Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 70

 

Т.Лх-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогч Г.Сү-, түүний өмгөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр магадлалтай 201716000076 дугаар эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй Т.Лх- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Лх-г согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах, бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лх-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, 4 жил хорих ял шийтгэж, Т.Лх- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Сү- нь сэтгэл санааны хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лх-д оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Т.Лх-гийн үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж, Т.Лх-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

“...Т.Лх-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн, түүнд авсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Г.Сү-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор С.Мөнхтулга гаргасан эсэргүүцэлдээ: “...Т.Лх- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас гэмт хэрэг гарсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.

Давж заалдах шатны шүүх Т.Лх-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн зүйлчилбэл Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн гэж зүйлчлэх ёстой байсан. Т.Лх-гийн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх нөхцөл байдал нь ямар нотлох баримтаар, хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар тодорхой дурдалгүйгээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэг хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд Т.Лх-д мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй, түүний эрх зүйн байдал нь дордох нөхцөл байдал үүсэх юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчиж буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргах талаар тодорхой хуульчилсан ба тус хуулийн 1.4, 1.5-т заасан эрх хэмжээг хэтрүүлсэн байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирваань хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоол, магадлалд гомдолтой байна. Хуульд заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид магадлалыг хүргүүлээгүйн улмаас өнөөдрийг хүртэл гардаж аваагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эцэг Г.Сү- гэдэг хүнийг тогтоосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сү- Монгол хэл мэддэг боловч бичиж, уншиж чаддаггүй. Ийм хүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан. Уг нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор, шүүхийн зүгээс гүйцэд тодруулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасны дагуу нэгэнт хууль ёсны төлөөлөгч учир хохирогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан Монгол хэлээр бичиж, уншиж мэдэхгүй байгаа учир нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах, нотлох баримттай танилцах, үүнийг ойлгох боломж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид байгаагүй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж байна. Мөн тээврийн хэрэгсэл өмчлөгч нь хэн болохыг шүүхээс бүрэн тогтоож чадаагүй. 7214 УНА улсын дугаартай “Тоёота приус-10” маркийн тээврийн хэрэгсэл О.Нэ- гэдэг хүний нэр дээр байхад тухайн гэмт хэрэг гарсан байдаг. 2015 онд О.Нэ-гээс мэдүүлэг авахад “Өмнөговийн хүнд зарсан” гэсэн зүйлийг ярьдаг. Тухайн тээврийн хэрэгсэл гэрч Э.Оюунболдынх мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь шүүгдэгч Т.Лх-гийн аав, ээж нь тус тээврийн хэрэгслийг хэрэг гарахаас өмнө аймгийн төвд 2-3 сар унасан байдаг. Тус байдлыг хохирогчийн аав Г.Сү- харсан. Иргэний хариуцагчаар оролцвол зохих этгээдийг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн түлхүүр шүүгдэгч Т.Лх-д хэрхэн ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр харагддаггүй. Хохирогчийн зүгээс хохирлоо бүрэн барагдуулан авч чадаагүй. Оршуулгийн зардал 10.000.000 орчим төгрөг гарсан. 5.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Т.Лх-гийн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Харин энэ гэмт хэргийн улмаас хүний  биед хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, хор уршгийг арилгах боломжгүй байхад шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг хэрэглэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд хяналтын шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хорих ял оногдуулахгүй тэнссэнийг өөрчилж, Эрүүгийн хуульд заасны дагуу шүүгдэгч Т.Лх-гийн үйлдсэн хэрэгт хорих ял оногдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор С.Мөнхтулгын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Т.Лх-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Т.Лх-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 2300 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Мухар шивэртийн ам орох замд 7214 УНА дугаартай “Тоёота приус-10” маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1.а, 2.7.а-д заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Ирээдүйн амь насыг хохироосон, Т.Түвшинсайханы бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Лх-гийн үйлдсэн хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, 2002 оны Эрүүгийн хуулийн  61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, улмаар ял шийтгэлийн талаарх өөрийн дүгнэлтээ үгүйсгэсэн шинжтэй буюу хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний биед хүнд гэмтэл учирсан бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулаагүй байхад нөхөн төлсөн мэтээр дүгнэж, улмаар гэм буруу болон шүүхээс оногдуулж байгаа ял хэрхэн нийцэж байгаа, ямар үндэслэлүүдээр ялыг хөнгөрүүлж байгаа зэргийг тодорхой зааж тайлбарлаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг гардуулан өгөх, 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол гаргаж болохыг тус тус хуульчилжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид магадлал гардуулалгүй оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хасч, улмаар хуульд заасан журмын дагуу хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Дээрх байдлаас дүгнэхэд, давж заалдах шатны шүүх хуульд заасан чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж, шийдвэрлэвэл зохих асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаатай холбогдуулж Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгын гаргасан эсэргүүцлийг хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр магадлалийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН