Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/01430

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02797 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 478 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид нийт 14,575,572 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, , прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Тус хэлтэстэй харилцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2016.01.30-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 9,717,048 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн. Уг зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийг төлүүлэхээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,   улсын байцаагчийн 2016.01.22-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2016.06.15-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасныг зөрчиж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 9,717,048 төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож 4,858,524 төгрөг, нийт 14,575,572 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02797 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс үүсгэсэн өр 14,575,572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 230,827 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 478 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,828 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.18-ны өдрийн 183/ШШ2019/02797 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн 478 дугаар  магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Хариуцагчийн зүгээс иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хүсэлтүүдийг (шинжээч томилуулах, нотлох баримтууд гаргуулах) шүүхэд шүүх хурлын тов зарлагдахаас өмнө гаргасан боловч шүүх хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзан, улмаар хэрэг маргааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн З8.6-д заасан үүргээ шүүх биелүүлсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, алдангид нийт 14,575,572 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч байгууллага нь 2016.01.30-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлд 9,717,048 төгрөг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1.-д “ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу төлөгдөөгүй шимтгэл болох 9,717,048 төгрөг, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 3-т “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу алдангид 4,858,524 төгрөг, нийт 14,575,572 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон нь үндэслэл бүхий байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь заалтыг зөрчсөн, хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хүсэлтүүдийг гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзан, хэрэг маргааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т заасан хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 38 дугаар зүйлийн З8.6.-д заасан үүргээ биелүүлээгүй, иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Учир нь, хариуцагчийн гаргасан “шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах” тухай хүсэлтийг шүүх “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй” гэсэн үндэслэлээр хангалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсгийг зөрчөөгүй, түүнчлэн шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ Нийгмийн даатгалын тухай хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй, үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байна.

Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 478 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02797 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...20 дугаар зүйлийн 20.1.3...” гэснийг “...20 дугаар зүйлийн 1-ийн 3...” гэж өөрчилж, “Нийгмийн даатгалын тухай хуулийн” гэсний дараа “17 дугаар зүйлийн 1-ийн 1, ...” гэж нэмж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 230,828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ                          

                                    ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                              Х.СОНИНБАЯР