| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 164/2017/0052/Э |
| Дугаар | 2019/ДШМ/16 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 096.2.1, 096.2.5, |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2019/ДШМ/16
П.Тү- нарт холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Х.Гүнжидмаа /ГАА-аас онлайнаар/ Хохирогч Ц.Мөнхбаярын өмгөөлөгч Э.Ганбат, Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Ц.Мөнхбаярын давж заалдсан гомдлоор П.Тү- нарт холбогдох 201607000148 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1980 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг, Найрамдлын хороо **-** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай Урианхай овгийн П-ын Тү-
2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1984 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Бид Андууд ХХК-нд тээврийн жолооч ажилтай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд баг Найрамдлын хорооны **-** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай Ойрд овгийн Б-гийн Ба-
3. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны санхүүч мэргэжилтэй, Аяны зам ХХК-нд жолооч ажилтай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны ***-** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай Дархан овгийн Х-ын Алт-
4. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бид Андууд ХХК-нд тээврийн жолооч ажилтай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг 15-**-** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Б-ын От-
Шүүгдэгч П.Тү-, Х.Алт-, Б.Ба-, Б.От- нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу танхайн сэдэлтээр, бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ойрд овогт Б-гийн Ба-, Дархан овогт Х-ын Алт-, Боржигон овогт Б-ын От- нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ба-, Х.Алт-, Б.От- нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Тү-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Урианхай овогт ПүрэвОчирын Тү-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч П.Тү-т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Тү-аас 1344275 төгрөг гаргаж, Ц.Мөнхбаярт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 2082064 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Тү-т 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.От-, Х.Алт-, Б.Ба- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч П.Тү-ын эзэмшлийн 5-н ханатай гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Б.От-ын эзэмшлийн Samsung Note 2 маркийн цагаан өнгийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Х.Алт-ын эзэмшлийн Samsung S3 маркийн цагаан өнгийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Б.Ба-ын эзэмшлийн Nokia 2322С маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэг, КТГ-н шинжилгээний хальс /зураг/ 6 ширхэг, рентген зураг 1 ширхэг, амбулатороор эмчлүүлэгчийн карт 3 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Мөнхбаярт буцаан олгож, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Тү- хохирогчид 1722455 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч Б.Баянжаргал, П.Тү- нарын иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, цагаатгагдсан этгээд нь хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, цагаатгагдсан этгээд шүүхийн шийдвэрийн цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Хохирогч Ц.Мөнхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.Мөнхбаяр миний бие Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн П.Тү- нарт холбогдох 201607000148 дугаартай эрүүгийн хэргийн хохирогчоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь уг хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрчийн мэдүүлгийг үндэслээгүй (Д.Хуягбаатар, Наваан-Юндэн, Г.Заяабаатар, Ганбүүрэг) байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгүүд тогтвортой бөгөөд бусад гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдсон байхад анхан шатны шүүх үнэлээгүй. Тодруулбал: Хохирогч Ц.Мөнхбаярын хохирогчоор өгсөн мэдүүлэгт ...Намайг бацаан минь яагаад байна аа гэж Ба-, Алтай нар тэгсэн. Тэгээд тэндээ маргалдаад ( Ба-, Алт- нартай) шууд баарнаас гарсан. Тэгээд баарнаас гараад Миний нутаг телевизийн тэнд зодоон болсон юм. ... Д.Хуягбаатар чулуу бариад авахаар нь Г.Заяабаатар салгаад болиулж байх хооронд Х.Алт-, Б.Ба-, П.Тү-, Обо тэр 4 нийлээд намайг бүлэглэн зодсон... гэх мэдүүлгүүдийг. Хууль сануулж мөрдөн байцаалтын шатанд авсан гэрч Д.Хуягбаатарын ... Миний нутаг телевизийн үүдэнд Мөнхбаяр нөгөө залуучуудтай таарсан чинь бүгд ирээд зодоод унасан ... гэсэн мэдүүлэг, Мөн үүнийгээ нотлон гэрч Хуягбаатарын шүүх хуралдаанд мэдүүлсэн ... тэдгээр залуус бүгд зодоод байсан, би Г.Заяабаатар, Ганбүүрэг, Наваан-Юндэн нарт зуг явж байгаа найзыгаа зодууллаа гэж хэлж байсан... гэсэн мэдүүлгийг өмнөх шүүх, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн гэрч Г.Заяабаатар, Ганбүүрэг, Наваа-Юндэн нарын .... Хуягбаатар та нар цуг явсан найзыгаа зодууллаа гээд дайраад байсан .... гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байхад зөвхөн шүүгдэгч Тү- нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Дээрхи хохирогч, гэрчийн мэдүүлэгт, Нэгт: Баарнаас хохирогч нь Ба-, Алт- нартай маргалдаж, гадаа гарсан. Хоёрт: Хохирогчийн болон гэрч Хуягбаатарын мэдүүлгээр хохирогчийг бүлэглэж зодсон. Гуравт: Гэрч Наваан-Юндэн, Г.Заяабаатар, Ганбүүрэг нарын мэдүүлгээр ... хохирогчийг бүлэглэн зодсоныг харсан гэрч Д.Хуягбаатар нь бусад хамт байсан гэрч Наваан-Юндэн, Г.Заяабаатар, Ганбүүрэг нар луу хамт явсан найзаа бусдад зодууллаа гэх шалтгаанаар үг хэлээр дайрсан. Энэ нь дээрхи гэрчүүд хохирогч намайг бусдад бүлэглэн зодуулсныг гэрлэх юм. Дөрөв: Шүүхийн шийтгэх тогтоолын: Хохирогч Ц.Мөнхбаяртай тухайн өдөр хамт явж байсан гэрч Г.Заяабаатарын ... Хүмүүс болон жолооч гарч ирээд миний машин руу яахаараа цохидог юм гээд буугаад ирсэн. Тү- Карл буюу Б.Ба- хоёр очоод Мөнхбаярыг газарт унагаасан байсан .... гэсэн мэдүүлэг байхад Тү- ганцаараа зодсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хэсэг залуучуудад ухаан алдатлаа зодуулж насан туршдаа хараагүй эрэмдэг зэрэмдэг болсондоо гомдолтой байна. Үзүүлсэн шинжилгээ авсан эмнэлгийн эмч нар нь чинийх дахин сэргээх хагалгаа авах боломжгүй мэдрэл, нүд хоёрыг чинь холбосон судас эд эс нь үхжээд удсан байна. Ямарч хагалгаа хийгээд сэргэхгүй гэж хэлдэг. Гэтэл Бүрэнжаргал эмчийн орсон дүгнэлтээс хойш хараатай гэж илт худал дүгнэлтийг удаа дараа гаргасан. Шүүх хуралдаанд оролцсон Чимгээ шинжээчийн тайлбарласнаас шинжлүүлэгчээс шалтгаалахгүй, хамааралгүй гаргадаг хэд хэдэн шинжилгээ байдаг жишээлбэл хүүхэн харааны дэлгэмэл шинжилгээ гэж байдаг түүнийг хийлгэх боломжтой гэж мэдүүлсэн ба хохирогч талаас тэрхүү шинжилгээг хийх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүйд гомдолтой байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн зайлшгүй гарсан зардалыг дутуу үнэлж гаргасанд гомдолтой байна. Үүнд: Хохирогчийн Улаанбаатар хотод оношлуулах, хагалгаа, эмчилгээ хийлгэх хугацаанд байрлаж түрээсэлсэн байрны түрээс 550.000 төгрөг, түүний эхнэр, дүү нарын Улаанбаатар хотод очсон зардал, Улаанбаатар хотоос буцсан зардал зэрэг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан гэм буруутай этгээдээс гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйл Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ... сувиллын газар сувилуулах зэрэг (түүнтэй дүйцэхүйц) зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульд тусгайлан заасан байхад шүүх үнэлээгүй байна. Энэ нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан хохирогчийн эрүүл мэндийн хохирол нь хүнд зэргийн буюу хөдөлмөрийн чадвар алдалт тогтмол алдагдуулах гэмтэл учирсан байхад шүүх хохирогчийг ганцаараа буюу өөрөө Улаанбаатар хотод очиж хагалгаанд орж байрлах газаргүйгээр эмчилгээ, оношлогоогоо хийх ёстой гэх утгаар нэхэмжлэлээс хасч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зардлууд нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулснаар буюу баруун нүд нь хараагүй болсонтой холбогдон гарсан буюу түүнийг эдгэрүүлэх, нөхөн сэргээхтэй холбогдсон зайлшгүй зардал гэж үзэж байна. Мөн бензин авсан нийт 503.392 төгрөгийн зардлыг хэн хэрхэн зарцуулсан нь тодорхой бус, хохирогч Ц.Мөнхбаяр зарцуулсан нь эргэлзээтэй гэж дүгнэснийг үндэслэлгүй бөгөөд хохирогчийн Улаанбаатар хот руу хагалгаанд орсон, Говь-Алтай аймаг руу буцаж ирж байцаалт өгсөн он сарын хувьд тохирч байхад мөн хохирогч хагалгаанд орсныг, оношлуулсныг, Говь-Алтай аймагт оршин суудаг, Улаанбаатараас Говь-Алтай аймагт ирсэн даруйдаа мэдүүлэг өгснийг үгүйсгэсэн, баримт хавтаст хэрэг авагдаагүй байхад хэн зарцуулсан нь тодорхойгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй (гэрчийн мэдүүлгүүд), Мөн шинжээчийн дүгнэлтүүдийг харьцуулан дүгнэсэн гэх боловч Нэг шинжээч буюу Бүрэнжаргал шинжээч нь 2 удаагийн шинжилгээний бүрэлдэхүүнд орж байсан гэдгийг шинжээч Амартүвшин нотолсон. Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй (бүлэглэн) болон хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны шинжээчийн бүрэлдэхүүнд орсон Бүрэнжаргал нь дахин 2018 оны 09 дүгээр сарын 24-ний шинжээчийн бүрэлдэхүүнд ороогүй байж надад асуулт тавьж намайг загнаж байсан ба уг Бүрэнжаргал шинжээчийн оролцсон 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 315 тоот болон түүний оролцоотой хийгдсэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 882 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх үнэлэх ямарч боломжгүй байхад үнэлсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. (Иргэний хуулийн 505) гэж үзэж байгаа тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолын 12-т заасны дагуу давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ. Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрчийн мэдүүлгүүдийг харьцуулахдаа буруу харьцуулсан. Мөн тухайн үед байсан гэрч Заяабаатар нь П.Тү- орж ирээд унагаасан байсан гэдэг мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлгээсээ буцсан. Энэ мэдүүлгээсээ буцсан асуудал дээр гэрч Хуягбаатар мэдүүлэг өгөхдөө 4 хүн зодож байхыг нүдээр хараад хамт явсан Заяабаатар нарт хамт явж байгаа хүнээ яагаад хүнд зодуулж байгаа юм бэ гэж хэлсэн гэдэг. Шинжээчийн дүгнэлтэд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэтийг анхан шатны шүүх илүү үнэнд нийцсэн дүгнэлт болсон гэж үзэж шүүхийн шийтгэх тогоолын үндэслэл болгосон. Энэ дүгнэлтийг гаргахад нүдний нарийн мэргэжлийн эмч Бүрэнжаргал гэдэг хүн шинжээчээр орсон байдаг. Энэ хүн маань 882 дугаар шинжээчийн дүгнэлтээр орсон ашиг сонирхолын зөрчилтэй дүгнэлт хийсэн байгаа. Энэ нь өөрөө 09 дүгээр сарын 882 дугаар дүгнэлтийг хийхдээ Бүрэнжаргал гэдэг хүний өрөөнд үзлэг хийж шинжээчийн дүгнэлтийг гаргасан байдаг. Гэтэл энэ хүн нь шинжээчийн дүгнэлт дээр буюу шинжээч томилсон тогтоол дээр байхгүй хохирогчоос асуулт асуусан нь шинжээчийг дүгнэлт хийхэд нь хараат бусаар шинжилгээ хийх зүйл заалтыг зөрчиж байгаа юм. Гол агуулга нь эхний ээлжинд 5 удаа шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Эхлээд хүндэвтэр гарсан дараагийн 2 нь хүнд гарсан хүнд гарсны сүүлийнх нь Чимгээ гэдэг мэргэжлийн эмч хүн анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлгийн шатанд оролцоод миний дүгнэлтээр энэ хүн бүрэн хараагүй гэж үзсэн гэдгийг өөрөө шүүх хуралдааны үед хэлсэн байдаг. Гэтэл сүүлийн 2 буюу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 315 дугаар шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэж гарсан байгаа. Дараагийн шинжээчийн 882 дугаар дүгнэлтээр хараагүй гэдэг нь нотлогдохгүй байна гэж гарсан. Гэтэл гэмтлийн зэрэг тогтоох журамд хэрвээ энэ хүн маань бүрэн хараагүй сохор юм бол харааны бууралт дээр 0.1 гэсэн харааны үзүүлэлттэй байна гэж гарсан байгаа. Энэ гэмтлийн зэрэг тогтоох журамд 0.1 буюу 10%-ын хараатай хөдөлмөрийн чадвар алдалт нь 25%-тай байна. Хохиролын асуудлыг шийдвэрлэхдээ Улаанбаатар хот руу явж баруун нүдэндээ имплант суулгуулсан энэ хугацаанд Улаанбаатар хотод 1 сар байсан тэр хугацааны байны түрээсийн төлбөрийг хассан эрүүлийн мэндийн шууд хохирол гэж үзэхгүй гээд энийг бол хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа хохирлын баримтуудыг авч хэлэлцээгүй тул гомдолтой байна гэв. Хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэлгүй болсон 315, 882 дугаартай шинжээчдийн дүгнэлтийг хууль зүйн шийдвэр гаргах шаардлага хангасан эсэх тал дээр тайлбар хийе. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 315 дугаартай шинжээч нарын дүгнэлт нь хохирогч Ц.Мөнхбаярын баруун нүдний харааны мэдрэл болон нүдний угт эмгэг өөрчлөлт байхгүй нь компьютер томограф болон толгойн томограф, нүдний томографын шинжилгээгээр тогтоогдлоо гэж үздэг. Харааны мэдрэл нүдний угт заавал эмгэг өөрчлөлт байхыг шаардахгүйгээр нүдний харах чадварын асуудал дээр нь нарийвчилсан шинжилгээ хийгдээгүй дүгнэлт байсан. 882 дугаартай сүүлийн дүгнэлт буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтээр Ц.Мөнхбаярын нүдэнд бүрэн хараагүй боллоо гэж үзэхэд харааны бууралт нь ямар байсан юм бэ? гэдэг дээр 882 дугаартай шинжээчийн дүгнэлт нь бодитой эцсийн шийдвэр гаргаагүй дүгнэлт болсон байсан. Тухайлбал баруун нүдний төрөлхийн гажигтай байж болзошгүй гэсэн нэг дүгнэлт хийсэн баруун нүдний харааг нь шалгаж үзэхэд 0.1 ба түүнээс дээш хараатай байна гэсэн дүгнэлтийг шинжээч нар хийсэн. Сохор гэдэг дүгнэлтэд 0.04 түүнээс доош гэрэл мэдрэх төдий харааг сохорсон гэж үздэг гэсэн дүгнэлт гаргасан. Энэ гэмтэл нь хүндвэртэр гэмтэл байж болзошгүй дүгнэлтийг 882 дугаар дүгнэлтээрээ гаргасан байгаа юм. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ хохирогчийн баруун нүдний хараанд ямар ч өөрчлөлт байхгүй байна гэж шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв. Прокурор Х.Гүнжидмаа /Говь-Алтай аймгаас онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хохирогчийн өмгөөлөгч нарын хэргийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолд хөнгөн гэмтэл гэж үзээд шийдвэрлэсэн байгаа. Тухайн үед шинжээч эмч нар харааны бууралт хэд вэ гэдгийг асуултанд хариулж чадахгүй байдлаар оролцож байсан. Хохирогчид учирсан бодит хохирлыг үндэслэл бүхий шийдвэрлэж бодит байдлыг яг гаргаж тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн. Тийм учраас хохирогчийн өмгөөлөгч нартай санал нэг байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хэрэгт хохирогч Ц.Мөнхбаярын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 5 удаагийн шинжээчдийн дүгнэлт гарсан бөгөөд зарим нь хөнгөн зэргийн, зарим нь хүнд зэргийн гэмтэл учирсан байна гэж янз бүрээр тогтворгүй, харилцан адилгүй зөрүүтэй дүгнэлтүүдийг шинжээч нар гаргасан байна. Тухайлбал: анхан шатны шүүхийн хамгийн сүүлд буюу 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ шинжлэн судалсан хохирогч Ц.Мөнхбаярын баруун нүдний талаарх 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 315 дугаартай дүгнэлтийг илүү эргэлзээгүй гарсан гэж шүүх үнэллээ гэж дүгнэсэн байна. Гэтэл уг шинжээчдийн гаргасан дүгнэлтийн 7 дахь хэсэгт ... Ц.Мөнхбаяр нь хараагүй мэт баашилж байгаа тул баруун нүдний хараа хэд байгааг тодорхой хэлэх боломжгүй гэснээ ...төрөлхийн харааны гажигтай байх үндэслэлтэй байна, ...хэрэв тийм бол баруун нүд нь бага наснаасаа л зүүн нүднээсээ арай сул хараатай байсан байж болзошгүй гэснээ өөрөөр хэлбэл 0.1 хараатай гэдэг нь хараагүй эсвэл сохор гэсэн тодорхойлолтонд орохгүй гэх зэргээр ойлгомжгүй, тодорхой биш, ойлгомжгүй үг хэллэг хэрэглэсэн байна. Түүнчлэн хохирогч Ц.Мөнхбаярын баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар шинжээчид дүгнэлтэндээ тусгаагүй ба энэ талаар шинжээч нарт ч асуулт тавиагүй байна. Шинжээчдийн гаргасан дүгнэлтүүд харилцан адилгүй, зөрүүтэй, ойлгомжгүй байх учир хэргийн материалаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хохирогч Ц.Мөнхбаярын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хохирогч Ц.Мөнхбаярын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч П.Тү-, Б.Ба-, Х.Алт-, Б.От- нар нь хэрэгт авагдсан хаягтаа оршин сууж байгаа болно
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ
Б.НАМХАЙДОРЖ