Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1162

 

Х.Ц-д  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 612 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Ц-н өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Ц-д  холбогдох эрүүгийн 1902 00084 0149 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Х-н Ц, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... Их сургуулийн ......... сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт .......тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 800 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн;

  Х.Ц нь 2019 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Кока кола” гэсэн бичиглэл бүхий шошготой хуванцар саванд хийсэн 36 грамм хэмжээтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

  Нийслэлийн прокурорын газраас: Х.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.. овогт Х-н Ц-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.04-ний өдрийн 800 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Ц-д  энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.04-ний өдрийн 800 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Х.Ц-н биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан “Кока кола” гэсэн шошготой хуванцар сав, 36 грамм жинтэй “өвс”, тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, СХ448593 серийн дугаартай, Филиппин улсын 20 писо мөнгөн дэвсгэрийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, дээрх эд мөрийн баримт нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Ц-н өмгөөлөгч Х.Мөнгөнсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 612 дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад шүүгдэгчийн хувийн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзээгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Х.Ц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшин, ухамсарлан ойлгож байгаа бөгөөд урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын                   4-ний өдрийн 800 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн хугацаандаа бусдын нөлөөнд автан, дахин гэмт хэрэгт холбогдон шийтгүүлсэн нь Х.Ц болон гэр бүлийнхэний хувьд маш хүнд сэтгэл санааны цохилт авч энэхүү өөрийн гаргасан үйлдэлдээ Монгол улсын шүүх байгууллагаас чин сэтгэлээсээ уучлал хүсэж байгаагаа үүгээр дамжуулж байна.

Х.Ц нь бага насандаа өөрийн төрсөн эцгийг өвчнөөр алдаж, өнчирч, төрсөн ээжийн хамт амьдарч байгаа бөгөөд өөрийгөө сурч боловсруулах, нийгэмд тустай үйл бүтээх, урлаг соёлын арга хэмжээнд өөрийн найз нөхөд, анги хамт олноо хошуучлан оролцож, бусдад үлгэр дуурайлал болон нийгэмд төлөвшиж, өөрийн ээжийг асран тэтгэж байгаа иргэн билээ.

Шүүгдэгч Х.Ц нь дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ буюу 2019 оны 8 дугаар сард гэнэтийн байдлаар бөөр шээс дамжуулах замын чулуу түүний шалтгаант бөөрний үйл ажиллагааны алдагдал, бөөрний дутагдал гэх оноштойгоор Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдсэн бөгөөд удаа дараагийн эмчилгээ хийгдэж байна. Дээрх өвчлөлийн шалтгаанаар 2 удаа шүүх хурал хойшлогдох нөхцөл бий болж байсан ба өнөөдрийн байдлаар уг өвчний учир тус эмнэлгийн хяналтад байгаа. Тэрээр 1 сар тутам эмчийн хяналтад үзүүлж байх шаардлагатай бөгөөд бөөр, шээс дамжуулах замыг чулуу нь хөдлөх цочмог өвдөлт өгөх тохиолдолд бөөр болон бусад эрхтэний дутагдлаар хүндрэх цаашлаад амь насанд аюултай нөхцөл үүсэх байдалтай байна.

Шүүхээс Х.Ц-н хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 612 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, урьд шийтгүүлсэн ял шийтгэл дээр нэмж, 2 жил хорих ял оноон, нийт 4 жилийн хорих ял шийтгэл оногдуулан, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан хэдий боловч шүүгдэгч Х.Ц-н эрүүл мэндийн хувьд үүсээд байгаа нөхцөл байдал нь цаашид амь насанд нь нөлөөлөхүйц байдал үүсч магадгүй учир шүүгдэгч Х.Ц-н өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа чин сэтгэлийн хүсэлт, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Х.Ц-г гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгчийг сэтгэцэд нөлөөлөх бодисыг бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Ц нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодит бэлтгэсэн нь нотлогдоогүй учраас шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, зөвхөн хадгалсан үйлдэлд гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Х.Ц нь 2019 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Кока кола” гэсэн бичиглэл бүхий шошготой хуванцар саванд хийсэн 36 грамм хэмжээтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Н.М-н “... Би найз залуу Ц-той хамт тэдний гэрээс найз М-тэй уулзахаар Ц-н ээжийнх нь машинтай гарсан. ... Ц машинаа бариад явсан. Би хаашаа явж байгааг нь мэдээгүй байж байтал Натурын замын ойролцоо байрнуудын дунд зогссон. Тэгээд хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй 900 мл-н Кока кола гэсэн бичигтэй саван дотор хийсэн байсан өвс гарч ирсэн. Үүний дараа тэр гурав тухайн эд зүйлээ аваад буухаар нь би дагаж буугаад харахад харанхуй газарт очоод уг өвсийг мөнгөлөг цаасанд тавиад шатаагаад гаргасан утааг нь сорсон. Тэр гурав 2-3 удаа утааг сорсон. Би нэг удаа сорж үзсэн. Миний хоолой маш их гашуун оргиж ханиалгасан. ... Тэгээд “за татаад дуусчихлаа” гээд машин руугаа буцсан ...” /1 хх 38-39/,

гэрч Э.М-н “... Би Ц-той уулзахаар тохироод тэр Сансарын буудал дээр найз охин М-н хамт ирсэн ... Ц-г 19 дүгээр хорооллын буудлаас очиж авсан... Ц нэг хар цүнхнээс 900 мл Кока кола гэсэн бичигтэй саванд хийчихсэн байсан “бацаан” гэсэн нэртэй өвс гаргаж ирээд бид дөрөв ярилцаж тохироод татахаар болсон. Тухайн өвсөө цагаан цаасан тамхи шиг ороогоод ээлжлээд сороод тал хүртэл нь татаад үлдсэнийг нь би машины цонхоор гаргаад шидчихсэн ...” /1 хх 43-44/,   

гэрч Н.Ц-н “... Натур төвийн замын хойд талд зогсоод бэлдчихсэн байсан цагаан цаасанд ороочихсон байсан “өвс”-ийг Ц гаргаж ирээд дөрвүүлээ сорсон ...” /1 хх 52-53/, 

гэрч Б.М-н “... Би Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шинжээчээр үүрэг гүйцэтгэж байсан ... 900 мл савлагаатай, Кока кола ундааны савтай өвс, ургамал мэт зүйл нь бор өнгийн цүнхэн дотор байсан. Мөн МEVIUS гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг дотор байсан цагаан өнгийн асаагуур, базсан тугалган цаас, хуйлж гуурс хэлбэртэй болгосон шаргал өнгийн мөнгөн тэмдэгт нь хар өнгийн цүнхэн дотор байсан...” /1 хх 202/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Н-н М ... Х-н Ц ... Э-н М ... Н-н Ц шээсний дээж” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн 1011 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн Кока кола гэсэн шошготой хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. Ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 76 г, цэвэр жин нь 36 г байна...” гэсэн 1010 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 67/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгөтэй, СХ448593 серийн дугаартай, Филиппин улсын 20 писо дэвсгэрт, тугалган цаас тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна...” гэсэн 1217 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 70/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн Кока кола гэсэн улаан шошготой хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлээс цэвэр бодисын нэршил болох дельта-9 тетрагидроканнабинол илэрч байгаа бөгөөд уг бодис нь хүний биеийн бодисын солилцоонд орсоноор “тетрагидроканнабинол ТНС” гэсэн ерөнхий нэршилээр шээсний шинжилгээгээр илэрдэг. Шинжээчийн 1010, 1011 дугаартай дүгнэлтүүдэд гарсан  “Дельта-9 тетрагидроканнабинол”, “тетрагидроканнабинол ТНС” зэрэг бодисууд нь нэг төрлийн бодис мөн...” гэсэн 1904 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 хх 93-94/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 13-18/, Х.Ц-н биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 23-26/,  гэрч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл /1 хх 54-55/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Харин анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Х.Ц-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэж прокурорын яллах дүгнэлтэд бичигдээгүй үйлдлийг нэмж, түүнийг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүйн гадна хэргийн үйл баримтыг дүгнэн хууль зүйн дүгнэлт хийхдээ хэт ерөнхий байдлаар бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Иймд шүүгдэгч Х.Ц-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх нь хэргийн бодит байдал нийцнэ.  

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын                      4-ний өдрийн 800 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тэнссэн 2 жилийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч Х.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэхэд түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ их биш байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн “... хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Ц-д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан атлаа шийтгэх тогтоолын 8 дахь заалтдаа зөвхөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрхсэн талаар шийдвэрлэлгүй орхигдуулсныг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.