, сольж өөртөө авсан, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажлын байрнаас авч гарсан, авч гарах гэж байгаад харуул хамгаалалтын албанд саатуулагдсан болон ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн” бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар, “Д” ХК-ийн ерөнхий захирлын 2018.03.01-ний өдрийн ... тоот тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.4.5-д “Компанийн эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, үгсэн тохиролцсон, завшсан, сольж өөртөө авсан, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажлын байрнаас авч гарсан, авч гарах гэж байгаад харуул хамгаалалтын албанд саатуулагдсан бол” ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заасан байна.

Компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.7-д ...Компанийн бүх ажилтнууд эрхэлсэн ажлын хүрээнд компанийн өмч хөрөнгийг хамгаалж, ашиглалтын хугацааг уртасгах, хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх талаар санаачлагатай ажиллана..., мөн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.2.1-т ...Хөдөлмөрийн хууль тогтоомж болон байгууллагын дотоод журам, удирдлагын шийдвэрийг чанд мөрдөх..., 4.2.3-т ...Өөрийн ажил үүргийг бүтээлч, үнэнчээр гүйцэтгэх... заалтуудыг ******* нь зөрчсөн.

Хоёр. Нэхэмжлэлд “...Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно” гэжээ.

******* нь манай компанид ажиллаж байх хугацаандаа байгууллагын эд хөрөнгийг компанийн хашаанаас хууран мэхлэх аргаар авч гаран хувьдаа ашиглаж байхад нь уг үйлдлийг нь илрүүлж буцаан авч ирүүлж байсан ба энэ талаар хамгаалалт аюулгүй байдлын албаны 2018.09.20-ны өдрийн 82/18 тоот албан бичиг, харуулын рапортын дэвтэр, Хамгаалалт аюулгүй байдлын албаны даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Гурав. Нэхэмжлэгч ******* нь “Д” ХК-ийн “Үйлдвэрийн шугам сүлжээний цех”-д дулааны инженерээр ажиллаж байх хугацаандаа 2019.06.06-ны өдөр тус цехийн тоноглол болох халуун усны бойлерын /халаагуур/ дотор байрлах  100 кг гуулийг холбогдох удирдлагын зөвшөөрөлгүй өөрийн цехийн гагнуурчин Ж.Т таслуулж Төмөр бэлтгэх цехийн зүсэгч ажилтай Н нэр дээр тушаалган баримтанд өөрөө гарын үсэг зурж 142,200 төгрөг авсан байна. Энэ үйлдэл нь байгууллагын өмчийг хувийн зорилгодоо ашиглахын тулд эвдэж сүйтгэсэн ноцтой зөрчил болно. 2019.06.11-ний өдрийн 82/19 дугаартай тус компанийн хамгаалалт аюулгүй байдлын албанаас ...компанийн эд хөрөнгийг завшсан байж болзошгүй... талаар ирүүлсэн албан бичгийн дагуу ******* ыг дуудаж уулзахад ...түүхий эд тушаасан мөнгөө цехийн фондод тушаасан... гэсэн тайлбар өгсөн нь худал болох нь нотлогдсон. Үүний дараа нь хулгайн үйлдэл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч  түүхий эд тушааж олсон 142,200 төгрөгийг өөртөө авснаа хүлээн зөвшөөрсөн.

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тусгажээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Компанийн хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирлын 2019.01.18-ны өдрийн .. тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Д" ХК-аас ажилласан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,654,648 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

******* нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй хэмээн хариуцагч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч ******* ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

******* нь “Д” ХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 20 дугаар тушаалаар Үйлдвэр шугам сүлжээний цехийн Дулаан хангамжийн инженерээр томилогдож, улмаар 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 624 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-82-83х, 4х, 7х/

 

“Д” ХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 09-ний өдрийн “******* ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” .. дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.4.5, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.7-д заасныг тус тус үндэслэсэн байх ба уг тушаалд “******* нь 2019 оны 06 сарын 06-ны өдөр 100 кг гуулийг хулгайлан хоёрдогч түүхий эд тушаах цэгт өөр хүний нэрээр тушаасан үйлдэл нь компанийн Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг ноцтой зөрчсөн тул 2019 оны 07 сарын 09-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан” тухай дурджээ. /хх-4х/

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд буюу ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргасан байна.  

 

Хэрэгт авагдсан “Хоёрдогч түүхий эдийн мөнгө олгох баримт” /хх-45х/, “Бэлэн мөнгөний орлогын баримт” /хх-52х/, ******* ын бичсэн “Тодорхойлолт”-ууд /хх-60х, 61х/, гэрэл зураг /хх-62х/ зэрэг нотлох баримтаар ******* нь 2019 оны 06 сарын 06-ны өдөр компанийн хашаанд байрлах халаалтын зуухны хэрэглээний халуун усны бойлерыг зүсэж, зохих зөвшөөрөлгүйгээр дотор нь байсан 100 кг гуулийг авч, “Н” гэх хүний нэрээр хоёрдогч түүхий эд авах цэгт 142,200 төгрөгөөр тушааж, улмаар 2019 оны 06 сарын 27-ны өдөр 140,000 төгрөгийг компанийн санхүүд тушаасан үйл баримт тогтоогдож байх ба зохигч талууд энэ талаар маргаагүй.

 

Талуудын хооронд 2019 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан .. тоот Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.7-д “... Компанийн хөрөнгийг хулгайлсан, ... удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажлын байрнаас авч гарсан ... нь тогтоогдсон” ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгажээ. /хх-36-40х/

 

Мөн дээр дурдсан зохицуулалттай адил агуулга бүхий зохицуулалт “Д” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.5-д тусгагдсан /хх-25-35х/ байх ба ажилтан ******* уг журамтай 2019 оны 03 сарын 01-ний өдөр танилцсан байна. /хх-40х/

 

Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь өмнө дурдсанчлан байгууллагын халаалтын бойлерыг зүсэн дотор нь байсан 100 кг гуулийг авч хоёрдогч түүхий эд авах цэгт тушаасан болохоо өөрөө зөвшөөрдөг боловч байгууллагын эд хөрөнгийг “хулгайлсан” гэх гэм буруутай үйлдлийг хуулиар олгосон чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан шалган тогтоогоогүй байхад ******* ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан компанийн эд хөрөнгийг “хулгайлсан” гэх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэм буруутай үйлдэл байх ба үүнийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалган тогтоох учиртай.

 

Иргэний хэргийн шүүхийн зүгээс байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч мөнгөөр тушаасан нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөхгүй байгаа боловч уг үйлдлийг “хулгай” мөн эсэх талаар гагцхүү Эрүүгийн хэргийн шүүх дүгнэлт өгөх бүрэн эрхтэй байтал ажилтныг “хулгай” хийсэн эсэх талаар ажил олгогч өөрөө дүгнэлт өгч, улмаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй хэмээн үзсэн болно. 

 

Иймд ******* ыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал буюу “Д” ХК-ийн Үйлдвэр шугам сүлжээний цехийн Дулаан хангамжийн инженерээр эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

 

******* ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт холбогдох нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Олговрыг тооцоход 1,548,180 + 1,622,694 + 1,739,253 = 4,910,127 : 3 = 1,636,709 : 22 = 74,395.6 х 54 = 4,017,362.4 төгрөг гарч байх боловч нэхэмжлэгчийн шаардсан дүн буюу 3,654,648 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ******* ыг “Д” ХК-ийн Үйлдвэр шугам сүлжээний цехийн Дулаан хангамжийн инженерээр эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч “Д” ХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,654,648 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.   

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Д” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 73,424 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НЯМБАЗАР