Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 112/2016/0030/з |
Дугаар | 242 |
Огноо | 2017-06-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 242
Э.Отгонбаатарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0253 дугаар магадлалтай, Э.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайваны хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Э.Отгонбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.Отгонбаатарыг Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын ажилд эгүүлэн тогтоож,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Э.Отгонбаатарыг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4449312 төгрөгийг хариуцагч тус аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0253 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4-д” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0253 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлээгүй гэж үзэж байна.
Тухайлбал, Э.Отгонбаатар нь төрийн албанд томилогдохдоо хуулийн дагуу томилогдоогүй, ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага буюу төрийн албанд ажилласан жил зэргийг харгалзан үзээгүй. Мөн Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхийг харгалзан үзээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0253 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/67 дугаар захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус үндэслэн” нэхэмжлэгч Э.Отгонбаатарыг Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгчээс “... үндэслэлгүйгээр үүрэг ажлаас чөлөөлсөн” гэж, хариуцагчаас “...анх томилогдохдоо төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад ороогүй, хууль зөрчиж томилогдсон ... /тул/ ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, анх Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/32 тоот захирамжаар нэхэмжлэгч Э.Отгонбаатарыг тус аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргаар томилсон, тухайн үед Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулаагүй, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.
Шүүхүүд “... /тухайн үед эрх бүхий этгээдээс/ сонгон шалгаруулалт зарлаагүй ... /байхад/ сонгон шалгаруулалтад ороогүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй”, томилогдсоноосоо хойш тухайн албан тушаалын чиг үүргийг хангалттай сайн (“А” үнэлгээтэй) гүйцэтгэсэн байхад өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус талаар үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүх Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т “...аймаг ...-ийн ... соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилох”-оор заасны дагуу Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргыг хуульд заасан журмаар, сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилохыг үгүйсгээгүй, харин хуульд нийцүүлж, сонгон шалгаруулалт зарлаагүй, явуулаагүй атлаа уг албан тушаалын чиг үүргийг зохих ёсоор гүйцэтгэж байгаа Э.Отгонбаатарыг “сонгон шалгаруулалтад ороогүй” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр нэгэн “сонгон шалгаруулалтад ороогүй” этгээдийг уг албан тушаалд томилсон нь төрийн үйл ажиллагаанд баримтлах “тэгш байдал”, “шударга ёс”-ны зарчимд нийцээгүй, маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч Э.Отгонбаатарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн болно.
Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т “...аймаг ...-ийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг ...-ийн Засаг дарга ... томилж, чөлөөлөх”-өөр заасан нь Говь-Алтай аймгийн Засаг даргад ямар нэг шалгуур, болзолгүйгээр олгосон эрх мэдэл биш, “...томилж, чөлөөлөх” эрх хэмжээ нь дээр дурдсан Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т зааснаар зохих шалгуур хангасан этгээдүүдээс Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж, шалгарсан нэгнийг томилох талаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр хэрэгжихээр байна.
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... /шүүх/ Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхийг харгалзан үзээгүй”, “…хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалтуудыг зөвтгөсөн өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан эрх хэмжээний хүрээнд байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Э.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0253 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайваны хяналтын журмаар гаргасан гомдлоор хэлэлцэх хяналтын шатны шүүх хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 9.00 цагт зарлагдсаныг хариуцагч талд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11.07 цагт мэдэгдсэн, шүүх хуралдаанд биечлэн оролцох болон өөр бусад ямар нэг хүсэлт гаргаагүй, товлосон цагт шүүх хуралдаан явагдаж дууссаны дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10.44 цагт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайванаас “... шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлтийг ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0253 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайваны гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА