Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01516

 

 

Б.Долгормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2019/00425 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2020/00282 дугаар магадлалтай, 

Б.Долгормаагийн нэхэмжлэлтэй,

Э.Мөнхбаатарт холбогдох

Гэм хорын хохиролд 47,740,756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Долгормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017.12.13-ны өдөр Э.Мөнхбаатар нь авто зогсоолд машинаа холдуулсангүй гэж марган татаж унагаснаас бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Э.Мөнхбаатарыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэж, эмчилгээний зардалд 3,393,734 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Э.Мөнхбаатар шүүхийн тогтоолд заасан төлбөрийг төлсөн. 2018.06.12-ны өдрийн шүүх хуралдаанаас хойших хугацаанд хийлгэсэн эмчилгээний зардлаа гаргуулахаар нэхэмжилж байна. 2018.01 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх хугацаанд хийлгэсэн эмчилгээ, эмчийн үзлэг шинжилгээ, эм тарианы зардалд нийт 4,597,438 төгрөг, гэмт хэрэг болсон 2017.12.13-ны өдрөөс хойш гэмтлийн эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлэг болон дүүргийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх, өдөр тутмын эмчилгээ хийлгэх, мөн уламжлалт эмчилгээ, боолт хийлгэх, хохирогчийн хувьд эрүүгийн хэрэгт шинжилгээ хийлгэх, мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцохоор Шүүх эмнэлэг, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Прокурорын газар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд очих бүрд гэмтлийн улмаас автобусаар явах боломжгүй байсан тул байнга таксигаар үйлчлүүлж байсан. Иймд унааны зардалд нийтдээ 4,309,318 төгрөг, хөлний гэмтэлд 2 удаа хагалгаа хийлгэсэн, одоо дахин хагалгаа хийлгэх шаардлагатай. Одоо шурга авах мэс засалд зайлшгүй орох шаардлагатай. Мэс заслын зардал 350,000 төгрөг, ор хоногийн 1 хоногт 69,000 төгрөг 10 хоногт 690,000 төгрөг, мэс заслын багцын төлбөр 150,000 төгрөг, мэс заслын дараах боолт 1 удаагийнх 10,000 төгрөг 10 удаа 100,000 төгрөг, мэс заслын дараах физик эмчилгээ 1 удаагийн 1 эмчилгээ 5,000 төгрөг, өдөрт лазер, дасгал гэх мэтээр 4 төрлийн физик эмчилгээ хийлгэхэд 20,000 төгрөг 10 хоногт 200,000 төгрөг, нийт 1,490,000 төгрөг болж байна. Хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан үе буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл орлогын зөрүүнд 19,968,000 төгрөг, Голомт банкны зээлийн хүүгийн төлбөрт 5,155,000 төгрөг нийт 35,519,756 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн үнийн дүнг нийт 12,221,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 3 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 6,681,000 төгрөг, ирээдүйд гарах эмчилгээний зардлаа 5,540,000 төгрөгт тооцсон. Учир нь одоо зүүн шагайн хугарлыг шургаар бэхэлсэн үлдэц авах мэс засал хийлгэх эмчилгээний төлбөрт 2,140,000 төгрөг, шагайн үе түгжих 2 дахь шатны хагалгааны төлбөрт 4,890,000 төгрөг нийт 7,030,000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Мөн 2017 онд өөрийн дансанд орсон орлогоос зөвхөн 12 сарын орлогыг гэмтэл авснаас хойшхи хугацаанд бодож тооцоход 64,834,426 төгрөг болж үүний тал хувь 32,420,000 төгрөгийн 20 хувь нь 6,400,000 төгрөг болж байна. Зарлагын аргаар бодож үзэхэд сар бүр захиран зарцуулж байгаа эргэлтийн хөрөнгийн зээлүүд, автомашины зээл зэрэгт 1,000,000 төгрөг, 11 павильоны түрээс 4,200,000 төгрөг, павильон тус бүрд ажиллаж байгаа худалдагчийн цалинд 500,000 төгрөг, мөн ахуйн хэрэглээ зэргийг нэмж тооцоход нийт 9,000,000 төгрөг болсон. Үүнээс үзэхэд миний сарын орлого 1,800,000 төгрөг болсон. Тухайн үед хадгаламжид 1,300,000 төгрөг хадгалсан байсан. Хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжид төрөөс 243,000 төгрөг авдаг байсан. 2018 оны 10 сараас уг тэтгэмж 270,000 төгрөг болсон. Хэрвээ гэмтэл аваагүй, павильонуудаа хэвийн ажиллуулж байсан бол энэ хугацаанд олох байсан орлогоо хамгийн багаар буюу 1,350,000 төгрөгөөр тооцоход 26,430,000 төгрөг олох боломжтой байсан. Иймд хариуцагчаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 47,740,756 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч Э.Мөнхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Долгормаагийн эмчилгээний зардалд 3,393,734 төгрөг төлж барагдуулсан. Нэхэмжлэлд дурдсан 35,519,756 төгрөг нь илт шунахай сэдэлтээр мөнгө олох гэсэн арга. Нэхэмжлэгч нь эмчилгээнд хамааралгүй эмийн баримтууд болон бусад баримтуудыг хавсаргасан. Б.Долгормаа өвчтэй байх хугацаандаа бүх лангуугаа алдсан гэдэг нь боломжгүй. Одоо өөрөө үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэхэмжлэгч 2 удаагийн мэс засалд орно гэх боловч заавал мэс засал хийлгэх шаардлагатайг нотолсон эмч нарын зөвлөгөөний шийдвэр байхгүй. Нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзаж нэхэмжлэлийн үнийн дүнгээс багасгах болон чөлөөлж өгнө үү гэжээ. 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2019/00425 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан Э.Мөнхбаатараас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,581,500 төгрөг гаргуулж Б.Долгормаад олгож, нэхэмжлэлээс 46,159,256 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Долгормаагийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Мөнхбаатараас улсын тэмдэгтийн хураамж 40,254 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2020/00282 дугаар магадлалаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2019/00425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 1,581,500 төгрөг гэснийг 11,672,200 төгрөг, 46,159,256 төгрөг гэснийг 36,068,556 төгрөг гэж өөрчилж, 2 дахь заалтад 40,254 төгрөг гэснийг 201,705 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, талуудыг мэтгэлцэх эрхээр хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй. Харин давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Б.Долгормаа нь Э.Мөнхбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 47,740,756 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эмчилгээний зардалд 1,092,500 төгрөг, унааны зардалд 200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 1,581,500 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 11,672,200 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч Э.Мөнхбаатарын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.  

1. Э.Мөнхбаатар Б.Долгормаагийн зүүн хөлний шаант ясны доод булууны гадна дотно хавчаар ясанд далд хугарал, тахилзуур ясны доод булуунд далд хугарал, зүүн шагайн үений мултрал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 467 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 753 дугаар магадлалаар тогтоогдож байна.  

Шүүхээс аливаа этгээдэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нөхөн сэргээх зорилготой юм. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ....эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.  

Хуулийн гол урьдчилсан нөхцөл болох үйлдэхүй нь санаатай /хүсэж хийсэн/, болгоомжгүй /үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан/ гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг юм.  

Нэхэмжлэгч Б.Долгормаа гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал, хохирлыг шаардах эрхтэй.  

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эм, эмчилгээ, оношилгооны зардалд 1,533,200 төгрөг, тээврийн зардалд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 200,000 төгрөг, нийт 1,733,200 төгрөгийг гаргуулахаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцжээ. 

2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4зааснаар нэхэмжлэгч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.  

Хэрэгт Мөнгөн гүүр эмнэлгийн эмчийн Б.Долгормаа, ерөнхий нягтлан бодогч П.Мөнхжаргал нарын 2019.11.19-ний өдрийн 04/27 тоот тодорхойлолтод ...эмнэлэгт зүүн шагайн хугарлыг шургаар бэхэлсэн үлдэц авах мэс засал хийлгэх шаардлагатай бөгөөд эмчилгээний төлбөр 2,140,000 төгрөг болно. II дахь шатны хагалгаа шагайн үе түгжих мэс заслын хагалгааны төлбөр 4,890,000 төгрөг болох нь үнэн болно гэж бичигдсэн байна.  

Хариуцагч дээрх тодорхойлолтыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Долгормаагийн эмчилгээний зайлшгүй зардал 7,030,000 төгрөгийг Э.Мөнхбаатараар урьдчилан төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.  

Б.Долгормаагийн биед гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлийг эмчлүүлэхтэй холбоотой хохирлыг нөхөн болон эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хүрээнд хангах талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хариуцагчаас нийт 8,763,200 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хуулийн шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

3. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасны дагуу бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчид Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2018.06.28-ны өдрийн 0161243 дугаартай актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019.06.27-ны өдрийн 0245211 дугаартай актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тус тус тогтоосон байна. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ...тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүг авмаар байна... гэх агуулгатай тайлбарыг үндэслэж, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэмжийн зөрүүд 2,909,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.  

Зохигчийн хооронд маргаан үүссэн цаг хугацаанд 2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан болно. 

Уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, шууд бус орлого гэх мэт орлогод албан татвар ногдуулж байсан бөгөөд татвар төлөгч хувь хүн татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд тайлагнах үүргийг зөрчсөн тохиолдолд хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхээр заасан байжээ.

Нэхэмжлэгч Б.Долгормаагийн 2017 оны 0187868 дугаартай татвар төлөгчийн дэвтэр 2017.12.31-ний өдөр орлогоо 200,000 төгрөг, 2019.02.27-ны өдөр 1, 2 сарын орлогоо 200,000 төгрөг, 2019.03.28-ны өдөр орлогоо 100,000 төгрөг, 2019.05.17-ны өдөр орлогоо 200,000 төгрөг гэж тус тус өөрөө тодорхойлж, хуульд заасан хувь хэмжээнд татвар төлсөнтэй харьцуулан дүгнэвэл хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын зөрүү гарахгүй байна.  

Энэхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүх зөв тогтоож чадаагүйн улмаас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 2,909,000 төгрөг гаргуулах хууль зүйн боломжгүй, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.  

Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Долгормаагийн ...Дүнжингарав ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээнүүд, дансны хуулга, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг банканд төлөх зээлийн хүү, олох ёстой байсан орлогын зөрүүг болон хариуцагч нөхөн төлөх үүрэгтэйг нотолсон баримт гэж үзэхгүй... гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагаас 8,763,200 төгрөг гаргуулж, зарим хэсгийг хангахаар өөрчлөлт оруулж, хариуцагч Э.Мөнхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2020/00282 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2019/00425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Э.Мөнхбаатараас 8,763,200 төгрөг гаргуулж Б.Долгормаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 38,977,556 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Долгормаагийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Мөнхбаатараас улсын тэмдэгтийн хураамж 155,161 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 202,000 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН              Г.АЛТАНЧИМЭГ 

                                  ШҮҮГЧИД              Л.АТАРЦЭЦЭГ 

                                                                 П.ЗОЛЗАЯА 

                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                 Х.ЭРДЭНЭСУВД