Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1855

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/01855

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 14/а/ Нисора цамхаг 407 тоот хаягт байрлах “Э.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Оршил төв 901 тоот хаягт байрлах “О.К” ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлөгдсөн 7,904,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

12,125,862 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э.А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүх хуралдаанд  гаргасан тайлбарт: Манай “Эвиденсе            аудит” ХХК нь аудитын үйл ажиллагаа, хөрөнгийн болон бизнес үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн зөвлөхийн үйлчилгээг эрхэлдэг компани бөгөөд одоогоор Ниссора цамхагт үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид өөрийн гэсэн ажлын байртай болох зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “О.К” ХХК-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” 2017/17а дугаартай гэрээг байгуулсан юм. Энэ гэрээгээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 23 дугаар байрны үйлчилгээний хэсгийн буюу Дөрвөн уул худалдааны төвийн 2 дугаар давхрын 17т тоот 24,47 м.кв, 176 тоот 17,58 м.кв, 17с тоот 18,63 м.кв үйлчилгээний талбайг худалдаж авахаар болсон. Нийт төлбөр нь 158,080,000 /нэг зуун тавин найман оая наян мянган/ төгрөг байхаар тохиролцсон.

Гэтэл Дөрвөн Уул зах нь 7 хоногийн нэг өдөр буюу Даваа гараг бүрт нийтээрээ амрахаар хаадаг, өрөө нь агааржуулалтын систем байхгүй нэг цонхтой, халаалт доголдолтой, ханан талаасаа сийгэж байнгын суудаг ажил хийдэг бидэнд удаан суух боломжгүй, хүйтэн зэрэг хүндрэлтэй нөхцөл үүсэж гэрээнийхээ дагуу оффис буюу ажлын байр, конторын зориулалтаараа ажиллах боломжгүй болсон. Харин захын журмаар ажилласан.Хэдийгээр өөр байр санал болгосон боловч бидэнд таалагдаагүй учир тохиролцож чадаагүй юм.

Манай компани нь нэг өдөр ч ажил алдах ёсгүйгээр ажилладаг ажил ихтэй, үйл ажиллагааны онцлогтой, ажлын өдөр амрах нөхцөлийг зөвшөөрөх боломжгүйгээс гадна бизнест нөлөөлөх эрсдэл бий болж байгаа тул 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “О.К” ХХК-нд удаа дараа албан тоотоор хандаж гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцааж авах саналаа илэрхийлж байсан бөгөөд 10 дугаар сарын 25-нд Оршил констракшн компани гэрээгээ цуцлах албан тоот явуулсан.

Иймээс бид гэрээний дагуу төлсөн 7,904,000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулахаар шүүхэд хандаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “О.К” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхэд “Э.А” ХХК нь “О.К” ХХК-д холбогдуулан 7,904,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр №2017/17а тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр “О.К” ХХК нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 23 дугаар байрны үйлчилгээний барилгын буюу Дөрвөн-Уул худалдааны төвийн 2 давхрын нийт 60,8 м.кв талбайг худалдах, “Э.А” ХХК нь гэрээний үнэ болох 158,080,000 төгрөгийн төлбөрийг Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-3.2.4-т заасан графикийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэтэл “Э.А” ХХК нь түрээсийн талбайг 1 цонхтой, хүйтэн, Дөрвөн-Уул худалдааны төвийг 1 дэх өдөр ажилладаггүй учраас ажлын өдөр амрах нөхцөлийг зөвшөөрөх боломжгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн түрээсийн төлбөр 7,904,000 төгрөгийг манай компаниас нэхэмжилснийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь “Э.А” ХХК нь борлогдоогүй үлдсэн 20 орчим талбайгаас үзэж харж сонголт хийн үйлчилгээний зориулалттай талбай худалдан авах гэрээ байгуулсан, мөн бид үйлчилгээний зориулалттай талбай лизингээр худалдсан ба ашиглалт хариуцсан байгууллага халаалтыг зохих стандартад заасан үйлчилгээний бүсийн тохирох, зөвшөөрөгдөх температурт ажиллуулдаг тул цонх, байршил болоод хүйтэн гэх асуудлыг манай компани хариуцах үндэслэлгүй тухай удаа дараа албан бичгээр хариу өгч байсан. Түүнчлэн үйлчилгээний төвийг 1 дэх өдөр ажиллуулах үүргийг “Э.А” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээгээгүй, манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэг байдлаар зөрчөөгүй тул “Э.А” ХХК-ийн гэрээ цуцлах хүсэлтийг манай буруутай үйл ажиллагааны улмаас бус түрээслэгчийн саналаар гэрээг цуцалсан гэж үзнэ.

Нөгөө талаар, манай компани гэрээнд заасан үйлчилгээний талбайг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу гэрээний 3.2.2-3.2.4 болон хавсралтад зааснаар эхний 6 сарын төлбөрийг санхүүгийн түрээс (лизинг)-ийн нөхцөлөөр, үлдэгдэл төлбөрийг сар бүр тэнцүү хувааж, хүү тооцон зээлээр худалдахаар “Э.А” ХХК-тай харилцан тохиролцсон тохиролцоо, гэрээний агуулга, нөхцөлөөс үзэхэд талуудын хооронд тайлбар “О.К” ХХК үзэхэд талуудын хооронд байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь гэрээний нэршлээс үл хамааран Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4 дэх хэсэгт заасан Санхүүгийн түрээс болон 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хамаарах үүргийг харилцан хүлээсэн холимог гэрээ юм.

20'

Талуудын хооронд холимог гэрээний харилцаа үүссэн боловч маргаан үүсгэж буй харилцаа нь санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой, мөн түрээслэгч “Э.А” ХХК түрээсийн талбайд тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулж гэрээний үүрэг тодорхой хугацаанд хэрэгжсэн тул түрээслэгчийн хувьд гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах тухай ойлголт байхгүй бөгөөд харин ч сөрөг нэхэмжлэл гарган өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “О.К” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхэд “Э.А” ХХК нь “О.К” ХХК-д холбогдуулан 7,904,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд “О.К” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хуулийн болон бодит үндэслэлгүй тухай хариу тайлбараа шүүхэд өгсөн. Харин “Э.А” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж манай компанийг дараах байдлаар хохироосон тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр №2017/17а тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр “О.К” ХХК нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 23 дугаар байрны үйлчилгээний барилгын буюу Дөрвөн-Уул худалдааны төвийн 2 давхрын нийт 60,8 м.кв талбайг худалдах, “Э.А” ХХК нь гэрээний үнэ болох 158,080,000 төгрөгийн төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-3.2.4-т заасан графикийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэтэл “Э.А” ХХК нь түрээсийн талбайг 1 цонхтой, хүйтэн, Дөрвөн-Уул худалдааны төвийг 1 дэх өдөр ажилладаггүй учраас ажлын өдөр амрах нөхцөлийг зөвшөөрөх боломжгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн түрээсийн төлбөр 7,904,000 төгрөгийг манай компаниас нэхэмжилснийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь “Э.А” ХХК нь борлогдоогүй үлдсэн 20 орчим талбайгаас үзэж харж сонголт хийн үйлчилгээний зориулалттай талбай худалдан авах гэрээ байгуулсан, мөн бид үйлчилгээний зориулалттай талбай лизингээр худалдсан ба ашиглалт хариуцсан байгууллага халаалтыг зохих стандартад заасан үйлчилгээний бүсийн тохирох, зөвшөөрөгдөх температурт ажиллуулдаг тул цонх, байршил болоод хүйтэн гэх асуудлыг манай компани хариуцах үндэслэлгүй тухай удаа дараа албан бичгээр хариу өгч байсан. Түүнчлэн үйлчилгээний төвийг 1 дэх өдөр ажиллуулах үүргийг “Э.А” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээгээгүй, манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэг байдлаар зөрчөөгүй тул “Э.А” ХХК-ийн гэрээ цуцлах хүсэлтийг манай буруутай үйл ажиллагааны улмаас бус түрээслэгчийн саналаар гэрээг цуцалсан гэж үзнэ.

Нөгөө талаар, манай компани гэрээнд заасан үйлчилгээний талбайг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу Гэрээний 3.2.2-3.2.4 болон Хавсралтад зааснаар эхний 6 сарын төлбөрийг санхүүгийн түрээс (лизинг)-ийн нөхцөлөөр, үлдэгдэл төлбөрийг сар бүр тэнцүү хувааж, хүү тооцон зээлээр худалдахаар “Э.А” ХХК-тай харилцан тохиролцсон тохиролцоо, гэрээний агуулга, нөхцөлөөс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь гэрээний нэршлээс үл хамааран Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4 дэх хэсэгт заасан Санхүүгийн түрээс болон 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хамаарах үүргийг харилцан хүлээсэн холимог гэрээ юм.

Талуудын хооронд холимог гэрээний харилцаа үүссэн боловч маргаан үүсгэж буй харилцаа нь санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой, мөн түрээслэгч “Э.А” ХХК түрээсийн талбайд тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулж гэрээний үүрэг тодорхой хугацаанд хэрэгжсэн тул түрээслэгчийн хувьд гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах тухай ойлголт байхгүй, харин гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагавар, хохирлыг манай компани Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт “Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ” гэж заасны дагуу дараах төлбөр, хохирлыг хариуцагч “Э.А” ХХК-иас нэхэмжилж байна. Иймд гэрээний 4.7-д “Худалдан авагчийн саналаар гэрээ цуцлах тохиолдолд нийт үнийн дүнгийн 5 хувийг суутгаж, тухайн үйлчилгээний талбайг худалдан борлуулсны дараа үлдсэн төлбөрийг буцаан олгоно” гэж заасны дагуу 7,904,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах. Манай компанийн зүгээс “Э.А” ХХК-ийн гэрээ цуцлах хүсэлтийг хүлээн авч гэрээг дүгнэн тооцоо нийлэхийг, мөн гэрээг цуцалж, талбайг хүлээлгэн өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч “Э.А” ХХК 2017 оны 11-р сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн байна. Хариуцагч компани түрээсийн талбайд оффис болон бичиг хэргийн дэлгүүр ажиллуулж тодорхой үйл ажиллагаа явуулсан ба түрээсийн хугацаанд буюу 2017.05.04-2017.09.08-ны хооронд түрээсийн төлбөрт нийт 7,904,000 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 10 сар болон 11 сарын 19- ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр болох 2,581,973.33 төгрөг, алданги 1,290,987 төгрөг, ашиглалтын төлбөр 348,900 төгрөг, нийт 12,125,862 төгрөгөөр манай компанийг хохироосон байна.

Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1, 343.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 295 дугаар зүйлийн 295.1 болон 295.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Э.А” ХХК-иас 12,125,862 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Э.А” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүх хуралдаанд  гаргасан тайлбарт: “Эвиденсе Аудит “ ХХК нь өөрийн гэсэн ажлын байртай болох зорилгоор Дөрвөн Уул худалдааны төвийн 2 давхарт байрлах үйлчилгээний талбайг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 30 сарын хугацаатайгаар зээлээр худалдан авах нөхцөлтэйгээр тус үйлчилгээний талбайг худалдаж авахаар 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2017/17 а дугаар бүхий “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан.

Гэрээний зорилгоо тодорхойлохдоо: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу харилцааг зохицуулна.худалдагч биет байдлын зөрчилгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон төлбөрийг төлөхөөр гэрээний 1.1 дэхь хэсэг тусгаж тохиролцсон.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 нийт талбай 60.8 метр квадрат бөгөөд 2.2.2 -т захиалсан талбайн нийт төлбөр 158.080.000 байх ба 1 м. Кв-ын үнэ 2.600.000 байхыг заасан. Үүнээс үзэхэд түрээсийн талбайн үнэ гээгүй ба түрээсийн талбайн үнэ зах зээлийн үнийн судалгаагаар дээд тал нь 1 м кв нь 25.000-с доошгүй байдаг.

Мөн талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 мөн 4.7 -д заасан заалтнаас үзвэл гэрээг цуцлахад хүрвэл төлбөрийг дараагийн худалдан авагчид зарсан төлбөрөөс буцаан олгоно гэсэн заалтын дагуу төлбөрийг буцаах ёстой гэж үзэж байна. Гэрээнд тусгагдсан нийт төлбөрийн 5 хувьтай тэнцэх мөнгө, мөн эхний 6 сар дотроо гэрээ цуцалбал төлбөр буцаахгүй гэх заалтууд нь хууль зөрчсөн, худалдан авагчийн төлбөрийг үндэслэлгүй өөртөө үлдээх санаатай, худалдан авах зорилготой графикийн дагуу төлсөн төлөгчийг яасан гэж хохироож байгаа нь ойлгомжгүй заалт байгаа юм.

Гэрээний үндсэн шинж болох тэнцвэртэй, харилцан ашигтай, эрх тэгш, нэг талын эрх гэж үгүй байх зарчмыг баримталсан байгаа эсэхийг агуулж чадаж байгаа эсэхийг нь хянаж, талуудын хүсэл зорилго нэгдмэл санааг үндэслэх нь зөв болов уу.Анх гэрээ байгуулсан зорилгыг гуйвуулах нь зохимжгүй юм.

Гэрээ цуцлах хүсэлтийг худалдагч тал хүлээж аваад гэрээг цуцлахгүйгээр Чингэлтэй дүүрэгт байрлах барилгаас үйлчилгээний талбайгаар солих санал тавьж мөк хариу тайлбартаа дурьдаж байгаа байдлаас үзэхэд бусдын эрх ашиг, санаа зорилгод нийцүүлэн худалдаа хийсэн байдал харагдахгүйгээр барахгүй, өөрийн гэсэн ажлын байртай болох зорилгоор хөрөнгө оруулсан төлбөрийг л буцааж өгөхгүйгээр зөвхөн өөрийн барилгын борлуулалт чухал, ажлын байрны урьдчилгаанд төлсөн төлбөрийг шууд ашигласан гэж үзэн түрээсэнд суутгах зорилгыг агуулсан санаа нь сөрөг нэхэмжлэлээр харагдаж байна.

Үүнд: Борлогдоогүй үлдсэн 20 орчим талбай гэсэн нь эд хөрөнгийн доголдолтой, цонх асуудалтай,халаалт муу гэдгийг харуулж байгаа ба өөрсдөө үзээд авсан бид хариуцлага хүлээхгүй гэж худалдан авагчид хандаж байгаа нь буруу.Бид тухайн үед гаднаас нь сонголтыг хийхдээ ажлын байрандаа ажил их, ачаалалтай үедээ урт хугацаагаар суух үед тав тухгүй, хүйтэн зэврүүн, даарахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан.Үүгээр ч зогсохгүй нэг өдөр ч ажил алдах ёсгүй байтал хүчээр Даваа гараг бүрт ажиллах боломжгүй болгож нэмж дарамт учруулж долоо хоног бүрийн нэг өдөр хаасан явдал нь бидэнд огт тохирохгүй байсан ба тэд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзээд гэрээ цуцлахад хүргэсэн.

Биднийг үйл ажиллагаа явуулж ашиг үзсэн гэх үндэслэл үгүй, бид нөхцөл муугаас орж ажиллах ч боломжгүй байсныг тэд мэдэж байсан. Бид Ниссора цамхагт түрээсийн ажлын байрыг олон жил түрээсэлж байгаа, энэ үед ч тэр одоо ч түрээсэлсэн хэвээрээ / хэрэгт түрээсийн гэрээг хавсаргасан/ ажлын байр худалдаж автлаа байх зорилготой байдаг.

Бид гэрээгээр тохиролцсон үүргийн дагуу үл хөдлөх хөрөнгийн үнийг төлж байсан ба нэгэнт гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул гэрээнээс татгалзсан.Энэ тохиолдолд бид нэгэнт эрхийг шилжүүлж аваагүй учир шилжүүлсэн үнийг эргүүлэн авахаар шаардаж байгаа болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э.А” ХХК нь хариуцагч “О.К” ХХК-д холбогдуулан, Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлөгдсөн 7,904,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Гэрээ цуцласны суутгал 7,904,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,581,793.33 төгрөг, алданги 1,290,987 төгрөг, ашиглалтын зардал 348,900 төгрөг, нийт 12,125,862 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гарган талууд маргаж байна.

Талууд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, худалдагч тал “О.К” ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 23 дугаар байрны үйлчилгээний хэсэгт буюу Дөрвөн уул худалдааны төвийн 2 дугаар давхрын 17a тоот 24,47 м.кв, 17b тоот 17,58 м.кв, 17c  тоот 18,63 м.кв, нийт 60,8 м.кв  талбайтай үйлчилгээний талбайг 1 м.кв талбайн үнийг 2,600,000 төгрөгөөр тооцож, 158,080,000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч тал “Э.А” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 1,580,000 төгрөгөөр, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр тэнцүү хувааж графикийн дагуу төлөх, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үлдэгдэл төлбөрт 1 сарын 1,7 хувийн хүүг нэмж тооцох, худалдан авагч тал “Э.А” ХХК нь үйлчилгээний талбайн үнийг бүрэн төлөх хүртэл үйлчилгээний талбайн хууль ёсны өмчлөгч нь “О.К” ХХК байхаар талууд тохиролцжээ.

Дээрх гэрээний дагуу худалдаж буй талбайн нийт төлбөрийг 158,080,000 төгрөг гэж гэрээний 2.2-т тусгасан атлаа 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл буюу эхний 7 сарын хугацаанд сар бүр 1,580,800 төгрөг төлөх, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үлдэгдэл төлбөрт 1 сарын 1,7 хувийн хүүг нэмж тооцохоор гэрээнд тусгаж, хугацааны эцэст 174,426,091.15 төгрөг төлөхөөр тооцоолол гаргаж хавсралт үйлджээ. Гэвч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.4-т зааснаар уг гэрээний үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмын талаар гэрээнд тусгаагүй тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т заасныг баримтлан, худалдан авагч хүү төлөхгүй буюу тухайн талбайн үнэ болох 158,080,000 төгрөгийг төлөхөөр байна.

Зээлээр худалдах-худалдан авах харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 262 дугаар зүйл, 263 дугаар зүйлийн 263.2.3-т зааснаар төлбөл зохих хүүгийн хэмжээг гэрээнд тусгасан боловч дээр дурдсанаар буюу Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар хүү шаардах эрхгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд худалдагч тал нь дээр дурдсан ямар үүргээ биелүүлээгүй талаар нэхэмжлэгч нотлоогүй боловч худалдах-худалдан авах гэрээ хэрэгжээгүй, худалдан авагч талын санаачлагаар гэрээ цуцлагдсан, гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон байна.

Нэхэмжлэгч нь “...Дөрвөн Уул зах нь 7 хоногийн нэг өдөр буюу Даваа гараг бүрт нийтээрээ амрахаар хаадаг, өрөө нь агааржуулалтын систем байхгүй нэг цонхтой, халаалт доголдолтой, ханан талаасаа сийгэж байнгын суудаг ажил хийдэг бидэнд удаан суух боломжгүй, хүйтэн зэрэг хүндрэлтэй нөхцөл үүсэж гэрээнийхээ дагуу оффис буюу ажлын байр, конторын зориулалтаараа ажиллах боломжгүй болж, захын журмаар ажилласан, өөр байр санал болгосон боловч бидэнд таалагдаагүй учир тохиролцож чадаагүй...” гэж тайлбарлаж байх боловч нотлох баримтаар нотлогдсонгүй.

Гэрээний дагуу төлөх төлбөрөөс эхний 5 сарын төлбөр буюу 7,904,000 төгрөг төлөгдсөн талаар зохигч талууд маргаагүй бөгөөд худалдан авагч тал үйлчилгээний талбайг хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр худалдагч талд буцаан хүлээлгэн өгсөн болох нь үйлчилгээний талбай хүлээлгэн өгсөн актаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг дээр дурдсан хугацаанд тухайн үйлчилгээний талбайг эзэмшил ашиглалтаа байлгасан гэж үзнэ. Гэрээний дагуу хүлээн авсан үйлчилгээний талбайг эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасныг баримтлан зохих хөлсийг төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээнэ.

Хэдийгээр санхүүгийн түрээсийн болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээний харилцаа үүсээгүй боловч талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 3.2.2-т эхний 6 сарын турш төлөх төлбөрийг сар бүр 1,580,800 төгрөгөөр тогтоож, талууд тохиролцсоныг ач холбогдолтой гэж үзэхээр  байх тул нэхэмжлэгчийн буцаан гаргуулахаар шаардаж буй 7,904,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө хөлслөн суусан зардалд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд хариуцагчаас 7,904,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

Нийт 12,125,862 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын “Гэрээ цуцласны суутгал 7,904,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, талуудын байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.7-д “Худалдан авагчийн саналаар гэрээ цуцлах тохиолдолд нийт үнийн дүнгийн 5 хувийг суутгаж, тухайн үйлчилгээний талбайг худалдан борлуулсны дараа үлдсэн төлбөрийг буцаан олгоно” гэж заасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохирол, эсхүл Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анз гэж үзэхээргүй байх тул гэрээний энэхүү заалтыг баримтлан шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсанаар үйлчилгээний талбайг эзэмшил, ашиглалтдаа байлгасны хөлсийг төлөх үүрэгтэй тул 2017 оны 10 дугаар сар, 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрт 2,581,973.33 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Харин үл хөдлөх эд хөрөнгө хөлслүүлэх, түрээслүүлэх үйл ажиллагаа явуулаагүйн зэрэгцээ, талуудын хооронд байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээнд заасан алданги тооцох заалттай хамааралгүй байх тул алданги 1,290,987 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үйлчилгээний талбайг эзэмшил, ашиглалтаа байлгах хугацаанд гарсан цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир ус, дулаан, шат ашиглалт, хог хаягдлын төлбөр буюу ашиглалтын зардал 348,900 төгрөг гарсныг хариуцагч “О.К” ХХК-иас “Батзохиомж” ХХК-д төлсөн болох нь кассын орлогын ордероор тогтоогдож байх тул уг 348,900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, худалдах-худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөр 7,904,000 төгрөгийг хариуцагч “О.К” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэгч “Э.А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нийт 12,125,862 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,930,875.79 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 9,194,986 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч “О.К” ХХК-иас 7,904,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э.А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Э.А” ХХК-иас 2,930,875 төгрөгийг гаргуулж хариуцагч “О.К” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 9,194,986 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,415 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,964 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э.А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61,844 төгрөгийг гаргуулж хариуцагч “О.К” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА