Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1163

 

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/860 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэбаярын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.М-д холбогдох эрүүгийн 1905 03117 0891 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-н М, 1997 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон, арматурчин мэргэжилтэй, “А..” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

   Б.М нь 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А...” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Г.Э-г түлхсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Б-н М-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Эрдэнэбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 860 дугаартай цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Хохирогч Г.Э-н “...бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал Г-г нэг эмэгтэй түлхсэн. Тэгэхээр нь би Г-г татаж аваад нөгөө эмэгтэйг нь цааш нь түлхсэн чинь баарны хамгаалагч М хүрч ирээд цааш нь намайг хүчтэй түлхсэнээс болж би духаараа ширээний өнцөг мөргөөд уначихсан. ...” /хх 15-17/, гэрч О.Г-н “... Гэтэл Э жаахан согтуу байсан болохоор хамгаалагчтай маргалдсан. Тэр үед би ариун цэврийн өрөө орж бие засчихаад буцаад гараад иртэл Э-н нүүр ам нь битүү цус болчихсон байсан. Би “юу болсон бэ” гэсэн чинь Э “хамгаалагч ингэчихлээ” гэж байсан... Дараа нь камер шүүж үзэхэд халзан толгойтой хамгаалагч нь түлхсэн байсан...” гэсэн мэдүүлгүүд /хх 18/, Шинжээчийн №9246 дугаартай дүгнэлт, хяналтын камерын бичлэг болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Б.М-н үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу хохирогч Г.Э-г түлхсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байна.

            Мөн аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах үйлдэл юм” гэжээ. Хяналтын камерын бичлэгээс харахад хохирогч Г.Э, Б.М нар нь хоорондоо маргасан, нэг нэгнийгээ түлхэж байгаа дүрс бичлэг харагдаж байгаа.

Үнэхээр хохирогч Г.Э-н үйлдэл нь халдлага өөрийн объектив шинжээрээ нийгэмд аюултай байх, түүний довтолгоон нь бодитой, өөрөөр хэлбэл нэгэнт эхэлсэн, дуусаагүй эсэх, Г.Э-н үйлдлийн улмаас Б.М нь аргагүй хамгаалалт хийхийг шаардсан эсэх, амь биед аюултай хүч хэрэглэсэн, хамгаалагчийн амь насыг хохироох, эрүүл мэндэд нь хүнд, хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, түүний амин газар цохиж, хохирол учруулахаар шинжтэй үйлдэл хийж, довтолсон үйлдэл гаргаагүй, камерын бичлэгээс ийм дүр зураг харагддаггүй.

Хохирогч Г.Э нь дээрх үйлдлийг гаргасан бол Б.М-н үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхээр байна. Харин ч тус баарны хамгаалагч олон нийтийн үйлчилгээний буюу баарны аюулгүй байдал, үйлчлүүлж буй иргэний амь бие, эд хөрөнгө, эрх чөлөөг нь хамгаалах байтал, эсрэгээрээ хохирогч Г.Э-тэй хэрүүл, маргаан үүсгэж, улмаар эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдалд халдаж түүнийг түлхэн унагааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Хохирогч Г.Э нь Б.М-н амь биед аюултай довтолж халдан, цохиж зодсон үйлдэл гаргаагүй тул Б.М нь “надад учирсан гэмтэл шарх байхгүй, иймд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байдаг... Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “... Би М-с НӨАТ-ын баримт нэхэхэд надтай зүй бус харьцсан ...” гэсэн мэдүүлгээс харахад хувийн таарамжгүй харьцаа Г.Э, Б.М нарын хооронд бий болсон гэж харагдахаар байна.

Уг харьцаанаас болж бүжгийн талбай дээр Г.Э, Б.М нар дахин таарч, хувийн шинжтэй маргалдсаны улмаас хохирогч Г.Э-г түлхэж унагаасан асуудал нь аргагүй хамгаалалт гэж үзэхгүй харин хувийн өс хонзонгийн шинжтэй гэж харагдахаар байна. Мөн шүүхийн шинжлэн судалсан дүрс бичлэгт “... Б.М урдаа зогсож байсан залууг түлхэх үед Г.Э хамт түлхэгдэж улмаар бүжгийн талбайн харалдаа байрлах хүнгүй ширээг толгойгоороо мөргөж унаж байгаа...” гэж дүгнэж бичсэн ба Б.М урдаа зогсож байсан залууг түлхэхэд тэр залуутай хамт Г.Э мөн л унах байсан байх. Гэтэл тэр залуу унаагүй, харин Г.Э унаж ширээ мөргөсөн. Иймд Б.М нь тэр залууг түлхээгүй харин Г.Э-г дангаар нь түлхэж унагаасан болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гарсан атлаа тогтоох хэсгийн 4-т “... шийтгэх тогтоолыг улсын яллагч ... давж заалдах гомдол, гаргах...” гэж цагаатгах тогтоол эсвэл шийтгэх тогтоол нь ойлгомжгүй, хуулийн шаардлагад нийцээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “... дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал...” гэх, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол ...”, 1.3-д “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол ...” гэж зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 860 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос Б.М-г 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Г.Э-г түлхсэн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.М-г хохирогч Г.Э-н довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.  

Хэрэгт авагдсан камерийн бичлэг болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Г.Э-г бусадтай маргалдаж байгааг таслан зогсоохоор Б.М нь баарны хамгаалагчийн ажил үүргийн хуваарийн дагуу очсон, Г.Э-н хамт явж байсан н.М-г түлхэхэд түүний ард зогсож байсан хохирогч Г.Э унаж, дух хэсгээрээ ширээ мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

            Харин анхан шатны шүүх дээрх хэргийн үйл баримтыг зөв тогтоолгүйгээр, Б.М-г Г.Э-н хүч хэрэглэсэн довтолгооны эсрэг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэл муутай болжээ.

           Учир нь, хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэдгийг өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан.

         Хуулийн дээрх зохицуулалт болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад Г.Э-н хууль бус довтолгооны эсрэг Б.М-г үйлдэл хийсэн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй байна.

 Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болж байдаг. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодид гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилго, тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг сайтар тогтоох шаардлагатай.

         Тухайн нөхцөл байдалд Б.М-н үйлдлийг Г.Э-т хохирол учруулахаар шууд чиглэсэн санаа, зорилго байгаагүй гэж үзэхийн зэрэгцээ түүний н.М-г түлхсэн үйлдлийг Г.Э-т хохирол учруулах санаа зорилготой гэж буруутгах боломжгүй юм.

  Өөрөөр хэлбэл, Б.М-н үйлдэл болон хохирогч Г.Э-н биед учирсан гэмтэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

     Иймд Б.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор С.Эрдэнэбаярын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

        Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт “шийтгэх тогтоол” гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа байх тул энэхүү магадлалаар залруулах боломжтой гэж дүгнэсэн болно.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрт улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй талаар заасан байхад Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай “Прокурорын эсэргүүцэл” хэлбэрээр эсэргүүцэл бичиж, хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.