Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Г.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б   

Хохирогчийн өмгөөлөгч А.Т   

Гэрч Б.Э , Н.Б    

Шинжээч Д.М     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э     

Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ж-т холбогдох эрүүгийн 2125000390366 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

С.Ж

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч С.Ж нь Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүнд итгэмжлэн хариуцуулсан үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварын мөнгөнөөс 55 001 700 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ж-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, тайлбар.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж мэдүүлэхдээ “өмнөх даргын нэр дээр байгуулагын данс байдаг байсныг миний нэр дээр шилжүүлсэн байсан. Эдгээр мөнгийг бүгдийг нь үйлдвэрчний эвлэлийн ажилд зарцуулсан. Э , Б  нар мөнгө зээлсэн байсан. Миний хувьд хувьдаа авч завшсан зүйл байхгүй. Баттөрд хүлээлгэн өгсөн мөнгөн дүн тохирч байгаа. Мөнгө завшсан гэдгийг зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч П.Б    мэдүүлэхдээ “Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 55 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч Д.М       мэдүүлэхдээ “Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны санхүүгийн баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахад анхан шатны баримтууд маш их дутуу байсан. Тухайн байгууллага дээр очиж баримтгүй зүйлүүдийг нүдээр үзэж, байж болох бүх зүйлийг тусгаж дүгнэлт гаргасан. 3 төрлийн зөрчил дутагдал илэрсэн, нийт 55.001,7 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Б.Э мэдүүлэхдээ “Ж  гуайгаас 15 сая төгрөг зээлсэн нь үнэн. Өөрөөс нь зээлсэн. Санхүүгийн анхан шатны баримтыг дараа нь нөхөн бүрдүүлдэг байсан. Юунд зарцуулсаныг нь мэдэхгүй. Бүрдүүл гэсэн материалыг нь бүрдүүлдэг байсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Н.Б      мэдүүлэхдээ “Үйлдвэрчний эвлэлийн мөнгийг хэрхэн зарцуулсныг мэдэхгүй. Миний хувьд мөнгө авсан зүйл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Б-н цагдаагийн газар гаргасан гомдол, хавсаргах баримтууд /1 дэх хавтаст хэргийн 5-35 дахь тал/

            2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-н : “Миний бие Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сонгогдсон юм. Үүнээс хойш гишүүдээс гомдол гарсан Юу гэж гомдол гаргасан бэ гэхээр гишүүдийн татварын тайлан, хорооны даргын ажлаа өгөхдөө тайлангаа тавих ёстой, тайланг нь тавиулах шаардлагатай байна гэх гомдол 3 сар гаран үргэлжилсэн. 2020 оны 11 сарын 12-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн санхүүгийн үйл ажиллагаа, санхүүд Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын зөвлөлийн хамтарсан шалгалт ороод Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн татварын мөнгөнөөс өмнө ажиллаж байсан дарга С.Ж    нь нийт 86,101,022 төгрөгийг хувьдаа авч завшсан зөрчил илэрсэн тул энэ хохирлыг барагдуулах шийдвэрийг Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай албан шаардлага гаргасан үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид хуралдаж хохирол барагдуулах ажлыг надад даалгасны дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Цагдаагаас Далайван аудитын газраар шинжээч томилох тогтоол гаргаж үүний дагуу дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр 55,001,700 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан байдаг. Энэ дүгнэлтэд Ж  нь байгууллагын мөнгийг хувийн дансанд байршуулж сар болгон хүү авч байсныг тооцоогүй байсан. Хэрэв тооцвол 86,101,022 төгрөг болж байгаа юм. Тухайлбал Ж  нь хорооны дундын сангийн мөнгийг өөрийн хувийн хадгаламжид байршуулж, тэгээд хүүг нь өөрөө авдаг байсан байна. Энэ нь баримтаар нотлогдсон боловч аудитын дүгнэлтэд ороогүй байна. Одоогоор хохирол төлөгдөөгүй байна. Э  ч гэсэн хохирол төлөөгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 36-37 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал/,

            3. Гэрч Б.Э ийн: “...Үйлдвэрчний эвлэлийн хорооноос авдаг жилийн татвар нь 82-83 сая төгрөг болдог юм. Сар бүр ажилчдын цалин өөр өөр гардаг тул ажилчдын цалингаас 1 хувийг татвар болгож авдаг юм. Би ажиллаж байх хугацаандаа санхүүгийн тайлан болон татварын тайланг хуулийн хугацаанд нь гаргаж танилцуулдаг байсан. Санхүүгийн тайланг танилцуулах ажлыг үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хийдэг байсан. Миний хувьд албан тушаалын байдлаа ашиглан мөнгө идсэн асуудал байхгүй. Бүх гүйлгээ санхүүгийн баримт, дансны хуулгатайгаа таарч байгаа. Би Ж  гэдэг хувь хүнээс 15,000,000 төгрөг зээлсэн юм. Би өөрийнхөө худалдаа хөгжлийн 466001544 дансаараа түүнээс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед би ажлаасаа халагдчихсан байсан үе байгаа юм. Миний хувьд одоо тус зээлсэн мөнгөнөөсөө барагдуулж эхлээгүй байгаа. 130600105881 дугаартай данс хүлээлцсэн тэмдэглэл дээр “Б.Э ээс эргэн төлөх 17,152,040 төгрөг гэж бичээд би гарын үсэг зурсан нь үнэн. Үйлдвэрчний хороон дарга ажлаа хүлээлгэж өгөх үед би зөндөө санхүүгийн баримт дээр гарын үсэг зурсан бөгөөд тэр дундуур л зурсан байна. Энэ гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна, гэхдээ би юун дээр гарын үсэг зурж буйгаа мэдээгүй, уншаагүй зурчихсан юм. Миний хувьд үйлдвэрчний хороонд ямар ч өр төлбөр байхгүй, Ж  гэдэг хувь хүнд 15,000,000 төгрөгийн өр байгаа. Би Ж аас хүүгүй зээлсэн юм. Надад Ж  зээлсэн мөнгө нь түүний өөрийнх юм уу эсвэл хорооны дундын сангийн мөнгө юм уу гэдгийг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 19-р тал/,

            4. Гэрч Б.Б-н : “...Миний хувьд санхүүгийн баримт дээр сууж ажиллахад анхан шатны баримтын бүрдүүлэлт дутуу зүйлүүд байсан. Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн тогтоолын мөнгөн дүнгээс илүү дүнтэй шилжүүлэлт хийдэг, өөрийнхөө хувийн данс руу шилжүүлж авдаг гэх баримтууд байсан. Тогтоолыг гаргахдаа мөнгөн дүн тавилгүйгээр зарцуулалт хийсэн, хорооны гишүүдийн мөнгөөр Япон улс руу явсан байсан. Гишүүдийн хурлын ирц дутуу байхад хуралдуулж шийдвэр гаргаж зарцуулалт хийсэн гэх зэрэг асуудлууд гарч ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

            5. С.Ж ын 3008010467 дугаарын Капитрон банкны дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 110-116 дахь тал/,

            6. Б.Э ийн 466001544 дугаарын Худалдаа хөгжлийн банкины дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 119-143 дахь тал/,

            7. ЭДЦС Үйлдвэрчний эвлэлийн хорооны 130600005581 дугаар Төрийн банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 181-193 дахь тал/,

            8. С.Ж ын *********  дугаар Төрийн банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 196-210 дахь тал/,

            9. Б.Э ийн 130600082627 дугаар Төрийн банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 219-250 дахь тал/,

            10. “Бэйкер тилли далайван аудит ХХК”-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01/02-03 дугаартай “... 2016 онд Л.Ганболдын нэр дээрх Эв нэгдлийн сангийн 130600077287 тоот хадгаламжийн дансны хугацаа дууч үлдэгдэл 45.168.000 төгрөгийг жил ийн 15.4 хувийн хүүтэйгээр С.Ж ын нэр дээрх 130600105881 тоот хадгаламжийн данс руу 2016 оны 11 дүгээр сарын 09- ний өдөр шилжүүлсэн байна. Хяналтын зөвлөлийн шалгалтын дүгнэлтээр “ЭДЦС үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны үйл ажиллагааг удирдан явуулж байх хугацаандаа 45.434,2 мянган төгрөгийг анхан шатны баримт, тогтоол шийдвэргүй зарцуулж авсан гэж үзсэн байна. Иймээс бид шинжээчийн ажлыг хийж байх явцдаа тус 45.434,2 мянган төгрөгийн ажил гүйлгээнүүдээс хооронд болон ДЦС-ийн цех тасагт зарцуулагдсан одоо ашиглагдаж байгаа хөрөнгүүдийг хүлээн авсан хүмүүсээр нотлуулан, хяналтын зөвлөлийн шалгалтыг хийсэн нягтлан бодогч Б , С.Ж    нарыг байлцуулан тулгалт хийсэн болно. Ингэж тус мөнгөний гүйлгээг нэг бүрчлэн тулган шалгахад ихэнх гүйлгээ “ЭДЦС үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны үйл ажиллагаанд зарцуулагдсан боловч анхан шатны баримтгүй, тушаал, шийдвэр, тэргүүлэгчдийн тогтоолыг дутуу гаргадаг, гарсан тогтоол дээр давтан гүйлгээ хийдэг зэрэг хариуцлагын алдааг гарган ажиллаж байсан байна. Дээрх гүйлгээ тус бүрийг шалгахад анхан шатны баримтгүй хаана юунд зарцуулсан нь тодорхойгүй гарч байгаа зарим гүйлгээ нягтлан бодогч Э тэй мөн адил холбоотой юм. Орхон аймгийн хяналтын зөвлөлийн шалгалтын дүгнэлтээр “ЭДЦС Үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны үйл ажиллагааг удирдан явуулж байх хугацаандаа 45.434,2 мянган төгрөгийн дутагдалд багтсан С.Ж ын Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны ҮЭ-ийн хороодын дарга нартай байгуулах хариуцлага үр дүнгийн гэрээний Зб-ийн “ҮЭ-ийн хороодын дарга нарын 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхэд холбооноос дэмжлэг үзүүлэх” гэж заасны дагуу авсан 10.318,0 мянган төгрөгийг Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос биш ДЦС-ын үйлдвэрчний эвлэлийн хорооноос авсан байна гэж үзэн оруулсан байна. Үүнийгучир шалтгааныгтодруулах үүднээс Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан бичиг бичиж тодруулга авахад Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 31 тоот албан бичигт “ЭДЦС” ТӨХК-ийн ҮЭ хорооны дарга С.Ж ын ҮЭ-ийн сонгуульт үүрэг дуусгавар болсонтой холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг манай ҮЭ холбооноос олгосон ба “ЭДЦС” ТӨХК-ийн ҮЭ хорооноос буцалтгүй тусламж авсан талаар бидэнд мэдэгдээгүй болно...” гэсэн хариуг ирүүлсэн байх тул С.Ж    нь уг 10.318,0 мянган төгрөгийг давхар хорооноос авсан гэж үзэж байна. ...С.Ж    нь ЭДЦС-ийн ҮЭ-ийн хорооны даргаар ажиллах хугацаандаа санхүүгийн тайлан балансын заавар, дүрэм журмын дагуу гаргуулж байгаагүй, ЭН Сангийн данс болон хорооны дансыг хувийн данс мэтээр ашиглаж байсан, тушаал шийдвэр, тогтоолуудыг цаг тухай бүрт нь гаргуулан гүйлгээг хийж байгаагүй байна. Эцсийн байдлаар С.Ж    нь ЭДЦС-ийн ҮЭ-ийн хорооны даргаар ажиллах хугацаандаа Эв нэгдлийн сангийн 40.647,7 мянган төгрөг, тушаал шийдвэргүй болон анхан шатны баримтгүй гаргасан 14.354,0 мянган төгрөг нийт 55.001,7 мянган төгрөгийн хохирол учруулсан байна. ...” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 53-63 дахь тал/,

            11. Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 2-р хурлын тогтоол /2 дахь хавтаст хэргийн 68-78 дахь тал/,

            12. С.Ж ын 130600105881 дугаар Эрсдэлийн сангийн дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 81-83 дахь тал/,

            13. С.Ж ын 130600085114 дугаар урьдчилсан хүүт хугацаагүй хадгаламжийн дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 85-89 дэх тал/,

            14. С.Ж ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 115 дахь тал/,

            15. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаартай магадлалын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 125-131 дэх тал/,

            16. Гэрч А.Д-н “...Монголын эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд хөдөлмөрийн хяналт хулийн мэргэжилтнээр ажилладаг. Тэргүүлэгчдийн хурал гэдэг нь Монголын эрчим хүч, геологи, уул, уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлыг хэлж байнгаа юм. Монголын Эрчим хүч, геологи, уул, уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23 тоот тогтоолоор баталсан “Монголын эрчим хүч, геологи, уул, уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгууль ажилтнуудын нийгмийн хамгааллын журам”-ын 2.1-д “Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болон орон тооны үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нарын сонгуулийн хугацаа нь дуусгавар болж дахин сонгогдоогүй, Үйлдвэрчний эвлэлийн эвлэл нь татан буугдсан, орон тоо хасагдсан, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, биеийн эрүүл мэндийн улмаас ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг “Тэргүүлэгчдийн хурын шийдвэрийг үндэслэн олгоно. ...” гэж заасан байдаг. Тухайн журам нь зөвхөн манай холбооны гишүүн байгууллагуудын орон тооны болон орон тооны бус хороон дарга нарт үйлчилнэ. Тэгэхээр тус журмын дагуу манай холбооноос тухайн тэтгэмжийг нэг удаа олгоно. Тийм учраас үүнийг давхардуулан авах ёсгүй байгаа юм. Эрдэнийн дулааны цахилгаан станцаас авах боломжгүй гэсэн үг. ...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 166 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А    дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Ж    нь Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүнд итгэмжлэн хариуцуулсан үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварын мөнгөнөөс 55 001 700 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 12 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Т     дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Хохирогчийн нэхэмжилсэн 55 001 700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хороонд олгуулж өгнө үү. Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э       дүгнэлтдээ “Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй зүйлүүд олон байгаа. Дахин дүгнэлт гаргуулж эргэлзээ бүхий зүйлүүдийг тодруулах шаардлагатай. Шүүгдэгч өөрөө завшиж үрэгдүүлсэн зүйл байхгүй, бүх мөнгийг үйлдвэрчний эвлэлийн ажилд зарцуулсан гэдэг. Шинжээч дүгнэлт гаргахдаа олон зүйлийг анхаараагүй. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй учир дахин дүгнэлт гаргуулах саналтай байна” гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршигийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Б-н цагдаагийн газар гаргасан гомдол, хавсаргах баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-н : “...2020 оны 11 сарын 12-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн санхүүгийн үйл ажиллагаа, санхүүд Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын зөвлөлийн хамтарсан шалгалт ороод Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн татварын мөнгөнөөс өмнө ажиллаж байсан дарга С.Ж    нь нийт 86,101,022 төгрөгийг хувьдаа авч завшсан зөрчил илэрсэн тул энэ хохирлыг барагдуулах шийдвэрийг Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай албан шаардлага гаргасан үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид хуралдаж хохирол барагдуулах ажлыг надад даалгасны дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Ж  нь хорооны дундын сангийн мөнгийг өөрийн хувийн хадгаламжид байршуулж, тэгээд хүүг нь өөрөө авдаг байсан байна. Энэ нь баримтаар нотлогдсон боловч аудитын дүгнэлтэд ороогүй байна. Одоогоор хохирол төлөгдөөгүй байна. Э  ч гэсэн хохирол төлөөгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Э ийн: “...Үйлдвэрчний эвлэлийн хорооноос авдаг жилийн татвар нь 82-83 сая төгрөг болдог юм. Сар бүр ажилчдын цалин өөр өөр гардаг тул ажилчдын цалингаас 1 хувийг татвар болгож авдаг юм. Би ажиллаж байх хугацаандаа санхүүгийн тайлан болон татварын тайланг хуулийн хугацаанд нь гаргаж танилцуулдаг байсан. Санхүүгийн тайланг танилцуулах ажлыг үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хийдэг байсан. Би Ж  гэдэг хувь хүнээс 15,000,000 төгрөг зээлсэн юм. Би өөрийнхөө худалдаа хөгжлийн 466001544 дансаараа түүнээс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлсэн. 130600105881 дугаартай данс хүлээлцсэн тэмдэглэл дээр “Б.Э ээс эргэн төлөх 17,152,040 төгрөг гэж бичээд би гарын үсэг зурсан нь үнэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н : “...Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн тогтоолын мөнгөн дүнгээс илүү дүнтэй шилжүүлэлт хийдэг, өөрийнхөө хувийн данс руу шилжүүлж авдаг гэх баримтууд байсан. Тогтоолыг гаргахдаа мөнгөн дүн тавилгүйгээр зарцуулалт хийсэн, хорооны гишүүдийн мөнгөөр Япон улс руу явсан байсан. Гишүүдийн хурлын ирц дутуу байхад хуралдуулж шийдвэр гаргаж зарцуулалт хийсэн гэх зэрэг асуудлууд гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг, С.Ж ын 3008010467 дугаарын Капитрон банкны дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Э ийн 466001544 дугаарын Худалдаа хөгжлийн банкины дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, ЭДЦС Үйлдвэрчний эвлэлийн хорооны 130600005581 дугаар Төрийн банкны дансны хуулга, С.Ж ын *********  дугаар Төрийн банкны дансны хуулга, Б.Э ийн 130600082627 дугаар Төрийн банкны дансны хуулга, “Бэйкер тилли далайван аудит ХХК”-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01/02-03 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 2-р хурлын тогтоол, С.Ж ын 130600105881 дугаар Эрсдэлийн сангийн дансны хуулга, С.Ж ын 130600085114 дугаар урьдчилсан хүүт хугацаагүй хадгаламжийн дансны хуулга, гэрч А.Д-н “...Тухайн журам нь зөвхөн манай холбооны гишүүн байгууллагуудын орон тооны болон орон тооны бус хороон дарга нарт үйлчилнэ. Тэгэхээр тус журмын дагуу манай холбооноос тухайн тэтгэмжийг нэг удаа олгоно. Тийм учраас үүнийг давхардуулан авах ёсгүй байгаа юм. Эрдэнийн дулааны цахилгаан станцаас авах боломжгүй гэсэн үг” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ж    нь Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, үйлдвэрчний эвлэлийн хорооны мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авч гүйлгээ хийх, санхүүгийн баримт тооцоогүй зарцуулах, нэг удаагийн буцалгүй тусламжийг нэг үндэслэлээр хоёр удаа авах зэргээр гишүүдийн татварын мөнгөнөөс 55 001 700 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Ж ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дэхь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “завших гэмт хэрэг үйлдээгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэлээр мэтгэлцэж байх боловч “Бэйкер тилли далайван аудит ХХК”-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01/02-03 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд учирсан хохирлын талаарх шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Орхон аймгийн Эрдэнэтийн Дулааны цахилгааны станцын үйлдвэрчний эвлэлийн холбоонд 55 001 700 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогчийн төлөөлөгч өмгөөлөгчийн хөлс болох 8 000 000 төгрөгийг нэхэмжилснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, шинжээчийн дүгнэлт гаргахад зарцуулсан төлбөрийн баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

           

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ж-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад зүйлсийн талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг тодорхой хугацаанд хэсэчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд түүнд торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 27-р байрны 68 тоот Ү2101003633 дугаартай орон сууцыг битүүмжилсэн Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбаргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн С-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-г  10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж-т   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж д шүүхээс оногдуулсан 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

            5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 27-р байрны 68 тоот Ү2101003633 дугаартай орон сууцыг битүүмжилсэн Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

            6. Хохирогчийн төлөөлөгч П.Б-н нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 8 000 000 /найман сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогчийн төлөөлөгч П.Б нь шинжээчийн дүгнэлт гаргахад зарцуулсан төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС