Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2018/00031

 

“Жи” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00015 дугаар шийдвэртэй, “Жи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “Ж” ХХК-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний дагуу төлсөн 20880000 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн алданги 17400000 төгрөг, материал болон гар зөөврийн үнэ 13589000 төгрөг, нийт 51869000 төгрөг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлд: “"Ж" ХХК-тай ЖМ16/624 тоот Техникийн ажил гүйцэтгэх 34800000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу ажлыг төслийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд, барилгын ажлын норм, дүрэм, стандарт, технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгнө гэсэн боловч сайт угсрах ажлыг заасан цэгт бариагүй. Нарны толины суурь муу барьснаас 15 ширхэг нарны толь салхинд унаж, ашиглах боломжгүй болсон, сайтыг заасан цэгт шилжүүлэн дахин барих зардал гарсан зэрэг хохирлууд учраад байна.

            Бид ЖМ64/624 тоот гэрээний ажлын урьдчилгаанд төлсөн 20880000 төгрөг болон тус гэрээний 5.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хийх ёстой ажлын үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө гэсний дагуу гэрээний үнийн дүнгээс алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу 17400000 төгрөг болж байна.

            Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр 20880000 төгрөг, алданги 17400000 төгрөг, нийт 32280000 төгрөгийг “Ж” ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

            Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: “”Ж” ХХК-тай Техникийн ажил гүйцэтгэх тухай ЖМ16/624 тоот 34800000 төгрөгийн  үнэ бүхий гэрээ байгуулан Баян-Өлгий аймгийн Д сум Р багт сайтын тоног төхөөрөмж суурилуулахаар тохиролцож ажил гүйцэтгэх урьдчилгаанд нийт төлбөрийн 60% буюу 20880000 төгрөг төлсөн байсан. Гэвч "Ж" ХХК нь гэрээгээр тохиролцсон цэгт сайтыг бариагүйгээс сайтыг шилжүүлэн дахин барих шаардлага үүссэнээр тухайн сайтыг өөр зөв цэгт нь шилжүүлэн дахин барьсан болно. Дээрх хариуцагч компанийн өөр цэгт сайтыг барьсан буруутай үйлдэл нь гэрээний үүргийн огт биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн гэрээний дагуу урьдчилан төлсөн 20880000 төгрөгийг буцаан нэхэмжилж, хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу тооцсон алданги 17400000 төгрөг тус тус нэхэмжилж нийт 38280000 төгрөг нэхэмжилж байна. Мөн хариуцагч нь дээрх сайтыг буруу цэгт барихдаа манай компанийн материалаар барьсан бөгөөд технологийн буруу горимоор барьсны улмаас нэг бүр нь 610000 төгрөгийн үнэ бүхий нарны толь салхинд хийсэж хагаран 15 ширхэг толь дахин ашиглах ямар ч боломжгүй болсон, 1 ширхэг нарны толины рак стандартын бус нарийн угольникоор хийгдсэнээс болж зарим хэсэг нь эвдэрсэн тул шинээр солиулсан, буруу барьсан цэгээс зөв цэг хүртэл 1,2 км гар зөөврөөр уулын оройд гаргасны төлбөр 3500000 төгрөг болсон. Иймд, гэрээний дагуу төлсөн 20880000 төгрөг, гэрээний үүргээ огт гүйцэтгээгүйн алданги 17400000 төгрөг, бараа, материал болон гар зөөврийн үнэ 13589000 төгрөг, нийт 51869000 төгрөгийг "Ж" ХХК-иас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Жи ХХК-ийн нэхэмжлэлтэй "Техникийн ажил гүйцэтгэх ЖМ16/624 тоот гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой "Ж" ХХК-иас 51869000 төгрөг нэхэмжилсэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. "Ж" ХХК нь "Жи" ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан "Техникийн ажил гүйцэтгэх" тухай М16/624 тоот гэрээг Баян-Өлгий аймгийн "К" ХХК-иар гүйцэтгүүлж хуулийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Д сумын Р багт сайтын тоног төхөөрөмжийг суурилуулж бэлэн болгосон. Тухайн үед "Жи" ХХК нь гэрээнд заасан захиалагчийн үүрэг болох гэрээний үүргийн үр дүнг хүлээж авахгүй саатуулсан болно.Тийм учраас бид Д сумын удирдлага болон шууд хэрэглэгч нарт хүлээлгэн өгсөн ба бид хэрэглэгч нарт хүлээлгэж өгөхөд биет байдлын доголдолгүй, хэвийн ажиллаж байсан болно.

Хоёр. Жи ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Жи ХХК нь "Ж" ХХК-ийг "гэрээний үүргийг огт биелүүлээгүй" гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Манай компани сайтын тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотоос өөрийн зардлаар 1900 км газар тээвэрлэн ирж Д сумын Р багт туслан гүйцэтгэгч компаниар барьж байгуулсан болно.

2. "Ж" ХХК-иас "Техникийн ажил гүйцэтгэх" гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу алданги 17400000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д "Хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг "алданги" гэнэ" гэж заасан. "Ж" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсэн явдал байхгүй тул "алданги" төлөхгүй болно. Мөн "Ж" ХХК-д "Жи" ХХК нь ажлын хөлсөнд урьдчилгаа болгож 20880000 төгрөг шилжүүлсэн мөртлөө алдангид 17400000 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан анзын нийт дүнгийн 50 хувиас хэтэрсэн байна.

3. Нэг бүр нь 610000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг нарны толь хагарсан, түүний үнийг нэхэмжилж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Уг 15 ширхэг нарны толь нь салхинд унаж хагарсан бол "Ж" ХХК-д үзүүлж захиалагч болон ажил гүйцэтгэгч тал харилцан акт тогтоох байсан. Мөн захиалагч "Жи" ХХК нь гэрээний 2.1-д заасан "Суурилалтын цэгийг зааж өгөх", 2.3-д заасан "Хяналт тавих", 2.5-д заасан Гэрээт ажлыг хүлээн авах комисс байгуулж гүйцэтгэгчээс актаар хүлээж авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн түл Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.2-д заасан ёсоор "толь хагарсан" гэх эрсдэлийг хариуцахгүй болно.

4. 3ахиалагч "Жи" ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч акт үйлдээгүй учир Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар болон Гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан "алданги" төлүүлэх эрхийг хуулиар алдсан болно.

5. Захиалагч "Жи" ХХК нь ажлын үр дүнг хугацаанд хүлээж аваагүй бөгөөд тухайн 15 ширхэг толь салхинд хийсэж унаж хагарсан бол Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.2-д зааснаар "үр дагаврыг захиалагч хариуцна" гэсний дагуу гүйцэтгэгч "Ж" ХХК нь хариуцлагаас чөлөөлөгдөнө.

6."Ж" ХХК нь сайтын тоног төхөөрөмж угсрах, байрлуулах ажлыг 2016 оны 11 дүгээр сарын эхээр хэрэглэгч Д сумын Засаг дарга, Р багт хүлээлгэж өгөхөд хэвийн ажиллаж байсан тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-д зааснаар "биет байдлын доголдолгүй" гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч "Ж" ХХК-иас ажлын урьдчилгаа төлбөр 20880000 төгрөг, алданги 17400000 төгрөг, хагарсан нарны толь 9150000 төгрөг, нийт 47430000 /дөчин долоон сая дөрвөн зуун гучин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Жи" ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4439000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01  дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00015 тоот шийдвэрээр хариуцагч “Ж” ХХК-иас ажлын урьдчилгаа төлбөр 20.880.000 төгрөг, алданги 17.400.000 төгрөг, хагарсан нарны толины үнэ 9.150.000 төгрөг, нийт 47.430.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. “Ж” ХХК нь нэхэмжлэгч “Жи” ХХК-тай байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ЖМ6/624 тоот “Техникийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Баян-Өлгий аймгийн Д сумын Р багийн нутаг “Сайтын тоног төхөөрөмж угсрах” ажлыг “К” ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэх гэрээний дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн. Энэ нь хэрэгт авагдсан тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн акт, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр бүрэн нотлогддог. Ийм байхад анхан шатны шүүх тухайн ажлыг огт хийж гүйцэтгээгүй мэтээр дүгнэж ажлын урьдчилгаа төлбөр 20.880.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.

2. “Ж” ХХК нь тухайн ажлын урьдчилгаа төлбөрт 20.880.000 төгрөг авсан. Ийм байхад анхан шатны шүүх тухайн ажлыг огт гүйцэтгээгүй мэтээр дүгнэж 17.400.000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчиж байна.

3. Анхан шатны шүүх хагарсан нарны толины үнэ 9.150.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Нэхэмжл

эгч буюу захиалагч “Жи” ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 -т заасан ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэсэн заалт болон техникийн ажил гүйцэтгэх гэрээний /2016.09.08-ны ЖМ16/624 тоот/ 2.5 -д заасан “Гэрээт ажлыг хүлээн авах комисс байгуулж гүйцэтгэгчээс актаар хүлээн авах” гэснийг, мөн Иргэний хуулийн 351.1.2-т “Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээж авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буруутай.

15 ширхэг толь салхинд унаж ашиглах боломжгүй болсон бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3-т заасан ёсоор “захиалагч өөрийн буруугаас ажлын үр дүнг хүлээн аваагүй байхад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас устаж гэмтсэн тул гүйцэтгэгч “Ж" ХХК нь хариуцлага хүлээхгүй.

4. Анхан шатны шүүхээс “Сайтын тоног төхөөрөмж угсрах” ажлыг заасан цэгт бариагүй, чанаргүй гүйцэтгэсэн мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Манай компани нь тухайн ажлыг “К” ХХК-иар бүрэн хийлгэж сумын удирдлага, багийн иргэдийн төлөөлөлд хүлээлгэж өгсөн. Тухайн ажлыг хийж гүйцэтгэж дууссан талаар захиалагчид мэдэгдсэн боловч хүлээж авах ажлын хэсгийг газар дээр нь ирүүлээгүй, өөрсдөө албан ёсоор хүлээж аваагүй. Энэ нь гэрээний 2.5 дахь хэсэгт заасан “Гэрээт ажлыг хүлээн авах комисс байгуулж, гүйцэтгэгчээс актаар хүлээж авна” гэсэн заалтыг зөрчсөн.

Нөгөө талаар гэрээний 2.1 -т захиалагч нь “Ажил гүйцэтгэх газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, гүйцэтгэгчид суурилуулалтын цэгийг нарийвчлан зааж өгөх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн.

Захиалагч тал болох “Жи” ХХК нь манайд суурилуулалтын цэгийг нарийвчлан зааж өгөөгүй. Үүнээс болж тухайн обьект заасан цэгт баригдаагүй бол энэ нь манай буруутай үйл ажиллагаа биш, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй захиалагчийн буруутай үйл ажиллагаа юм. Анхан шатны шүүхээс гэрээний эдгээр заалтуудад огт дүгнэлт хийхгүйгээр иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.  

 

            “Жи” ХХК нь “Ж” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн 20880000 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн алданги 17400000 төгрөг, материал болон гар зөөврийн үнэ 13589000 төгрөг, нийт 51869000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч "Ж" ХХК-иас ажлын урьдчилгаа төлбөр 20880000 төгрөг, алданги 17400000 төгрөг, хагарсан нарны толины үнэ 9150000 төгрөг, нийт 47430000 /дөчин долоон сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Жи" ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4439000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

 

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Жи” ХХК нь “Ж”ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ЖМ16/62443 дугаартай “Баян-Өлгий аймгийн Д сумын Р багт сайтын тоног төхөөрөмж угсрах  ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, ажил гүйцэтгэх хугацааг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 21 хоног байхаар тохиролцож “Ж” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “К” ХХК-тай “Баян-Өлгий аймгийн Д сумын Р багт Жи-ын сайтын тоног төхөөрөмж угсрах техникийн ажил туслан гүйцэтгэх гэрээ” байгуулж, ажил гүйцэтгэх хугацааг 2016 оны 11  дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 24 хоног байхаар тохиролцож “К” ХХК нь сайт угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн боловч сайтыг гэрээнд заасан цэгт бариагүй болох нь 6 төрлийн зөрчлүүдийг зааж, тухайн сайтыг хүлээн авах боломжгүй гэх дүгнэлт, зохигчдын тайлбар, гэрч К.Е-ийн мэдүүлгээр “Ж” ХХК нь гэрээний 1.2-т “гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчаас өгсөн техникийн даалгавар, батлагдсан зураг төслийн дагуу заасан цэгт захиалсан ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж, ажлыг чанаргүй хийж гүйцэтгэснээс 15 ширхэг нарны толь салхинд унаж дахин ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

            Хариуцагчаас ажлын урьдчилгаа төлбөр 20880000 төгрөг, алданги 17400000 төгрөг, хагарсан нарны толь 9150000 төгрөг, нийт 47430000  төгрөгийг гаргуулан, 4439000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэхдээ шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алданги 1740000 төгрөгийг гэрээний нийт төлбөр болох 34800000 төгрөгөөс зөв тооцсон, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

 

             Хариуцагчийн өмгөөлөгчийн “Ж” ХХК нь гэрээний дагуу сайтын тоног төхөөрөмж угсрах ажлыг “К” ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэх гэрээний дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн баримтаар нотлогдсон байхад уг ажлыг огт хийгээгүй мэтээр дүгнэж урьдчилгаа төлбөр 20880000 төгрөг гаргуулахаар, 20880000 төгрөг авсан байхад ажлыг огт гүйцэтгээгүй мэтээр дүгнэж 17400000 төгрөгийн алданги төлүүлсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчсөн, хагарсан нарны толины үнэ 9150000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, анхан шатны шүүх сайтын тоног төхөөрөмж угсрах ажлыг заасан цэгт бариагүй, чанаргүй гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Тухайн ажлыг хийж гүйцэтгэж дууссан талаар захиалагчид мэдэгдсэн боловч хүлээж авах ажлын хэсгийг ирүүлээгүй, хүлээж аваагүй  нь гэрээний 2.5-д заасныг, 2.1-т заасан “...гүйцэтгэгчид суурилуулалтын цэгийг нарийвчлан зааж өгөх үүрэгтэй” гэх заалтыг тус тус зөрчсөн, объект заасан цэгт баригдаагүй бол энэ нь манай буруутай үйл ажиллагаа биш” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, захиалагч тал гэрээний 2.1-т заасан үүргээ биелүүлж сайтын байрлах цэгийг “Lat 47.6224560, 47037’20.8417”N, Lon 90.6991930, 90041’57.0931”E” гэж гэрээний 1 дүгээр хавсралтаар зааж өгсөн байхад өөр цэгт байрлуулсан болох нь баримтаар тогтоогдсон, гэрээний 2.5-д заасан “Гэрээт ажлыг хүлээн авах комисс байгуулж, гүйцэтгэгчээс актаар хүлээж авна” гэж заасан боловч гүйцэтгэгч сайтын тоног төхөөрөмж угсрах ажлыг гэрээнд заасан цэгээс өөр цэгт сайтыг барьсан, 6 төрлийн зөрчлүүдийг зааж тухайн сайтыг хүлээн авах боломжгүй гэх дүгнэлтээр захиалагч гэрээний 2.5-д заасныг зөрчөөгүй байна. Сайтыг гэрээнд заасан цэгт бариагүйгээс болж захиалагч өөр компанитай гэрээ хийж сайтыг гэрээнд заасан цэгт зөөвөрлөж барьсан болох нь тогтоогдож байх тул урьдчилгаанд төлсөн 20880000 төгрөг, гэрээний үнийн дүнгээс тооцож алданги 17400000 төгрөгийг, сайтыг угсрах ажлыг чанаргүй гүйцэтгэснээс болж хагарсан нарны толины үнэ 9150000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ