| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2023/0953/З |
| Дугаар | 221/МА2025/0246 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2025/0246
| 2025 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 221/МА2025/0246 | Улаанбаатар хот |
Ю.С***ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ю.С***,
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/633 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/1024 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж***,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***.
Хэргийн индекс: 128/2023/0953/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ю.С***ос нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/633 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/1024 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан иргэн Ю.С***ос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/633 дугаар захирамжийг эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх тухайн газарт бүтээн байгуулалт хийгээгүй, хашаа хатгаагүй, түргэн үйлчилгээний цэгүүд нь нэхэмжлэгчтэй хамааралтай бус тул газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, тухайн газар автобусны буудалтай залгаа учир үйлчилгээний барилга барих боломжгүй, төрийн байгууллагаас ч барилга барих зөвшөөрөл олгоогүй байхад ашиглаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй
3.2. Маргаан бүхий газарт түргэн үйлчилгээний цэгийг байршуулах тохиролцоог хийж, тухайн цэгүүдийг байршуулан худалдаа, үйлчилгээний чиглэлээр ашиглаж байхад газар эзэмшигч өөрөө түргэн үйлчилгээний цэгийн эзэмшигч байх ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй
3.3. Газрын төлбөрийн тухайд төлбөрийн үлдэгдэлгүй байхад шүүх уг төлбөрийн талаар дүгнэлт хийгээгүй атлаа хариуцагчийн ирүүлсэн тооцоо нийлсэн актыг үндэслэлтэй мэтээр дүгнэсэн нь буруу. 1.599.950 төгрөг нь хэзээний ямар төлбөрийн үлдэгдэл болох нь тодорхойгүй
3.4 Тооцоо нийлсэн баримтаар 2018 онд 1.684.920 төгрөгийн илүү төлөлттэй гэж байхад түүнээс өөрсдийн алдаатай төлбөрийг хассанаас үлдэгдэл гэх үндэслэлгүй асуудал гарч ирсэн. 2022 онд 521.664 төгрөгийг төлсөн байхад төлбөрийн зөрчил арилснаас хойш 9 сарын дараа газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Хэргийн үйл баримтын тухайд, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/152 дугаар захирамжаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.С***д 286 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, мөн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/741 дүгээр захирамжаар Ю.С***ын газрын хэмжээг 659 м.кв болгон нэмэгдүүлж, эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрхийн 000707605 дугаартай гэрчилгээг олгосон.
Улмаар мөн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/633 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч “... газар эзэмшигч Ю.С*** миний гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий этгээд Ч.Р*** нь ... өөрийн эзэмшил бүхий газруудыг нөхөх олговортойгоор эгүүлэн авах тухай №2018-А1215 дугаартай гэрээг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, гэрээний үнийн дүнгийн 40 хувийг олгосон боловч үлдэгдэл 60 хувийн төлбөрийг нийслэлээс одоог хүртэл олгоогүй ... энэхүү авлагаа авч, маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулах санхүүжилтийг хийх байсан... мөн тухайн цаг хугацаанд Коронавирусын цар тахлын нөлөө учирсан бодит нөхцөл байдал байгааг харгалзан үзээгүй... Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулах, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах шаардлагуудыг зөрчсөн” хэмээн тайлбарлан маргажээ.
5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нь анх 2017 онд маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, газрын хувийн хэрэгт авагдсан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн огноо бүхий зурган баримтаар,
Коронавирусын цар тахлын улмаас газраа ашиглах боломжгүй байсан гэж тайлбарлан марган боловч тухайн үйл баримт нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэнээс хойш 3 жил орчмын дараа буюу Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож, Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн байдлын зэргийг цуцалсан болох нь тус тус тогтоогдож байна.
6. Хэдийгээр нэхэмжлэгчээс эзэмшил газартаа түргэн үйлчилгээний цэгүүдийг худалдаа эрхлэгчидтэй зөвшилцсөний үндсэн дээр байрлуулан ашиглуулж байсан гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт, тухайлбал түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийн баримт гэх мэт баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад маргаан бүхий газарт байрлах түргэн үйлчилгээний цэгүүд нь эзэмших эрх үүсэхээс өмнө ч байсан, өөр этгээдүүдийн объектууд болохыг хүлээн зөвшөөрсөн.
7. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д зааснаар газар эзэмшигч газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг газар эзэмшүүлэх гэрээнд тусгахаар хуульчилсан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өмнөх онуудын тооцоо нийлсэн үлдэгдэл 84,970 төгрөг, 2019 онд 347,776 төгрөг 2020 онд 347,776 төгрөг, 2021 онд 347,776 төгрөг, 2022 онд 347,776 төгрөг 2023 оны 1, 2 дугаар улиралд 173,887 төгрөг төлөхөөс зөвхөн 2022 онд 521,664 төгрөг төлж, газрын төлбөрийн 958,357 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талаас гаргасан “...2022 онд 521.664 төгрөгийг төлсөн байхад төлбөрийн зөрчил арилснаас хойш 9 сарын дараа газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус” зэрэг гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/1024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА