Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 00528

 

          Б.С-ийн нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/02687 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-д холбогдох

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, битүүмжлэлийг хууль бус болохыг тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А.О-аас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоотод хаягт байрлах 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 176 750 000 төгрөгөөр худалдаж авсан. Уг орон сууцыг худалдаж авахдаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны данснаас 176 753 931 төгрөгийг А.О-т шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч, шударга эзэмшигч болсон. Тухайн үед уг орон сууцыг худалдаж авахын өмнө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар лавлагаа авахад бусдад ямар нэгэн барьцаалбар, эрхийн маргаангүй, уг орон сууцны дулаан, сууц өмчлөнчдийн холбооны төлбөргүй байсан. Б.С өмчлөлийн орон сууцандаа нүүж ороод засвар хийж байтал 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Б гэрт ямар ч байгууллагын шийдвэр, зөвшөөрөл танилцуулалгүй, өөр нэгэн эрэгтэй хүнтэй хамт та нар энэ байрыг яаралтай сулал, суллахгүй бол албадан суллана, би ажилгүй болох гээд байна, тэгэхгүй бол 5-6 жил үргэлжилсэн маргаан болоод шүүх байгууллага энэ тэр болно гэх зэргээр утга нь ойлгогдохгүй зүйл ярьж, янз бүрээр аашилж, өдөр бүр утсаар залгаж байнга дарамталж байсан. Ингээд Б.С уг асуудлыг өмгөөлөгч хөлслөөд Хууль зүй дотоод хэргийн сайдад өргөдөл өгч шалгуулсны дагуу ШШГЕГ-ын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1-1/670 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ц.Б шийдвэр гүйцэтгэгчийг мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул ажлын байрыг нь өөрчилж, орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан шийдвэр гүйцэтгэгч Ц.Б-т сануулах арга хэмжээ авсан байдаг.

Харин Б.С дээрх шийдвэр гүйцэтгэгчийн ажлын хариуцлага алдсаны улмаас орон байранд чөлөөтэй нэвтэрч чадахгүйгээс орон сууцыг Н-аас битүүмжилсэн байдалтай байгаагаас гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11-1011664 дүгээр лавлагаагаар Б.Э-ын өмчлөлд буцаан бүртгэж, гэрчилгээ олгохыг мэдэгдсэн бүртгэлийн хуудас гарсан. Төлбөр авагч “Э” ББСБ-аас А.О худалдан авч, А.О-аас Б.С орон сууцыг худалдаж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба тухайн орон сууцыг төлбөр төлөгч Б.Э-тай холбоотой шийдвэрийн дагуу бусдын эд хөрөнгийг битүүмжилж өмчлөх эрхэнд халдсан. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот орон сууцны битүүмжлэлийг хууль бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот орон сууцны битүүмжлэлийг хууль бусд тооцуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар ...битүүмжлэлийг хууль бусд тооцуулах шаардлага гаргасныг мөн хангах үнэдслэлгүй байна" гэж, мөн "Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1771 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 0017ХТ2017/00545 дугаар тогтоолоор ... тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна" гэж үндэслэсэн нь үйл баримт, хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 90, 114, 182, 183 дугаар зүйлүүдэд тус тус заасныг болон орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.С тул түүнийг дахин өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн өөрийн шийдвэрийг үгүйсгэж нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасан эрхийг хязгаарласан нь хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Харин дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас ... гуравдагч этгээдээр оролцон эрх ашгаа хамгаалах бололцоотой юм" гэж шүүх нотлох баримтыг дутуу шинжлэн судалж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас харвал Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1-1/670 дугаар, Ш-ын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/781 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтууд нэхэмжлэгчийг тухайн ажиллагаанд гомдол гаргасан, ямар хугацаанд оролцсон зэргийг нотолж байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад битүүмжлэлийг хууль бусд тооцуулах хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.С хариуцагч Н-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны битүүмжлэлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

        Шүүх нэхэмжлэгчийн эхний шаардлагыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хангаж, нэхэмжлэгч Б.С-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот орон сууцны өмчлөгч гэж үзсэн байх ба зохигчид энэ талаар гомдол гаргаагүй.

    Харин 2 дахь шаардлага ойлгомжгүй, тодруулбал шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ямар ажиллагаа хууль зөрчиж байгаа, орон сууцны өмчлөлтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичиг эсхүл орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохыг шаардаж байгаа нь тодорхойгүй. Түүнчлэн орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичиг болон орон сууцыг битүүмжилсэн гэх тогтоол хэрэгт авагдаагүй байна.

       Дээрх байдлыг тодруулсны дараа нотлох баримтуудыг үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлагын дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх талаар шүүх дүгнэлт хийх ёстой.

Иймд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/02687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                                         ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА