Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 625

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00625

 

 

З.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00066 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б, Б.Б нарт холбогдох,

 

Б.Б, Г.Б нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Бат-Өлзий

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Сод-Эрдэнэ

Хариуцагч: Г.Б

Хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.Н- 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г.Баас 12 500 ам.долларыг 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж авахад Г.Б нь уг зээлийн үүрэгт З.Н-гийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж байгаа хэмээн төөрөгдүүлж, уг орон сууцыг худалдах, худалдан авах хуурамч гэрээгээр нэр өмчлөлдөө шилжүүлэн авсан. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Бд 40 000 000 төгрөгөөр худалдаж, түүний өмчлөлд шилжүүлсэн.

Дээрх орон сууцыг Г.Б нь З.Н-гаас худалдан авсан гэх 2015 оны 12 дугаар сарын 16-ны хэлцлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01131 дугаартай шийдвэрээр хүчин төрөлдөр бус байх хэлцэлд тооцсон бөгөөд энэ шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа.

Гэтэл Г.Б нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан хөрөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 40 000 000 төгрөгөөр Б.Бд худалдан түүний өмчлөлд шилжүүлсэн нь уг орон сууцны үндсэн өмчлөгч З.Н-гийн эрх ашгийг ноцтой зөрчиж хохироосон.

Иймд Г.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан дээрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч З.Н-гийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г.Б нь З.Н-тай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 12 500 ам.долларыг, 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч, зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээнд З.Н- нь зээлээ төлөөгүй тохиолдолд орон сууцыг худалдан борлуулах талаарх баталгааг бичиж, гарын үсгээ зурсан байдаг.

3.Нарантуяа нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний үндсэн хугацаанд зээл, зээлийн хүүд нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй.

3ээлийн гэрээний үндсэн хугацаа дуусахад буюу 2016 оны 03 сард З.Н- нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан байсан. Шүүхэд маргаан үүсгэх нь З.Н-гийн зээлээ төлөхгүй, хугацаа хожих гэсэн заль байсан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01131 дүгээр шийдвэрээр З.Н-тай хийсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

З.Н-гийн гаргаж байгаа үйлдэл нь илт залилангийн шинжтэй байсан тул Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, мөн дүүргийн Прокурорын газарт өргөдөл гаргаж шалгуулсан байдаг. Мөрдөн байцаалтын явцад З.Н- нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа Г.Должинсүрэнд холбогдох хэрэгт нэгтгэхээр шилжүүлж, одоо тус хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Иймд З.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бы тайлбартай санал нэг байна.

Иймд З.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Г.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-2205012098 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 25 тоотод байрлах 40 м.кв орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, З.Н-г улсын бүртгэлийн Ү-2205012098 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 25 тоотод байрлах 40 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  428 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 214 000, Б.Бгаас 214 000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Г.Б, З.Н- нар нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 12 500 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор тохирч зээлийн гэрээ байгуулсан байдаг.

Энэхүү зээлийн гэрээ байгуулах явцад талуудын хооронд зээлийн барьцааны асуудал үүссэн бөгөөд З.Н- нь Г.Бд "зээлээ найдвартай төлнө, барьцаа хийх боломжгүй бол миний байрыг өөрийн нэр дээр шилжүүлээд авчих. Миний байрыг 30 000 000 төгрөгөөр үнэлээд нэр дээрээ шилжүүлээд авчих, тэгвэл бүр баталгаатай болно. Үнийн дүн нь бага бол үл хөдлөхийн татвар ч бага төлнө. Зээлээ төлж дуусаад би байраа буцааж шилжүүлж авья" гэж санал тавьсаны дагуу Г.Б нь З.Н-д зээл өгсөн өдрөө Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг давхар хийж, өмчлөх эрхийг нь шилжүүлж авсан.

Зээлийн гэрээ, барьцааны гэрээ тусдаа байгуулагдсан боловч зээлийн гэрээний төгсгөлд буюу арын хэсэгт З.Н- нь "иргэн З.Н- би 2015.12.16-ны өдөр иргэн Г.Баас 12500 ам.долларыг бэлнээр хүлээж авлаа. Дээрх 12.500 ам.долларыг зээл, хүүгийн хамт төлсөн тохиолдолд иргэн Г.Б би Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 25 тоот, 3 өрөө байрыг буцаан шилжүүлж болно. Хэрэв үндсэн төлөлт болон хүү, алдангийг төлөөгүй тохиолдолд зарж борлуулахыг зөвшөөрөв" гэж гараар бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.

Зээлийн гэрээ, түүнтэй давхар хийгдсэн хэлцэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа, талуудын хэн алин хэлцэлтэй холбогдох асуудлаар маргаагүй зэрэг маргаанд ач холбогдол бүхий байдлыг шүүхээс анхаарч, үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй.

 

Нэхэмжлэгч З.Н- нь хариуцагч Б.Б, Г.Б нарт холбогдуулан Б.Б, Г.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчид холбогдуулан З.Н- болон Г.Б нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 41 901 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж, уг захирамжид гомдол гаргах эрхийг олгохгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа мөн хуулийн 65.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг зааж шийдвэрлэх байтал сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байгаагаас гадна шүүгчийн захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан атлаа уг захирамжид мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхийг олгоогүй, тайлбарлаагүй захирамж гаргасан нь буруу болжээ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА