Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1794

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 17 өдөр

     Дугаар 101/ШШ2019/01794

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 6 дугаар баг, 22 дугаар гудамжны 21 тоотод оршин суух, Чонос овогт Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун, 803 дугаар байр, 1303 тоотод оршин суух, Боржигин овогт Ц.Амгалан-Энх /регистрийн дугаар ЙЮ78090172/-д холбогдох

 

11,472,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              

Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А нь миний төрсөн охин Б.Энхзаяаг Москва хотын Анагаах ухааны дээд сургуульд улсын тэтгэлгээр сургаж өгнө гэж надаас 2013 онд 11,472,700 төгрөг аваад хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс миний хүүхэд ажил амьдралаараа хохирсон. Би Ц.Аээс 11,472,700 төгрөгөө 2017 оныг дуустал нэхэж ирсэн боловч одоо хүртэл төлбөр төлөөгүй байна. Би Ц.Аэд 8,000 доллартай тэнцэх мөнгийг  манай хүүхдийг явуулна гэхээр нь Ц.Аийн эхнэрийн дансаар дамжуулж өгсөн. Бид хоёр анх ярихад 8,000 доллар болно гэж байсан. 8,000 долларт бүх зардал нь багтдаг, ахиж мөнгө өгөхгүй, ганц удаа л өгнө, 5 жил сурахад энэ мөнгөндөө бүх юм нь багтдаг гэж амаар гэрээ хийсэн. 2013 онд манай охин төгссөн бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгөө яаралтай явуул Оросууд хөдлөхгүй байна гэсэн. 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдэл мөнгийг нь өг гэсэн. Би бүгдийг банкнаас зээл авч өгсөн. 2013 оны 8 дугаар сард амралтаа аваад хүүхдээ гаргаж өгөх гэтэл хүүхэд жирэмсэн болсон байсан. 9 дүгээр сард хүүхэд явдаггүй. Яагаад явахгүй байна гэхээр урилга нь ирээгүй, 10 дугаар сард очсон ч гэсэн эхнээс нь хичээл заадаг гэсэн. 10 дугаар сард бас хүүхэд явахгүй байсан тул бөөн хэл ам болсон. 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр урилга ирсэн гээд энэ хүнтэй уулз гээд дугаар өгсөн. Мөнгө шилжүүлж өгснөөс хойш огт хүнтэй уулзаагүй. 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ирээд н.Амаржаргалтай уулзахад Москва руу хүүхдийг чинь явуулаад сургая гээд хүүхэд 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр явсан. Хүүхэд угаасаа Москвад л сурна, Эрхүүд сурахгүй гэж аман гэрээ хийсэн. Тэгээд 11 дүгээр сарын 04-ний өдөр очоод сар шахуу зүгээр гэртээ байсан гэсэн. 15 хоног л хичээлд суусан. Тэгтэл н.Амаржаргал хүүхэд чинь жирэмсэн юм байна хурдан нааш нь явуул 250,000 төгрөг хурдан шилжүүл унааны зардал гээд н.Амаржаргалын данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн. Хүүхэд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Москвагаас ирсэн. н.Амаржаргал танай хүүхэд 1 дүгээр семистертээ суусан гэж ярихаар нь би гайхаад байдаг. 2014 оны 9 дүгээр сард явах гэтэл 7 хоногийн дараа урилга ирнэ гэсээр байгаад 2014 он дууссан. н.Амаржаргал, Ц.А нарыг Авилгатай тэмцэх газарт өглөө шүү гэсэн чинь 2015 онд Эрхүү рүү дагуулаад явсан. н.Амаржаргал дагуулж яваад яг тухайн сургуульд нь орох хүүхдүүдтэй байранд оруулаагүй өөр хүүхдүүдтэй байранд оруулсан байсан. Хүүхэд маань нилээн зовж зүдэрсэн байсан. 11 дүгээр сард аяллын визээр явсан шүү зардал өгөөрэй гэхээр нь 160,000 төгрөг шилжүүлсэн. Хүүхэд сурч байгаад хавар төгсөх болсон чинь төгсөх шалгалтад нь гэрчилгээ байхгүй гээд оруулаагүй. Сургуулийн гэрчилгээг н.Амаржаргал алга болгосон байсан тул гэрчилгээгүй гээд шалгалтаа өгөөгүй уйлаад ирсэн. Энэ хооронд төлбөр нэхэгдээд надаас хичээлээс хөөлөө гээд 500,000 төгрөг авсан. Зээлэндээ нэмж зээл авч өгдөг байсан. 2016 оны 9 дүгээр сард хүүхэд явах гэхэд урилга нь ирээгүй гэсэн. Ерөөсөө л анхнаасаа хэл амтай байсан. 2016 онд бүтэн явуулаагүй. Энэ хооронд чөлөө, зөвшөөрөл аваад Ц.А, н.Амаржаргал нартай их олон уулзаж байсан, тэгэхэд маш их зардал гарч байсан. Тэрийг даан ч тоохгүй байсан. 2017 онд аргагүй эрхэнд даргад нь хэлсэн. Тэр үед мөрдөн байцаах газарт ажилладаг байсан. Даргад нь хэлсний хүчээр надад зээлээ төл гээд 12 дугаар сард 1,000,000 төгрөг өгсөн. Энэ бол зүгээр нэг зуучлалын эрх бүхий субъект иргэн, байгууллагын хооронд зуучилж байгаа асуудал биш. Тухайн үед Москвад сурч байсан оюутны мэдээллээр хүүхдийг нь сургана гэж хэлээд л тодорхой хэмжээний мөнгө авсан. Энэ бол зуучлал, даалгаврын эрх зүйн харилцаа биш. Учир нь зуучлалын гэрээ байгуулсан зүйл байхгүй. Зөвхөн амаар тохиролцсон. Ц.А, Б.Б хоёр 1 байгууллагад олон жил хамт ажилладаг байсан. Ингээд л хүүхдээ гадаадад сургах гэсэн хүсэл эрмэлзлийг дагуулаад л авсан. Тиймээс үндэслэлгүй хөрөнгөжсөн байгаа тул Иргэний хуулийн 492.1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 11,472,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А би 2009 оноос 2011 онд Оросын холбооны улсын Москва хотод Дотоод явдлын яамны удирдлагын академид суралцаж төгссөн. Энэ хугацаандаа өөрийн хамаатны хүүхдийг 11 жилийн сургуулиа төгсөхөд нь /2011 онд/ ОХУ-д Анагаахын сургуульд Москвад хотод танилцсан, тэнд амьдардаг н.Амаржаргал гэж хүнээр дамжуулан элсүүлэн оруулж өгсөн болно. /Тэрээр 2016 онд сургулиа төгссөн./ Манай хамаатны хүүхэд ОХУ-д дээд сургуульд элсэн орсныг миний хамаатны хүнээс Өвөрхангай аймгийн цагдаагийн газар ажиллаж байсан Б.Б сонсоод 2012 оны өвлөөс надруу утсаар яриад “Манай охин 2013 онд 11 ангиа төгсөх юм, та дүүгээ ОХУ-д сургуульд оруулсан юм байна, манай охиныг бас оруулаад өгөөч” гэж гуйхаар нь би Москвад амьдардаг н.Амаржаргал гэж хүнээр дамжуулж оруулсан тэр хүн 2013 онд Москвад байх эсэхийг нь мэдэхгүй байна төгсөх болохоор нь хэлээрэй дамжуулаад хэлье” гэдэг хариу өгсөн. Б.Б бид 2 хамт 2007 оноос 2008 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан тул би түүнийг таньдаг хүний хувьд туслаад өгье гэж бодсон. Б.Б анх ярьсанаасаа хойш буюу 2012 оноос 2013 онд хүртэл дээрхи асуудлаар нилээн олон удаа “Манай охиныг та сургуульд оруулаад өгөөрэй мартаваа” гэж холбогдон ярьсан, би холбогдох үед нь “Сургуулиа төгсөх дөхөхөөр нь яриарай” гэсэн хариу өгч байсан. Гэтэл 2013 оны 02 дугаар сард байх “Одооноос хөөцөлдөхгүй бол болохгүй байх, нөгөө хүнээсээ асуусан уу” гээд ярихаар нь Москва хот руу н.Амаржаргалын утсны дугаарыг мартсан байсан тул уаhoo.mail хаягаар нь мессеж бичин үлдээсэн. Мэйл хаяганд нь мессеж бичсэнээс хойш нилээд хэд хоногийн дараа буюу 2013 оны 3 дугаар сард н.Амаржаргал миний 99104589 дугаарын утас руу ОХУ-ын утаснаас залгаад “Чиний мессежийг үзлээ, би Оросуудтай уулзаад хариу хэлье” гэсэн, тэгэхээр нь н.Амаржаргалтай холбогдсон тухайгаа Б.Бид хэлсэн. Түүнээс хойш 1 сарын дараа байх 2013 оны 4 дүгээр сард н.Амаржаргал утсаар холбогдоод “Оросуудтай ярилаа, болохоор байна, эхний жилийн сургалт байрны төлбөр 8000 доллар төлөөд, сүүлийн жилүүд нь төлбөргүй тэтгэлгээр сурч болох юм байна” гэсэн тул Б.Бид дамжуулан хэлсэн. Ингээд удалгүй 2-3 хоногийн дараа н.Амаржаргал дахин утсаар холбогдон “Одоо нэрийг нь оруулах хэрэгтэй байна, төлбөрөө төлөөд хүүхдийнхээ нэрийг оруул гээд байнаа” гэсэн тул дахин Б.Бид дамжуулан хэлсэн, тэрээр “Мөнгө хөөцөлдөж байгаа арай болоогүй байна яах вэ” гэхээр нь н.Амаржаргалд хэлсэн. Удалгүй /2-3 хонгийн дараа/ н.Амаржаргал дахин ярьж “Төлбөрөө төлөхгүй бол хүүхдийн нэр тушаалд орохгүй гээд байна, Боловсролын яам руугаа зөвшөөрөл авах бичиг явах юм байна” гэснийг нь Б.Бид дамжуулахад “Мөнгө арай бүтээгүй байна, маргааш нөгөөдөр гэхэд болноо яах вэ” гэсэн тул би хамт ажиллаж байсан хүн, тэгээд ч урдны танил маань болохоор туслая гэсэн сэтгэлээр эхнэрийн компанид байсан 5 сая төгрөгийг 3000 доллартай тэнцэх мөнгө байгааүй тул/гаргуулан авч н.Амаржаргалд учраа тайлбарлан, үлдэгдлийг нь Б.Бийн мөнгө бүтэхээр шилжүүлэхээр тохирсон. Түүнээс хойш бас 2 хоногийн дараа шиг санаж байна, Б.Б надруу яриад мөнгө бүтсэн яаж шилжүүлэх вэ” гэхээр нь урд нь эхнэрийн компаниас авсан байсан тул 5 сая төгрөгийг эхнэрийн дансаар шилжүүлж авсан. Дээрхи асуудал яригдаж эхлэх үед Б.Бид н.Амаржаргалын ОХУ дахь утасны дугаарыг нь та өөрөө аваад, утсаар холбогдон, мөнгө, хүүхдийн бичиг баримтаа авч өгөлцсөн нь дээр гэдгийг хэлэхэд, Б.Б “Би нэмэргүй ээ, та эхнээсээ хөөцөлдөж өгч байгаа юм чинь та л яриад өгчих, гадаад руу ярьж, мөнгө шилжүүлж би чадахгүй” гэсэн болохоор нь би туслах сэтгэлээр оролцсон. Ингээд 5 сая төгрөг шилжүүлснээс хойш 1 сарын дараа буюу 2013 оны 5 дугаар сарын сүүлээр н.Амаржаргал дахин холбогдож “Тушаал шийдвэр нь гарсан, үлдэгдэл 4500 доллараа шилжүүлээрэй, урилга бичигдэх гэж байгаа” гэснийг нь Б.Бид хэлсэн, тэр “за, би мөнгөө бэлэн болгоод ярья, удахгүй” гэсэн. Түүнээс хойш 1, 2 хоногийн дараа байх Б.Б яриад “Мөнгөө шилжүүлсэн, 4500 доллартай тэнцэх төгрөг” гэхээр нь би данс авахгүй хааш нь шилжүүлсэн юм. /мөнгөө бэлэн болохоор хааш нь шилжүүлэхээ асууна гэж бодож байсан тул/ гэж асуусан , тэгтэл тэрээр “Урд нь шилжүүлж байсан эхнэрийн тань дансаар шилжүүлсэн гэж хэлсэн. Ингээд эхнэрийн компанийн касст байсан бэлэн мөнгөн дээр Б.Бийн шилжүүлсэн мөнгөнөөс авч, 4500 доллар болгон н.Амаржаргалд өгсөн. Түүнээс хойш Б.Бийн охины ОХУ-ын Москва хотын РУДН нэртэй сургуульд суралцах урилга ирж, сургуульдаа явсан. Москва хотод Б.Бийн охин очиход нь н.Амаржаргал тосож аван оюутны байранд байрлуулан, хичээлд нь оруулсан тухай н.Амаржаргал надад ярьсан. н.Амаржаргал 2013 оны 10 дугаар сард амралтаараа Монголд ирсэн байна гэж 99724388 дугаарын утсаар ярихад нь би уулзсан бөгөөд тэр үед Б.Боос надаар дамжуулан 8000 доллар авсан талаар баримт бичүүлэн авсан болно. Дээрх явдлаас хойш 1 жилийн дараа Б.Б “Охин маань ОХУ-д сурч байх хугацаандаа жирэмсэн байжээ, сургуулиа орхин Монголд ирж төрөөд, дахин явах гэтэл н.Амаржаргал явуулж чадахгүй байна, та яриад хэлээд өгөөч” гэхээр нь н.Амаржаргалд сайн хөөцөлдөөд дахин явуулж өгөх талаар ярьж гуйсан. Түүнээс хойш ОХУ-ын РУДН нэртэй сургууль нь хувьд шилжсэнээс болоод чөлөө авсан хүүхдүүдийг шууд 1 курст нь оруулна, бэлтгэлд явуулахгүй гээд байна, Б.Бийн охин бэлтгэлээ ч төгсөөгүй байгаа болохоор удаашраад байна, гэхдээ Оросуудтай яриад байгаа, чамайг ярьж байгаа болохоор бүтээнэ гэдэг тайлбарыг н.Амаржаргал надад өгч байсан. Энэ талаар буюу н.Амаржаргалаас хэлсэн тайлбарыг Б.Бид хэлж, түүнээс хойш байн байн Б.Б надруу ярьж, би ч н.Амаржаргал руу ярьж Б.Бийн охиныг нь сургуульд нь оруулах ажил юу болж байгаа талаар асууж байсан. Бид 3 хамтдаа 2-3 удаа уулзан охиныг нь хурдан явуулах боломжийн талаар ярьж байсан. н.Амаржаргал Б.Бийн охиныг сургуульд нь оруулахын тулд маш сайн хөөцөлдөж Эрхүү хотод 8 сар хэлний бэлтгэлд суулган, Монголд бас багшаар орос хэл заалгасан тухай надад ярьж байсан. Ингээд орос хэл эзэмшсэн гэсэн гэрчилгээ авхуулан, ОХУ-ын РУДН нэртэй сургууль руу явуулж, 2017 оны 5 дугаар сард элсүүлэх зөвшөөрөл нь гарч, 2017 оны 8 дугаар сард ОХУ-ын виза авах болоход Б.Б хүүхдээ явуулахгүй гээд байна гэж надад н.Амаржаргал хэлсэн. Энэ талаар би Б.Бийн 89577880 утсаар нь холбогдох гэтэл утас нь холбогдохгүй байсан тул нөхөр н.Батмөнхтэй /утсны дугаарыг нь мартсан байна/ холбогдон хэлэхэд “Манай охин хотод ажил хийж байгаа гэсэн, би эхнэрээсээ салсан, охинтойгоо холбоогүй байгаа, холбогдвол хэлье, тэгээд ч охин бид 2 мэдэхгүй, Б.Б л мэдэх байх” гэж хэлсэн. Ингээд н.Амаржаргалд байдлыг хэлсэн. Миний хувьд хамт ажиллаж байсан хүндээ туслая гэдэг сэтгэлээр асуудалд хандсан. Би хамаатаныхаа хүүхдэд тусласныг Б.Б мэдээд надад өөрөө хандсан болохоор л туслая гэсэн юм. Б.Б намайг н.Амаржаргалтай нийлэн залилан мэхэлж, мөнгө авсан гэж бодсон байхаа, надад мөнгө авсан асуудал байхгүй болно. Мөнгө аваагүй гэдгээ Б.Бид удаа дараа хэлсэн боловч тэрээр ойлгохыг хүсэхгүй надруу янз бүрийн үгээр дайрч доромжилон, утасны мессежээр доромжилсон дайрсан үг бичиж байсан. Гэсэн хэдий ч Б.Бийг эх хүний хувьд хүүхдээ сургуульдаа дахин явж чадахгүй удсан явдалд гомдох, нөгөө талаас н.Амаржаргал Б.Бийн охиныг РУДН нэртэй сургуульд нь албан ёсоор элсүүлэн оруулаад, дахин Эрхүү хотод хэл сургаад, дахин хөөцөлдсөөр РУДН нэртэй сургуульд оруулахаар болсон зэргийг нь ойлгон асуудалд «хандсаар ирсэн. Гэвч энэхүү асуудлаар Б.Б Цагдаагийн ерөнхий газрын даргад болон Авилгалтай тэмцэх газар гомдол гарган намайг шалгуулсан. Миний хувьд танил хүндээ туслах сэтгэлээр хандчихаад хуулийн байгууллагаар шалгуулаад байх нэр хүнд, сэтгэл санаан хүнд байгааг уламжилж байна. Та бүхэн асуудлыг хуулийн хүрээнд авч үзэн, шударгаар эцэслэн шийдэж өгнө гэдэгт би итгэлтэй байна. Н.Амаржаргал нь боломжтой гэж хэлсэн учраас Ц.А нь эхнэрийнхээ дансаар мөнгийг шилжүүлж авч, н.Амаржаргалд шилжүүлсэн байдаг. Ц.А нь Б.Бийг н.Амаржаргалтай холбож өгсөн байдаг. 2013 онд Б.Бийн охин н.Энхзаяа нь 18 насанд хүрсэн өөрөө хэлцэл хийх боломжтой байсан. Хүүхдийг суралцуулж байгаа байдлыг хүүхэд өөрөө л мэднэ. н.Энхзаяаг Б.Б төлөөлөх эрхтэй юу. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь эрх зүйн харилцааг буруу дүгнэж байна. Б.Бийн охин сурч байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Эрхүү хотод суралцуулахыг Б.Б нь мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.Аэд холбогдуулан 11,472,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Б.Б, Ц.А нар нь цагдаагийн байгууллагад хамт ажиллаж байсан гэх бөгөөд Б.Б нь Ц.Аэд хандан өөрийн охин Б.Энхзаяаг ОХУ-ын Москва хотын Улс түмний их сургуульд анагаахын чиглэлээр тус сургуульд элсүүлэн суралцуулахад туслахыг хүсч, улмаар Ц.А нь өөрийн танил тухайн үед ОХУ-д амьдарч байсан Д.Амаржаргалд хандан Б.Бийн охиныг сургуульд оруулж өгөхийг гуйсаны дагуу 2013 онд Москва хотын Улс түмний их сургуульд суралцуулахаар болж, охин Б.Энхзаяа ОХУ руу явсан боловч тэрээр жирэмсэн болсон шалтгаанаар буцаж ирсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Д.А-ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Москва хотын Улс түмний их сургуульд Б.Э-гсуралцуулах сургалтын төлбөр болон байрны зардал нь нийтдээ 8000 ам.доллар буюу 11,472,700 төгрөгийг Б.Б нь Ц.Аийн хэлсэнээр түүний эхнэр Ч.Дэчин-Отгоны Хаан банкин дахь 5030112180 тоот дансаар 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 6,472,700 төгрөгийг тус тус шилжүүлж, Ц.А нь Д.Амаржаргалд шилжүүлсэн тул охин Б.Энхзаяа нь ОХУ руу сургуульд явсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Бийн охин Б.Энхзаяа нь Москва хотын Улс түмний их сургуульд үргэлжлүүлэн суралцаагүй, харин Эрхүүгийн улсын анагаахын их сургуулийн “Дээд сургуулийн өмнөх бэлтгэл анги”-д суралцсан болох нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Сургалтын төлбөрийг бүрэн төлөх нөхцөлөөр гадаадын иргэнийг сургах гэрээ №110/15”, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Б.Энхзаяад олгосон “Дээд сургуулийн өмнөх бэлтгэл ангийн гэрчилгээ” зэргээр нотлогдож байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж заасны дагуу үүрэг хүлээсэн эрх зүйн харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү үүрэг хүлээсэн тал буюу хариуцагч үүргээ гүйцэтгэж, нэхэмжлэгчийн охиныг сургуульд явуулах үүргээ гүйцэтгэсэн нь дээр дурдсанаар тогтоогдсон, харин сургуульд явсан хүүхэд тухайн сургуульдаа суралцаж, төгсөх эсэх нь үүрэг бүхий харилцаа үүсгэсэн талуудаас үл хамаарах тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч Б.Бийг Д.А-тай холбож, улмаар нэхэмжлэгчийн охин Б.Энхзаяаг ОХУ руу сургуульд зуучилж өгөх үүргээ хэрэгжүүлсэн тул Б.Б нь тохирсон хөлсийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь “... хүүхэд сургуульдаа сурч байгаад хавар төгсөх болсон чинь төгсөх шалгалтад нь гэрчилгээ байхгүй гээд оруулаагүй, гэрчилгээг нь дахин нөхөж авсан...” гэж тайлбарласан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Аээс 11,472,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Б.УНДРАА