Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01708

 

­­­­­

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01747 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бийн хариуцагч Ц.А-эд холбогдуулан гаргасан 11 472 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А нь миний охин Б.Энхзаяаг Москва хотын Анагаах ухааны дээд сургуульд улсын тэтгэлгээр суралцуулж өгнө гэж 11 472 700 төгрөг авсан. Хариуцагч нь 8 000 ам.долларт бүх зардал нь багтдаг, ахиж мөнгө өгөхгүй, ганц удаа л өгнө, 5 жил сурахад энэ мөнгөндөө бүх юм нь багтдаг гэж амаар гэрээ хийсэн. 2013 онд манай охин төгссөн бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгөө яаралтай явуул гэхээр нь 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдэл мөнгийг нь өгсөн. 2013 оны 8 дугаар сард амралтаа аваад хүүхдээ гаргаж өгөх гэтэл хүүхэд жирэмсэн болсон байсан бөгөөд 9 дүгээр сард сургуульдаа яваагүй. Яагаад явахгүй байгаа шалтгааныг нь асуутал урилга нь ирээгүй байсан. 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр урилга ирсэн, н.Амаржаргалтай уулз гээд дугаар өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ирээд н.Амаржаргалтай уулзахад Москва руу хүүхдийг чинь явуулаад сургана гээд манай хүүхэд 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр явсан. Тэгээд 11 дүгээр сарын 04-ний өдөр очоод сар гаруй зүгээр гэртээ байсан гэсэн. 15 хоног л хичээлд сууж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Москвагаас ирсэн.

Ц.А нь тухайн үед Москвад сурч байсан оюутны мэдээллээр хүүхдийг нь сургана гэж хэлээд тодорхой хэмжээний мөнгө авсан. Энэ бол зуучлал, даалгаврын эрх зүйн харилцаа биш. Учир нь зуучлалын гэрээ байгуулсан зүйл байхгүй. Зөвхөн амаар тохиролцсон. Тиймээс үндэслэлгүй хөрөнгөжсөн байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 11 472 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оноос 2011 онд Оросын холбооны улсын Москва хотод Дотоод явдлын яамны удирдлагын академид суралцаж байх хугацаандаа хамаатны хүүхдийг ОХУ-д Анагаахын сургуульд Москвад танилцсан н.Амаржаргал гэж хүнээр дамжуулан оруулж өгснийг Б.Б сонсоод 2012 оны өвлөөс надруу утсаар яриад, манай охиныг оруулаад өгөөч гэж гуйсан. Ингээд би н.Амаржаргалтай холбогдож эхний жилийн сургалт, байрны төлбөр 8 000 ам.доллар төлөөд, сүүлийн жилүүд нь төлбөргүй тэтгэлгээр сурч болох юм байна гэсэн тул Б.Бид дамжуулан хэлсэн.

2013 оны 4 дүгээр сард н.Амаржаргал дахин утсаар холбогдон одоо нэрийг нь оруулах хэрэгтэй байна, төлбөрөө төлөөд хүүхдийнхээ нэрийг оруул гэсэн тул Б.Бид дамжуулан хэлсэн, тэрээр мөнгө хөөцөлдөж байгаа арай болоогүй байна яах вэ гэхээр нь эхнэрийн компанид байсан 5 000 000 төгрөгийг гаргуулан өгч үлдэгдлийг нь Б.Бийн мөнгө бүтэхээр шилжүүлэхээр тохирсон. Ингээд 5 000 000 төгрөг шилжүүлснээс хойш 1 сарын дараа буюу 2013 оны 5 дугаар сарын сүүлээр н.Амаржаргал дахин холбогдож тушаал шийдвэр нь гарсан тул үлдэгдэл 4 500 ам.доллараа шилжүүлээрэй гэсний дагуу Б.Б мөнгийг шилжүүлсэн бөгөөд Б.Бийн охины ОХУ-ын Москва хотын РУДН нэртэй сургуульд суралцах урилга ирж, сургуульдаа явсан.

Дээрх явдлаас хойш 1 жилийн дараа Б.Б Охин маань ОХУ-д сурч байх хугацаандаа жирэмсэн байжээ, сургуулиа орхин Монголд ирж төрөөд, дахин явах гэтэл н.Амаржаргал явуулж чадахгүй байна, та яриад хэлээд өгөөч гэхээр нь н.Амаржаргалд сайн хөөцөлдөөд дахин явуулж өгөх талаар ярьж гуйсан. Түүнээс хойш ОХУ-ын РУДН нэртэй сургууль нь хувьд шилжсэнээс болоод чөлөө авсан хүүхдүүдийг шууд 1 курст нь оруулна, бэлтгэлд явуулахгүй гээд байна, Б.Бийн охин бэлтгэлээ ч төгсөөгүй байгаа болохоор удаашраад байна, гэхдээ Оросуудтай яриад байгаа, чамайг ярьж байгаа болохоор бүтээнэ гэдэг тайлбарыг надад өгсөн. н.Амаржаргал Б.Бийн охиныг сургуульд нь оруулахын тулд маш сайн хөөцөлдөж Эрхүү хотод 8 сар хэлний бэлтгэлд суулган, Монголд бас багшаар орос хэл заалгасан тухай надад ярьж байсан. Ингээд орос хэл эзэмшсэн гэсэн гэрчилгээ авахуулан, ОХУ-ын РУДН нэртэй сургууль руу явуулж, 2017 оны 5 дугаар сард элсүүлэх зөвшөөрөл нь гарч, 2017 оны 8 дугаар сард ОХУ-ын виз авах болоход Б.Б хүүхдээ явуулахгүй гээд байна гэж надад хэлсэн. Миний хувьд хамт ажиллаж байсан хүндээ тусалъя гэдэг сэтгэлээр асуудалд хандсан. Би хамаатныхаа хүүхдэд тусалсныг Б.Б мэдээд надад өөрөө хандсан болохоор л тусалъя гэж бодсон. Ц.А нь Б.Бийг н.Амаржаргалтай холбож өгсөн байдаг. 2013 онд Б.Бийн охин н.Энхзаяа нь 18 насанд хүрсэн өөрөө хэлцэл хийх боломжтой байсан. Хүүхдийг суралцуулж байгаа байдлыг хүүхэд өөрөө л мэднэ. Түүнчлэн, Б.Бийн охин сурч байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Эрхүү хотод суралцуулахыг Б.Б нь мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь миний охиныг Москва хотын улс түмний Их сургуульд оруулж өгнө гэж надаас 8 000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 11 472 700 төгрөгийг авсан боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс миний охин хохирч үлдсэн. Ц.А, Д.Амаржаргал нар албан ёсны зуучлагч нар биш байсан учир миний охин хүссэн сургуульдаа суралцаж чадаагүй. Хүүхдээ гадаад оронд сургах гэсэн хүсэл эрмэлзлийг ашиглаж их хэмжээний мөнгө авсан гэж үзэж байна. Хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнд төлсөн мөнгөө нэхэмжилсэн байхад шүүх нэг талыг баримтлан, иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчин шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.А-эд холбогдуулан 11 472 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ц.А нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээ “Д.Амаржаргалаар дамжуулж нэхэмжлэгчийн охиныг Москва хотод сургахаар болсон, Б.Бийн өгсөн мөнгийг түүнд бүрэн хүлээлгэж өгсөн тул уг мөнгийг Д.Амаржаргал хариуцах ёстой гэж тайлбарлан /хх.17-19, Д.Амаржаргалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх.24, 36/

Нэхэмжлэгч Б.Бийн охин Б.Энхзаяаг ОХУ-д сургуульд элсүүлэхээр зуучлах үүргийг Д.Амаржаргал хүлээсэн талаарх хариуцагч Ц.Аийн тайлбар, мөнгийг Д.Амаржаргалд хүлээлгэж өгсөн баримт зэргээс үзвэл Д.Амаржаргал нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хөндлөнгийн этгээд биш, харин шүүхийн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй гуравдагч этгээд байж болохоор байна.

Иймд шүүх хариуцагчаар оролцуулах асуудал нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хийгдэх асуудал гэх үндэслэлийг зааж хариуцагч Ц.Аийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Д.Амаржаргалыг гэрчээр оролцуулсан нь буруу, гуравдагч этгээдээр оролцуулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг талуудын аль нэг нь гаргасан тохиолдолд заавал нөгөө талын зөвшөөрөл шаардлагагүй. Өөрөөр хэлбэл шүүхээс гарах шийдвэртэй холбоотойгоор буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангаснаар Д.Амаржаргалын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж болзошгүй байх тул анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 513 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ