Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0397

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0397

Улаанбаатар хот

Г.Ганбатын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Г.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Ё.Ринзаан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Ганбатын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд хуулиар тавигдсан шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгсөн. Би өөрөө болон өөрийн төлөөлөгчөөр дамжуулан сонгуулийн хорооноос өгсөн батлагдсан маягтын дагуу 377 сонгогчтой уулзаж, гарын үсэг зуруулсан. Ийнхүү зуруулахдаа намайг дэмжигч сонгогчийн хувийн мэдээллийг нэг бүрчлэн шалгах боломжгүй юм. Сонгуулийн хороо ямар нотлох баримтаар хуурамчаар гарын үсэг зурсныг нотолж байгаагаа тайлбарлаагүй, энэ тухай тогтоолд огт дурдаагүй. Иймд Сонгуулийн хорооны гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг хуулийн дагуу шалгаж, аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, намайг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо шүүхэд гаргасан тайлбартаа:  ...15 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Г.Ганбатын дэмжигч-сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзан, нягтлан шалгах ажлыг хийсэн. Тулгалт хийх явцад хаягжилт тодорхой бус байснаас утсаар холбогдох шаардлага гарсан. Нийт 377 дэмжигч-сонгогчийн бүртгэлээс түүврийн аргаар 19 дэмжигч-сонгогчийн гарын үсэгт тулгалт хийж утсаар холбогдсон ба 5 иргэнтэй биечлэн уулзаж, гарын үсгийг нь шалгасан… О.Анхбаяр, Х.Пунсалдулам нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасны дагуу нягтлан шалгаж, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, олонхийн шийдвэрээр бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргасан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.а-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ганбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын Г.Ганбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Ганбатыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг тус аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүх хуулийг буруу ойлгож хэрэглэсэн. Шүүх ...Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчсөн” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан дүгнэлт болжээ. Учир нь, “сонгогдох” эрх нь цаг ямагт бусад этгээдээс хамааралтай байдаг эрх бөгөөд “авсолют” буюу “туйлын, хязгааргүй эрх” биш юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч холбогдох баримтыг хуулийн хугацаанд, үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлж өгөх үүрэгтэй. Хуульд заасан шаардлагыг хангасан нөхцөлд л нэр дэвшигчээр бүртгэгдэж “сонгогдох эрх”-ээ эдлэх боломжтой. Гэтэл Г.Ганбат нь “үнэн зөв” баримтыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлээгүй болох нь хангалттай тогтоогдсон. Шүүх ч энэ байдлыг үгүйсгэж чадаагүй. Ингэснээрээ шүүх Сонгуулийн тухай хуулийг буруу ойлгож хэрэглэсэн.

Мөн анхан шатны шүүх “5 иргэнийг хасаж тооцоход 372 нэр дэвшигч үлдэж байгаа нь хуулийн шаардлага хангасан” мэт агуулгатай ерөнхий дүгнэлт хийсэн. Сонгуулийн хуулийн үзэл баримтлал бол “шударга өрсөлдөөн”-ийг хангах, сонгогдох эрхээс гадны нийт ард түмний сонгох эрхийг хамгаалж байгаа болохыг ойлгохыг хүссэнгүй. Хуульд хуурамч, өөр этгээдийн зурсан гарын үсгийг хасаж тооцох зохицуулалт огт байхгүй, харин ямар нэг байдлаар хуурамч нотлох баримт байвал нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, бүртгэхээс татгалзах зохицуулалттай. Энэхүү зохицуулалтыг бататган нэр дэвшигчийг шууд бүртгэх бус, харин баримт бичгийг нягтлан шалгахыг Сонгуулийн хороонд хариуцуулсан байгаа. Энэ үүргийнхээ дагуу нягтлан шалгаад зөрчил илрүүлээд зохих шийдвэрийг гаргасан байхад хуульд байхгүй зохицуулалт хэрэглэж, аймгийн Сонгуулийн хорооны тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож байгааг эс зөвшөөрч байна.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Ганбатаас “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвших эрхээ сэргээлгэх, нэр дэвшигчээр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Г.Ганбат нь Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж, сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д зааснаар 201-ээс дээш тооны буюу 377 сонгогч иргэний гарын үсгийг зуруулж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байхад тус хороо нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.а “гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь буруу юм.

Бие даан нэр дэвшигч Г.Ганбатын цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос нягтлан шалгаснаар илэрсэн зөрчил нь нэхэмжлэгчийг нэр дэвшигчээс бүртгэхээс шууд татгалзах үндэслэл болохгүй буюу нэр дэвшигч өөрөө “бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн” зэрэг зөрчил биш бөгөөд хариуцагчаас маргаан бүхий 08 дугаар тогтоолыг гаргахдаа түүнийг нотолж, шалгаж тогтоогоогүй байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Ганбат нь Сонгуулийн тухай хуулийн орон нутгийн сонгуулийн харилцааны зохицуулалтад болон бие даан нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын бүрдүүлэх баримт бичигт Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д заасан 201-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг ирүүлсэн байх шаардлагыг хангасан байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасныг баримтлан бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан талаар тайлбарлахдаа “сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бол” зөрчил биш гэж үзэх бөгөөд харин Г.Ганбатын “сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад” Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д заасан гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг зөрчил илэрсэн гэх боловч, дэмжигч сонгогчдын мэдээллээ дутуу бичсэн, иргэн Х.Пунсалдулам, О.Анхбаяр нар гарын үсгээ зураагүй, иргэн Д.Алтайбаатар, Х.Өсөхбаяр, Н.Отгонсүрэн нарын гарын үсгийг гэр бүлийн хүн нь өмнөөс нь зурсан зэрэг нь эдгээр иргэдийн гарын үсгийг Г.Ганбат өөрөө хуурамчаар бүрдүүлсэн, гарын үсэг үйлдсэн хэрэг биш, нэхэмжлэгчээс үл хамаарсан зөрчил байх тул энэ нь нэхэмжлэгчийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохооргүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР